Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01485

 

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02111 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Тийн хариуцагч Д.Ж холбогдуулан гаргасан 26 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сард хариуцагч Д.Ж нь Б.Мтай өөрийн үүсгэн байгуулсан The Coffee House Mongolia кофе шопийн бизнест хөрөнгө оруулалт авч, хамтран ажиллах гэрээ байгуулах гэж байсан юм. Энэ үед нэхэмжлэгч Б.Т тэдэнтэй уулзаж Б.Мгийн оронд Д.Жгийн бизнест хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. Улмаар Б.Т нь хариуцагч Д.Жгийн кофе шопийн бизнест 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцож Хаан банкан дахь 5029345914 данснаас 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 20 000 000 төгрөгийг, 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Голомт банкны 2900004040 данснаас 20 000 000 төгрөгийг Д.Жгийн Хаан банк дахь 5114110850 дансруу тус тус шилжүүлсэн. Б.М нь хөрөнгө оруулалт гэх 10 000 000 төгрөгийг Д.Жшилжүүлсэн байсан тул түүний өмнөөс Б.Т нь түүний Хаан банкны 5030118535 данс руу шилжүүлснээр нийт 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хамтран ажиглахаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дах хэсэгт зааснаар амаар тохиролцсон. Хөрөнгө оруулалт хйиснэээс хойш 2018 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн өдөр бүр 100 000 төгрөгийг Д.Жгээс ашиг гэж өөрийн данснаас нийт 17 000 0000 төгрөгийг Д.Тунгалагийн дансаар үр шимийг шилжүүлж өгсөн. Хамтран ажиллах хугацаанд Д.Ж авто машин худалдан авсан, энэ байдлаас болж бизнес доголдох шалтгаан нь болж Б.Т хамтран ажиллах гэрээг цуцлах, оруулсан хөрөнгөө буцаан авахаар шаардаж эхэлсэн. Анх хөрөнгө оруулалт хийх үед тохиролцсон тохиролцоо нь Улсын их дэлгүүр дэх The Coffee House Mongolia-2 кофе шопийн орлогын 50 хувийг хөрөнгө оруулагч Б.Тт эзэмшихээр тохиролцсон бөгөөд тодорхой хугацаанд хамтран ажилласан боловч кофе шопийн ашиг муу, үйл ажиллагаа нь доголтой байсан учир Д.Торуулсан хөрөнгө буюу 50 000 000 төгрөгөө буцаан авахаар шаардахад Д.Ж сарын 2 хувийн хүүтэйгээр төлж барагдуулахаар тохиролцсон байдаг. Улмаар талууд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тооцоо нийлээд нэхэмжлэгч уг бизнесээс татгалзаж, Д.Ж 42 590 000 төгрөгийг 2 хувааж 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл төлөхөөр тохиролцон гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Хариуцагч Д.Ж нь төлбөрөө төлөхгүй байсан тул Д.Төөрийн нөхрийн Түмэн шувуу ХХК-ийн гадна фасадын засварын ажлыг гүйцэтгүүлэхээр давуу талаа ашиглаж түүнээр гүйцэтгүүлж, 16 190 000 төгрөгийг төлөх ёстой 42 590 000 төгрөгөөс хасч тооцоод үлдэгдэл 26 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримттай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа 1 298 800 төгрөгөөр багасгаж 25 101 200 төгрөгийг Д.Жгээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 11 дүгээр сарын сүүлчээр Б.М нь Д.Жтэй ажил дээрээ ирж уулзаж хамтран ажиллах санал тавьснаар тэд хамтран амьдрах болж 10 000 000 төгрөгийг Д.Жгийн дансанд шилжүүлсэн байдаг. Манай талаас кофе шоп ажиллуулж байсан туршлагатай, түүнд үндэслэж Б.Мтай хамтран ажиллах байсан. Гэтэл Б.М хамтран ажиллах боломжгүй болж, Б.Т гэх хүн би хөрөнгө оруулъя гээд Д.Ж, Б.Т нар хамтран ажиллах гэрээ байгуулагдаад хамтран ажилласан.The Coffee House Mongolia-2 Хөрөнгө оруулж байгаа мөнгийг шинээр кофе шопийг нээж үйл ажиллагааг нь жигдрүүлэх, шаардлагатай тоног төхөөрөмж, цалин хөлс, түрээсийн төлбөрт нийт 53 000 000 төгрөгийн зардал гаргасныг нотлох баримтуудаа хавтаст хэрэгт гарган өгсөн. Хөрөнгө оруулж эхлээд ашиг орлого жигдрээгүй байхад үр шим ашгаа авъя гэсэн яриа гарснаас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр болгон 100 000 төгрөг нийт 17 700 000 төгрөгийг Д.Жгийн данснаас Б.Тийн дансанд шилжүүлсэн байдаг. Хамтран ажиллах гэрээ байгуулж хамтран ажиллаж байх явцдаа ажил нь тогтвортой болоогүй байхад үр шимээ хүртье, өдөрт 100 000 төгрөгийг авъя гэсэн нь үйл ажиллагаа доголдох шалтгааны нэг болсон гэж үзэж байгаа. Хөрөнгө оруулж эхлээд ашиг орлого жигдрээгүй байхад үр ашгаа авъя гэсэн сүүлдээ зээлийн гэрээ ч гэх юм уу учир холбогдлын ойлгоогүй 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хоёр талын хойшид зээлээ төлөх тухай гэрээнд манай талаас гарын үсэг зурсан зүйл байгаа. Энэхүү зээл төлөх тухай юм шиг гэрээ зурагдсанаас хойш Б.Тийн нөхрийн гэх Түмэн шувуут ХХК-ийн гадна фасадын 50 000 000 төгрөгийн өртөг бүхий засварын ажлыг гүйцэтгэж үлдэгдэл төлбөр төлөхөөр тохиролцсоны дагуу ажил гүйцэтгэх гэрээг Д.Ж, Түмэн шувуут ХХК-ийн хооронд байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээгээр гадна фасад хийлгэсэн төлбөрөөс 20 000 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн гэрээний дагуу суутган авсан. Д.Ж нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 851 800 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 590 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1 040 000 төгрөг, нийт 2 481 800 төгрөгийг нэхэмжлэгч Б.Тт өгсөн. Мөн 2020 оны 01 дүгээр сард Б.Мд 5 000 000 төгрөгийн үнэ бүхий зайрмагийн машиныг дагалдах хэрэгслийн хамт өгсөн. Манай талаас нийтдээ Б.Тт өгөх 50 000 000 төгрөгөөс 47 381 800 төгрөгийг төлсөн гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Өлзиймөнх овогт Далибагийн Жижгээ /рд:ТБ69081202/-гээс 25 101 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Гочоо овогт Балайгийн Тунгалаг/рд:АЗ62092024/-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 298 800 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүн 25 101 200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 283 456 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн үед өмгөөлөгч Ю.Тогмидийн гэр бүлийн эхнэр Б.Цэндмаа, охин Т.Нарангэрэл, хүү Т.Мөнхнаран нараас короновирус халдварын эерэг тохиолдол илэрч ойрын хавьтагч болсон тул бусдад халдварлуулахаас сэргийлж гэрт тусгаарлалтанд орж шинжилгээний хариу нь 17 цагийн үед үүрэн холбооны утсанд мессэж ирсэн. Халдварын эерэг тохиолдол илэрч ойрын хавьтагч болсон талаар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдааны эхэнд шүүгчид хэлсэн боловч хүлээж аваагүй нь хэргийн оролцогч өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргааныг зөв тодорхойлж чадаагүй. Учир нь хэргийг шийдвэрлэхдээ иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2 дах хэсэгт зааснаар шийдвэрлэсэн хавтаст хэргийн хүрээнд нэхэмжлэгийн гаргаж өгсөн зээлийн гэрээ байхад зээлийн гэрээ, хамтран ажиллах гэрээний аль нь гэдгийг зөв тодорхойлж, хэргийг шийдвэрлээгүй. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дах хэсэгт заасныг анхаарч үзээгүй байна. Хариуцагч Б.Тт нь нийт 40 181 800 төгрөгийн зээлээ төлсөн байхад хасч тооцоогүй нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Д.Жхолбогдуулан хамтран ажиллах гэрээнээс татгалзаж хөрөнгө оруулалт хийсэн 26 400 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 298 800 төгрөгөөр багасгаж, 25 101 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Б.Т The Cofee House Mongolia-2 кофе шопид 50 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хариуцагч Д.Ж кофе шопийн үйл ажиллагааг дагнан хариуцаж хамтран ажиллахаар 2017 оны 12 дугаар сард амаар харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт нь талуудын тайлбараар тогтоогджээ. /хэргийн 6-9 дүгээр тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Дээрх кофе шопийн үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нээж, тоног төхөөрөмж, засварын зардалд 53 249 866 төгрөг зарцуулсан болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна. /1 хэргийн 172-250, 2 хэргийн 1-12 дугаар тал/ Уг зардлын баримтууд нь нэхэмжлэгчээс 50 000 000 төгрөгийг шилжүүлснээс хойш гарсан зарлагууд байх бөгөөд хариуцагч дээрх үнэ бүхий тоног төхөөрөмж, засварын зардлыг бүхэлд нь өөрийн хөрөнгөөр авсан гэх үйл баримт тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 50 000 000 төгрөгөөс тусдаа хариуцагчийн оруулсан хөрөнгө оруулалт байсан нь баримтаар нотлогдоогүй бөгөөд харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд уг тоног төхөөрөмж, засварын зарлагад зарцуулсан хөрөнгөөс 3 000 000 төгрөгийг хариуцагч гаргасан гэж тайлбарласныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож, нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгөөс үлдэх 42 950 000 төгрөгийг төлөх талаар харилцан тохиролцож, хоёр талын хойшид зээлээ төлөх тухай гэрээ-г байгуулсан нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.8, 479 дугаар зүйлийн 479.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна. Уг хэлцэл хийгдсэнээс хойш хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгө шилжүүлээгүй талаар талууд маргаагүй.

Хариуцагч Д.Ж нь Түмэн шувуут ХХК-тай /нэхэмжлэгчийн нөхөр/ 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, фасадын засвар 33 111 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцжээ. Уг гэрээний үүрэгт Түмэн шувуут ХХК-аас 15 622 200 төгрөгийг хариуцагч Д.Жшилжүүлж, үлдэх 17 488 800 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан дээрх хэлцлийн дагуу төлөх 42 590 000 төгрөгөөс хасч тооцохоор харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтаар тогтоогдож байна. /1 хэргийн 89-91 дүгээр тал/ Иймд анхан шатны шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохигчдын хийсэн хэлцлийн дагуу төлөх 42 590 000 төгрөгөөс 17 488 800 төгрөгийг хасч, үлдэх 25 101 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хариуцагч давж заалдах гомдлын үндэслэлээ нэхэмжлэгчид шилжүүлсэн 17 700 000 төгрөгийг хасч тооцох ёстой байсан гэх агуулгаар тайлбарлажээ. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчаас 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд 160 удаагийн бэлэн бус гүйлгээгээр нийт 16 600 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч 17 700 000 төгрөгийг ашиг болгон авснаа хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч дээрх мөнгө шилжүүлснээс хойш 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Хоёр талын хойшид зээлээ төлөх тухай гэрээ гэх хэлцлээр хөрөнгө оруулалтын үлдэгдлийг 42 950 000 төгрөг гэж харилцан тохиролцсон байх тул уг хэлцлийг байгуулахаас өмнө шилжүүлсэн 17 700 000 төгрөгийг хасч тооцох үндэслэлгүй. Энэ нь хамтын үйл ажиллагаанаас олсон ашиг гэж нэхэмжлэгч тайлбарлсаныг хариуцагч үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй.

Мөн хариуцагч Д.Ж нь 5 000 000 төгрөгийн үнэ бүхий зайрмагийн машин гэх тоног төхөөрөмжийг Б.Мд шилжүүлсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч Б.Тт олгох мөнгөн дүнгээс хасч тооцох үндэслэлгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр зөв.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдоогүй байх ба шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод зохих журмын дагуу мэдэгдсэн байна. Шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн болон 7 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийг өмгөөлүүлэх эрхээр хангаж, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулжээ. Хариуцагчийн өмгөөлөгч 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй гэдгээ баримтаар нотолж ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхээс түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.Жгээс хамтран ажиллах гэрээний үүрэгт 25 101 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 298 800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2021/02111 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч талын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283 456 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

С.ЭНХТӨР