Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01463

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01463

 

ЖТЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/02204 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК-ийн нэхэмжлэлтэй, КК ХХК холбогдох

ажлын хөлс, алданги 27 444 473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгын дулаалгын хөөсөнцөр хавтан үйлдвэрлэдэг ЖТЭЭ ХХК нь КК ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11/2019 дугаартай Хөөсөн полистрол хавтан бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ 43 650 000 төгрөгийн гэрээ байгуулан 21 111 750 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлсэн бөгөөд гэрээний графикийн дагуу төлбөр төлөгдөөгүй учир бүтээгдэхүүн нийлүүлэлтийг зогсоосон. Гэрээний хугацаанд КК ХХК нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн урьдчилгаанд 2 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээний хугацаа дуусахад 19 111 750 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй үлдсэн.

2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр ЖТЭЭ ХХК-ийн нягтлан бодогч Б.Б, КК ХХК-ийн захирал Ж.О нар 2 компанийн хоорондын төлбөрийн үлдэгдлийн тооцоо нийлсэн акт хийж 19 111 750 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. 11/2019 тоот гэрээний 7.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн төлбөрийн үлдэгдэл болох 19 111 750 төгрөгийн хоног тутамд оногдох алданги 38 223,50 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 218 хоногийн 8 332 723 төгрөгийн алданги тооцож нэхэмжлэлийн нэгдсэн дүнд оруулж нэхэмжилж байна. ЖТЭЭ ХХК нь 11/2019 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 19 111 750 төгрөг, алданги 8 332 723 төгрөг, нийт 27 444 473 төгрөгийг КК ХХК-аас гаргуулж өгнө үү.

Манайх хувийнхаа тээврийн хэрэгслээр тухайн барилга дээр нь хэд хэдэн удаагийн тээвэрлэлтээр хүргэж өгсөн. Гэрээний хугацаанд 100 м.куб хавтанг 120 000 төгрөгөөр 12 000 000 төгрөг, 82.835 м.куб хавтанг 110 000 төгрөгөөр 9 111 750 төгрөг, нийт 21 111 750 төгрөгийн хавтанг нийлүүлсэн нь үнэн. Уг дүнгээс урьдчилж бэлнээр төлсөн 2 000 000 төгрөгийг хасаж, 19 111 750 төгрөгийг төлнө гэдгээ захирал Ж.Отгонбаатар өөрөө хүлээн зөвшөөрч гарын үсэг зураад олдохгүй болсон гэжээ.

Хариуцагч КК ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч КК ХХК-аас 27 444 473 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 296 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч КК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 295 172 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч КК ХХК-ийн захирал Ж.Отгонбаатарыг эзгүй байх үед итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг хийсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК нь хариуцагч КК ХХК-д холбогдуулан ажлын хөлс, алданги нийт 27 444 473 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч КК ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Ж.О болох нь УБЕГ-ын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5/4999 тоот дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдсон бөгөөд анхан шатны шүүхээс түүнд нэхэмжлэлийн хувийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр гардуулж, хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Зохигчдын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 11/2019 тоот хөөсөн полистрол хавтан бэлтгэн нийлүүлэх тухай гэрээ байгуулагдаж, уг гэрээний 1.1, 2.2-т тус тус зааснаар нийлүүлэгч нь захиалагчийн хэрэгжүүлж буй барилгад шаардлагатай гадна ханын фасадны хөөсөнцөр хавтанг үйлдвэрлэж, захиалагчийн хүссэн хэмжээний дагуу зүсэж хэсэгчлэн хүргэж өгөх, захиалагч хүлээн авч төлбөр төлөх үүрэг хүлээсэн гэрээний агуулга, гэрээний хэрэгжсэн байдал зэргээс үзэхэд анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа гэж үзсэнийг хууль хэрэглээний хувьд буруутгах үндэслэлгүй. / хх-ийн 6-8 /

Гэрээний явцад талууд тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 19ий өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа материал нийлүүлж, хариуцагч КК ХХК нь 19 111 750 төгрөгийг төлөх үлдэгдэлтэй болохыг баталгаажуулжээ. / хх-ийн 10, 11 /

 

Харин шүүх алданги тооцож эхлэх хугацааг буруу тодорхойлсон байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан хэргийг бүхэлд нь хянах хүрээнд залруулах нь зүйтэй.

Гэрээний 3.3-т бараа материалыг нийлүүлсэн болон хүлээн авсан тооцоог бараа нийлүүлэлт дууссанаас хойш 3 хоногийн дотор тооцоо нийлсэн акт үйлдэж төлж барагдуулна гэж заасан тул тооцоо нийлсэн акт үйлдсэн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгч 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 170 хоногийн алданги тооцогдоно. Хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 19 111 750 төгрөгт гэрээний 7.1-д заасан хэмжээгээр буюу 0.2 хувиар алданги тооцоход алдангийн хэмжээ 6 497 995 / 38223,5*170 =/ төгрөг болох бөгөөд үлдэгдэл 19 111 750 төгрөгийн хамт нийт 25 609 745 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 834 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч КК ХХК гүйцэтгэх захирал Ж.О-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар тайлбарлан танилцуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид удаа дараа утсаар мэдэгдсэн тэмдэглэл үйлдэн шүүх хуралдаанд хуралдаан хойшлогдож байсан, улмаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6, 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт тус тус нийцсэн байна. Түүнчлэн, шүүхийн ажилтан хариуцагчийн төлөөлөгчийн 88660911 дугаарын утсанд холбогдоход шүүх хуралдаанд хүрэлцэн ирж буй талаар хариу өгсөн боловч дахин залгахад утсаа тасалж байсан талаар тэмдэглэгдсэн байна. / хх-ийн 29-32, 35-38, 44, 45, 51, 59-72 /

Мөн хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс өөрөө лавлах үүрэгтэй болно.

Иймд анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/02204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт тус тус зааснаар хариуцагч КК ХХК-аас 25 609 745 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ЖТЭЭ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 834 728 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын 295 172 гэснийг 285 999 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 295 172 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Н.БАТЗОРИГ