Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2021/00005

 

   “Азифарма” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/01193 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-46 тоотод үйл ажиллагаа явуулах, “Азифарма” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М-ын нэхэмжлэлтэй, Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, Т.Л-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Еркегүл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б/06 дугаартай Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “Тохай овогтой Лиза нь “Азифарма” ХХК-аас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2020/Б/06 тоот “Худалдах-худалдан авах гэрээ” байгуулан хиймэл үений протезыг өөрийн эмчилгээнд зориулан хүлээн авч хэрэглэсэн. Уг гэрээний 1.2 дахь хэсэгт "Үйлчлүүлэгч нь өөрийн эмчилгээнд зориулан авсан суулгацын төлбөрийг нийлүүлэгчид Нийгмийн даатгалын сангаас олгосон нөхөн төлбөрөөр төлж болно. Тус тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ” гэж заасан байх бөгөөд иргэн Т.Л- нь нийгмийн даатгалаас олгосон нөхөн төлбөрөөр гэрээний үүргийг гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч үйлчлүүлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсээр өдийг хүрлээ. Т.Л- нь 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 2020/Б/06 тоот “Худалдах-худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл болох 6000000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги болох 5790000 төгрөг, нийт 11790000 төгрөгийн үүрэг гүйцэтгэхээр байгаагаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар багасган Т.Л-гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд биелүүлээгүй үүрэг болох нийт 9000000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Азифарма” ХХК-тай 2020/Б/06 тоот “Худалдах худалдан авах гэрээ” байгуулж хиймэл үеийн протезыг өөрийн эмчилгээнд зориулан авч хэрэглэсэн. Анх гэрээ байгуулахдаа нийгмийн даатгалын сангаас олгох нөхөн төлбөрөөр төлж болно, энэ тохиолдолд 3 хоногийн хугацаанд багтаан нийлүүлэгчид шилжүүлнэ гэж тохиролцсон боловч энэ асуудлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандахад эхлээд өөрсдөө мөнгөө төлж эмчилгээ хийлгэсний дараа холбогдох материалуудыг үндэслэн нөхөн төлбөр олгоно гэсэн хариу өгсөн. Халамжаас 3 хоногийн хугацаанд нөхөн төлбөр олгох боломжгүй учир би тухайн үед “Азифарма” ХХК-д протезын үнийг бэлэн төлж эмчилгээ хийлгээд Өлгийд ирсний дараа аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаж нөхөн төлбөрийн гаргуулж авсан. Миний эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой бүх материал аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хадгалагдаж байгаа ба өнөөдөр очиж холбогдох хүмүүстэй уулзахад байгууллагын нууцтай холбоотой материал учир хувь хүнд өгөх боломжгүй, шүүхийн байгууллагаас бичиг ирүүлбэл гаргаж өгнө гэсэн. “Азифарма” ХХК нь бэлнээр төлсөн мөнгийг надаас дахин нэхэмжилж байгаа нь хууль бус байна. Иймд тус компанийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.  

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/01193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч Т.Л-гаас 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/Б/06 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ний үүргийн гүйцэтгэл 6000000 төгрөг, алданги 3000000 төгрөг, бүгд 9000000 /есөн сая/ төгрөг гаргуулан “Азифарма” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт үаасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхэд хариуцагчаар татагдсан Т.Л- би “Азифарма” ХХК-д хиймэл үеийн протезын үнийг Топаз эмнэлгээр дамжуулан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тушаасан 6,000,000 төгрөгөөр тухайн үед тус компанид бүрэн төлж барагдуулсан. Ингэхдээ уг хиймэл протезын үеийн үнийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуульд зааснаар нийгмийн халамжийн сангаас нөхөн надад олгосон. Энэ талаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох материалыг хүлээлгэн өгсөн. Иймд бодит байдалд Т.Л- би “Азифарма” ХХК-д төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагчийн  хүсэлтээр шүүхийн журмаар Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нотлох баримтаар гаргуулж авсан Т.Л-гийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, комиссын шийдвэр, “Азифарма” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Е баримт, AIR TRANS ХХК-ийн Е баримт, билет /хэргийн 37-48 дугаар тал/  зэрэг хэрэгт авагдсан баримтад тус байгууллагын тэмдэг бүхий “хуулбар үнэн” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан “Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт хэргийн оролцогч хамаарахгүй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар нь өөр байгууллагын баримтад өөрийн байгууллагын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан ба  энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй  талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, комиссын шийдвэр, “Азифарма” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Е баримт  /барааны нэр дээр “хагалгааны төлбөр” гэж бичигдсэн/, AIR TRANS ХХК-ний Е баримт, билет зэрэг нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэргийн 61-62 дугаар талд авагдсан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаанд зохигчид оролцоогүй байхад оролцсон гэж, өөр хэргийн оролцогчийн нэрийг бичсэнийг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2020/01193 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158.950.00 төгрөгийг шүүгчийн  захирамжаар зохих данснаас гаргуулж буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

                                                                       

Д.КӨБЕШ