Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/02111

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг дараалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ж-д холбогдох

26,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Мянган, хариуцагчийн төлөөлөгч Г.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 оны 12 дугаар сард хариуцагч Д.Ж- нь Б.М-тай өөрийн үүсгэн байгуулсан The Coffee House Mongolia кофе шопийн бизнест хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллах гэрээ байгуулах гэж байсан юм. Энэ үед нэхэмжлэгч Б.Т- тэдэнтэй уулзаж Б.М-гийн оронд Д.Ж-гийн бизнест хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. Улмаар Б.Т- нь хариуцагч Д.Ж-гийн кофе шопийн бизнест 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож Хаан банкан дахь 50000014 данснаас 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны 20000000 данснаас 20,000,000 төгрөгийг Д.Ж-гийн Хаан банк дахь 5000000050 дансруу тус тус шилжүүлсэн. Б.М- нь хөрөнгө оруулалт гэх 10,000,000 төгрөгийг Д.Ж-д шилжүүлсэн байсан тул түүний өмнөөс Б.Т- нь түүний Хаан банкны 5000035 данс руу шилжүүлснээр нийт 50,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиглахаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар амаар тохиролцсон.

Хөрөнгө оруулалт хйиснэээс хойш 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр 100,000 төгрөгийг Д.Ж-гээс  ашиг гэж өөрийн данснаас нийт 17,000,0000 төгрөгийг Б.Т-ийн дансаар үр шимийг  шилжүүлж өгсөн.

Хамтран ажиллах хугацаанд Д.Ж- өөртөө ЖИП авто машин худалдан авсан, энэ байдлаас болж бизнес доголдох шалтгаан нь болж Б.Т- хамтран ажиллах гэрээг цуцлах, оруулсан хөрөнгөө буцаан авахаар шаардаж эхэлсэн.

Анх хөрөнгө оруулалт хийх үед тохиролцсон тохиролцоо нь Улсын их дэлгүүр дэх The Coffee House Mongolia-2 кофе шопийн орлогын 50 хувийг хөрөнгө оруулагч Б.Т-т эзэмшихээр тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд хамтран ажилласан боловч кофе шопийн ашиг муу, үйл ажиллагаа нь доголтой байсан учир Б.Т- оруулсан хөрөнгө буюу 50,000,000 төгрөгөө буцаан авахаар шаардахад Д.Ж- сарын 2 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Улмаар талууд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлээд нэхэмжлэгч уг бизнесээс татгалзаж, Д.Ж- 42,590,000 төгрөгийг 2 хувааж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан.

Хариуцагч Д.Ж- нь төлбөрөө төлөхгүй байсан тул Б.Т- өөрийн нөхрийн Т Ш ХХК-ийн гадна фасадын засварын ажлыг гүйцэтгүүлэхээр давуу талаа ашиглаж түүнээр гүйцэтгүүлж, 16,190,000 төгрөгийг төлөх ёстой 42,590,000 төгрөгөөс хасаж тооцоод үлдэгдэл 26,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримттай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 1,298,800 төгрөгөөр багасгаж 25,101,200 төгрөгийг Д.Ж-гээс гаргуулж өгнө үү гэв.

 Хариуцагч төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр Б.М- нь Д.Ж-тэй ажил дээрээ ирж уулзаж хамтран ажиллах санал тавьснаар тэд хамтран амьдрах болж 10,000,000 төгрөгийг Д.Ж-гийн дансанд шилжүүлсэн байдаг. Манай талаас кофе шоп ажиллуулж байсан туршлагатай, түүнд үндэслэж Б.М-тай хамтран ажиллах байсан. Гэтэл Б.М- хамтран ажиллах боломжгүй болж, Б.Т- гэх хүн би хөрөнгө оруулъя гээд Д.Ж-, Б.Т- нар хамтран ажиллах гэрээ байгуулагдаад хамтран ажилласан.

The Coffee House Mongolia-2 Хөрөнгө оруулж байгаа мөнгийг шинээр кофе шопийг нээж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, цалин хөлс, түрээсийн төлбөрт нийт 53,000,000 төгрөгийн зардал гаргасныг нотлох баримтуудаа хавтаст хэрэгт гарган өгсөн. Хөрөнгө оруулж эхлээд ашиг орлого жигдрээгүй байхад үр шим ашгаа авъя гэсэн яриа гарснаас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр болгон 100,000 төгрөг нийт 17,700,000 төгрөгийг  Д.Ж-гийн данснаас Б.Т-ийн дансанд шилжүүлсэн байдаг.

 Хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байх явцдаа ажил нь тогтвортой болоогүй байхад үр шимээ хүртье, өдөрт 100,000 төгрөгийг авъя гэсэн нь үйл ажиллагаа доголдох шалтгааны нэг болсон гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулж эхлээд ашиг орлого жигдрээгүй байхад үр ашгаа авъя гэсэн сүүлдээ зээлийн гэрээ ч гэх юм уу учир холбогдлын ойлгоогүй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Хоёр талын хойшид зээлээ төлөх тухай” гэрээнд манай талаас гарын үсэг зурсан зүйл байгаа.

Энэхүү зээл төлөх тухай юм шиг гэрээ зурагдсанаас хойш Б.Т-ийн нөхрийн гэх “Т Ш” ХХК-ийн гадна фасадын 50,000,000 төгрөгийн өртөг бүхий засварын ажлыг гүйцэтгэж үлдэгдэл төлбөр төлөхөөр тохиролцсоны дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Д.Ж-, “Т Ш” ХХК-ийн хооронд байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр гадна фасад хийлгэсэн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу суутган авсан.

Д.Ж- нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 851,800 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 590,000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1,040,000 төгрөг, нийт 2,481,800 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т-т өгсөн.

Мөн 2020 оны 01 дүгээр сард Б.М-д  5,000,000 төгрөгийн үнэ бүхий зайрмагийн машиныг дагалдах хэрэгслийн хамт өгсөн.

Манай талаас нийтдээ Б.Т-т өгөх 50,000,00 төгрөгөөс  47,381,800 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцагч Д.Ж-д холбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж хөрөнгө оруулалт хийсэн 26,400,000 төгрөгийг гаргуулахыг шаардсан. Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,298,800 төгрөгөөр багасгаж, 25,101,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн төлөөлөгч хөрөнгө оруулсан төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Хариуцагчийн төлөөлөгчийн Г.Ган-Очир нь МӨХ-ын өмгөөлөгч Ю.Тогмидтой Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  өмгөөлөгч оролцсон болно.

Шүүх тус иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 13.30 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд, өмгөөлөгч Ю.Тогмид өвчний учир оролцох боломжгүй шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 30 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан./1-р хх-ийн 46, 56-60 дугаар тал/

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр дахин шинээр короновирус/ковид-19/ халдварын эерэг 4/дөрөв/ тохиолдол бүртгэгдсэн тул Улсын онцгой байдлын комиссын шуурхай штаб, Дүүргийн  онцгой байдлын комиссын шуурхай штабын зөвлөмж, заавар, шүүхийн дэргэдэх Гамшгаас хамгаалах шуурхай штабын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу иргэд, хэргийн оролцогчид, шүүхийн ажилтан, албан хаагчдын болзошгүй эрсдэлээс сэргийлж, 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны өдрийг дуустал хугацаагаар хөл хорио тогтоож, шүүхийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 16 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2021/10527 захирамжаар хуралдааны товыг өөрчилсөн  болно./1-р хх-ийн 86-87 дугаар тал/

Иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд өмгөөлөгч Ю.Тогмид шүүх хуралдаан давхардсан тул оролцох боломжгүй шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлснийг шүүх хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 13 цаг 30 цаг хүртэл хойшлуулсан./1-р хх-ийн 68-77 дугаар тал/

Тус иргэний хэрэг хянан хэлэлцэх 2021 оны 7 дугаар сарын19-ний өдрийн 13 цаг 30 минут хэрэг шүүх хуралдаанд МӨХ-ны өмгөөлөгч Ю.Тогмид хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүхэд, шүүгчийн туслахад мэдэгдээгүй, түүний үйлчлүүлэгч  “....ковидын хавьтагч болсон” гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хэргийн оролцогчийг хууль зүйн туслалцаа авах эрхийг шүүх хангаж, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулсан. Өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар шүүгчийн туслахад утсаар болон цахим шуудан, факсаар мэдэгдээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэж үзэж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар өмгөөлөгчийн эзгүйд хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдав.  

2.    26.400.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Хариуцагч Д.Ж- нь The Cofee House Mongolia-2 кофе шопийг хамтран ажиллуулахаар иргэн Б.М-тай тохиролцон 10,000,000 төгрөгийг Д.Ж-д хөрөнгө оруулахаар шилжүүлжээ. Гэтэл Б.М- хамтран ажиллах боломжгүй болж өөрийн эгч Б.Т-ийг Д.Ж-тэй уулзуулснаар хариуцагч кофе шопийн үйл ажиллагааг дагнан эрхлэх, нэхэмжлэгч хөрөнгө оруулахаар тохиролцжээ.

 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1.”Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.”, 476.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно.” зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээг байгуулсан гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Т- Хаан банкны өөрийн эзэмшлийн 50229345914 данснаас 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөгийг 5114110850 /Д.Ж-/ дансанд, Голомт банкны өөрийн  эзэмшлийн 200000000 данснаас 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 20,000,000 төгрөгийг /кофе хаус хөрөнгө оруулалт Жижгээ, Хаан төв банк/, 12 дугаар сарын 05-ны өдөр 50000014 данснаас 10,000,000 төгрөгийг 500000035 /Б.М-д/ нийт 50,000,000 төгрөгийг шилжүүлсэн, хүлээн авсан талаар талууд маргаагүй./хх-ийн 6-9 дүгээр талууд/

Нэхэмжлэгч Б.Т- хөрөнгө оруулалт хийсэн, хариуцагч Д.Ж- кофе шопийн үйл ажиллагааг дагнан хариуцан хамтран ажиллах талаар хүсэл зоригоо харилцан илэрхийлж, гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон байх тул тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллийг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр, гэрээг мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-т заасан нийцсэн гэж үзэв.

Талууд The Coffee House Mongolia-2 кофе шопийн үйл ажиллагааг  2017 оны 12 дугаар сарын10-ны өдөр нээсэн, уг 2 дугаар салбарыг тоног төхөөрөмж, засварын зардалд 53,249,866 төгрөг зарцуулсан нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна./1-р хх-ийн 172-250, 2-р хх-ийн1-12 дугаар тал/

Зохигчид хамтын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгийн хэмжээ, гэрээний дагуу хамтын үйл ажиллагаа явуулсан эсэхэд маргаагүй, харин шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээнээс татгалзсан үндэслэлээ “...хамтарч кофе шопийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулсан байхад хариуцагч ноцтой зөрчил гаргаж жип авто машин авч унаснаас санхүүгийн алдагдалд орсон тул хамтран ажиллахаас татгалзсан” гэж, хариуцагчийг төлөөлөгч ....үйл ажиллагаа жигдрээгүй байхад хувь авна гэж шаардсанаас санхүүгийн алдагдалд орсон гэж маргасан.

Нэхэмжлэгч хариуцагчийн ЖИП авто машин худалдаж авч ноцтой зөрчил гаргасан гэх тайлбарлах боловч баримтаар нотлоогүй, хариуцагч  нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзах үндэслэлийг баримтаар няцаагаагүй болно.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт “Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж тус тус заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Д.Ж-  нь 2018 оны 3 дугаар сарын 13-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийн хүртэл хугацаанд Б.Т-т 2018 оны 03 дугаар сарын 13-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 160 удаагийн үйлдлээр нийт 16,600,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн төлөөлөгчийн 17,700,000 төгрөгийг ашиг гэж шилжүүлсэн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно./1-р хх-ийн 96-169 дүгээр тал /

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д “Гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно.”480.1.-д “Хамтран ажиллах гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно:” гэж зааснаар зохигчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгон Хоёр талын хойшид зээлээ төлөх тухай гэрээ-г байгуулан  хөрөнгө оруулалтаас үлдэх  42,950,000 төгрөгийг төлөх талаар тохиролцож, кофе шопийн эд хөрөнгө хариуцагч Д.Ж-гийн эзэмшилд үлджээ./1-р хх-ийн10 дугаар тал/

Хариуцагч Д.Ж- 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээнд тусгасан үүргийг гүйцэтгээгүй тул “Т Ш” ХХК- /нэхэмжлэгчийн нөхөр/ ийн гадна фасадын засварын 33,111,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж төлбөрийг төлөхөөр талууд харилцан тохиролцож 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан талаар маргаагүй./1-р хх-ийн 89-91 дүгээр тал/

“Т Ш” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөг, 6 дугаар сарын 09-ний өдөр 6,622,200 төгрөг, 10 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг нийт 15,622,200 төгрөгийг хариуцагч Д.Ж-гийн Хаан банкны 5000019 дансанд  шилжүүлж, үлдэх 17,488,800 төгрөгийг талуудын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн  гэрээний үүрэгт  суутгасан талаар  талууд маргаагүй тул, талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хоёр талын хойшид зээлээ төлөх тухай гэрээ-ний дагуу  төлөх 42,590,000 төгрөгөөс 17,488,800 төгрөгийг хасаж, үлдэх 25,101,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Ж- нь 5,000,000 төгрөгийг үнэ бүхий зайрмагийн машин тоног төхөөрөмжийг иргэн Б.М-д шилжүүлсэн гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй, өөрт хохирол учирсан гэж үзвэл баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Д.Ж-гээс Хамтран ажиллах гэрээний үүрэгт 25,101,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,298,800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1–д заасныг баримтлан хариуцагч Д.Ж--гээс 25,101,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,298,800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 25,101,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 283,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан хэлэлцэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т заасныг баримтлан тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 07508 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийг давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах хугацаанд хүчинтэй байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ