Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00022

 

Х Т ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дүгээр шийдвэртэй,

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 209/МА2023/00089 дүгээр магадлалтай

 Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

Ж.Б-ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 177,072,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, өмгөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

                                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Х Т ХХК нь Ж.Б-ад холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 177,072,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 35,849,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Т ХХК-нд олгож, 141,223,444.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,201,275 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337,195 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 209/МА2023/00089 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Б-аас 35,849,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х Т ХХК-д олгож, 141,223,444.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэсгийг хэрэгсэхгүй болгож гэснийг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-аас 73,625,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 103,447,444.27 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ...хариуцагчаас 337,195 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэснийг, ...хариуцагч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 526,075 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 864,067 төгрөгөөс 526,075 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, 337,992 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг дурдаж шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Х Т ХХК нь 2019.09.06-ны өдөр Ж.Бад №19-04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр дизель түлш нийлүүлж, нөгөө талаас түлшний үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Улмаар тухайн өдрөө буюу 2019.09.06-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, 43,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй зээлсэн гэх нөхцөлийг гэрээнд тодорхойлсон. Үүнээс дүгнэвэл талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй, талуудын дунд байгуулагдсан гол гэрээг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн, талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдээгүй, гэрээнд дурдсан 43,000,000 төгрөг ямар байдлаар Ж.Б-д очсон эсэх нь тодорхойгүй хүчин төгөлдөр бус хэлцэл байх үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэг талаас Х Т ХХК түлш нийлүүлэх, нөгөө талаас Ж.Б нь түүнд тохирсон төлбөрийг зохих хугацаанд төлөх гэсэн үндсэн харилцаа үүссэн байна. Харин тухайн өдөр нэмэлтээр байгуулсан Зээлийн гэрээний хувьд агуулга, зорилго тодорхойгүй, гэрээнд тусгасан 43,000,000 төгрөгийг хэрхэн тодорхойлж байгаа, Ж.Б-д ямар байдлаар олгосон зэрэг нь ойлгомжгүй зэрэг байдлаас шалтгаалан хүчин төгөлдөр бус гэрээнд тооцогдох боломжтой юм.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дугаартай шүүхийн шийдвэрээр талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь дараах үндэслэлээр нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн. Үүнд:

     - Талуудын дунд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болж, зээлийн гэрээний харилцаа шинээр үүссэн хэмээн тайлбарласан тухай: Тус гэрээнүүд 2019.09.06-ны өдөр байгуулагдсан ба зээлийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэж тайлбарлах боловч ажил гүйцэтгэх гэрээний дагуу түлшний үнийн дүнтэй хамааралгүй 43,000,000 төгрөг зээлсэн тухай гол нөхцөлд тусгасан нь тус зээлийн гэрээгээр талуудын хүсэл зоригийг тодорхойлоогүй, гэрээнд тавигдах шаардлагыг хуульд заасны дагуу бүрэн хангаагүй болно.

      -Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах тухай: Талуудын дунд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.4-т заасан барьцааны үндсэн дээр Ж.Б экскаваторыг Х Т ХХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгсөн хэдий тухайн үеийн нөхцөл байдлыг ашиглан хүчээр 43,000,000 төгрөг хүлээн авсан болгож зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан нь тухайн зээлийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардлагыг хангах нөхцөл болохгүй юм.

     -Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох тухай: Ж.Б болон Х Т ХХК нарын хооронд 43,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд тус гэрээ нь өмнө байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг халхавчлах зорилготой, дүр үзүүлсэн гэрээ болох нь тодорхой байна. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, зээлийн гэрээний харилцаа огт үүсээгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024.01.11-ний өдрийн 001/ШХТ2024/00074 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

                                                                                                             ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгч Х Т ХХК нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 177,072,444 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ 2019.09.06-ны өдөр хариуцагч Ж.Бад №19-04 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 43,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлдүүлж, ... хугацаандаа төлөөгүй тохиолдолд нийт үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн хувийн алданги тооцохоор гэрээ байгуулсан боловч одоо болтол зээл, зээлийн хүүнээс нэг ч төгрөг төлөөгүй. ... удаа дараа уулзаж, утсаар холбогдож байсан боловч өгөөгүй өнөөдрийг хүрсэн. ... үндсэн зээл 42,849,000 төгрөг, түүний хүү 75,199,643 төгрөг, зээлийн гэрээний дагуу алданги 59,024,321 төгрөг, нийт 177,072,444 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч ... авсан түлшний 50 хувийг би, үлдсэн 50 хувийг н.Б өөрийн ажлын хэрэгцээнд зарцуулсан ... тул би түлшний бодит үнийн 50 хувийг төлөхийг зөвшөөрнө. ... 7,000,000 төгрөгийг ... зээлийн гэрээ байгуулсан өдрөөс өмнө шилжүүлсэн нь үндсэн төлбөрөөс хасагдах учиртай. ... төлсөн 7,000,000 төгрөгийг хасаж тооцон 10,788,617 төгрөгийг төлнө. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч нь хүү тооцох эрхгүй. П.Б-аас бэлэн мөнгө бус түлш авсан.... тус зээлийн гэрээг нэхэмжлэгчийн зүгээс надад үзүүлсэн дарамт шахалтаар байгуулсан. Бодит байдал дээр болоогүй үйл явдлын талаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус. ... зээлийн гэрээ байгуулж, хүү, алданги тооцох байсан бол яагаад н.Б-ийн экскаваторыг барьцаалах болов ... экскаваторыг барьцаалж, П.Б-аас түлш авахад анхнаасаа хүү, алданги, огт яригдаагүй, ... Түлшний бодит үнэ дээр бус өөрийнхөө нэмсэн үнэ дээр хүү, алданги тооцсон, ... улс орон бүү хэл дэлхий нийт даяар халдварт өвчин тарж орлого олох боломжгүй байсан нь гэрээний дагуу давагдашгүй хүчин зүйлд тооцогдох тул эдгээр үндэслэлээр хүү, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 35,849,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 141,223,444.27 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ ... Зохигчид 2019.09.06-ны өдөр 19-04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ, мөн 19/05 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. ... энэ зээлийн гэрээний дагуу 2020.05.05-ны өдөр зээлийн нэмэлт гэрээ гэх гэрээг байгуулсан байна. Зохигчид 2019.09.06-ны өдөр 19-04 дугаартай түлш нийлүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 18,63 тонн дизель түлшийг нийлүүлсэн, хариуцагч 7,000,000 төгрөг нэхэмжлэгчид өгсөн талаар маргаагүй. Харин 2019.09.06-ны өдрийн 19/05 дугаартай зээлийн гэрээ болон 2020.05.05-ны өдөр байгуулагдсан зээлийн нэмэлт гэрээний талаар маргаж байна. ... Зээлийн гэрээгээр төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд юмс шилжүүлсэн тохиолдолд тохирсон хугацааны дараа ижил хэмжээний, тухайн төрлийн эд юмсыг буцааж өгөх үүргийг хүлээдэг. ... Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй ба нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн төлбөр шаардах эрхгүй байна. ... Талуудын байгуулсан 2019.09.06-ны өдрийн 19-04 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ нь хариуцагчид түлш бэлтгэн нийлүүлэх, хариуцагч уг түлшийг хүлээн авсан даруй төлбөрийг шилжүүлэх бодит агуулгатай байх тул ажил гүйцэтгэх гэрээний харилцаа биш байна. ... Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүн нийлүүлж, захиалагч тал үнийг төлөхөөр үүрэг хүлээсэн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн. ... Нийлүүлсэн түлшний биет байдлын болон эрхийн зөрчил, чанарын талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэгчийг хариуцагчийн өмчлөлд биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, чанарын шаардлага хангасан түлш нийлүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Иймд хариуцагч худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авсан түлшний төлбөр болох 42,849,000 (18,63тн*2,300,000) төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэ дүнгээс хариуцагчийн төлсөн гэх 7,000,000 төгрөгийг хасаж тооцон нийт 35,849,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. гэж дүгнэжээ.

10. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах журмаар гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 73,625,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 103,447,444 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ ...Талуудын хооронд анх түлш худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч энэхүү гэрээний үүргийг дуусгавар болгож зээлийн гэрээ байгуулсан нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа шинээр үүссэн буюу Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй, энэ нь хэрэгт авагдсан гэрээгээр тогтоогдож байна. ... Мөн талууд зээл олгосон хугацаа, эргэн төлөх нөхцөл, зээлийн хүүгийн хувь, анз зэрэг нөхцөлүүдийг зээлийн гэрээнд тусгаж, тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.4, 232.6, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзнэ. ... Хэргийн үйл баримт, талуудын хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд гэрээний зүйл болох 43,000,000 төгрөгийг хариуцагч буюу зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй нь талуудын хооронд зээлийн гэрээг байгуулаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. ... Зээлийн гэрээний үүрэг 43,000,000 төгрөг, 7 сар 15 хоногийн үндсэн хүү 16,125,000 төгрөг, нийт 59,125,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7,000,000 төгрөгийг хасч, үлдэх 52,125,000 төгрөгийг алданги 21,500,000 төгрөгийн хамт 73,625,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н-ийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, зээлийн гэрээ нь хүсэл зоригийн дутагдалтай, гэрээнд тавигдах шаардлага хангаагүй, хүчин төгөлдөр бус, түлш худалдан авсан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж барьцааны гэрээ байгуулсан барьцааны зүйл хариуцагчийн эзэмшилд байхгүй нөхцөл байдлыг шүүх анхаарч үнэлээгүй, дүгнэлт өгөөгүй гэх агуулга бүхий хяналтын гомдлын хүрээнд, эрх зүйн харилцааг тодорхойлох, үүрэг солигдох болон дуусгавар болгох харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хоёр шатны шүүхээс тайлбарласан, хэрэглэсэн байдлыг хянах, дүгнэх замаар маргааныг шийдвэрлэхээр хэргийг хэлэлцлээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбарт үндэслэн нэхэмжлэгч Х Т ХХК нь хариуцагч Ж.Б-д 18.63 тонн түлш нийлүүлсэн, Ж.Б нь түлшийг хүлээн авч харилцан тохиролцсон үнэ болох 42,849,000 төгрөгийг төлөхөөр тохирсон, түлшний үнээс 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нөхцөл байдлыг зөв тогтоож, үйл баримтыг адил тодорхойлжээ. Гэвч зохигчийн хооронд үүссэн энэхүү харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх худалдах-худалдан авах гэрээний үүрэг зээлийн гэрээ болон солигдох замаар дуусгавар болж Иргэний хуулийн 236.1.3-т заасан үүрэг солигдох харилцаа бий болсон гэж дүгнэсэн байна.

13. Зохигчийн хооронд 2019.09.06-ны өдөр байгуулагдсан 19-04 дугаартай гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ гэх нэртэй боловч агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Учир нь тус гэрээгээр худалдагч тал болох нэхэмжлэгч Х Т ХХК нь 18,63 тонн дизель түлшийг 1 тонныг 2,300,000 төгрөгөөр тооцон Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Өлөнт уурхайд худалдан авагч Ж.Б-д нийлүүлэхээр харилцан тохиролцжээ. Хэдийгээр хариуцагч Ж.Б тус гэрээний дагуу түлшийг хүлээн авсан талаараа маргаагүй боловч бүтээгдэхүүний үнийн 50 хувийг төлж үлдэх 50 хувийг н.Б нарын бусад этгээд төлөх талаар хариу тайлбар гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, өөрийн татгалзлыг нотлох үүргийг хариуцагч биелүүлээгүй байна. Түүнчлэн зохигчийн хооронд бичгээр байгуулсан гэрээнд худалдан авагч талыг гагцхүү Ж.Б байхаар зааж, тэрээр гэрээнд гарын үсэг зуржээ. Иймд гэрээ нэг талаас Х Т ХХК, нөгөө талаас Ж.Б нарын хооронд байгуулсан гэж үзнэ. Харин өөрийн худалдан авсан түлшийг бусад этгээдэд хуваасан эсэх, төлбөртэй ба төлбөргүйгээр бусдад дамжуулан шилжүүлсэн эсэх нь энэ хэргийн маргааны зүйл биш болохыг дурдах нь зүйтэй.

14. Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний дээрх харилцаа тус гэрээний 7.1-д заасан дагуу зээлийн гэрээ болон солигдсон гэж дүгнэсэн. Хэрэгт авагдсан 19/05 дугаартай Зээлийн гэрээний 1.1-д Энэхүү гэрээний зорилго нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 19/04 тоот ажил гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон түлш шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгө болон түлшний төлбөрийг тохирсон хугацаанд буцаан өгөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино. гэж заажээ.

Давж заалдах шатны шүүх гэрээ ба хуулийн заалтуудыг харьцуулан дүгнэж, зохигчийн үүрэг солигдсон гэж үзэхдээ худалдах-худалдан авах гэрээний дагалдах үүрэг болсон барьцааны үүргийн үр дагаврыг дүгнээгүй, гэрээний заалтаас талууд өмнөх үүргийг бүрэн дуусгавар болгохоор эргэлзээгүй тохиролцсон гэж үзэхээргүй байгааг анхаараагүй нь буруу болжээ.

15. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т талууд өмнөх үүргийг солихоор харилцан тохиролцсон нь үүрэг дуусгавар болох нэгэн үндэслэл байхаар заасан. Хуулийн тус заалтын дагуу үүргийг сольсон гэж үзэхийн тулд хоёр гол урьдчилсан нөхцөл хангагдсан байвал зохино. Эхний нөхцөл нь анхны үүрэг дуусгавар болж шинэ үүрэг эхлэх буюу хоёр үүрэг залгамжлагдсан байх, хоёр дахь нь талууд үүргийг солих хүсэл зоригтой байх (animus nomandi) нөхцлүүд болно.

Зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон ажил гүйцэтгэх гэрээнүүд нь 2019.09.06-ны өдөр гэх нэг огноотой байх ба зээлийн гэрээний 1.1-д тус гэрээг ажил гүйцэтгэх гэрээний салшгүй хэсэг гэж тодорхойлсноос үзвэл гэрээ байгуулагч талуудын хооронд эхний үүргийг дуусгавар болгож, шинэ үүргийг эхлүүлэх эргэлзээгүй хүсэл зориг байсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Талууд тэдгээрийн хооронд үүссэн нэг харилцааг зохицуулсан хоёр төрлийн гэрээг хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд аль нэг гэрээний үүрэг оршино гэж үзэж тухайн гэрээг хэрэглэх учиртай. Иймд зохигчийн хооронд нэг өдөр байгуулсан хоёр гэрээнээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг хэрэгжиж, харин зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч бодитой хэрэгжээгүй тул зээлдүүлэгчид шаардах эрх үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл, хуучин ба шинэ үүргүүд нэгэн зэрэг үүсэх, зэрэгцэн орших боломжгүй тул үүрэг солигдсон гэж үзэхгүй, үүрэг солигдохын тул шинэ ба хуучин үүргүүд залгамжлагдах учиртай.

16. Үүрэг обьектив ба субьектив байдлаар солигдож болно. Үүргийн гүйцэтгэл, эсхүл үүрэг бий болсон шалтгаан, эсхүл талууд үүргийг солих хүсэл зоригоо эргэлзээгүй тодорхой илэрхийлэх гурван тохиолдол нь үүрэг солигдох обьектив хэлбэрт хамаардаг бол үүрэг гүйцэтгэгч, эсхүл гүйцэтгүүлэгч солигдохыг үүрэг солигдох субьектив хэлбэр гэж үзнэ. Тухайн хэргийн тохиолдолд эдгээрийн аль ч хэлбэрээр үүрэг солигдсон гэх үндэслэл бүрдсэнгүй.

 17. Түүнчлэн үүрэг солигдох нь хууль зүйн тодорхой үр дагаврыг бий болгоно. Тодруулбал, хуучин үүрэг дуусгавар болж шинэ үүрэг үүсэх үед хуучин үүргийн гүйцэтгэлийг хангах аргын үүрэг гүйцэтгэгч (жишээ нь барьцаалуулагч) шинэ үүргийг хангахаар зөвшөөрснөөс бусад тохиолдолд дагалдах үүрэг дуусгавар болох учиртай. Нэхэмжлэгч тал үүргийг солигдсон гэх атлаа хуучин үүргийг хангах зорилготой хөдлөх эд хөрөнгө (экскаватор)-ийн талаарх дагалдах үүргийг хүчин төгөлдөр гэх тайлбарыг шүүхэд гаргасан. Өөрөөр хэлбэл, үүрэг солигдсоноос бий болох үр дагаврын талаарх нэхэмжлэгчийн тайлбар нь түүний үүрэг солигдсон гэх тайлбартай зөрчилдөж байна. Тодруулбал, н.Б, эсхүл түүний хамаарал бүхий этгээдийн өмчлөлийн зүйл гэх экскаваторыг автотээврийн хэрэгслийн бүртгэлийн дагуу эзэмшиж байгаа, ийнхүү эзэмших болсон шалтгаан нь түлш худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой тухай хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэнгүй. Хэрэв зохигчийн хооронд үүрэг солигдох харилцаа үүссэн бол шинэ үүргийн гүйцэтгэлийг уг тоног төхөөрөмжөөр үргэлжлүүлэн хангах эсэх талаар н.Баттөмөр, эсхүл түүний хамаарал бүхий этгээдийн зөвшөөрлийг авах бөгөөд ийнхүү зөвшөөрөөгүй бол энэхүү дагалдах үүрэг хуучин үүргийн хамт дуусгавар болох учиртай.

18. Эдгээр үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн үүрэг солигдсон гэх дүгнэлтийг залруулж, зохигчийн хооронд түлш худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн, зээлийн гэрээний харилцаа бодитой хэрэгжээгүй тул зээл төлүүлэхээр шаардах эрх үүрэг гүйцэтгүүлэгчид үүсээгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв байна. Иймд худалдах-худалдан авах гэрээг үндэслэн төлөгдөөгүй түлшний үнэ 35,849,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, үүрэг солигдон зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 209/МА2023/00089 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 135/ШШ2023/01081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Б нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.14-ний өдөр 346,830 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                                   Н.БАТЗОРИГ

                                                                                                             Н.БАЯРМАА

                                                                                                             П.ЗОЛЗАЯА