Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 001/хт2024/00029

 

 ЗАПгазрын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00445 дугаар шийдвэр,

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 205/МА2023/00039 дүгээр магадлалтай,

ЗАПгазрын нэхэмжлэлтэй

А.Д-д холбогдох

А.Д-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 15,744,144 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ЗАПгазар нь А.Д-д холбогдуулан А.Д-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 15,744,144 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00445 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Т овгийн А.Д-оос 15,744,144 төгрөг гаргуулж Улсын төсвийн сангийн (100***)-д оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ЗАПгазар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч А.Д-оос улсын тэмдэгтийн хураамжид 236,671 төгрөг гаргуулж төрийн сангийн 100*** тоот дансанд оруулахаар шийдвэрлэжээ.

3. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 205/МА2023/00039 дүгээр магадлалаар: Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ЗАПгазрын нэхэмжлэлтэй, иргэн А.Д-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 445 дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 0039 дугаартай магадлалыг хариуцагчийн өмгөөлөгч Д.Э би эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ 37 дугаар зүйлийн 37.1.7-д “ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон” бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор хуульчилсан байгааг буруу тайлбарлан хэрэглэж гэм хорын хохирлыг нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Хэдийгээр шат шатны шүүх С.Г-ын сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдоогүй үндэслэлээр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019.05.13-ны өдрийн Б/20 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн боловч маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байх цаг хугацаанд С.Г нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдож Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолооор 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж цагдан хорьсон. С.Г шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаартай магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Г-ад 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. С.Гыг ял шийтгүүлсэн байх хугацаанд С.Г-ын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэж 2021.06.02-ны өдрийн 615 дугаартай тогтоолоор шийдвэр магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Ийнхүү С.Г-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, мөн С.Г-ад ял шийтгэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоолын аль алиныг хуульд заасан журмын дагуу биелүүлэх нь хариуцагч Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын үүрэг.

4.2. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.14-ны өдрийн 19 дугаартай шүүгчийн захиарамжаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч мөн тус шүүхийн 2021.06.22-ны өдрийн 20 дугаартай захирамжаар А.Д-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 3 сарын хугацаанд Мэргэжлийн хянатын газрын даргын албан үүргээс түдгэлзүүлсэн байх хугацаанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Н.О 2021.07.26-ны өдөр С.Г-ыг ажилд томилж дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 он/ холбогдох 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг зөрчиж, ялтан С.Г-ыг ажилд томилсон байдаг. Энэ шийдвэр нь төрд учирсан хохиролын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн.

4.3. Өөрөөр хэлбэл Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг гүйцэтгэж байсан Н.О Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 200 дугаартай шийдвэрийг биелүүлэхдээ Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаартай магадлалаар С.Г нь зорчих эрх хязгаарлах ял эдлэж байгаа нөхцөл байдал, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасны дагуу С.Г-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажилд томилохгүйгээр Завхан аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож хорих ял шийтгэсэн өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин олговорыг олгож хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шийтгэх тогтоолуудыг биелүүлэх үүрэгтэй байсан. Ийнхүү С.Г-ад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгох шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ дээрх байдлаар Хөдөлмөрийн хууль, шүүхийн хучин төгөлдөр шийтгэх тогтолыг үл биелүүлж С.Г-ад илүү цалин хөлс олгож төрд учрах хохирлыг нэмэгдүүлсэн буруутай албан тушаалтныг буруу тодорхойлсны улмаас 2021.03.30-ны өдрөөс 2021.07.26-ны өдөр хүртэл хугацааны С.Г-ад олгосон цалинтай тэнцэх олговрын 2,281,305 төгрөгийн хохиролыг хариуцагч А.Д-д хариуцуулж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэж чадаагүй, А.Д-ийн хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчлөө.

Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.18-ны өдрийн 445 дугаартай шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны эдрийн 0039 дугаартай магадлалыг өөрчилж, А.Д-ийн хариуцвал зохих хохирлын хэмжээг зөв тодорхойлж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.01.25-ны өдрийн 001/ШХТ2024/00132 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч ЗАПгазар нь хариуцагч А.Д-д холбогдуулан түүний хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 4,867,424 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагын хэмжээг 15,744,144 төгрөг болгон нэмэгдүүлсэн ба үндэслэлээ “...А.Д- нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа жолооч С.Г-ыг 2019.05.13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсныг ...шүүхийн шийдвэрээр буруу гэж үзэж ажилд нь эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахаар шийдвэрлэж, нийт 15,744,144 төгрөгийг С.Г-ад олгосон тул ...Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн төрд учирсан хохирлыг буруутай  албан тушаалтнаар нөхөн төлүүлэх тухай албан бичиг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан ...” гэжээ.

8. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... ажлаас чөлөөлөх шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гаргасан нь буруутай боловч өөрийн шийдвэр үйл ажиллагаатай холбоогүйгээр учирсан хохирлыг хариуцахгүй, ...Улсын дээд шүүх хэргийг хүлээн авснаас хойш 9 сар 26 хоногийн дараа хэлэлцэн шийдвэрлэсэнтэй холбоотой үүссэн үр дагавар нь... С.Г-ад олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрын хэмжээнд нөлөөлсөн ...тул хариуцахыг зөвшөөрөхгүй, ...С.Г нь эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолоор хорих, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн нь ... Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ажилд нь томилох боломжгүй байдалд хүргэсэн, ...С.Г-ад ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй цаг хугацаанд шүүхээс 2021.06.14-нд А.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, 2021.06.22-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 3 сарын хугацаанд Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргээс түдгэлзүүлсэн байснаас С.Г-ын маргааныг шийдвэрлэж чадаагүй, ...Иймд тушаал гаргасан 2019.05.19-ний өдрөөс хойш ... хэргийг шийдвэрлэсэн 2020.08.06 хүртэл ... нийт 8,870,797 төгрөг, ...2020.08.06-2021.03.30 хүртэл 4,592,042 төгрөг, нийт 13,462,839 төгрөгийг төлнө, 2021.03.30-ны өдрөөс хойш ялтай байх хугацаанд цалин хөлсийг буруутай этгээдээр гаргуулах нь зүйтэй...” гэж маргасан.

9. Анхан шатны шүүх “...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын жолооч С.Г-ад (6,474,494+9,269,650) нийт 15,744,144 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2022.03.30-ны өдөр 6,474,494 төгрөг, 2022.04.10-ны өдөр 9,269,650 төгрөг нийт 15,744,144 төгрөгийг С.Г-ад шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, гэрч С.Г-ын мэдүүлэг болон хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтийн баримтуудаар тус тус нотлогдсон, ...хариуцагч А.Д-ийн энэхүү хууль бус шийдвэрийн улмаас С.Г-ад олгосон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор буюу төрд учруулсан хохирол болох шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон 15,744,144 төгрөгийг тухайн шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтан болох А.Д-оос гаргуулах үндэслэлтэй, ... А.Д нь Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, тайлбар өгөхдөө С.Г-ыг  ... гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг шүүхээр тогтоосон шийтгэх тогтоол гарсан эсэх талаар тайлбарлаагүй маргаагүй, харин ч ... олговрыг гаргуулах боломжтой гэж тайлбарлаж байсан. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 200 дугаартай шийдвэр, 2021.11.16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болж биелэгдсэн байх тул биелэгдсэн хэмжээгээр буюу 15,744,144 төгрөгөөр төр хохирсон, ... тухайн цаг хугацаанд С.Г-ын гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг шүүхээр тогтоосон нь хариуцагч А.Д-ийн төрд учруулсан хохирол 15,744,144 төгрөгөөс 2,281,305 төгрөгийг хасаж тооцох боломжгүй ...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянаад “...Хариуцагч А.Д-ийн хууль бус шийдвэрийн улмаас Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 15,744,144 төгрөг гаргуулан С.Г-ад өгч төрд 15,744,144 төгрөгийн хохирол учирсан байна. С.Г-ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин нөхөх олговор гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2021.06.02-ны өдрийн 615 дугаартай Монгол Улсын дээд шүүхийн тогтоол гарснаар хуулийн хүчинтэй болсон. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох цаг хугацаанд Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын даргын үүргийг гүйцэтгэж байсан Н.О нь шүүхийн шийдвэрийг биелүүлж С.Г-ыг ажилд нь эгүүлэн авсан үйл баримтыг Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байсан Н.О-ы С.Г-ыг 2021.07.26-ны өдөр ажилд эгүүлэн авсан нь төрд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлөөгүй байна.” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

11. Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээж, хоёр шатны шүүх адил шийдвэр гаргасан байх боловч хяналтын шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн  “... хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гэм хорын хохирлыг нэмэгдүүлсэн...” тухай гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авсан.

Өөрөөр хэлбэл зохигчийн маргааны зүйл болсон Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн  498.2-т төрийн албан хаагчийн албан үүргээ зөрчсөн гэм буруутай  үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад учруулсан хохирлыг төр хариуцан арилгасан тохиолдолд мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар өөрт учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардан гаргуулахад гэм буруутай этгээдийн гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг гэм хорын хохирлыг тооцоход харгалзан үзэх эсэх буюу холбогдох хуулийн зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзсэн.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч А.Д нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа жолооч С.Г-ыг 2019.05.13-ны өдрийн Б/20 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсныг, Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр буруу гэж үзэж, ажилд нь эгүүлэн тогтоож, дундаж цалин хөлсийг сард 613,225 төгрөг, өдөрт 28,522 төгрөг гэж тогтоон, ажилгүй байсан 2019.05.13-2020.04.06 хүртэл хугацааны олговорт нийт 6,474,494 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн, энэ шийдвэрийг, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.04-ний өдрийн 205/МА2020/00016 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.06.02-ны өдрийн 001/ХТ2021/00615 дугаар тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, мөн С.Г-ыг ажилд эгүүлэн томилоогүй тул Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.16-ны өдрийн 140/ШШ2021/00431 дугаар шийдвэрээр ажилгүй байсан 2020.04.07-2021.07.26-ны өдрийг хүртэл хугацааны олговорт 9,269,650 төгрөг гаргуулахаар тус тус шийдвэрлэж, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болж, төрөөс С.Г-ад 2022.03.30-ны өдөр 6,474,494 төгрөгийг, 2022.10.04-ний өдөр 9,269,650 төгрөгийг тус тус олгосон, С.Г-ыг 2021.07.26-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон үйл баримт тогтоогджээ.

13. С.Г-ыг ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаанд С.Г нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.03.30-ны өдрийн 2021/ШЦТ/34 дүгээр тогтоолоор гэмт хэрэг үйлдсэний улмаас 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шүүхээс түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.05.25-ны өдрийн 2021/ДШМ/06 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.Г-ыг 1  жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон, мөн хариуцагч А.Д-д Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2021.06.14-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг мөн шүүхийн 2021.06.22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаартай шүүгчийн захирамжаар хүчингүй болгож, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын 2021.06.22-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар А.Д-ийг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

14. Хариуцагч нь С.Г-ын 2021.03.30-ны өдрөөс 2021.07.26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацаанд түүнийг ажилд эгүүлэн томилох боломжгүй байсан, үүнд өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, энэ хугацааны олговрыг төлөх үндэслэлгүй гэж маргасан ба хоёр шатны шүүх хариуцагч А.Д-ийн хууль бус шийдвэрийн улмаас төрд 15,744,144 төгрөгийн хохирол учирсан, дурдсан нөхцөл байдал нь хохирлоос хасч тооцох үндэслэл болохгүй гэжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасантай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

15. Хариуцагч А.Д нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байхдаа жолооч С.Г-ыг ажлаас халсан нь буруу болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны олговорт төрөөс нийт 15,744,144 төгрөгийг олгож, улмаар Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг үндэслэн төр өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн нь ... албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-д заасныг хэрэглэх үндэслэл болно.

Тодруулбал албан тушаалтны буюу хариуцагчийн хариуцлага хүлээх үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар тодорхойлогдох бөгөөд энэ хуулийг хэрэглэх талаар Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны 2023.09.19-ний өдрийн 001/ХТ2023/00157 дугаартай тогтоолд тайлбарласнаар авч үзэх нь зүйтэй.

Энэ нь “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан.

Үүнийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсантай ... уялдуулан тайлбарлахад ... төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.” [1] (МУЕП-н газар, ТАЗ ба С.Д, 102/2021/03071/и УДШ (Иргэний хэргийн танхим) 001/ХТ2023/00157)

16. Гэтэл хоёр шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээ нь бүхэлдээ хариуцагчийн гэм буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзсэн нь дээрх хуулиудад нийцээгүй, гэм бурууд хамаарах шалтгаант холбоо, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээг зөв тогтоож чадаагүй, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна.

17. Өөрөөр хэлбэл хариуцагч нь ажилтныг ажлаас буруу халсан гэм буруутай үйлдлийн улмаас төрөөс уг ажилтанд ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлсөн байх боловч гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд хариуцагчийн шууд санаатай буруутай үйлдлээс шалтгаалаагүй зарим нөхцөл байдал тогтоогджээ.

Хариуцагч А.Д нь жолооч С.Г-ыг 2019.05.13-ны өдөр ажлаас халсан нь буруу болохыг тогтоосон шүүхийн шийдвэр 2021.06.02-ны өдөр хуулийн хүчин төгөлдөр болсон ба энэ хугацаанд 2021.03.30-ны өдрөөс 2021.05.25-ны өдөр хүртэл С.Г нь гэмт хэрэг үйдсэний улмаас цагдан хоригдож байсан, мөн 2021.06.14-ний өдрөөс хойш хариуцагч нь ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон.

Иймээс дээрх хугацаанд хариуцагчаас өөрөөс нь шалтгаалахгүйгээр С.Г-ыг ажилд эгүүлэн томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан тул 2021.03.30-ны өдрөөс С.Г-ыг ажилд нь эгүүлэн томилсон 2021.07.26-ны өдрийг хүртэл хугацааны олговрыг хариуцагч төлөх үндэслэлгүй, энэ хугацаанд учирсан гэм хорын хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй байна.

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 200 дугаар шийдвэрээр С.Г-ын дундаж цалин хөлсийг сард 613,225 төгрөг, өдөрт 28,522 төгрөг гэж тогтоосон нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул энэ хэмжээг үндэслэн 2021.03.30-2021.07.26 хүртэл хугацааны олговорт гэм хорын хохирлоос 2,224,716 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох үндэслэлтэй.

18. Харин хариуцагчаас гаргасан С.Г гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлснээс шалтгаалан Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар ажилд томилох боломжгүй байдалд хүргэсэн гэсэн татгалзлын зарим хэсгийг үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь С.Г-ын гэмт хэрэг үйлдсэний улмаас хорих ял шийтгүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан үеийг дээрх хуульд заасан ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй ял оногдуулсан гэж үзэх хэдий ч түүнд оногдуулсан хорих ялыг давж заалдах шатны шүүхээс өөрчилж хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хөдөлмөрлөх эрхийг зөрчих үндэслэл болохгүй юм.

19. Дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны магадлалд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 205/МА2023/00039 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 140/ШШ2023/00445 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч А.Д-оос 13,519,428 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,224,716 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...236,671...” гэснийг “225,547” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-гаас 2024.01.08-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                               Н.БАТЧИМЭГ

                                                                                Н.БАЯРМАА

                                                                               П.ЗОЛЗАЯА

 

[1] Улсын дээд шүүхийн шүүх хуралдааны тогтоол 2023.09.19 №001/ХТ2023/00157

https://shuukh.mn/single_case/10349?daterange=2023-01-01%20-%202024-02-28&id=3&court_cat=1&bb=1