Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2021/00050

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  У /регистрийн дугаар /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ор сургуульд холбогдох,

Орхон аймгийн Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохтухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.о, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.о шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Т.У нь Орхон аймгийн сургуульд монгол хэл уран зохиолын багшаар 2018 оны 11 сард ажилд орсон бөгөөд анх орохдоо цагийн багшаар ажилд орж байсан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үндсэн багшаар ажиллаж эхэлсэн. Ээлжийн амралт дуусаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох гэж иртэл чамтай ажиллахгүй гэсэн бөгөөд уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаалыг гаргаж өгөхийг хүсэхэд маргааш ир, удахгүй тушаалыг чинь гаргаж өгье гэх зэргээр ажлаас халсан тушаал гаргаж өгөхгүй намайг хохироож байгаагаас гадна ямар үндэслэлээр халж байгааг асуухад хариулахгүй, хариулт өгөхөөрөө чамтай хамтран ажиллахгүй гэх шалтгаанаа хэлээд байгаа юм биш үү гэх зэргээр захирал уурлан ажлаас халсан, өөр ажил олж хий, энд байх шаардлагагүй гэх зэргээр авирлаж байна. Намайг ажлаас халах тушаал ч гаргахгүйгээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байх тул Орхон аймгийн 17 сургуулийн Монгол хэл-уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургууль шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөалөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.У нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн манай сургуульд Монгол хэл, уран зохиолын цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2019 оны 9-р сард жирэмсний амралттай Б.Д.О багшийн оронд бүтэн цагаар ажиллах тушаалтай ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. /Хөдөлмөрийн гэрээний 1% багш Т.Ут өөрт нь байгаа. Тухайн үедээ 1 жилийн хугацаатай гэрээг багш Т.У зөвшөөрч хийсэн. Тэр ч байтугай Уийг Орхон аймгийн засаг даргын орлогч С.Батжаргалын хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллуулсан болно./

Мөн 2019-2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны багш нарын тайлан хамгаалалт явагдаж байхад Т.У багшийг дараа жилээс Б.Д.О багш ажилдаа орох тул ажлын байр хайгаарай гэдгийг албан ёсоор хэлсэн. У багш ч өөрөө хүлээн зөвшөөрч 8 сард хэд хэдэн сургуульд сонгон шалгаруулалтанд орсон байсан. Улмаар Т.У багш 12 дугаар ангид хичээл зааж байсан тул ЭЕШ бэлтгэл давтлага өгүүлэх зорилгоор ээлжийн амралтын хугацааг сунгаж 2020-06-15 наас амралтыг эдлүүлсэн болно. Тиймээс хуулийн хүрээнд ээлжийн амралт эдэлж байгаа хүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй тул ажлаас халагдах тушаалыг ээлжийн амралтын 48 хоногийн хугацаа дуусгавар болсон өдөр буюу 2020-08-26-ны өдөр гаргасан. Гэтэл Т.Уийн нөхөр ирж тушаал гараагүй байж ажлаас чөлөөллөө гэж дайрч давшилсан болно. Манай байгууллагаас гарах тушаал дараагийн ажилд ороход саад болох үндэслэл болно гэж үзэхгүй байна. Т.У багш нь анх ажилд орсон цагаасаа эхлэн гэр хол 2 дамжиж ирэхэд бэрхшээлтэй байна гэх зэрэг хичээлийн цагийг аль болох шахаж тавьж өгөөч гэх зэрэг шалтаг шалтгаан тоочиж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд ЭЕШ-д хангалтгүй дүн үзүүлсэн. Ер нь багш У нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй идэвх санаачлагагүй нэгэн билээ. Бид хүүхдийн сурах эрхийг хүндэтгэн чанартай боловсрол олгох үүднээс хуулийн хүрээнд мэдлэг чадвартай, бүтээлч санаачлагатай сайн багш нартай байхыг эрмэлзэж байна. Дээр нь жирэмсний амралттай байсан багшийн оронд ажиллаж байсан тушаал нь жирэмсний амралттай байгаа багшийг эргэн ажилдаа орох хүртэл хугацаагаар авсан гэдгийг дахин сануулж хууль зөрчөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.У нь Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.У нь Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуульд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус сургуулийн захирлын Б/53 дугаар тушаалаар Монгол хэл, уран зохиолын багшаар /цагийн/ ажилд орж, хичээлийн жилийг дуустал хугацаагаар хугацаатай хөдөлмөрийн гэрээ /хх3х/ байгуулсан болох нь тус сургуулийн захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Т.У нь 2019 оны 09 дүгээр сард Ерөнхий боловсролын сургуулиудын Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад 12 дугаар ангийн хүүхдүүдийг бэлдэх зорилгоор Монгол хэлний хичээлийн цаг нэмэгдсэн. Үүнтэй холбоотой үндсэн багшийн орон тоо нэгээр нэмэгдсэн. Энэ орон тоонд үндсэн багшаар У нь 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилд томилогдсон. Энэ тушаалаа сургуулийн захирал удахгүй гаргаж өгнө гэсээр байгаад жил болсон. Нарийн бичгээс тушаалаа шаардахаар даргаас ав гэдэг... Тухайн үед Д.О гэх багшийн оронд Нандинцэцэг гэх хүн түр ажиллаж байсан. Д.О гэх хүн ажилдаа эргэж орох гэж байхад Нандинцэцэгийг ажлаас халахгүй Нандинцэцэгийг авч үлдэх гэж байсныг сүүлд нь ойлгосон. Энэ хугацаанд ажилд орсон тушаал болон ажлаас гарсан тушаалыг өгөөгүй. Шүүхэд хандаад тухайн ажилд томилсон тушаалыг гаргуулахад хуурамч тушаал буюу Д.О гэх хүний оронд ажиллаж байсан мэт тушаал өгч эрх ашгийг хохироосон. У нь тухайн үед үндсэн багшийн орон тоон дээр ажиллаж байсан нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байгаа... гэсэн.

Нэхэмжлэгч анх 2018-11-12-ны өдөр ажилд орохдоо цагийн багшаар ажилд орсон гэдэгтэй маргадаггүй бөгөөд, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ажилд ороход үндсэн багшаар намайг ажилд томилсон, тушаалаа гаргаж өгөөгүй гэж мэтгэлцсэн.

Ерөнхий боловсролын 17 дугаар сургуулийн захирлын 2019-09-02-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар Т.Уийг, жирэмсний амралттай Б.Д.О багшийн оронд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн монгол хэл, уран зохиолын багшийн үүрэгт ажилд томилжээ.

Ингээд 2019-09-02-ны өдөр нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2019-2020 оны хичээлийн жил дуустал гэж хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

Тухайн үед 2019-09-02-ны өдөр Т.Уийг үндсэн багшаар томилсон захирлын тушаал гараагүй байх ба, хөдөлмөрийн гэрээг ч талууд тохиролцож хугацаатай байгуулсан гэж үзэхээр байна.

Монгол хэл, уран зохиолын багш Б.Д.Оын жирэмсний амралтын хугацаа дуусаж ажилдаа орох болсон тул 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар Т.Уийг ажлаас нь чөлөөлснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, тухайн үед Д.О гэх багшийн оронд Нандинцэцэг түр ажиллаж байсан. Д.Оыг ажилдаа ороход Нандинцэцэгийг ажлаас халахгүй түүнийг авч үлдэх гэж байсныг сүүлд ойлгосон. Энэ хугацаанд ажилд орсон тушаал болон ажлаас гарсан тушаалыг өгөөгүй. Шүүхэд хандаад тухайн ажилд томилсон тушаалыг гаргуулахад хуурамч тушаал буюу Д.Оын оронд ажиллаж байсан мэт тушаал өгсөн... гэсэн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тус сургуулиас нотлох баримт бүрдүүлэхэд зарим Б тушаал нь архиваас авсан гэхээргүй, үдэлтийн мөргүй, дугаар нь гараагүй байна, document дугааргүй тул хуурамчаар бүрдүүлсэн гэсэн тайлбар гаргаж түүний хүсэлтээр сургуулийн архивт Б тушаалуудад үзлэг хийсэн.

Архивын үдэлтийн мөргүй, дугаар нь хуулбарт гараагүй байгаа, document дугаар тавигдаагүй байгаа нь уг тушаалыг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох Т.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч талаас гаргаж ирүүлсэн 2019 оны сонгон шалгаруулалтын материал гэх нэг хавтас баримт, 2019 оны хичээлийн хуваарь нь шийдвэрийн үндэслэл болоогүй бөгөөд, уг баримтуудыг хариуцагчид буцаан олгохоор,

мөн Т.Уийн 0197357, 1528980 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийг нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн CD-г хэрэгт хавсаргахаар тус тус заав.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан гаргасан Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгохТ.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны сонгон шалгаруулалтын материал нэг хавтас баримт, 2019 оны хичээлийн хуваарийг хариуцагчид, Т.Уийн 0197357, 1528980 дугаартай нийгмийн даатгалын дэвтрүүдийг нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгч талаас нотлох баримтаар ирүүлсэн CD-г хэрэгт хавсаргасугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА