Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 986

 

 Б.С, Г.Т, Б.Э нарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Э.Бадрал,

            шүүгдэгч  Г.Т-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэг,   

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/391 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Т,  Б.Э, Б.С нарт холбогдох 1902 00339 0179 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Т овгийн Г-н Т, 19... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, хадам эмэг эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт ........... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

2. Х т овгийн Б-н Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ..................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: ...................../,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 9А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн;

3. Б овгийн Б-н С, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ............. аймгийн ............. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Т б” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ............... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Г.Т нь Б.Э-тай санаатай нэгдэж бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.0510 грамм хэмжээтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Э нь Г.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан нийт 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн,

Мөн ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 ширхэг хөх цэнхэр өнгийн капсултай, “Залеплон” гэх бодисын агууламжтай, “Анданте” гэх нэршилтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.С-д худалдсан гэмт хэргийг,

Б.С нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг .... УНҮ улсын дугаартай, “Соната-7” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Т-г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Э-г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдаалсан, хууль бус хориглосон эм бэлдмэлийг худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.С-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Б.Э, Б.С нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-т оногдуулсан 6000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд албадан гүйцэтгүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Б.Э нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Т,  Б.Э нарын тус бүр цагдан хоригдсон 124 хоног, Б.С-н цагдан хоригдсон 101 хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч нарын холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Г.Т-н 2013 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Т-н Э, 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Т-н Е нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Б.Э-с хураан авсан гялгар ууттай, 0.8321 грамм, 0.0962 грамм хэмжээтэй мөс гэх нэршилтэй бодис, гялгар ууттай хөх цэнхэр өнгийн соруул, хагархай тарианы шил, 1, 2 гэсэн хаягтай гялгар ууттай хөх цэнхэр өнгийн капсултай “запеллон” бодис агуулсан 6 ширхэг, капсул дотроо хоосон 2 ширхэг “Анденте” гэх эм, Б.С-с хураан авсан гялгар ууттай, 0.0510 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, соруул, хагархай тарианы шил, 2 ширхэг “Анденте” гэх эм зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, хуйлж ороосон 100 төгрөгийн дэвсгэртийг Монгол банкинд шилжүүлж, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 3 ширхэг сидитэй 56 хуудас зэргийг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгөхийг хүсэж дараах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолд “... шүүгдэгч Б.С-д ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх арга хэмжээг хэрэглэх боломжгүй талаар тайлбарлажээ. Хэдийгээр дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, холбогдсон гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээг ухаарч сайн дураараа хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн эсрэг арга хэмжээг зохион байгуулж байсан, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлээ тэжээдэг, 9 сартай бага насны хүүхэдтэй, эхнэр нь эмнэлгийн байнгын хяналтад байдаг, мөн их хэмжээний өр зээлтэй зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, нийгэмд учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ авч өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч  Г.Т-н өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдол гаргаагүй, гэм буруу дээрээ маргаагүй тул хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч Б.Э-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч Б.Э нь гэм буруу дээрээ маргаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзэж, тохирсон ял шийтгэлийг оногдуулсан. Өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу тэнсэж өгнө үү гэж байна. Тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг анхаарч шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Г.Т нь Б.Э-тай санаатай нэгдэж бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, удирдан төлөвлөж, үүрэг оролцоог нь хуваарилсны дагуу Б.Э нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.0510 грамм хэмжээтэй, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэмт хэргийг зохион байгуулсан,

Б.Э нь Г.Т-тэй санаатай нэгдэж бүлэглэн, 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан нийт 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Б.С-д худалдсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

Мөн ганцаараа 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 ширхэг хөх цэнхэр өнгийн капсултай, “Залеплон” гэх бодисын агууламжтай, “Анданте” гэх нэршилтэй эмийг зохих зөвшөөрөлгүйгээр Б.С-д худалдсан гэмт хэргийг,

Б.С нь 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй гялгар уутанд савласан 0.0510 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг 12-13 УНҮ улсын дугаартай, “Соната-7” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Гэрч М.Б-н “... Өнөөдрийн цагдаад хамт баригдсан “Соната 7” загварын машинтай Б.С гэх залуу өмнө нь Limit ахаас миний мэдэхээр хоёр удаа уулзаж, “мөс” гэх бодисыг авч данс ашиглан мөнгө өгч байсан. ...” /1 хх 114-115/,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Б.Э-н шээсний дээжинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж ... зориулалтын саванд 60 мл шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглан үр дүнг хүлээхэд 1 минутын дараа тестний МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь метамфитамин, тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэх утгыг зааж байв. ...” гэсэн тэмдэглэл /1 хх 52-53/,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Б.С-н шээсний дээжинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж ... зориулалтын саванд 80 мл шээсний дээж авч тестийг зааврын дагуу ашиглан үр дүнг хүлээхэд 3 минутын дараа тестний 2 дугаар багана буюу МЕТ илэрсэн, 4 дүгээр багана буюу АМР илэрсэн гэж зааж байгаа нь тухайн төрлийн бодисыг хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байгааг тусгав. ...” гэсэн тэмдэглэл /1 хх 63-64/,

Биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “... Г.Т-н шээсний дээжинд мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж ... зориулалтын саванд шээлгэж тестийг зааврын дагуу ашиглан үр дүнг харахад 5 минутын дараа 2 дугаар багана буюу МЕТ хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/, АМР хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байгаа нь метамфитамин, амфетамин агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн болохыг заасныг тусгав. ...” гэсэн тэмдэглэл /1 хх 77-78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Б Э УЗ95122338” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/, тетрагидроканнабинол /tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодисууд нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 3365 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 139-140/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “Г.Т УП93070251 2019.06.03” гэж хаягласан шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 3360 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 154-155/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн “С” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 3363 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 189-190/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн ... 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг...” гэсэн 3356 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 164-165/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн ... 3 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн соруул мэт зүйл, хагархай тарианы шил зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг. ... 1 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйл, 2 гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйлээс залеплон илэрсэн. ...” гэсэн 3357 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 173-174/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн ... “С машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн хуванцар гуурс, цагаан өнгийн талстлаг зүйл, хуйлж ороосон AQ7401579 гэсэн сери дугаартай 100-тын дэвсгэрт, гялгар уутанд хийсэн хагархай тарианы шил зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. ... “С машин” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн улаан өнгийн хуванцар гуурс, гялгар уутанд хийсэн хөх цэнхэр өнгийн капсултай эм мэт зүйлээс залеплон илэрсэн. ...” гэсэн 3358 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 хх 181-182/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 хх 202-205, 211-214/, Б.Э-н унаж явсан 63-33 УНӨ улсын дугаартай “Краслер 300” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 28-35/, С-н унаж явсан 12-13 УНҮ улсын дугаартай “Соната 7” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 36-41/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, түүнд хавсаргасан бичлэг бүхий сиди зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан, худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.С-г мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилснийг Эрүүгийг хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6.000 нэгж буюу 6.000.000 төгрөгөөр торгох ялаар, Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Э-т оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

Харин анхан шатны шүүх Б.Э-г Г.Т-с худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, 2 тусдаа гялгар уутанд савласан нийт 0.9283 грамм хэмжээтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргийн шинжийг орхигдуулан бичсэнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулснаар Б.Э-т холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүйгээс гадна түүний эрх зүйн байдал дордохооргүй байгааг дурдах нь зүйтэй.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дахь заалтад шүүгдэгч Б.С, Б.Э нарын биеэс болон тээврийн хэрэгслээс хураан авсан гялгар ууттай, тус бүр 0.8321, 0.0962, 0.0510 грамм хэмжээтэй “мөс” гэх нэршилтэй бодис, цагаан өнгийн соруул, хагархай тарианы шил, капсултай “залеплон” бодис агуулсан 6 ширхэг, капсул дотроо хоосон 2 ширхэг “Аденте” гэх эм зэрэг эд мөрийн баримтаар тооцогдож хэргийн хамт шүүхэд ирүүлсэн эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд дээрх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг устгуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэгээс “... шүүгдэгчийн хувийн байдал болон ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан, түүнд хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ, нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюул, уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгайлан хуульчилжээ.

Хэдийгээр, шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...,”, 7.1 дүгээр зүйл буюу “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” хуулийн зохицуулалтууд нь шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

 Иймд шүүгдэгч Б.С-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Б.С-н өмгөөлөгч Г.Оюунцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.