Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/975

 

Б.Л-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Үүлэн,

шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч О.Батболд,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/561 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Л- болон түүний өмгөөлөгч Б.Адалбек, О.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Л-д холбогдох эрүүгийн 2005009880698 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Л-, 1995 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Л- нь 2020 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Нарангийн 6-126б тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Б.Ариунзаяагийн хоолойг нь боож, нүүр толгойд нь гараараа цохиж биед нь тархи доргилт, хоёр нүдний дээд зовхи, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

            - 2019 оны 5 дугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт Хонхор нуурын орчим 7 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгаан дарж харгис хэрцгий харьцсан,

            - 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодсон,

          - 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд автомашин дотроо зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Л-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                            

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Л-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Л- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгч өөрийн үзэмжээр надад ял оногдуулсан ба хуульд зааснаар хөнгөрүүлээгүй. Одоо гэр бүл маань салж байгаа. Миний хамтран амьдрагч Б.Ариунзаяа нь охин Л.Эмүжингээс гадна Г.Нандин-Эрдэнэ гэх 10 орчим настай хүүхэдтэй. Тэр хүүхэд судасны нарийсал гэсэн өвчний оноштой эмчилгээ хийлгэж байгаа. Харин охин Л.Эмүжин маань 10 сартай бөгөөд хөдөө миний өндөр настай эцэг, эхтэй хамт байгаа. Б.Ариунзаяа нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшин хохирлоо нөхөн төлсөн. Иймд надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч Б.Адалбек, О.Батболд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч О.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиолдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлж ял оногдуулсан нь буруу байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж нь байнга буюу 3-аас дээш удаагийн бие даасан үйлдлийн шинжтэй байх бөгөөд хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учруулсан, эсхүл Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдээгүй байхыг шаардана гэж тайлбарласан. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилж, ял оногдуулж байгаа явдал нь шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Л-гийн ар гэр, хувийн байдал буюу анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч Б.Ариунзаяа гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, хохирогчтой гэр бүлийн харилцаатай 0-11 насны хоёр охины хамт амьдардаг, тодорхой оршин суух хаягтай, бусдад төлөх төлбөргүй, 11 настай охин Г.Нандин-Эрдэнэ нь хүнд өвчний улмаас байнгын асаргаа сувилгаа шаардлагатай, олон удаа мэс ажилбар хийлгэх болсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 сарын хорих ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан тэнсэж, хүлээлгэж өгөхийг хүсье. ...” гэв.

            Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.Л-гийн үйлдсэн гэмт хэргүүд хангалттай нотлогдон тогтоогдсон. Тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн байх тул тэнсэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс оногдуулсан 10 сарын хорих ял нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдалд тохирсон тул давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Б.Л- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Ариунзаяаг 2019 оны 5 дугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэр, Хонхор нуурын орчим 7 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж үснээс нь зулгаан дарж харгис хэрцгий харьцсан,

            - 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зодсон,

- 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт автомашин дотроо зодсон,

            - 2020 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Нарангийн 6-126б тоотод өөрийн гэртээ хоолойг нь боох, нүүр толгой тус газарт гараараа цохих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хоёр нүдний дээд зовхи, баруун шанаа хэсгийн зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээжний баруун дээд хэсэгт цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдсон байна. 

            1. Хохирогч Б.Ариунзаяа нь 2019 оны 5 дугаар сар болон мөн оны 6 дугаар сарын 19, 7 дугаар сарын 12-ны өдрүүдэд өөрийн хамтран амьдрагч Б.Л-д зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн үйл явдлын талаар “...Л- 2019 оны 11 дүгээр сард намайг зодоод  Баянгол дүүргийн шүүхээс 7 хоногийн баривчлах шийтгэл хүлээж байсан. Тэрнээс өмнө намайг 7 сартай жирэмсэн байхад зодож байсан бөгөөд тэр үед Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхоны цаахан талд түрээслэн амьдарч байсан хаягнаасаа дуудлага өгч шалгуулсан ... 2019 оны 5 сард өдрийг нь сайн санахгүй байна. Намайг 7 сартай жирэмсэн байхад хардалтын улмаас миний цээж рүү өшиглөөд, гэдэс рүү цохиж байсан. ... Одоо санахад тэдний гэр болох Булган аймгийн Дашинчилэн суманд ... гэнэт босч ирээд намайг зодож байсан. Л-гийн эцэг, эх нь “Чи хөгшин хүүхэн, миний хүүхдийн толгой эргүүлж байна, гадаа автомашинд унт” гээд гаргаж байсан. ... би хотод ирээд Сонгинохайрхан дүүргийн цагдаад өргөдөл гаргасан чинь “Манай нутаг дэвсгэрт болоогүй байна, Дашинчилэн рүү харьяаллаар шилжүүлнэ, тийшээ явж шалгуулаарай” гэхээр нь “би тэр хол явж чадахгүй” гээд гомдлоо буцааж авсан. Бас 2019 оны 7 дугаар сард Өмнөговь аймгийн наадамд явж байхдаа автомашин дотор нэг гарынхаа тохойгоор багалзуур орчим дарж байгаад нөгөө гараараа нүүрэнд цохиж зодсон. Тэр үед миний нүд хөхөрч байсан боловч би хэнд ч хэлээгүй. ...” /хх 26-27/ гэж тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - гэрч Б.Өнөржаргалын “...Ариунзаяагийн нүд, зүүн талын мөр нь хөхөрсөн байсан. ... Сүүлд Ариунзаяа “Л- зодсоноос болж нүд хөхөрсөн” гэж хэлсэн. ... 2020 оны 2 дугаар сард би Нандин-Эрдэнийг хот руу гэр лүү нь явуулах гэсэн чинь “Би явмааргүй байна. Лхагваа ах ээжийг жирэмсэн байхад бид хоёрыг зодоод гудамжинд хонуулж байсан. Тэгэхдээ бас намайг зодож хоолой боогоод өргөж шидсэн. Би айгаад байна.” гэж уйлаад байсан. ...” /хх 31/,

            - гэрч Б.Эрдэнэчимэгийн “...2019 оны зун ... тэр хоёр хоорондоо маргалдаад Л- Ариунзаяаг үснээс нь зулгаагаад дараад авсан. Тэгтэл Л-гийн эцэг эх хоёр салгаад аваад явсан. ... эх нь “Чи болиоч, хүний хүүхэд яаж байгаа юм, наадах чинь жирэмсэн” гээд хашхираад салгасан. Ариунзаяа Л-д зодуулсан гэж надад зураг үзүүлж байсан. 2019 оны 11 дүгээр сард байх Ариунзаяа Л-д зодууллаа гээд нүд нь хөхөрсөн зураг чатаар явуулж харуулсан. Битгий устгаарай гэж байсан. ...” /хх 34/,

            - гэрч Б.Ууганбаярын “...2019 оны зун ... Л- Ариунзаяаг үснээс нь зулгаагаад дараад авсан. Тэгтэл Л-гийн эцэг эх нь салгаад аваад явсан. ...” /хх 35/ гэсэн мэдүүлгүүд,

            - гэр бүлийн эрсдэлийн түвшин “дунд” түвшинд байгаа болохыг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээ /хх 11/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 56/, АСАП сангийн бүртгэл /хх 16/, осол гэмтлийн тохиолдлын бүртгэх хуудас /хх 81/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1032 дугаартай шийтгэврийн хуулбар /хх 102/ зэргээр,

            2. Хохирогч Б.Ариунзаяа нь 2020 оны 3 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн-Нарангийн 6-126б тоотод байрлах гэртээ хамтран амьдрагч Б.Л-д дахин зодуулж, биедээ гэмтэл авсан үйл явдлын талаар “...хүүхдийнхээ сүүг найруулаад өгөөч гэж хэлсэн чинь “Ядаргаатай п**** вэ” гэж хэлээд миний баруун талын шанаа орчим гараараа 1 удаа алгадсан ... миний хоолойноос багалзуурдаж байгаад хоёр нүд рүү гараараа 3-4 удаа цохиж, дахин хоолой боосон. Нэг мэдсэн чинь нөхөр миний нүүр лүү ус цацаж, хоёр талын хацар луу гараараа алгадаад намайг сэрээсэн. ... миний хоёр нүдний дээд доод зовхи хөхөрч, няцарч хавдсан. Баруун талын нүдний харалдаа шанаа орчим хөхөрч хавдаад дотроо их хатуу болсон. Мөн хоолой улайж хөхөрсөн, цус хурсан. ...” /хх 6/ гэж тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

            - шүүгдэгч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...өнгөрсөн шөнө ийм асуудал боллоо. ... би эхнэрээ цохиж зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна.” /хх 8/ гэсэн мэдүүлэг,

            - хохирогч Б.Ариунзаяагийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3481 дугаартай дүгнэлт /хх 38-39/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Л-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн хүний эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлүүдэд заасан хэмжээний дотор зохих ялыг тус тус оногдуулж, хөнгөн ялуудыг хүндэд нь нэмж нэгтгэх замаар нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

            Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой.

            Хэдийгээр хохирогч Б.Ариунзаяа шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон ба Б.Л-д хөнгөн ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх...” саналыг гаргасан байх боловч шүүгдэгч Б.Л- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн, цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх ашгийг дахин зөрчихгүй байх баталгаатай байдал тогтоогдоогүй байна.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-гийн үйлдсэн гэмт хэргүүдэд хуульд заасан төрөл, хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан бөгөөд уг ялыг дахин хөнгөрүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй, оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго болон үйлдэлд тохирсон, хохирогчийн ял хөнгөрүүлэх хүсэл эрмэлзлийг харгалзсан байх тул ялын талаар гаргасан шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Б.Адалбек, О.Батболд нарын давж заалдсан гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Л-гийн өмгөөлөгч О.Батболд давж заалдсан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар давхар зүйлчилж, ял оногдуулж байгаа явдал нь шударга ёсны зарчмыг алдагдуулж байна. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” хэмээн маргажээ.

Эрүүгийн хуулийн Арван Нэгдүгээр бүлэгт “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-үүдийн шинж, онцлог түүнийг тодорхойлж буй нөхцлийн бүрдэл зэргийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг” нь гэр бүлийн харилцаа бүхий хамааралтай хүнийг өөрийн эрхшээлд байлгах, бие махбодид нь халдах, эсхүл айлган сүрдүүлэх, заналхийлэх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтад оруулах байдлаар байнгын шинжтэй идэвхтэй үйлдлээр илэрдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд гэмт үйлдлийн байнгын шинж гэдэгт хууль бус үйлдлийг гурав ба түүнээс дээш удаа хийсэн байхыг ойлгодог.  

Харин “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байдаг бөгөөд гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл  шүүгдэгч Б.Л-гийн гэмт үйлдэл дээрх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн агуулсан ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжид “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу өөр гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хамааруулан ойлгож, хэрэглэх үндэслэлгүй тул давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 2020/ШЦТ/561 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Л- болон түүний өмгөөлөгч Б.Адалбек, О.Батболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                   ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                   ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН