Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0047

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Л , Б.Б  нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-д холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц-ийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаартай  “Номын үнэ төлүүлэх тухай”  актуудыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б , З.Л , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагч Ж.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Өнөрмаа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч З.Л  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж нийт 5 акт тогтоосон. Нэхэмжлэгч бид 3 актыг нь эсэргүүцэж нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаартай  “Номын үнэ төлүүлэх тухай” актуудыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь удирдамжид заасан хугацаанаасаа 1 өдрийн өмнө хяналт шалгалт хийсэн байдаг. Хяналт шалгалт хийх явцдаа манай байгууллагын мэргэжилтэн нарыг байцаагч гэж бичсэн байгаа. Гэтэл манай байгууллагад байцаагч ажилладаггүй, мэргэжилтэн ажилладаг. Ховд аймгийн байгаль орчны үндсэн чиг үүргийг тодорхойлж байдаг учраас мэргэжилтэн гэж явдаг. Хариуцагч шалгалтаар 2016 оны шатахууны тооцоог тулган шалгахдаа 1126 кл бичсэн байгаа. 200 литр шатахуун зарцуулаад 1126 кл явна гэж ойлголт байхгүй.

Мөн Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай Шатахууны үнэ төлүүлэх тухай” актанд “Ховд аймгийн Дөргөн сумд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй болох нь нотлогдохгүй байгаа” гэж бичсэн атлаа энэ актын хавсралтын 3-4 мөрүүдэд “байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар нотлогдоогүй тул төлүүлэх гэсэн байгаа” гэж бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

2016 оны 02 дугаар сарын 22-24-ний хооронд Ховд аймгийн Дөргөн суманд сургалттай байсан. Энэ сургалтад мэргэжилтэн, дарга нар оролцсон. Хамтарсан сургалтын үйл ажиллагааг явуулсан. Мөн 2016 оны 4 дүгээр сарын 26-29-ний хооронд Дөргөн сум уруу ажлаар явсан бэ гэхээр манай нөхрийн төрсөн ах нь өөд болсон учраас тэр асуудалтай холбогдуулж явсан. Гэхдээ цаашаа “Хөх эргийн аараг” гэх газар руу явсан. Тийм учраас энэ асуудлаар акт тогтоох ёсгүй юм. 

БОНХАЖ-ын сайд, аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр 17 сумын байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих хурал зөвлөгөөнийг 6000000 төгрөгөөр төсөвлөснийг Ховд аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар уг 6000000 төгрөгийг “Ногоон хөгжлийн бодлого-Байгал хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах нь” сэдэвт сургалтанд зарцуулахаар болсон нь төлөвлөж байсан ажлын 50 хувийг санхүүжүүлэх нөхцөл бүрдэж байсан.

БОНХАЖ яам, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газартай хамтарсан Ховд аймгийн “Ногоон хөгжлийн бодлого-Байгал хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах нь” сэдэвт сургалт 2015 оны 5 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Ховд аймагт зохион явуулсан ба уг арга хэмжээнд Монгол улсын Байгаль орчны газрын дарга, мэргэжилтэн нийт 300 гаруй хүнд 6000000 төгрөгийг арай ядан хүргэж, сургалтанд оролцогч нарт аймаг орон нутгийг сурталчлах зорилгоор “Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газар” сэтгүүлийг хэвлүүлж түгээсэн нь олон хүмүүсийн талархлыг хүлээж байсан.

Мөн маргаан бүхий актуудыг гаргахдаа Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь заалтыг баримталж акт тогтоосон нь буруу юм . Учир нь Төсвийн тухай хуулийн 70.6-д заахдаа 70.4.1, 70.4.3, 70.4.5-70.4.9, 70.4.11-д заасан шийтгэлийг санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч ногдуулна гэж хуульчилсан байхад хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 8 дугаар сард манай аймаг ногоон хөгжлийн загвар аймаг болсонтой холбоотой улсын хэмжээний Байгаль орчин аялал жуучлалын газрын төлөөлөл манай аймагт цугларч “Ногоон хөгжил” нэртэй чуулга уулзалт хийсэн.

Энэ сургалт 2015 оны 8 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд болсон. 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн “Төгс” төвд хүлээн авалт хийсэн. “Төгс” төвөөс хүлээн авалтын ширээ засах гэхээр төсөв нь өндөр гараад байсан. Энэ асуудлыг хамт олны хурал дээр ярилцаж “Эхлэл Ховд” ТББ байгууллагаар дамжуулж мөнгө гаргаж авсан. 2 сая төгрөгөөс 30 ширхэг сэтгүүл хэвлэгдсэн нь үнэн. 30 сэтгүүлийг 21 аймгийн дарга, яамнаас ирсэн дарга нарт өгсөн. Тухайн үед бэлэг болгож өгсөн учраас гарын үсэг зуруулж аваагүй. Манай байгууллага төсөвтөө тааруулж сэтгүүл гаргаж хийсэн.

Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны төсвийн санхүүгийн тайлангийн аудитыг 2016 оны 1 дүгээр сарын 14-17-ны хооронд Ховд аймгийн Аудитын газраас хяналт шалгалт хийхэд санхүүгийн зөрчилгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 70 дугаар зүйлийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүйд тооцохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хууль үйлчлэх үеэс эхлэн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсгийг хүчингүй болгохоор заасан.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/28 дугаартай Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл 2015 онд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 300 ширхэг сэтгүүл хэвлүүлэхээр материал бүрдүүлж 2105000 төгрөгийг Эхлэл Ховд ТББ-ын дансруу шилжүүлсэн боловч Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын 2015 оны санхүүгийн баримтад 1 ширхэг сэтгүүлийг 2105000 төгрөгөөр орлогод авсан байдаг. Бид санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж акт тогтоосон. Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн болон бусад ажилчид 300 ширхэг сэтгүүл хэвлүүлээгүй талаар бидэнд тайлбарласан ба 1638000 төгрөгийг Эхлэх Ховд ТББ-аас бэлнээр нь авч хүлээн авалтанд зарцуулсан нь баримтаар тогтоогдсон. Төсвийн тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулахаар заасан ба төсвийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулсан нь уг актыг тогтоох үндэслэл болсон.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай Шатахууны үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас гомдол санал ирсэнтэй холбоотойгоор шалгаж үзэхэд зөрчил илэрсэн учраас акт тогтоосон. Өөрөөр хэлбэл тус газрын ажилчид Дөргөн сум явлаа гэж шатахуун зарцуулдаг гэсэн тул шатахууны тооцооны хуудаснаас Дөргөн сум руу явснаар шатахуун бичсэнийг нь жолоочийн тайлан болон бусад баримтуудтай тулгаж үзээд баримтыг үндэслэн уг актыг тогтоосон. Санхүүгийн хяналт аудитын албаны хяналтын улсын байцаагч нь холбогдох этгээдээс тайлбар бичүүлж авах эрх бий. Үүний дагуу Байгаль орчин аялал жуучлалын газрын жолоочоор тайлбар бичүүлж авсан.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаартай  “Номын үнэ төлүүлэх тухай” актын тухайд гэвэл нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасантай холбоотой Сангийн сайд уг актыг хүчингүй болгосон байдаг. Гэхдээ би үүнд гомдолтой байна. Учир нь 2015 онд ном хэвлүүлэхээр төсвөөс мөнгө зарлагдсан хэдий ч 2016 он болон 2017 онд хяналт шалгалт хийх үед уг ном хэвлэгдээгүй, энэ талаар санхүүгийн баримтанд авлага өглөгөд тусгаагүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагч 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаартай Шатахууны үнэ төлүүлэх тухай” акт гаргахдаа “клметр” гэж бичсэн нь өөрөө агуулгын хувьд алдаатай, бичгийн хэлбэр нь бол “км” гэж бичиж хэвшсэн байдаг. Жолооч Баттөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө Ховд аймгийн Дөргөн сумын Хөх эргийн аараг гэх газарт хяналт шалгалт хийхээр явдаг байсан талаар мэдүүлсэн байгаа. Түүнээс гадна маргаан бүхий актуудаар нэхэмжлэгч нараар төлүүлэхээр акт тогтоосон боловч яагаад нэхэмжлэгч нараар актын төлбөр төлүүлэхээр болсон талаар хариуцагч нотлох баримтаар нотолж чадаагүй.

 Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай акттай холбоотойгоор “Эхлэл Ховд” ТББ-ын захирлыг гэрчээр асуухад “Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газраас 2.015.000 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн. Байгаль орчин аялал жуучлалын газар нь сэтгүүлээс гадна тус газрын тайланг 156000 төгрөгөөр хэвлүүлсэн. Мөн 10000 төгрөгөөр цэцэгний зураг хэвлүүлж хөөсөн самбар дээр наалгаж авсан. Ингээд сэтгүүл болон тайлан, цэцэгний зураг хэвлүүлсний мөнгөө би авч үлдээд үлдсэн мөнгийг нь Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов аваад явсан” гэж мэдүүлсэн байдаг. Бэлэн мөнгө авч явсан А.Цэен-Ойдовд холбогдуулж акт тогтоох ёстой байсан. Мөн Байгаль орчин аялал жуучлалын газрын мэргэжилтнүүдээс гэрчийн мэдүүлэг авахад Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газрын үйл ажиллагааг сурталчлах, таниулах үүднээс уг сэтгүүлийг хэвлүүлэхээр хамт олны хурлаар хэлэлцээд баталсан байдаг ба нийт 30 ширхэгийг хэвлээд чуулга уулзалтаар ирсэн аймгуудын төлөөлөлд өгсөн гэдэг нь тогтоогдсон.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайд, Ховд аймгийн Засаг даргатай байгуулсан “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээ”-ний 1 дүгээр хавсралтын 10-д “байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, хурал зөвлөгөөн хийх” ажлын хүрээнд 6 сая төгрөгийг төсөв төлөвлөсөн байгаа. Энэ төсвийг Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/243 дугаар захирамжаар 6 сая төгрөгийг зарцуулах эрхийг Ховд аймгийн Байгаль орчин аялал жуучлалын газарт олгосон байдаг. Энэ 6 сая төгрөг дотор сэтгүүлийн үнэ багтаж байгаа. Үүний хүрээнд зохион байгуулсан Байгаль орчин аялал жуучлалын газруудын чуулга уулзалтын хүрээнд зарцуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Л  Б.Б  нар нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж..Ц-д холбогдуулан  2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаар Шатахууны үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай”, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаартай  “Номын үнэ төлүүлэх тухай” актуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч З.Л  Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан “Дотоод аудитын дүрэм”-ийн 4 дүгээр зүйлийн 4.5-д ”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч” байна, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Л нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна. Гомдлыг Сангийн сайд / Санхүүгийн хяналтын улсын байцаагч/ хянан үзээд 2017 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 13-2/4363 дугаар албан бичгээр хариу өгсөн нь гомдол гаргах журмаар урьдчилсан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлсэн гэж үзлээ.

  1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагчийн  2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29  “Номын үнэ төлүүлэх” тухай дугаар актын тухайд:

 Монгол улсын Засгийн газрын 2015 оны  12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан  “Дотоод аудитын дүрэм” –н 4 дүгээр зүйлийн 4.5-д ”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “ Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч” байна, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч З.Л нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан байна. Гомдлыг Сангийн сайд буюу Санхүүгийн хяналтын улсын ерөнхий байцаагч хянан үзээд 2017 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн 13-2/4363 дугаар албан бичгээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/29 дүгээр “Номын үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болж, уг актын эрх зүйн үр дагаваргүй болсон байна.

Нэгэнт  хүчингүй болсон Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/29 дүгээр “Номын үнэ төлүүлэх тухай” улсын байцаагчийн актыг шүүхээс хянах үндэслэлгүй байх тул  Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д ”Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж  шийдвэрлэлээ. 

 

  1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба улсын байцаагчийн  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай”  улсын байцаагчийн актын тухайд: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” улсын байцаагчийн актаар Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга З.Л-ээр албаны бус хувийн ажилд явсан шатахууны зардал зориулалтын бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт “батлагдсан төсвийг зориулалтын  дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, мөн хуулийн 13.6-д “анхан шатны баримтын үнэн зөвийг түүний үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэн уг зөрчилд тухайн актаар нийт 351610 төгрөгийг төлүүлэхээр тогтоон, төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Санхүүгийн хяналт, аудитын алба шалгалтын улсын байцаагч Ж.Ц нь Ховд аймгийн Засаг даргын баталсан 35/02/04 дугаар удирдамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс ажлын 8 өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалт хийжээ.

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “...Шалгалтаар 2016 оны шатахууны тооцоог тулган шалгахад 1126 кл буюу 200 литр шатахуун зарлагадаж Ховд аймгийн Дөргөн суманд явсан нь байгууллагын болон байцаагч, жолооч нарын тайлангаар албан ажлаар яваагүй болох нь нотлогдож байгаа нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь заалт, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, 13.7 дахь заалтуудыг зөрчиж байна. Байгууллагын ажилчдын гомдол санал дээр үндэслэн дээрх анхан шатны баримтуудтай тулган үзэхэд дээрх зам километр хувийн ажилд явсан болох нь нотлогдож байгаа” гэж маргажээ.

Энэ нь нэхэмжлэгч З.Л-г Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байх хугацаанд хамаарч байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар авагдсан жолооч О.Баттөр жолоочийн тооцооны хуудас, гэрч О.Баттөр мэдүүлэхдээ: “...Даргын зөвшөөрөл олгосон шатахууныг үндэслэн шатахуун авч хөдөө албан ажлаар явсан талаар тооцооны хуудас гаргаж даргаар гарын үсэг зуруулж баталгаажуулан нягтлан бодогчид өгч байсан. 2016 оны 02 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Дөргөн сум уруу хяналт хийх, Хар нуур орчмын бүс нутгуудаар загасны хяналтаа хийхээр явсан. Дараагийн удаа 2016 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдөр, 4 дүгээр сарын 29-ний өдрүүдэд Дөргөн сум уруу ямар ажлаар явсан бэ гэхээр тухайн үед дарга З.Л-ийн хадам ах нь нас барсан туд ажлаар Дөргөн сум уруу явсан. Гэхдээ Дөргөн сум уруу явах үедээ “Хөх эргийн аараг” гэх газарт мөн адил хяналт хийж эргэж тойрч явж байна. Дөргөн сумын “Хөх эргийн аараг” гэх газар алт гардаг тул иргэд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа ихээхэн явагддаг. Ер нь шатахууны тооцооны хуудсыг үндэслэн замын тооцооны хуудсыг бичиж өгч ажилласан. Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц  нь тайлбар бичиж өг гэсэн. Тэгэхээр нь би юу бичиж өгөх ёстой юм бэ гэхээр нь Дөргөн сум уруу ямар ажлаар явсан тэгж бичиж өг гэсэн. Тэгээд зааж өгсний дагуу тайлбарыг бичиж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Нансалмаа мэдүүлэхдээ: “...Ховд аймгийн Хар ус нуурын байгалийн цогцолборт газар болох Дөргөн сумын “Хөх эргийн аараг” гэх газар алт хууль бусаар олборлож байгаатай холбоотой манай байгууллагын мэргэжилтнүүд тус газарт хяналт тавихаар очдог байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Чанцалдулам мэдүүлэхдээ “...З.Л  дарга ажлаар явлаа гээд гээд шатахуун бичүүлж авдаг байсан, жолоочийн замын хуудсаар тооцоо боддог байсан...” гэх мэдүүлгээр   Ховд аймгийн Дөргөн сумын “Хөх эргийн аараг” гэдэг газарт албан ажлаар явсан болох нь тогтоогдож байхад Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэх заалтыг зөрчсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

   Улсын байцаагчийн уг акт нь бодит байдалд үндэслээгүй, төлбөр тогтоосон үндэслэлээ баримтаа нотлоогүй байх тул нэхэмжлэгч нарын хувьд тус актаар тогтоосон төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж үзлээ. Мөн тухайн акт нь  бичлэгийн алдаатай километр гэдэг үгийг клметр гэж ойлгомжгүй бичсэн, утга агуулгын  хувьд илэрхий алдаатай  бичигдсэнийг дурьдах нь зүйтэй байна.

Иймд дээрх байдлаас үндэслэн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус болох нь тогтоогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/27 дугаартай “Шатахууны үнэ төлүүлэх тухай” улсын байцаагчийн актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

  1. Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагчийн  2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актын тухайд: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” улсын байцаагчийн актаар “данс бүртгэлээр 1 ширхэг сэтгүүлийн үнэ болох үргүй зардал   гаргаж зориулалтын бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна”, 13 дугаар зүйлийн 13.1-д “анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, мөн хуулийн 13.6-д “анхан шатны баримтын үнэн зөвийг түүний үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна”, 13.7-д “анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж уг зөрчилд тухайн актаар нийт 2105000 төгрөгийн төлбөр тогтоон, төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

 Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ж.Ц  нь Ховд аймгийн Засаг даргын баталсан 35/02/04 дугаар удирдамжийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрөөс ажлын 8 өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2015, 2016 онуудын санхүүгийн үйл ажиллагааны баримтад хяналт шалгалт явуулсан нь Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.3-д “Дотоод аудитад төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна”,  69 дүгээр зүйлийн 69.4-т “Дотоод аудитор нь санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй байна”, 69 дүгээр зүйлийн 69.5-т “Дотоодын аудитын дүрмийг Засгийн газар батална” гэсэнтэй нийцэж байна.

Нэхэмжлэгч нар БОНХАЖЯ, Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтарч Ховд аймгийн “Ногоон хөгжлийн бодлого-Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үйл ажиллагааны менежментийг чадавхижуулах нь” сэдэвт сургалт 2015 оны 8 дугаар сарын 5-6-ны хооронд явагдаж Монгол улсын Байгаль орчны газрын дарга, мэргэжилтэн нийт 300 орчим хүнд 6000000 төгрөгийг арай ядан хүргэж, сургалтанд оролцогчдод аймаг орон нутгийг сурталчлах зорилгоор “Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар” сэтгүүлийг хэвлүүлэн түгээсэн нь олны талархлыг хүлээсэн” гэж мэтгэлцэж байна.

2015 оны 07 сарын 31-ний өдрийн 160 тоот төлбөрийн хүсэлтээр “Эхлэл Ховд” ТББ-д сэтгүүлийн үнэ гэж 2105000 төгрөг шилжүүлсэн мөн, 2015 оны 07 сарын 30-ны өдрийн нэхэмжлэхэд “сэтгүүлийн үнэ 2105000” гэж бичсэн ба сэтгүүлийн тоо хэмжээ, нэгжийн үнэ тодорхой бичээгүй, хэдэн төгрөгний үнэтэй   сэтгүүлийг хэдэн  ширхэг сэтгүүл авахад 2105000 төгрөг болсон талаар тодорхой бус  мөн тайлан тэнцэлдээ авлагаар тусгаж бүртгээгүй шууд зардалд бүртгэсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэх хуулийн заалттай нийцэхгүй байна.

Уг сэтгүүлийг 300 ширхэг хэвлүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох  баримт болон нэхэмжлэгч нарын тайлбар, хариуцагчийн тайлбар, гэрч З.Оюунгэрэл мэдүүлэхдээ: “...2015 онд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас сэтгүүл хэвлүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов, нягтлан бодогч Б  нар ирж уулзаад 30 ширхэг хэвлүүлсэн. Нэг ширхэг сэтгүүлийг 8000 төгрөгөөр хэвлүүлсэн. Тэгээд Ховд аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас 2105000 төгрөг манай байгууллагын дансанд орж ирсэн. Байгаль орчин аялал жуулчлалын газар нь сэтгүүлээс гадна тус газрын тайланг 156000 төгрөгөөр хэвлүүлсэн. Мөн 10000 төгрөгөөр цэцэгийн зураг хэвлүүлж хөөсөн самбар дээр наалгаж авсан. Ингээд сэтгүүл болон тайлан, цэцэгний зураг хэвлүүлсний мөнгөө би авч үлдээд үлдсэн мөнгийг нь Байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн А.Цэен-Ойдов, нягтлан бодогч нарт өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Цэен-ойдов мэдүүлэхдээ “... “Эхлэл Ховд” хэвлэлийн газартай ярилцаад 1 ширхэг сэтгүүлийг 8000 төгрөгөөр тооцож, 30 ширхэг сэтгүүл хэвлүүлсэн...” гэх мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

 Хариуцагч энэ талаар төлбөр тогтоож төлүүлэхээр шийдвэрлэсэн нь зүйтэй байна.

Иймд Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.1, 106.3.13, 109.2 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5,  3.1.6,  7 дугаар зүйлийн 7.1, 7.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын  байцаагчийн  2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №35/02/27 дугаар “Шатахууны үнэ  төлүүлэх тухай”  актыг  хүчингүй болгож, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/28 дугаартай “Сэтгүүлийн үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналт шалгалтын улсын байцаагчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 35/02/29 дугаар “Номын үнэ төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.СОНИНБОЛОР