Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/02204

 

 

 

 

 

 

 

 

   2021 о      07 с      26ө

Дугаар           101/ШШ2021/02204

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 4-р цахилгаан станцын зүүн урд эрчим хүчний гудамж, үйлдвэрийн байранд байрлах, “Жэй Ти Эс Эс” ХХК /РД:5311284/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 25-р байрны 647 тоот хаягт байрлах, “Канад кастел” ХХК /РД:5981581/-д холбогдох

27,444,473 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.          

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан, нарийн бичгийн даргаар Б.Үүрийнцолмон оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жэй ти эс эс ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэдэг “Жэй Ти Эс Эс“ ХХК нь “Канад Кастел” ХХК-тай 2019.09.23-ний өдөр 11\2019 дугаартай “Хөөсөн полистрол хавтан бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ” 43,650,000 төгрөгийн гэрээ байгуулан 21,111,750 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд гэрээний графикийн дагуу төлбөр төлөгдөөгүй учир бүтээгдэхүүн нийлүүлэлтийг зогсоосон. Гэрээний хугацаанд******* нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн урьдчилгаанд 2 сая төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусахад 19,111,750 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн.

2020 оны 02 сарын 05 өдөр Жэй Ти Эс Эс ХХК-ийн нягтлан бодогч Батчулуун овогтой Болормаа,*******-ийн захирал******* овогтой******* нар 2 компанийн хоорондын төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлсэн акт хийж 19,111,750 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. Тооцооны үлдэгдлийн баталгаа №01 хавсаргав.

11/2019 тоот гэрээний 7.1 заалтын “Захиалагч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2% -р хоног тутам алданги тооцож нийлүүлэгч талд төлнө гэсэн заалтыг үндэслэн 2019 оны 11-р сарын 25 өдрөөс эхлэн төлбөрийн үлдэгдэл болох 19,111,750 төгрөгийн хоног тутамд оногдох алданги 38,223 төгрөг 50 мөнгийг 2020 оны 7-р сарын 24 өдөр хүртэл нийт 218 хоногийн 8,332,723 (найман сая гурван зуун гучин хоёр долоон зуу хорин гурав) төгрөгийн алданги тооцож нэхэмжлэлийн нэгдсэн дүнд оруулж нэхэмжилж байна.

Жэй Ти Эс Эс ХХК нь 11\2019 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 19,111,750 төгрөг, алданги 8,332,723 төгрөг, нийт 27,444,473 (хорин долоон сая дөрвөн зуун дөчин дөрөв мянга дөрвөн зуун далан гурав) төгрөгийг*******-иас гаргуулж өгнө үү.

 Манайх хувийнхаа тээврийн хэрэгслээр тухайн барилга дээр нь хэд хэдэн удаагийн тээвэрлэлтээр хүргэж өгсөн. Гэрээний хугацаанд 100 м.куб хавтанг 120,000 төгрөгөөр 12,000,000 төгрөг, 82.835 м.куб хавтанг 110,000 төгрөгөөр 9,111,750 төгрөг, нийт 21,111,750 төгрөгийн хавтанг нийлүүлсэн нь үнэн. Уг дүнгээс урьдчилж бэлнээр төлсөн 2,000,000 төгрөгийг хасаж, 19,111,750 төгрөгийг төлнө гэдгээ захирал******* өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад олдохгүй болсон” гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Жэй Ти Эс Эс” ХХК хариуцагч “Канад кастел” ХХК-д холбогдуулан “ажил гүйцэтгэх гэрээний үнэд 19,111,750 төгрөг, алдангид 8,332,723 төгрөг, нийт 27,444,473 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн төлөөлөгч буюу компанийн захирал*******т 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардуулж өгсөн.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, уг хугацаанаас хойш 60 хоног өнгөрсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

            Зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хөөсөн полистирол хавтан бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал “барилгын гадна ханын пасадын хөөсөнцөр хавтанг 2019.11.23-ны өдрөөс 2019.11.25-ны өдрийг хүртэл хийж гүйцэтгэх, захиалагч нь үнийг төлөхтэй холбогдсон харилцаа үүссэн байна.

            Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

            Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацаа 2019 оны 09 сарын 23-ны өдрөөс эхлэн 2019 оны 11 сарын 25-ны өдөр дуусахаар байсан байх ба ажил гүйцэтгэгч тал болох “Жэй Ти Эс Эс” ХХК нь 120,000 төгрөгийн үнэтэй хавтанг 100 м.куб, 110,000 төгрөгийн үнэтэй хавтанг 82.835 м.кубыг тус тус хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хэргийн 13 дахь талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил гүйцэтгэгч нь полистирол хавтанг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар “Канад кастел” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна.

Гэрээ болон түүний хавсралтаар 110,000 төгрөг, 120,000 төгрөгийн үнэтэй хавтанг нийлүүлэхээр тохиролцсон байх ба 100 м.куб хавтанг 120,000 төгрөгөөр 12,000,000 төгрөг, 82.835 м.куб хавтанг 110,000 төгрөгөөр 9,111,750 төгрөг, нийт 21,111,750 төгрөг төлөх үүрэгтэй байснаас захиалагч талын урьдчилгаанд төлсөн 2,000,000 хасахад 19,111,750 төгрөг төлөхөөр байх бөгөөд нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 19,111,750 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч төлөх үүрэгтэй байна

Хариуцагч тал нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэл болон түүнтэй холбоотой баримт ирүүлээгүй ба гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

Гэрээний 3.3-т “бараа материалыг нийлүүлсэн болон хүлээн авсан тооцоог бараа нийлүүлэлт дуссанаас хойш 3 хоногийн дотор тооцоо нийлсэн акт үйлдэж төлж барагдуулна” гэж зааснаас дүгнэвэл захиалагч тал хавтанг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлбөрийг шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.

Гэрээний 7.1-д “захиалагч тал төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөх”-өөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч тал алданги шаардах эрхтэй байна.

Талууд 2019.09.19-ний өдрөөс 2019.11.25-ны өдрийг дуустал буюу гэрээний хугацаанд нийлүүлсэн хавтангийн тооцог 2020.02.05-ны өдрөөр дуусгавар болгож, тооцоо нийлсэн болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байх тул 2019.11.25ы өдрөөс хойш хариуцагч “Канад кастел” ХХК 19,111,750 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй гэж үзэн, алдангийг 2019 оны 11 сарын 26ы өдрөөс нэхэмжлэгч талын нэхэмжилсэн 2020 оны 7 сарын 24-нийг хүртэл бодоход 8,332,723 төгрөг /19,111,750*0.2%х218 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн гэж дүгнэн, хариуцагч “Канад кастел” ХХК-иас 8,332,723 төгрөгийн алдангийг гаргуулах үндэслэлтэй.

Иймд хариуцагч “Канад кастел” ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үнэд 19,111,750 төгрөг, алдангид 8,332,723 төгрөг, нийт 27,444,473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жэй Ти Эс Эс” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч*******т 2021 оны 07 сарын 26-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2021 оны 07 сарын 19-ний өдөр утсаар, 2021 оны 07 сарын 22-ны өдөр мессежээр мэдэгджээ.

Шүүгчийн туслах хариуцагчийн төлөөлөгч*******ын 88660911 дугаарын утас уруу хурал эхлэхээс 2 цаг 30 минутын өмнө 5-8 удаа залган хуралдаа ирж буй эсэхийг лавлахад “Ажилтай байна. 1 дүгээр хорооллоос одоо гарлаа, хурлаа түр хугацаагаар хүлээлгэж байна уу, очиж байна, удахгүй очлоо, хурлаа хүлээлгэж байгаарай, Монелоос уруудаж байна, Маахуурт явж байна, 5 минутын дараа орлоо” гэсэн хариу өгсөн байна.

Хариуцагчийн төлөөлөгч******* шүүх хуралдааны товыг мэдсэн, шүүхийн зүгээс хурал эхлэх цагаас хойш 2 цаг 30 минут орчим хүлээсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүхийг илтэд үл хүндэтгэж байх тул нэхэмжлэгч талын “хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх” тухай хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагчийн төлөөлөгчид хэргийн материалтай танилцахыг удаа дараа мэдэгдэхэд ирээгүй тул шүүхийн зүгээс хэрэгтэй танилцах эрхийг хангаагүй гэх нөхцөл байдалгүй гэж дүгнэн, шүүгчийн туслахыг хэрэгт авагдсан баримтуудыг утсаар танилцуулсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон                  

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Канад кастел” ХХК-иас 27,444,473 /хорин долоон сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Жэй Ти Эс Эс” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 296,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Канад кастел” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 295,172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Жэй Ти Эс Эс” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Д.БАТЦЭЦЭГ