Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 130/ШШ2021/00356

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46 тоотод үйл ажиллагаа явуулдаг А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суудаг, Т.Л-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М (онлайнаар), хариуцагч Т.Л-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу хиймэл үений протез /суулгац/-ын үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л нь А ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр №2020/Б/06 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулан хиймэл үений протезийг өөрийн эмчилгээнд зориулан хүлээн авч хэрэглэсэн. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт "Үйлчлүүлэгч нь өөрийн эмчилгээнд зориулан авсан суулгацын төлбөрийг нийлүүлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгосон нөхөн төлбөрөөр төлж болно. Тус тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэж заасан байх бөгөөд иргэн Т.Л нь нийгмийн даатгалаас олгосон нөхөн төлбөрөөр гэрээний үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч үйлчлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсээр өдийг хүрлээ. Т.Л нь 2020 оны 01 сарын 07-ны өдрийн №2020/Б/06 тоот Худалдах-худалдан авах гэрээ-ний үүргийн гүйцэтгэл болох 6000000 /зургаан сая/ төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 5790000 /таван сая долоон зуун ерэн мянган / төгрөг, Нийт 11790000 /арван нэгэн сая долоон зуун ерэн мянга/ төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байгаагаас Монгол Улсын иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар багасган тооцож гэрээний үндсэн төлбөр 6000000 /зургаан сая/ төгрөг, алданги 3000000 гурван сая/ төгрөг нийт 9000000 /есөн сая/ төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байна. Иймд хариуцагч Т.Л-с гэрээний үүргийн гүйцэтгэлд биелүүлээгүй үүрэг алдангийн хамт нийт 9000000 /есөн сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие А ХХК-ийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өдөр А ХХК-тай №2020/Б/06 тоот Худалдах худалдан авах гэрээ байгуулж хиймэл үеийн протезыг өөрийн эмчилгээнд зориулан авч хэрэглэсэн нь үнэн. Анх гэрээ байгуулахдаа нийгмийн даатгалын сангаас олгох нөхөн төлбөрөөр төлж болно, энэ тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэж тохиролцсон боловч энэ асуудлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандахад эхлээд өөрсдөө мөнгөө төлж эмчилгээ хийлгэсний дараа холбогдох материалуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэсэн хариу өгсөн. Халамжаас 3 хоногийн хугацаанд нөхөн төлбөр олгох боломжгүй учир би тухайн үед А ХХК-д протезын үнийг бэлэн төлж эмчилгээ хийлгээд Өлгийд ирсний дараа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж нөхөн төлбөрийн гаргуулж авсан. Миний эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бүх материал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хадгалагдаж байгаа ба өнөөдөр очиж холбогдох хүмүүстэй уулзахад байгууллагын нууцтай холбоотой материал учир хувь хүнд өгөх боломжгүй, шүүхийн байгууллагаас бичиг ирүүлбэл гаргаж өгнө гэсэн. А ХХК нь бэлнээр төлсөн мөнгийг надаас дахин нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч нь А ХХК-аас зээлийн гэрээгээр аппаратыг авсан бол гэрээнд зааснаар мөнгийг дансаар нь төлөх ёстой. Харин шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргаж өгсөн Топаз гэх эмнэлэгт ямар төлбөр төлөх үү, өөр ямар эмчилгээ хийлгэж байгаа нь А ХХК-аас худалдан авсан аппараттай ямар нэгэн байдлаар холбоогүй. Хэрвээ нэхэмжлэгч А ХХК-нд гэрээ ёсоор төлбөрөө төлсөн бол ямар хэлбэрээр төлснөө мөнгөний баримт, дансны хуулгаагаар нотлох ёстой. Биечлэн төлсөн бол хэзээ хаана хэн хэнд төлснийг, эсхүл дансаар болон бусад хэлбэрээр төлсөн бол түүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой. Хэрэгт авагдсан НӨАТ-ын баримт нь төлбөр төлснийг нотлохгүй, халамжаас мөнгө авахад НӨАТ-ын баримт хэрэгтэй байна гэж авсан ч байж болно. Топаз гэх эмнэлэгт мөнгө төлсөн нь бид нарт ямар ч хамааралгүй. Бид нарын нэхэмжилж байгаа мөнгө нь Т.Л-гийн гэрээний дагуу худалдаж авсан хиймэл үений протез аппаратын мөнгө байгаа юм. Иймд гэрээний дагуу худалдаж авсан хиймэл үений протез аппаратын үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг нийт нийт 9000000 төгрөгийг хариуцагч Т.Л-гаас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Т.Л нь Баян-Өлгий аймагт байхад унаад маш хүнд гэмтэл аваад Улаанбаатар хотод Гэмтэл согог судлалын үндэсний төвд очоод эмчлүүлэхээр очсон боловч очир ихтэй байсан учраас Улаанбаатар хотын 10 дугаар хороололд байдаг Топаз гэх эмнэлэгт 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хагалгаа, эмчилгээ хийлгэсэн тухай төлбөрийн баримтаа гаргаж өгсөн. Т.Л 2020 оны 11 дүгээр сарын дундуур шүүхэд тухайн барааны үнийг төлсөн тухай хоёр удаа тайлбар өгсөн. Би энэ хэрэгт 3 сарын дараа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Мөн энэ мөнгө яаж төлсөн асуулт гарахад шүүхэд хүсэлт гаргасан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт энэ 6000000 төгрөгийн үнэтэй барааны төлсөн баримтууд байгаа гэсэн. Тэгээд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас тухайн баримтуудыг ирүүлсэн байгааг хэлье. Тийм учраас хариуцагчийн хувьд А ХХК-аас анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байхад энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байсныг хэлье. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан нь үнэн. Тухайн барааны үнэ, алданги зэргийг гэрээ байгуулсантай бид нар танилцсан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А ХХК-д 6000000 төгрөг төлсөн болох нь нотлогдох НӨАТ-ийг тооцсон, сугалаатай баримт гарч ирсэн. Хариуцагч Т.Л 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А ХХК-д 6000000 төлөх үед энэхүү баримтыг өгсөн гэж байгаа. Одоо амьдралд дээр бүх гүйлгээнүүд НӨАТ-ийн баримтаар явж байгаа. А ХХК-ийн тусгай дансанд тушаана гэж байхгүй. Худалдан авагч тал мөнгө өгч төлбөрөө төлнө, худалдагч тал холбогдох НӨАТ-ийн баримтыг гаргаж өгнө. Энэхүү баримт нь ирснээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Т.Л-г урьдчилаад тухайн аппаратын үнэлгээ болох 6000000 төгрөгийг Төрийн банкаар дамжуулан Т.Л-гийн хувийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүний группт байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуульд 3 жилд нэг удаа нөхөж олгох заалттай, эхлээд тухайн хүн худалдаж авсан зүйлийнхээ төлбөрөө өөрөө төлнө, дараа нь холбогдох 20 гаруй бичиг баримтуудыг бүрдүүлж буцаан авалтаа авсан. Иймд хариуцагч 2 удаа буцаан олголт төлнө гэсэн ойлголт байхгүй. Тийм учраас нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч "А" ХХК нь хариуцагч Т.Л-аас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу хиймэл үений протез /суулгац/-ны үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчид бэлнээр төлсөн мөнгийг дахин нэхэмжилж байгаа нь хууль бус гэж маргажээ.

Хариуцагч (үйлчлүүлэгч) Т.Л нь 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдөр нэхэмжлэгч (нийлүүлэгч) "А" ХХК-аас Герман улсын Валдемар Линк ХХК-д үйлдвэрлэгдсэн хиймэл үений протез /суулгац/-ыг 6000000 төгрөгөөр авч, 6000000 төгрөгийг 3 сарын хугацаанд бүрэн төлж барагдуулахаар; төлбөрийг нэхэмжлэгч (нийлүүлэгч)-ийн ХААН банкны-5021019647, Хас банкны-5002153399 тоот данс руу шилжүүлэхээр; гэрээнд заасан хугацаанд төлбөрөө шилжүүлээгүй болон төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,3%-тай тэнцэх алдангийг нэхэмжлэгч (нийлүүлэгч)-д үл маргах журмаар төлөхөөр тус тус тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.1; 1.2; 1.3; 3.3 дахь заалтаар нотлогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч (нийлүүлэгч) "А" ХХК болон хариуцагч (үйлчлүүлэгч) Т.Л нарын хооронд байгуулсан 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ нь агуулга, хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 232.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Хариуцагч Т.Л нь нэхэмжлэгч А ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хиймэл үений протез суулгацыг 6000000 төгрөгөөр зэлээр худалдан авч, мөн өдөр буюу 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Топаз эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэсэн болох нь тус эмнэлгийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Кассын орлогын ордер-оор тус тус нотлогдож байна.

Улмаар хариуцагч Т.Л нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, Засгийн газрын 2012 оны 153 дугаар тогтоолын дагуу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас протезын үнэ 6000000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкаар дамжуулан буцаан авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №378 дугаартай албан бичиг[1] болон хариуцагч Т.Л-гийн аймгийн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар бүрдүүлэн өгсөн бусад бичиг баримтуудаар[2] нотлогдож байна.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.2-т Үйлчлүүлэгч (хариуцагч) нь өөрийн эмчилгээнд зориулан авсан хиймэл үений протез суулгацын төлбөрийг нийлүүлэгч (нэхэмжлэгч)-д Нийгмийн халамжийн сангаас олгосон нөхөн төлбөрөөр төлж болно. Тус тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нэхэмжлэгч (нийлүүлэгч)-д шилжүүлнэ гэж заасан байхад хариуцагч Т.Л нь нийгмийн халамжийн сангаас 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хиймэл үений протез суулгацын үнэ 6000000 төгрөгийг олгосон байхад гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгч (нийлүүлэгч)-д мөнгө шилжүүлээгүй байна.

Мөн 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 1.3-д заасны дагуу хариуцагч Т.Л нь нэхэмжлэгч (нийлүүлэгч)-ийн аль банкны ямар дансанд зээлээр авсан хиймэл үений протез суулгацын үнэ 6000000 төгрөгийг шилжүүлсэн эсэхийг, мөн бэлнээр төлсөн бол хэн хэзээ хаана хэнд ямар байдлаар төлсөн эсэхийг тус тус нотлох баримтаар нотолж чадаагүй болно.

Хариуцагч Т.Л хиймэл үений протез /суулгац/-ын үнэ 6000000 төгрөгийг А ХХК-д бэлнээр төлж өгснөөр НӨАТ-ийн баримт авсан гэх боловч мөнгө төлсөн эх сурвалжаа зааж өгч чадаагүй ба хөдлөнгийн бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Т.Л хиймэл үений протез /суулгац/-ын үнэ 6000000 төгрөгийг нэхэмжлэгчид ямар хэлбэрээр төлсөн тухай мөнгөний баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадаагүй болно.

Мөн хэрэгт авагдсан А ХХК-иас олгосон гэх 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн НӨАТ-ийн буцаан олголтын баримтад[3] хагалгааны төлбөр нийт үнэ 5,454,545.45; НӨАТ 545,454.55; бүгд 6000000 төгрөг гэсэн ба агуулгын хувьд хиймэл үений протез /суулгац/-ын үнэ гэж бичигдээгүй, мөн нэхэмжлэгч Т.Л-ийн төлсөн мөнгөний НӨАТ-ын баримт гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул дан ганц энэхүү НӨАТ-ын баримтаар хариуцагч нэхэмжлэгчид хиймэл үений протез /суулгац/-ын үнэ 6000000 төгрөгийг төлсөн гэж дүгнэх боломжгүй болно.

Иймд нэхэмжлэгч А ХХК нь хиймэл үений протез /суулгац/-ны үнэ 6000000 төгрөгийг хариуцагч Т.Л нь хугацаандаа төлөөгүйн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,3 %-ийн алданги төлнө гэж гэрээгээр хоёр тал харилцан тохиролцсон байх тул зохих алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 % хувиас хэтрэхгүй байна гэсний дагуу нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Т.Л-с алданги 3000000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангийн хэмжээг хариуцагч Т.Л-гийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 6000000 төгрөгийн 50 хувь болох 3000000 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн заалтад нийцэж байна.

Дээрх хууль ёсны нотлох баримтуудаар хариуцагч Т.Л нэхэмжлэгч А ХХК-нд протезын үнийг төлсөн нь гэдэг нь нотлогдохгүй байгаа тул хариуцагч Т.Л-с хиймэл үений протез /суулгац/-ны үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, нийт 9000000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "А" ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлэхээр заасны дагуу хариуцагч Т.Л-с 158950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-г тус тус баримтлан хариуцагч Т.Л-аас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б/06 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу авсан хиймэл үений протез /суулгац/-ын үнэ 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, бүгд 9000000 (есөн сая) төгрөгийг гаргуулан А ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158950 (нэг зуун тавин найман мянга есөн зуун тавин) улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Л-гаас 158950 (нэг зуун тавин найман мянга есөн зуун тавин) төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МАНГИЛИК