Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2020/ДШМ/976

 

Б.Т-д холбогдох эрүүгийн

                                                                             хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Үүлэн,

хохирогч Ц.Мягмарсүрэн,

шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ц.Амар,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Ц.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Т-д холбогдох эрүүгийн 2005014720775 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Т-, 1991 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа Англи хэлний орчуулагчаар ажилладаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Б.Т- нь 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед *** өөрийн гэртээ “Гар утсан дахь мэдээлэл үзлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэнг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокуророос Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Ц.Мягмарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоол нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4852 дугаартай дүгнэлтэд үндэслэж гарсан. Би прокурорын хяналт болон шүүхийн шатанд уг дүгнэлтийг нотлох баримтаас хасуулж, дахин шинжээч томилуулах тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Дүгнэлт гаргасан шинжээч надаас нэг ч асуулт асуугаагүй. Би толгойгоо хаалганд цохисон байсан. Миний чих улайсан нь нөхөр Б.Т-гийн учруулсан хохирол биш. Б.Т- надад гэмтэл учруулаагүй. Үнэн бодит байдлыг тогтоолгүйгээр шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хүнийг буруутгах нь хуульд нийцэхгүй. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн зүгээс хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулах, хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүхээс уг хүсэлтийг хангалгүйгээр гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөхдөө хэргийн үйл баримтыг “...Б.Т- нь хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэнг зодож түүний эрүүл мэндэд тархи доргилт, зүүн бугалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь хохирогч Ц.Мягмарсүрэн мөрдөн байцаалтын шатанд “...зүүн талын шанаа хацар луу нэг удаа алгадсан...” гэж мэдүүлсэн. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар түүний зүүн хацарт ямар нэгэн байдлаар гэмтэл тогтоогдоогүй. Мөн хохирогч Ц.Мягмарсүрэн нь өөрт учирсан гэмтлийн талаар прокурорт гаргасан хүсэлтдээ “...нөхөр алгадахад өвдөөгүй, гэмтэл учраагүй, орцны хаалга мөргөж гэмтэл учирсан...” гэж, шүүх хуралдаанд “...Т- миний хацар хэсэгт нэг удаа алгадсан. Би уурандаа гарахдаа орцны хаалга хүчтэй онгойлгосноос хаалга савж миний зүүн чих хэсэгт цохисон... би тухайн үед хүүхдээ авч явж чадаагүй уурандаа нөхөр Т- намайг цохисон гэж худал мэдүүлсэн...” гэж тус тус мэдүүлж, тайлбар гаргасан байдаг. Дээрх мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогч Ц.Мягмарсүрэнд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Т-гийн үйлдлийн улмаас учраагүй, өөр бусад мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас учирсан болох нь тодорхой байна. Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дээрх нөхцөл байдлыг дүгнээгүй буюу дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

            Прокурор Д.Үүлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Т- нь хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэнг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогч Ц.Мягмарсүрэнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг болон худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээх талаар сануулж мэдүүлэг авсан. Тэрээр хамтран амьдрагч Б.Т-д зодуулсан талаар мэдүүлсэн бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байдаг. Иймд давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Прокуророос Б.Т-г 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед *** өөрийн гэртээ “Гар утсан дахь мэдээлэл үзлээ” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэнг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн бугалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар мэдүүлсэн хохирогч Ц.Мягмарсүрэнгийн “... “Утсыг шалгалаа, одоо хамт амьдрах шаардлага байхгүй, бие биендээ итгэхгүй юм бол чи одоо манай гэрээс гар зайл” гэж зүүн гарын бугуйнаас татаад, намайг зүүн талын шанаа хацар луу 1 удаа алгадаад хөөсөн. Тэгэхээр нь “Би явлаа, хүүгээ авч явна” гэж хэлтэл “Би хүүгээ чамд өгөхгүй, харин өөрөө зайл” гэхээр нь би уурлаад гэрээс гарч цагдаад дуудлага өгөөд хүү Төмөрийг авсан. ...” /хх 7-9/ гэх мэдүүлэг,

- түүнийг мэдүүлэг үндэслэлтэй болохыг нотолсон гэрч М.Билэгсайханы “...15 цагийн орчим “Манай нөхөр намайг зодоод гэрээс хөөгөөд гаргачихлаа. Гэрт миний 5 сартай хүүхэд үлдсэн” гэх дуудлага мэдээлэл ирснийг хүлээн авч ... очиж шалгахад Т- баруун гартаа хүүхэд тэвэрсэн байсан ба би гэрт нь ороод “Энэ нялх хүүхэд ээжтэйгээ байсан нь дээр, чи нялх хүүхэд тэвэрчихээд ингэж бухимдаж болохгүй” гэж хэлсэн. Ингэж ярилцаж байгаад эхнэрийг нь гэрт нь оруулж хүүхдийг авч өгөөд нөхрийг нь хувцаслаад аваад явсан. Юунаас болж маргалдсан талаар асуухад “Эхнэр бусадтай хардаад, утасны мессеж уншсан байсан” гэж хэлж байсан. ...” /хх 51-53/ гэх мэдүүлэг,

- 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 15 цаг 11 минутын үед Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт ирсэн дуудлагын лавлагааны хуудас /хх 61/,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4852 дугаартай дүгнэлт /хх 17-18/ болон хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад бичгийн нотлох баримтуудад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч Б.Т-гийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Ингэхдээ дээрх гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр буюу  “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн прокуророос Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Учир нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулах нь учир дутагдалтай.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд тусгасан агуулгаар ойлгох бөгөөд уг зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч тодорхойлсон.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ тухайн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай байдаг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Т- гэр бүлийн харилцан хамааралтай байдлыг далимдуулан хамтран амьдрагч Ц.Мягмарсүрэнг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хохирогч Ц.Мягмарсүрэн болон шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ц.Амар нар гаргасан давж заалдах гомдолдоо “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Б.Т-гийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй...” хэмээн дурджээ.

Хохирогч Ц.Мягмарсүрэнгийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4852 дугаартай “Ц.Мягмарсүрэнгийн биед тархи доргилт, зүүн булгалга, зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлтийг мөн оны 4 дүгээр сарын 18-ны өдөр түүний биед хийсэн үзлэгийн үр дүн /...дагзны булчингийн хөшингөтэй, 2 нүдний алимд хөндлөн чичирхийлэлтэй, см.Манна /+/ ... зүүн бугалганы урд дээд хэсэгт 6х4 см, 4х3 см хөх өнгийн цус хуралттай, зүүн чихний дэлбээ болон ар хэсэгт хөхөлөг сэртэн орчим хавдсан/-д үндэслэн гаргасан байх бөгөөд шинжээч Б.Ариунзул нь гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулж “...тархи доргилт 1 удаагийн цохилт, доргилтын улмаас үүсэх боломжтой. Дангаараа хөнгөн гэмтэлд хамаарна. Зүүн чихний дэлбээ, зүүн хөхөлөг сэртэн орчмын зөөлөн эдийн гэмтэл нь тархи доргилт үүсэх хүч үйлчилсэн цэг учир тархи доргилтоос салгаж гэмтлийн зэрэг тогтоохгүй. ...” /хх 65/ гэсэн тайлбар, мэдүүлгийг өгсөн байна.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Б.Ариунзулд хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй ба уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Нөгөөтээгүүр, мөрдөн шалгах ажиллагааны үед буюу 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хохирогч Ц.Мягмарсүрэнд Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, ...” эрхийг тайлбарлан мэдүүлэг авахад тэрээр “...нөхөр Т- зүүн бугуйнаас барьж гар гэж хөөхдөө хацар луу 1 удаа алгадаж уг гэмтлийг учруулсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан хэлэх зүйл алга байна.” /хх 9/ хэмээн мэдүүлсэн зэргээс үзэхэд, түүний биед учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Т-гийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэв.

Иймээс анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тухайн зүйл, хэсэгт заасан төрөл хэмжээний дотор зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруу, хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Харин ийнхүү шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.” гэж оногдуулсан ялын төрлийг ойлгомжгүй байдлаар тусгасныг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заасанд нийцүүлэн зөвтгөж өөрчиллөө.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хохирогч Ц.Мягмарсүрэн, шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд, даргалагч шүүгчээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсан хэсэгт “...Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ...” /хх 117/ гэж тусгасан нь ойлгомжгүй болсноос гадна, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэсэн саналын үндэслэл болгосон баримтыг бүрэн няцаан үгүйсгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтын шаардлагад төдийлөн нийцэхгүй байгааг анхааруулж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/630 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                       ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                                       ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН