Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга      Г.Энхмөрөн   

Улсын яллагч                                                   Н.Оюунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                  Ц.Майбаяр, Д.Тунгалаг

Хохирогч нарын өмгөөлөгч                              Д.Мөнхдэлгэр, Д.Өлзийсайхан, Л.Баярсайхан

Хохирогч                                                            С.Энхчимэг

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч                   Я.Баатар                                                                          

Гэрч                                                                  Д.Батдэлгэр, Н.Гүрдорж нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Санжмятавын Гансүхэд холбогдох эрүүгийн 201510010196  дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 6 дугаар баг Орхон 2 дугаар хэсэг 6 дугаар байр 12 тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Боржигин овогт Санжмятавын Гансүх  /МЬ 67022111/

Прокурорын яллах дүгнэлтээр:  Шүүгдэгч С.Гансүх нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 16-17 цагийн хооронд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг дэвсгэр Хөлгүй усны сайр гэх гүүрний хойд замд Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбатын жолоодож явсан Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Г.Тэмүүлэнгийн бие махбодид хөнгөн, С.Энхчимэг, Д.Шинэтуяа, Ж.Саранбат нарын биемахбодид хүндэвтэр, Д.Баттунгалаг, Э.Тэмүүлэн, Б.Ууганбаяр нарын биемахбодид хүнд гэмтэл, Л.Батзоригийн эзэмшлийн Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 6310000 төгрөгийн шууд, 6960800 төгрөгийн нийт, С.Энхчимэгийн эзэмшлийн Т.Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6335000 төгрөгийн шууд, 7211000 төгрөгийн нийт хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:                                          

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Гансүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Батзориг гэдэг хүний аавын гуйлтаар Замын-Үүдийн гааль дээр буусан машин авах гэж өөрийн таньдаг хүний хамт явсан. 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цагийн үед авах ёстой байсан машин гаалиас гарсан. Миний хамт явсан залуу намайг очиход хот явах 7 хүн олсон байсан. Тэгэхээр нь би авч явахгүй ачаа ихтэй юм байна гэж хэлэхэд таныг энэ хүмүүс зөндөө удаан хүлээсэн юм чинь аваад яваач гээд байхаар нь 3 хүнийг нь авч явахаар болсон. Замын-Үүдээс 14 цаг 40 минутын үед бид 4 гарсан. Замд гараад хөлгүй усны сайр гэдэг газар гүүр гараад дээшээ өгсөж явж байхад нэг саарал машин урдаас маш хурдтай гараад ирсэн. Тулаад гараад ирсэн машиныг яах вэ гэж бодоод нөгөө тийшээ дараад гарах гэтэл намайг дагуулж дараад хоёр талаараа мөргөлдсөн. Тухайн үед миний хувьд амьд гаръя гэж бодож байсан. Зүүн тийшээ дараад гараад явъя гэж бодоод дарахад нөгөө машин  намайг дагуулаад дарсан. Түүнээс биш би урсгал сөрж очоод нөгөө машиныг мөргөсөн асуудал байхгүй. Машинд байсан хүмүүс бүгд гэмтсэн байсан болохоор Сайншандын эмнэлэгт байх хооронд хэргийн газрын үзлэг хийсэн байсан. Хэргийн газрын үзлэг хийхэд бид нараас хэн нь ч байгаагүй. Миний хамт явсан дүү маань түргэн, онцгой байдал дуудсан байсан. Бид нарыг бүгдийг нь аваад эмнэлэг явсан. Миний машин замын хажуу руу гараад ертөнцийн зүгээр хойшоо хараад зогсож байсныг санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Тийм зүйл болсон... гэв.

Хохирогч С.Энхчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай хүү шингэн алдаад Улаанбаатар хотод эмнэлэгт үзүүлэхээр Замын-Үүдээс гарсан. Тэр өдрөө эмнэлгээр явж хүүгээ үзүүлэхэд тийм хүнд өвдөөгүй байна. Гэртээ харьж болно гэж эмч хэлсэн. Тэр өдөртөө хотод байдаг гэртээ нэг хоноод маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад манай нөхрийн ажлын газрын нягтлангийнх нь ээж, хүү болох Баттунгалаг, Г.Тэмүүлэн нарыг замаасаа аваад Улаанбаатар хотоос бид нар гарсан. Баттунгалаг эгчийн гэрийн гадаа очиход 09 цаг өнгөрсөн байсан. Найлах дээр явж байхад Отгонзаяа утсаар ярьж хаана явж байна гэж асуухад яг 10 цаг болж байсан. Тухайн үед миний хүү 6 сартай байсан. Хүүхэд өвчтэй байгаа учраас бид нар зөөлөн явж байсан. Чойр дээр ирээд хүүхдээ хооллосон. Баттунгалаг эгч, Г.Тэмүүлэн нар цайны газарт орж хуушуур идсэн. Сайншанд өнгөрөөд явж байгаад  хоол идэхээр замын хажууд байдаг гэр цайны газар орох гээд хурдаа хасаад яг зогсоол руу орох гэж байхад С.Гансүхийн машины өмнө саарал өнгийн приус-20 маркийн машин өнгөрсөн. Энэ 2 машиныг цуг явж байсан үгүйг нь мэдэхгүй байна. Тэр машин маш хурдтай манай машины хажуугаар өнгөрсөн. Манай машиныг дайвалзуулахад би ямар хурдтай явдаг юм бэ гэж хэлж дуусаагүй байхад нэг цагаан машин орж ирээд миний сууж байсан талаар мөргөсөн. Би хүүгээ газар алдсан байсан гэсэн. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Сайншандын эмнэлэгт очиж ухаан орсон. Миний хүү маш хүнд гэмтсэн. Миний нүүрний яс цаашаа ороод одоо далий нүүртэй явж байна. Толгой байнга өвдөж байна. Хүү минь тухайн үед 6 сартай байсан. Одоо 2 нас хүрч байгаа ч орой болгон уйлдаг. Би өөрөө өвчтэй. Дээрээс нь өвчтэй хүүхдээ асраад надад маш хэцүү байна. Энэ хэргийн хурдан шийдүүлмээр байна. С.Гансүх урьд болсон шүүх хурал дээр ярьж байсан зүйлээ ярьж байна. Би 2001 оны жолооч хүн юм. Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт болон хүчингүй болсон шинжээчийн дүгнэлттэйгээ танилцаж харж болдоггүй юм уу. Тэр бүхэнд тодорхой авагдсан байгаа. Жолооч талаараа мөргөлдсөн гээд байх юм. Жолоочийн эсрэг талаараа ирээд манай машины зорчигч талаас мөргөсөн. Хүн чанар байдаг юм бол нялх нойтон хүүхдийг минь аваарт оруулсан байж ганц удаа яаж байна гэж яриагүй.  Сая хүртэл Улаанбаатар хотод хүүхдээ эмчлүүлж байгаад ирсэн. Улаанбаатар явахад вагоноор явах шаардлага гардаг. Тэгэхэд вагонд ороод миний хүүхэд уйлдаг. Вагонд явж байгаа хүмүүс наад хүүхдээ дуугай байлгаач гээд ад үзэж уурладаг. Маш хүндрэлтэй байдаг. Шүүх хурал болохгүй удаа дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нар хойшлуулж байгаа нь бид нарт холоос ирэхэд хэцүү байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд ирэхийн тулд 2, 3 хүн дагуулаад хүүхдээ аваад ирсэн. Миний хүүхэд энэ хэргийн улмаас маш их хохироод байна... гэв.

Гэрч Д.Батдэлгэр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 60-70 орчим км цагийн хурдтай явж байсан. Гансүх ах урд нэг их зайтай байгаагүй. Машины дугаар харагдахаар зайтай явж байсан. Миний машины арын суудалд сууж явсан 3 зорчигч унтаж явсан. Намайг тамхи татах гээд доошоо тонгойх хооронд хажууд сууж байсан эмэгтэй яанаа гэж хашгирсан. Тэгээд л энэ осол болсон... гэв.

Гэрч Н.Гүрдорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: : Тухайн хэргийн газарт очиход хоёр машины мөргөлдсөн байдлаар А цэгийг авсан. Мөрдөн байцаагч хэргийн газрын үзлэгийг ахлаж очдог. Мөрдөн байцаагчтай хамтарч А цэгийг тогтоосон. Замын эрмэгээс А цэгийг тооцож авсан. Тухайн замын зорчих хэсэг нь зүүн урдаасаа баруун хойшоо чиглэсэн зам байгаа. Энэ зам нь ертөнцийн зүгээр баруун гар талдаа хажуу талруугаа буусан гарцтай. Тэр гарцаар буухад цайны газар байдаг. А цэгийг тухайн тээврийн хэрэгслийн үзлэг мөрдөн байцаагчтай хийж хэргийн газрыг үнэлж дүгнээд энэ А цэг байх боломжтой гэдгийг тогтоосон. Засмал замын эрмэгээс шууд шулуунаар татаж А цэгийг холбож өгсөн. Хэргийн газарт анх автомашин мөргөлдөөд машины унасан шил, шороо, цохилтоос үүссэн ул мөр болон мөрдөн байцаагчтай ярилцаж байгаад үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр А цэгийг тогтоож өгсөн... гэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидид үзлэг хийв. 

  •  2015 оны 10 дугаар сарын 29-ний хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,  осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р хх-ийн 4-10 тал/,
  •  2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газарт давтан үзлэг хийсэн тухай тэмдэглэл, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд: /1-р xx-ийн 12-16 тал/,
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2-р хх-ийн 27 тал/
  • Гэрч Э.Гомбын мэдүүлэг /2-р хх-ийн 76 тал/
  • Хохирогч Б.Ууганбаярын мэдүүлэг /2-р хх-ийн 125-126 тал/
  • Б.Ууганбаярын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /2-р хх-ийн 130-134 тал/
  • Хохирогч Б.Ууганбаярын эмчилгээнд зарцуулсан хохирлын баримтууд /2-р хх-ийн 135-147 тал/
  • Иргэний хариуцагч Л.Батзоригийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан. ...Би сургууль дээрээ шалгалттай байсан тул ээжийн дүүгийн нөхөр Гансүхийг гуйгаад өөрийн машиныг аваад ир гээд явуулсан. Гансүх ах тэгээд буусан машин болон миний машиныг авах гэж яваад осолд орсон. Би хохирлыг төлөх эсэхээ сайн мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 158 тал/,

-       2016 оны 03 дугаар сарын 21-ний 150 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: 1. Өмнө гаргасан N916 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 2.3б, 8.5, 8.11, 9.1, 9.3, 211, 1.7 тус тус зөрсөн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 8.2 дах заалтыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2. Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүх нь МУ-ын ЗХД-ийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэгийн А болон 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах байрлал мөн тээврийн хэрэгслийн эвдрэл зэргээс дүгнэв/. 3. Toyota Mark-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай автомашины жолооч М.Энхбат нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна /2-р xx-ийн 174-175 тал/,

  • 2016   оны   05   дугаар   сарын   18-ны   өдрийн   3298   дугаартай  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, зургийн үзүүлэлтэнд: ...Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл баруун хэсгээрээ, Toyota Mark-2 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хэсгээрээ мөргөлдсөн байна. Осол болсноос хойш 6 сар өнгөрсөн тул хэргийн газрын нөхөн үзлэгээр A цэгийг тогтоох боломжгүй байна. /2-р хх-ийн 245-248 тал/
  • Гэрч М.Энхбатын мэдүүлэг /3-р хх-ийн 83 тал/
  • 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 921 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 93-94 тал/
  • Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хохирол төлсөн болон эмчилгээний баримтууд зэрэг болно.

Эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...энэ хэрэг гарсан А цэгийг нарийн тогтоогоогүй тул дахин шинжилгээ хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаан өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудаар шүүгдэгч С.Гансүх нь 2015 оны 10 дугаар сарын 29-ний орой 16-17 цагийн орчимд Дорноговь аймгийн Өргөн сумын нутаг “Хөлгүй усны сайр” гэх газар гүүрний хойд замд Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Энхбатын жолоодож явсан Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Г.Тэмүүлэнгийн бие махбодид хөнгөн, хохирогч С.Энхчимэг, Д.Шинэтуяа, Ж.Саранбат нарын бие махбодид хүндэвтэр, хохирогч Д.Баттунгалаг, Э.Тэмүүлэн, Б.Ууганбаяр нарын бие махбодид хүнд гэмтэл, иргэний хариуцагч Л.Батзоригийн эзэмшлийн Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд 6960.800 төгрөгийн, хохирогч С.Энхчимэгийн эзэмшлийн Тоёота Марк-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7211.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хохирогч С.Энхчимэгийн “.... Тэгээд манай машин хурдаа сааруулаад хажуу тийшээ орох гэж байхад эхлээд нэг саарал өнгөтэй машин маш хурдтай өнгөрсөн. Яг тэр машин өнгөрөөд араас нь нэг цагаан машин орж ирээд манай машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Хүүгээ би урд тал руугаа алдсан байсан. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Манай хүү тэр үед 6 сартай байсан. Маш хүндээр гэмтсэн, хавирга, гар, хөл нь хугарсан” гэсэн мэдүүлгээр,

- Хохирогч Д.Шинэтуяагийн “...2015 оны 10 дугаар сарын 29-ний  өдөр Замын-Үүд сумаас гаалиас буусан улсын дугааргүй, цагаан өнгийн Приус -20 маркийн автомашинд нэг хүний 30.000 төгрөгийн зардал өгч Улаанбаатар хот руу явахаар суусан. Тухайн үед жолоочтой хамт нэг залуу гаалиас машин аваад цуг явсан бөгөөд замаасаа сонсох СД аваад 14 цагийн орчим Замын-Үүд сумаас гарсан. Хамт явж байсан жолоочийн машин гаалиас гарах болоогүй гээд нилээн удаан хүлээсэн бөгөөд гаалийн ажилтан цайны цаг нь таарсан байсан. Бид нар хойд талын зорчигчийн суудалд дараалан суугаад жолоочийн эсрэг талын суудалд авч явсан ойр зуурын гар тээшээ байрлуулаад багажинд чемодан зэргийг хийсэн. Жолоочид замын хөдөлгөөнд нөлөөлөх байдлаар ачаагүй. Замдаа машины хөгжим сонсоод унтаад сэрэхэд миний толгойноос цус гараад машин онхолдсон болохыг мэдээд ухаан алдсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна” гэсэн мэдүүлгээр,

- Хохирогч Ж.Саранбатын “...цагаан өнгийн Приус-20 маркийн улсын дугааргүй машинд ачаа тээшээ хийж байрлуулаад, арын 3 суудалд бид 3 суусан. Тухайн үед би суудлын голд байсан ба миний баруун талд Ууганбаяр, зүүн талд Шинэтуяа суусан. ... 14 цаг 30 минутын үед Замын-Үүд сумаас хөдөлсөн. Замдаа их ядарсан учраас шууд унтсан санагдаж байна. Нэг мэдсэн эмнэлэгт ирчихсэн, хамаг бие хөдөлж болохгүй, ухаан санаа орж гараад зам тээврийн осолд орсон  байсан” гэсэн мэдүүлгээр,

- Хохирогч Д.Баттунгалагийн “...жолооч Энхбат замын турш их удаан, зөөлөн явсан бөгөөд дотроо яасан удаан явдаг хүн бэ гэж бодсон. 16 цагийн үед Сайншанд сумаас 10-20 км явж байгаад Энхбат дахин хүүхдээ хооллоё гээд хурдаа хасаад замын баруун тар руугаа шахаад зогсох гэж байхад урдаас буюу бид нарын өөдөөс урсгал сөрөөд цагаан өнгийн жижиг автомашин олис хийгээд маш хурдтай гарч ирээд мөргөсөн. Тухайн үед би Энхбатад хүүе ээ наад цагаан машин чинь гэж хэлээд ухаан алдсан. ... цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин урсгал сөрж хурдтай орж ирэн мөргөснөөс болж зам тээврийн осол гарсан” гэсэн мэдүүлгээр,

  Гэрч М.Энхбатийн “... 2015 оны 10 дугаар сарын 29-ний өглөө 10 цагийн орчим УБ хотоос эхнэр Энхчимэг, хүү Э.Тэмүүлэн, танил Баттунгалаг болон түүний ач хүү Г.Тэмүүлэнгийн хамтаар 34-41 УHЯ улсын дугаартай Тоёота Гранд марк-2 маркийн суудлын автомашинтай Замын-Үүд сум руу хөдөлсөн. Ингээд цааш явж байхдаа хүүхдээ хооллох санаатай хурдаа 20 орчим км/цаг хүртэл сааруулаад замын баруун талд байрлах гэр байшингийн зогсоол руу зугуйхан орох гэж байхад эсрэг урсгалаас улсын дугааргүй цагаан өнгийн Приус-20 маркийн автомашин их хурдтай ямар ч гэрэл болон дохио өгөлгүй чигээрээ ирж миний машины урд гуперийн зөв талыг өөрийнхөө машины буруу талаас дайрч мөргөсөн” гэсэн мэдүүлгээр,

- Шинжээч Д.Гандаваагийн “...уг зам тээврийн осол болсон газар нь алсуураа уруу зам байсан бөгөөд урьд өмнө нь тус газарт удаа дараа зам тээврийн осол гарч байсан тул замын нөхцөл байдлыг би мэднэ. Материалд авагдсан бичгийн нотлох баримтуудаар улсын дугааргүй Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн ард явж байсан улсын дугааргүй саарал өнгийн Приус 20 маркийн автомашины урд суудал дээр сууж явсан зорчигч Г.Эрдэнэтуяагийн тайлбараар тухайн сууж явсан тээврийн хэрэгсэл нь 100 км/цагийн хурдтай, урд яваа тээврийн хэрэгслээс 1 км-ийн зайтай явсан гэж байгаа нь урд яваа улсын дугааргүй, Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хурдыг тухайн зам орчны нөхцөл байдал тохируулаагүй хэтрүүлсэн гэж үзсэн. Энэ нь МУ-ын ЗХД-ийн 9.3 дахь заалтанд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд 80 км/цагаас хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн гэж үзээд 9.1 дэх заалтыг тусгаж оруулсан. 1-р асуултанд хариулахдаа жолооч С.Гансүхийн үйлдэл нь МУ-ын ЗХД-д заасан холбогдох заалтуудыг тусгаж оруулсан ба уг заалтуудаас зам тээврийн осол гарахад нөлөө үзүүлсэн 8.2, 9.1 дэх заалтуудыг онцолж дүгнэсэн. Харин 3 дахь асуултанд улсын дугааргүй Тоёота Приус 20 маркийн автомашины хурдыг осол гарахад шууд шалтгаан болоогүй гэж дүгнэлтэнд тусгасан бөгөөд зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шууд шалтгааныг 4-р асуултын хариултаар хариулсан. Уг зам тээврийн осол гарсан шууд шалтгаан нь жолооч С.Гансүхийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнэлтийг гаргасан. Осол гарахад хурд хэтрүүлсэн үйлдэл нь шууд шалтгаан болоогүй ба харин шууд шалтгаан нь эсрэг урсгал сөрсний улмаас зам тээврийн осол гарсан. Зам тээврийн ослын дүгнэлтийг гаргуулахдаа эцсийн бөгөөд сүүлийн асуултанд осол гарахад шууд нөлөөлсөн шалтгааныг тодруулах зорилгоор асуусан байсны дагуу дүгнэлтийг жолооч С.Гансүх МУ-ын ЗХД-ийн 8.2-г зөрчсөн гэж гаргасан” гэсэн мэдүүлгээр, 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 150 дугаартай техникийн шинжээчийн “Өмнө гаргасан N916 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 2.3б, 8.5, 8.11, 9.1, 9.3, 211, 1.7 тус тус зөрсөн гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна. Жолооч С.Гансүхийг МУ-ын ЗХД-ийн 8.2 дах заалтыг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2. Toyota Prius маркийн автомашины жолооч С.Гансүх нь МУ-ын ЗХД-ийн 8.2 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /Хэргийн газрын үзлэгийн А болон 2 тээврийн хэрэгслийн мөргөлдсөний дараах байрлал мөн тээврийн хэрэгслийн эвдрэл зэргээс дүгнэв/. 3. Toyota Mark-2 маркийн 34-41 УHЯ улсын дугаартай автомашины жолооч М.Энхбат нь МУ-ын ЗХД-ийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлтээр, 2016   оны   05   дугаар   сарын   18-ны   өдрийн   3298   дугаартай  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн: “...Toyota Prius маркийн тээврийн хэрэгсэл баруун хэсгээрээ, Toyota Mark-2 маркийн тээврийн хэрэгсэл зүүн хэсгээрээ мөргөлдсөн байна. Осол болсноос хойш 6 сар өнгөрсөн тул хэргийн газрын нөхөн үзлэгээр A цэгийг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлтээр болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Эдгээр хохирогч, гэрч нар нь хэргийн талаар тогтвортой, зөрүүгүй мэдүүлдэг бөгөөд эх сурвалжаа тодорхой зааж мэдүүлдэг тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн тогтоосон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Боржигин овогт Санжмятавын Гансүхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн энэ үйлдэлд улсын яллагч  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллагдана гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирч байна.

Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.

Уг осол гаргасан автомашин болох Тоёота Приус маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Л.Батзориг болох нь шүүгдэгчийн “...би Л.Батзоригийн буусан машиныг УБ хот руу авч яваад осолд орсон” гэсэн мэдүүлэг,  иргэний хариуцагч Л.Батзоригийн “...Би шалгалттай байсан тул С.Гансүхийг гуйж машинаа авчируулсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба хохирогч нарын өмгөөлөгчдийн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү гэсэн хүсэлт зэргийг харгалзан  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч нарт олгох, мөн иргэний нэхэмжлэгч Л.Батзориг нь автомашины хохирол 6960.800 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.         

Шүүгдэгч С.Гансүх нь хохирогч Б.Ууганбаярт 10400.000 төгрөг, хохирогч Д.Баттунгалагт 70.000 төгрөг , иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад 650.000 төгрөг тус тус төлсөн ба хохирогчийн  өмгөөлөгч Л.Баярсайхан өмгөөллийн хөлс 2500.000 төгрөг, ирэх буцах зардлаа нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Ууганбаяр нь цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардлаа нэхэмжилнэ гэж мэдүүлдэг тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд баривчлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Санжмятавын Гансүхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Гансүхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн  хугацаагаар  хасч, 6 сарын баривчлах ялаар шийтгэсүгэй. 

3. Мөн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гансүхийн цагдан хоригдсон 67 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримт хураагдан ирээгүй ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5 . Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч С.Гансүх, иргэний хариуцагч Л.Батзориг нараас хувь тэнцүүлэн  21955.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Шинэтуяад, 10414.000 төгрөг гаргуулж хохирогч С.Энхчимэгт, 3586.696 төгрөг гаргуулж хохирогч Д.Баттунгалагт, шүүгдэгч С.Гансүхээс 6960.800 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Батзоригт тус тус олгосугай.

6. Хохирогч Ж.Саранбат, насанд хүрээгүй хохирогч Г.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд хохирогч Б.Ууганбаярт 10400.000 төгрөг, хохирогч Д.Баттунгалагт 70.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч М.Оргилмаад 650.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

7. Хохирогчийн  өмгөөлөгч Л.Баярсайхан өмгөөллийн хөлс 2500.000 төгрөг, ирэх буцах зардлаа нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Ууганбаяр нь цаашид эмчилгээ хийлгэх зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гансүхэд  авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан   сэргийлэх  арга   хэмжээг   өөрчилж,  цагдан хорьсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ