Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01441

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01441

 

 

А ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02109 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А ББСБ ХХК-ийн хариуцагч Б.М-, Ц.Т- нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 179 925 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Т.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Ө.М, Ц.Т- нартай №40 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг тус тус байгуулж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009986 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол 3 дугаар байрны 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж 75 000 000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээлдүүлж, зээлж авсан. Зээлдэгч нарт 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр баримт үйлдэн 75 000 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн зээлдэгч нар зээл болон зээлийн хүү төлөх хуваарийн дагуу сард үндсэн зээл болон зээлийн хүүд 3 350 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нар 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 680 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хүүд 1 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 30 000 000 төгрөг, нийт 32 680 000 төгрөгийг төлөөд өөр төлбөр өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Манай байгууллагын зүгээс 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг албан бичгээр мэдэгдэж, удаа дараа утсаар холбогдож гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан. Гэтэл хариуцагчид эрхэлж буй үйл ажиллагаа нь доголдсоны улмаас зээлээ төлж чадахгүй тул зээлийн гэрээ сунгаж өгөх хүсэлтийг 2 удаа өдөр манай байгууллагад гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 8 сараар, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин 8 сараар зээлийн гэрээг тус тус сунгасан. Хариуцагч нараас төлсөн 30 000 000 төгрөгийг зээлийн гэрээний хугацаанд зээлийн хүү 18 139 996.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 16 604 000.4 төгрөгийг төлсөн, үндсэн зээл төлөөгүй бөгөөд 2019 оны 12 дугаар сараас хойш зээл, зээлийн нэг ч төгрөг төлөөгүй болно. Хариуцагч Б.М- бид 75 000 000 төгрөгийн зээлийг Ц.Т- 50 000 000 төгрөгийг би 25 000 000 төгрөгийг тус тус хувааж авсан, өөрт ногдсон хэсгээ төлнө гэж тайлбарлах хэдий ч зээлийн гэрээнд энэ талаар тусгагдаагүй, манайхаас авсан зээлээ цаашаа хэрхэн хувааж авсанг бид мэдэхгүй. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.4.4, 6.2.4.7-д заасны дагуу зээл төлөх хуваарийг зөрчсөн тул №40 дугаартай Зээлийн гэрээг үндэслэн үндсэн зээл 75 000 000 төгрөг, зээлийн хүү,100 194 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 704 000 төгрөг нийт 179 925 000 төгрөгийг нотариатын зардал 27 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, үүргийн гүйцэтгэлийн барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би А ББСБ ХХК-ийн урд нь зээл аваад 25 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд нэмж зээл авах хүсэлт гаргаад 50 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үүргийн гүйцэтгэлд миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009986 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг,15 дугаар хороо, 13 дугаар хороолол 3 дугаар байрны 12 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ, зээлийн гэрээг тус тус байгуулж, зээлийн гэрээг 2 удаа сунгах хүсэлт гаргаснаар 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 8 сараар, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дахин 8 сараар сунгаж гэрээнд өөрчлөлт оруулсан. Зээлийн гэрээний дагуу авсан 75 000 000 төгрөгөөс 25 000 000 төгрөгийг зээл зээлийн хүүг би хариуцан, 50 000 000 төгрөгийн зээл зээлийн хүүг Ц.Т- хариуцаж төлөхөөр тохирсон. Бид 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1 680 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр зээлийн хүүд 1 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр миний бие 30 000 000 төгрөгийг төлсөн. Нийтдээ зээлийн хүүд 32 680 000 төгрөгийг төлж, үндсэн зээл 75 000 000 төгрөгөөс төлөөгүй байгаа нь үнэн болно. Би өөрийн хариуцсан 25 000 000 төгрөгийн зээлийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Т- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид А ББСБ ХХК-аас 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 75 000 000 төгрөгийг зээл авч №40 тоот зээлийн, Б.М-гийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан. Авсан зээлээс 50 000 000 төгрөгийг зээл, зээлийн хүүг би хариуцахаар тохирсон. Үндсэн зээл 75 000 000 төгрөгөөс төлөөгүй үнэн, зээлийн хүүд нийт 32 680 000 төгрөгийг төлсөн, нэхэмжлэгч зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүд суутгаад авсан. Миний хувьд үндсэн зээл 50 000 000 төгрөг, зээлийн хүү 74 040 052 төгрөг нийт 124 040 052 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүү 23 084 948 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Ц овогт Б-ийн М/рд:УК80073017/, О овогт Ц-ийн Т/рд:ХБ83041973/ нараас зээлийн гэрээний үүрэгт 166 851 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК /рд:2674769/-д олгож, шаардлагаас үлдэх 13 074 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож., Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.М-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009986 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 3 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 40 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 127 775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 992 205 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж.шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Б.М-, Ц.Т- нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно.... зохигчид зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон тул төлөх ёстой зээлийн үндсэн хүү 76 520 000 төгрөгийн 20 хувь 15 304 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг А ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь А ББСБ ХХК-тай Ц.Т-, Б.М- бид нарын хооронд анх 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 36 сарын хугацаагаар 75 000 000 төгрөг зээлж, улмаар хоёр удаа 8 сараар тус тус сунгаж 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл, мөн 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай 40/А, 40/Б тоот гэрээг тус тус байгуулсан. Энэ талаар зохигчид маргаагүй ба анхан шатны шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэсэн. 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 40/Б тоот Зээлийн гэрээний хугацааг сунгах тухай гэрээгээр талууд хугацааг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 8 сараар сунгасан ба уг 8 сарын хугацааны хүүг үндсэн зээл, хуримтлагдсан хүүгийн хамт төлөхөөр тохиролцсон. Иймээс нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо 8 сарын хүү(2 000 000* 8= 16 800 000) буюу 16 800 000 төгрөгийн 20 хувь буюу 3 360 000 төгрөгөөр тооцох атал анхан шатны шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч А ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ ...зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 000 000 төгрөг, зээлийн хүү 100 194 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4704 000 төгрөг, нотариатын зардал 27 000 төгрөг, нийт 179 925 000 төгрөг хариуцагч нараас гаргуулах гэсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа заасан нэмэгдүүлсэн хүү 4 704 000 төгрөг гэснээс давуулан 15 304 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг А ББСБ ХХК-д төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх нь нэмэгдүүлсэн хүүнд 3 360 000 төгрөгөөр тооцон, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 75 000 000 төгрөг, зээлийн хүү 76 520 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 360 000 төгрөг, нотариатын зардал 27 000 төгрөг, нийт 154 907 000 төгрөгийг А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 25 018 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт ...хариуцагч Б.М-, Ц.Т- нараас зээлийн гэрээний үүрэгт 154 907 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 25 018 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А ББСБ ХХК нь хариуцагч Б.М-, Ц.Т- нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээл 75 000 000 төгрөг, зээлийн хүү 100 194 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 704 000 төгрөг, нотариатын зардал 27 000 төгрөг, нийт 179 925 000 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.М- үндсэн зээл 75 000 000 төгрөгийн 25 000 000 төгрөгийг нь авч ашигласан, хүүг тооцон 32 800 000 төгрөгийг төлнө гэж, Ц.Т- 50 000 000 төгрөгийг авч ашигласан, 74 040 052 төгрөгийн хүү, нийт 124 040 052 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, 23 084 948 төгрөгийг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг тус тус гарган маргажээ.

 

А ББСБ ХХК болон Б.М-, Ц.Т- нарын хооронд 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 75 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 2.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч нар нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг харилцан хүлээжээ. /хх-18-20/

 

Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, зээлдүүлэгчээс шилжүүлсэн зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч хүлээн авч ашигласан байх ба шүүх талуудад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн талаар зөв дүгнэсэн байна.

 

Зээлдэгч Б.М-, Ц.Т- нар нь зээлийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан хамтран зээлдэгч нар байх бөгөөд гэрээнд зээлийн үүргийг тус тусад нь өөр хэмжээгээр хариуцах талаар гэрээнд тусгагдаагүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ. Иймд Иргэний хуулийн 242 дүгээр зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчдээс шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний 36 сарын хугацааг 2 удаа тус бүр 8 сараар, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан. Хугацаа сунгах тухай гэрээг талууд харилцан зөвшөөрч баталгаажуулжээ. /хх-27,30/

 

Зээлдэгч нар нь зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөн, зээлийн гэрээний болон сунгасан нийт 52 сарын хугацаанд 2 680 000 төгрөгийн зээлийн төлбөр, 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 30 000 000 төгрөг, нийт 32 680 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Зээлийн үүргийг гэрээнд зааснаар тооцвол зээлдэгч нар нь үндсэн зээл 75 000 000 төгрөг, 109 200 000 /2 100 000 төгрөг *52 сар/ төгрөгийн хүү, нийт 184 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү төлөх талаар тохиролцоогүй байх бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хүү тооцож нэхэмжилсэн нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанд нийцэхгүй.

 

Зээлдэгч нарын төлбөл зохих нийт 184 200 000 төгрөгийн үүргээс 32 680 000 төгрөг төлснийг хасвал зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 151 520 000 төгрөг байна. Уг дүнгийн 75 000 000 төгрөг нь үндсэн зээл тул хүү 76 520 000 төгрөг болох бөгөөд зээлдэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол нэмэгдүүлсэн хүүг үндсэн хүүгийн 20 хувиар тооцож төлүүлэх нөхцлийг зээлийн гэрээний 4.1, 8.1-т талууд харилцан тохиролцож тогтоожээ.

 

Гэрээний дээрх заалт нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцэх тул нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 4 704 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг шаардсан нь гэрээний дагуу тооцогдох нэмэгдүүлсэн хүүгээс бага байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь талуудын зарчимд нийцнэ.

 

Ийнхүү тооцвол хариуцагчаас 156 224 000 /151 520 000 + 4 704 000/ төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байна. Талууд зээлийн гэрээний 8.3,8.4-т зээлдэгчийн буруутай ажиллагаанаас хууль зүйн туслалцаа авахтай холбоотой зардал гарвал зээлдэгч хариуцахыг заасан, 27 000 000 төгрөгийн нотариатын зардлыг хохиролд шаардаж нэхэмжилснийг шүүх хангасан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 156 251 000 /156 224 000 +27 000/ төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 23 674 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг 4 704 000 төгрөгөөр тодорхойлж шаардсан байхад уг шаардлагаас илүү хэмжээгээр буюу 15 304 000 төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь талуудын зарчимд буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах заалтад нийцэхгүй бөгөөд хариуцагчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

Мөн зээлийн гэрээний үүргийг хангах арга болгож, талууд мөн өдөр 40 тоот барьцааны гэрээг байгуулж, Б.М-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204009986 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 3 дугаар байрны 12 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ /хх-21-24/ байна. Иймд зээлдүүлэгч барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлээр үүргийг гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас 156 251 000 төгрөгийг хангаж, үлдэх 23 674 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг нэхэмжлэлийг хангасан дүнд тохируулан өөрчилсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02109 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 166 851 000 төгрөгийг гэснийг 156 251 000 төгрөгийг гэж, үлдэх 13 074 000 төгрөгийг гэснийг үлдэх 23 674 000 төгрөгийг гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтын 992 205 төгрөгийг гэснийг 939 205 төгрөгийг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ