Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/02109

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.М

Хариуцагч: Ц.Т нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 179,925,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбилэг, хариуцагч Б.М, Ц.Т-, өмгөөлөгч Т.Гүрбадам, нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Б.М, Ц.Т- нартай №40 тоот Зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол 3 дугаар байрны 00 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 75,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлдүүлж, зээлж авсан. Зээлдэгч нарт 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр баримт үйлдэн 75,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн зээлдэгч нар зээл болон зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сард үндсэн зээл болон зээлийн хүүд 3,350,000 төгрөг төлөхөөр тохиролцсон.

Хариуцагч нар 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,680,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хүүд 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 нийт 32,680,000 төгрөгийг төлөөд өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.

Манай байгууллагын зүгээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт зээлийн гэгээний үүргээ биелүүлэхийг албан бичгээр мэдэгдэж, удаа дараа утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан.

Гэтэл хариуцагчид эрхэлж буй үйл ажиллагаа нь доголдсоны улмаас зээлээ төлж чадахгүй тул зээлийн гэрээ сунгаж өгөх хүсэлтийг 2 удаа өдөр манай байгууллагад гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 8 сараар, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин 8 сараар зээлийн гэрээг  тус тус сунгасан.  Хариуцагч нар нараас төлсөн 30,000,000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү 18,139,996.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16,604,000.4 төгрөгийг төлсөн, үндсэн зээл төлөөгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сараас хойш зээл, зээлийн нэг ч төгрөг төлөөгүй болно.

 Хариуцагч Б.М бид 75,000,000 төгрөгийн зээлийг Ц.Т- 50,000,000 төгрөгийг би 25,000,000 төгрөгийг тус тус хувааж авсан, өөрт ногдсон хэсгээ төлнө гэж тайлбарлах хэдий ч Зээлийн гэрээнд энэ талаар тусгагдаагүй, манайхаас авсан зээлээ цаашаа хэрхэн хувааж авсанг бид мэдэхгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4.4, 6.2.4.7-д заасны дагуу зээл төлөх хуваарийг зөрчсөн тул №40 дугаартай Зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү,100,194,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,704,000 төгрөг нийт 179,925,000  төгрөгийг нотариатын зардал 27,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн Барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би А ББСБ ХХК -ийн урд нь зээл аваад 25,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэмж зээл авах хүсэлт гаргаад 50,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,00 дугаар хороо, 00 дугаар хороолол 3 дугаар байрны 00 тоотод байрлах 40м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ, зээлийн гэрээг тус тус  байгуулж, зээлийн гэрээг 2 удаа сунгах хүсэлт гаргаснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 8 сараар, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дахин 8 сараар сунгаж гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний дагуу авсан 75,000,000 төгрөгөөс 25,000,000 төгрөгийг зээл зээлийн хүүг би хариуцан, 50,000,000 төгрөгийн зээл зээлийн хүүг Ц.Т- хариуцаж төлөхөөр тохирсон.

Бид нар 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 1,680,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хүүд 1,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний бие 30,000,000 төгрөгийг төлсөн. Нийтдээ зээлийн хүүд 32,680,000 төгрөгийг төлж, үндсэн зээл 75,000,000 төгрөгөөс төлөөгүй байгаа нь үнэн болно. Би өөрийн хариуцсан 25,000,000 төгрөгийн зээлийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Ц.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид А ББСБ ХХК -иас 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 75,000,000 төгрөгийг зээл авч №40 тоот зээлийн, Б.М-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан. Авсан зээлээс 50,000,000 төгрөгийг зээл, зээлийн хүүг би хариуцахаар тохирсон. Үндсэн зээл 75,000,000 төгрөгөөс төлөөгүй үнэн, зээлийн хүүд нийт 32,680,000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүд суутгаад авсан. Миний хувьд үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 74,040,052 төгрөг нийт 124,040,052 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 23,084,948 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК  нь хариуцагч Б.М, Ц.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү, 100,194,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,704,000 төгрөг, нотариатын зардал 27,000 төгрөгийг нийт 179,925,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нар бид авсан үндсэн зээл болох 75,000,000 төгрөгөөс Б.М 25,000,000 төгрөгийн зээл болон зээлийн хүүг , Ц.Т- 50,000,000 төгрөгийн зээл болон зээлийн хүүг тус тус  төлөхөөр харилцан тохиролцож хувааж авсан.

Хариуцагч Б.М “..би нэмэгдүүлсэн хүү 23,084,948 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, надад ногдох хэсэг 32,800,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө” гэж, хариуцагч Ц.Т- “..би үндсэн зээл 50,000,000 төгрөг, зээлийн хүү 74,040,052 төгрөг, нийт 124,040,052 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, нэмэгдүүлсэн хүү 23,084,948 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Зээлийн гэрээний үүрэгт 178,898,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зээлдэгч Б.М, Ц.Т- нар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр №40 тоот зээлийн гэрээг байгуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК -аас 75,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар харилцан тохиролцож, зээлдүүлсэн, зээлдсэн нь зохигчдын тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгт, зээлийн хүсэлт, бэлэн мөнгө хүлээн авсан зэрэг баримтаар тогтоогдож байна./хх-ийн 18-19, 32 дугаар тал/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 40 тоот гэрээгээр хариуцагч Б.Мгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 00  дугаар хороо, 00 дугаар хороолол, 3 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 4м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалж, барьцааны гэрээг байгуулжээ. /хх-ийн 21-24 дүгээр тал/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т: “Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т:үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ.”,

Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т: “Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ”, 12.3-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ.

Талууд үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэнхуулийн шаардлагад хангасан гэж үзэв.

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар талууд маргаагүй, харилцан хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан, гэрээгээр зээлийн хэмжээ, түүний хүү, зээл эргэн төлөх хугацаа болон зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж чадахгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус тохиролцсон нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж заасантай нийцсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзэхэд А ББСБ ХХК, Б.М, Ц.Т- нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар тэдний хооронд гэрээний харилцаа үүсэж, талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын 8ы өдөр байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 36 сар буюу 2019 оны 8 дугаар сарын 8ы өдрийг хүртэл, зээл, зээлийн хүүг эргэн төлөх хуваарьт заасны дагуу төлж байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээний гол нөхцөл бөгөөд зээлдэгч нар хугацаа, эргэн төлөлтийг тохирсон хугацаандаа зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч нараас 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* ББСБ-д зээлийн гэрээ сунгах тухай гаргасан хүсэлтийг хүлээн авч 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаагаар,

хариуцагч нараас 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаатай  Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай” 40/А, 40/Б тоот гэрээг тус тус байгуулж зохигчид гарын үсэг зурж, уг гэрээний нөхцөл, гэрээ байгуулсан хугацааны сунгалтын талаар  талууд маргаагүй тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт нийцсэн гэж үзэв./хх-ийн 26-31дүгээр тал/

Зээлийн гэрээний үүрэгт эргэн төлөлтийн хуваарьт тусгагдсаны дагуу хариуцагч Б.Мгаас 2016 оны 8 дугаар сарын 31ий өдөр 1,680,000 төгрөг, Ц.Т-гээс 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг, Б.Мгаас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг нийт 32,680,000 төгрөгийг зээлийн хүүд  төлж, үндсэн зээлээс төлөөгүй талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 33-34 дүгээр тал/

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлд, шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч “......хариуцагч нараас нийт төлсөн 32,680,000 төгрөгийг нэхэмжлэгч А ББСБ ХХК  нь зээлийн хүүд 18,139,999.6 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 16,604,000.4 төгрөгийг султгасан, хариуцагч нар үндсэн зээл төлөөгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар үнсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү 100,194,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,704,000 төгрөг нийт 179,898,000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №40 тоот зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д Зээлийн үндсэн хүү нэг сард 2.8 хувь 2,100,000 төгрөг байна. 4 дүгээр зүйлийн 4.4-д  зээлдэгч гэрээний хавсралтад заасан графикт хугацааны зээл, хүүгээ төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлнө., 6 дугаар зүйлийн 6.1.3-т гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт зээлдүүлэгчид буцаан төлнө, 6 дугаар зүйлийн 6.1.6-д зээлдэгч зээл, хүүгээ гэрээний хавсралтад заасан графикт хугацаанд бүрэн төлөөгүй  тохиолдолд гэрээнд заасан хариуцлага хүлээнэ.” гэжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө.гэж зааснаар нэхэмжлэгч үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү,  гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү  шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  хариуцагч нар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн№40 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү 47,318,909 төгрөг төлөхөөс 8 дугаар сарын 2016 оны 8 дугаар сарын 31ий өдөр 1,680,000 төгрөгийг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг,  зээлийн гэрээний хугацааг дуусгавар болсон өдрөөс нэг хоногийн дараа буюу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг нийт 32,680,000 төгрөгийг төлсөн байхад “А” ББСБ нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл зээлийн хүүг бодож нэхэмжилсэн атлаа хариуцагч нараас  төлөгдсөн 32,680,0000 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү 16,604,000.4 төгрөгийг урьдчилан суутган авсан  нь хуульд нийцээгүй байх тул зээлийн хүүнээс хасаж тооцов.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар хариуцагч нар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүүд/52 сар/ 109,200,000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс хариуцагч нарын төлсөн 32,680,000 төгрөгийг хасаж 76,520,000 төгрөгийн хүү, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүлийн этгээдээс зээлд анз хэрэглэхгүй гэж зааснаар зохигчид зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон тул төлөх ёстой зээлийн үндсэн хүү 76,520,000 төгрөгийн 20 хувь 15,304,000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг А ББСБ ХХК -д төлөх үүрэгтэй.

Хариуцагч Б.М, Ц.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү 76,520,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,304,000 төгрөг нийт 166,824,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,074,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хариуцагч нар нь Цар тахлын улмаас хариуцагчийн ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон талаар банк бус байгууллагад хандаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээл, зээлийн хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах талаар хүсэлт гаргаагүй байна. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байх хүндэтгэн үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нар үндсэн зээлийн 25,000,000/50,000,000 төгрөгөөр хувааж авсан гэх боловч зээлийн гэрээнд энэ талаар дурдаагүй, хариуцагч Б.М 25,000,000 төгрөгийг миний урд авсан зээлийн үлдэгдэл байсан гэж тайлбарлах боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй болохыг дурдав.

2. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах шаардлагын тухайд:

Талууд зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож 2019 оны 8 дугаар сарын 08ы өдрийн 40 тоот Барьцааны гэрээгээр хариуцагч Б.Мгийн өмчлөлийн  эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 3 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 4м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу  зээлдэгч нар  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд Б.М-гийн өмчлөлийн 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №40 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр  барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

3. Нотариатын зардал 27,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн  мөнгөний  тасалбар №08 дугаартай 27,000 төгрөг төлсөн баримт нь авагджээ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д :Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч нараас 27,0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иймд Б.М, Ц.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75,000,000 төгрөг, зээлийн хүү 76,520,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,304,000 төгрөг нийт 166,824,000 төгрөг, нотариатын зардал 27,000,000 төгрөг нийт 166,851,000 гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 13,074,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Б.М, Ц.Т нараас зээлийн гэрээний үүрэгт 166,851,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, шаардлагаас үлдэх 13,074,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.Мгийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-*******  дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар хороолол, 3 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 4м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,127,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 992,205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ