Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00042

 

Д.З-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/02913 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02171 дүгээр магадлалтай,

Д.З-н нэхэмжлэлтэй

ШШГЕГ-т холбогдох

ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.06.28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 63** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Д.З нь ШШГЕГ-т холбогдуулан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.06.28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 63** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/02913 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ШШГЕГ-т холбогдох ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.06.28-ны өдрийн төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 63** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.З-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02171 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/02913 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухай: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1, 59.3 дахь заалтуудыг харвал ... Гагцхүү тухайн этгээд нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй үндэслэл тогтоогдсон бол гадаад улсад зорчих эрхийг түдгэлзүүлэхээр заасан.

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь 50,000,000 төгрөгөөс дээш өр төлбөртэй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг шууд түдгэлзүүлээд явж байгаа хууль бус практик тогтчихоод байна. Тодруулбал, төлбөр төлөгч Д.З-н гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх санал болон тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан үндэслэлийг заагаагүй, хуулийн тэдгээр заалтуудыг иш татаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, энэхүү маргаан нь гагцхүү Д.З-т тохиолдож байгаа асуудал бус 50,000,000 төгрөгөөс дээш өр төлбөртэй бүх төлбөр төлөгчдөд тохиолдож байгаа асуудал билээ. Иймд Улсын дээд шүүх энэхүү маргааныг авч хэлэлцэх нөхцөлд гагцхүү иргэн Д.З-н асуудлыг шийдвэрлэх бус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1, 59.1.3-т заасныг зөв хэрэглэх талаар хууль хэрэглээний жишиг тогтооход ач холбогдолтой юм.

...Иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмээ авах нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг хөндөж байгаа чухал асуудал билээ. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д зөвхөн хуулиар хязгаарлаж болохоор заасан. ...Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүхүүд иргэний тус эрхийг зөвхөн “шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөө төлөөгүй” гэх үндэслэлээр хязгаарлаж, түүнийг хууль ёсны хэмээн тайлбарлаж байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтад нийцэхгүй юм.

...Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлах нь гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын нэг төрөл билээ. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон шүүхүүд төлбөрөө төлөөгүй төлбөр төлөгчид тус арга хэмжээг авч, түүнийг хууль ёсны гэж үзэж байна. Энэ нь төлбөрөө төлөөгүй төлбөр төлөгч шүүхийн шийдвэргүйгээр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж буй байдлыг үүсгэж байна. Иргэн Д.З-н хувьд хийсэн гэмт хэрэгтээ ял шийтгүүлж, хорих ял эдэлсэн. Гэтэл тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөөгүй гэх үндэслэлээр дахин зорчих эрх хязгаарлах ял эдэлж байгааг та бүхэн анхаарч үзэхийг хүсье.

...Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухай: Улсын дээд шүүхийн 2022.10.28-ны өдрийн 01018 дугаар тогтоолын 9.1.3 дугаартай хэсэгт төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх төлбөрөө төлөөгүй нь түүний гадаадад зорчих эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тухай тайлбарласан байна. ...Гэтэл энэ хэргийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх нь төлбөр төлөгч, нэхэмжлэгч Д.З-н шүүхийн шийдвэрийн дагуу төлбөрөө төлөөгүй байдлыг үндэслэл болгож, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг хууль ёсны гэж дүгнээд байна. Үүгээр Улсын дээд шүүхийн дээрх тогтоол, түүнд агуулагдах хуулийн тайлбараас зөрсөн, өөрөөр тайлбарласан.

...Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухай: Магадлалын хянавал хэсгийн 5-д “Нэхэмжлэгч нь төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоол гарах үед хорих ангид байсан тул эрэн сурвалжлагдаагүй, гадаад улс руу оргон зайлах оролдлого хийгээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна” гэсэн. Энэ нь дараах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107.3-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1, 59.1.3-т заасан үндэслэл бүрдсэн байсан гэдгийг нотлох үүрэг нь хариуцагчийн үүрэг юм. Хариуцагч нь нотолсон нөхцөлд түүнийг няцаах нотлох баримт гаргаж өгөх нь бидний үүрэг юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59.1, 59.1.3-т заасан үндэслэл бүрдээгүй гэдгийг нэхэмжлэгч тал нотлох үүрэгтэй гэх байдлаар тайлбарлаж байна. Ийнхүү давж заалдах шатны шүүх процессын нотлох үүргийг нэхэмжлэгчид хуваарилсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотолгооны хуваарилалтыг зөрсөн хэрэг.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлсэнгүй. Хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 858 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.14-ний өдрийн 18 дугаартай магадлал авагдсан. Тус шийдвэрүүдийн дагуу 2021.02.26-ны өдрийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Үүний дараа 2021.06.28-ны өдрийн 63** дугаартай тогтоолыг гаргаж, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн. Тухайн үед иргэн Д.З нь шүүхийн шийдвэрээр оногдуулсан хорих ялаа эдэлж байсан. Шүүхийн шийдвэрээр түүнд хорих ял өгсөн байгаагаас үүнийг харж болно. Тэрээр хугацаанаас өмнө суллагдсан талаар баримт байхгүй. Мөн хохирлоо төлөөгүй учир хугацаанаас өмнө суллагдах, магадланд орох үндэслэлгүй билээ. Иймд нэхэмжлэгчийн гадаадад гарах эрхийг түдгэлзүүлэх үеийн байдлаар нэхэмжлэгч нь хорих ял эдэлж байсан нь үүгээр нотлогдох юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасныг үл харгалзан давж заалдах шатны шүүх нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг няцаасан. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4-т заасныг зөрчсөн. Бид анхан шатны шүүх хуралдаанд ч дээрх нөхцөл байдлыг тайлбарласан бөгөөд хариуцагч талаас үүнийг няцаагаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т зааснаар тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Гэтэл бидний дээрх тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй, хүлээн зөвшөөрсөн атал шүүх бидний тайлбарыг нотлогдоогүй гэж үзлээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах агуулгаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.07-ны өдрийн 001/ШХТ2024/00218 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэл тогтоогдов.

7.Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч ШШГЕГ-т холбогдуулан 2021.06.28-ны өдрийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай 63** дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо “...би цагдан хоригдож байсан учир ажилгүй, орлогогүй байсан. Солонгос улсад ажиллаж төлбөрөө төлөх боломжтой байтал Үндсэн хуульд заасан гадаад улсад ажиллаж, амьдрах эрхийг зөрчсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д заасан “эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн”, 59.1.2-т заасан “хөрөнгөө нуун дарагдуулсан”, 59.1.3-т заасан “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэх үндэслэлүүдийг тогтоолд заагаагүй, зөвхөн 50,000,000 төгрөгөөс дээш үнийн дүн бүхий төлбөртэй гэх шалгуурыг баримталсан нь хууль зөрчсөн...” гэжээ.

Хариуцагч ШШГЕГ нэхэмжлэлийг эс зөвшөөрч, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй бөгөөд төлбөл зохих 67,699,999 төгрөгийн үүргээ биелүүлээгүй тул гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай 63** дугаар тогтоолыг хууль зөрчөөгүй гэж мэтгэлцсэн байна.

8.Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.25-ны өдрийн 2020/ШЦТ/858 дугаар шийтгэх тогтоолоор Д.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар 2 жил 8 сарын хорих ял оногдуулж, 67,699,999 төгрөгийг гаргуулан “МД” ХХК-д олгож шийдвэрлэсэн, дээрх шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.24-ний өдрийн 2021/ДШМ/18 дугаар магадлалаар хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шийтгэх тогтоолд 2021.02.24-ний өдрийн 249 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн ба НШШГГ-с 2021.06.25-ны өдрийн 1-144/11797 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Д.З нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021.06.28-ны өдрийн 63** дугаар тогтоолоор Д.З-н гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул залруулж, төлбөр төлөгч Д.З-н гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3 дахь хэсэгт тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгч нь эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй тохиолдолд гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болохыг заажээ. Энэ хуульд зааснаас бусад төлбөр төлөгчийн хувьд энэ хэм хэмжээ хэрэглэгдэхгүй бөгөөд хуулийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан арга хэмжээнд хамаарах төлбөр төлөгчийн хүрээг ийнхүү хязгаарлан, тодорхой тогтоосон байна.

Улсын Их хурлын 2019.12.12-ны өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээс үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн үзэл баримтлалын талаар хэлэлцэх үед тавин сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй шийдвэр гүйцэтгэлийн материал улсын хэмжээнд 1,4 их наяд төгрөгийн үнийн дүнтэй 2762 гүйцэтгэх баримт бичиг дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа, үүнд хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой ажиллагаа ороогүй, 1500 орчим төлбөр төлөгч хилээр гарч явсан, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа биелэгдээгүй судалгаанд үндэслэн гадаадад зорчих эрхийг тодорхой нөхцөлд түдгэлзүүлэх шаардлага бий болсныг хэлэлцэж байсан нь тусгагджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 18-д ...Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй... гэж заасан бөгөөд тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг хуульд заасан гурван үндэслэл тогтоогдсон нөхцөлд л түдгэлзүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар хязгаарласан байна. Өөрөөр хэлбэл, тавин сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий гүйцэтгэх баримт бичигт заасан үүргээ биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчид гадаадад зорчих эрхийг нь түдгэлзүүлэх арга хэмжээг шууд авч болохгүй бөгөөд харин эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, эсхүл төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй зөрчлийг гаргасан, уг нөхцөл байдал тогтоогдсон тохиолдолд дээрх арга хэмжээг авахыг хуульд императив байдлаар тогтоож өгсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй удсаныг төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэнгүй.

Зүй нь төлбөр төлөгч хаана амьдарч байгаа нь тодорхой бус, оршин суугаа хаягаа зориуд мэдүүлээгүй, төлбөр төлөхөөс зайлсхийсэн тухайлбал, хөрөнгөө нуусан, орлогоо мэдүүлээгүй зэрэг үйл баримтыг тогтоосон нөхцөлд л шийдвэр гүйцэтгэгч тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж болно.

Харин хуулийн 59.1.3-т заасан “төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй” гэсэн үндэслэл нь зөвхөн төлбөр төлөгчийн төлбөрөө төлөөгүй үйлдлээр бус харин шийдвэр гүйцэтгэгч гадаад улсад зорчих гэж буй төлбөр төлөгчийн үйлдлийг төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой гэж үзсэн, энэ нь тодорхой үйл баримт, шалтгаан нөхцөлд тулгуурласан байхыг хэлнэ. Тухайлбал, төлбөр төлөгч гадаад улсад албан ёсоор гэрээгээр ажиллах, эсвэл гадаадын зохих байгууллага ажиллуулахаар урьсан, тухайн байгууллага эсвэл өөрөө цалингаасаа төлбөрт тодорхой хэсгийг шилжүүлэх талаар баримт гаргасан зэрэг үйл баримт бий болсон бол төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэх шинжийг үгүйсгэх бөгөөд харин эсрэгээр, тодорхой нөхцөл шалтгаан байгаа нь төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой гэж үзвэл шийдвэр гүйцэтгэгч уг арга хэмжээг авах боломжтой байна.

Хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлж шийдвэрлүүлэх журамтай байх ба НШШГГ-с 2021.06.25-ны өдрийн 1-144/11797 дугаар албан бичгээр төлбөр төлөгч Д.З нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заалтыг үндэслэн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг хүргүүлсэн, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2021.06.28-ны өдрийн 63** дугаар тогтоолоор Д.З-н гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгч хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан аль нэг үндэслэлийг тогтоохгүйгээр төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх санал гаргасан байхад ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч дээрх арга хэмжээг авсан нь хуульд нийцээгүй байна.

Иймд энэ ажиллагааг хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02171 дүгээр магадлалын 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШШ2023/02913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг баримтлан Д.З-н гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 63** дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                                   П.ЗОЛЗАЯА