Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 36

 

Т.Уийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын

Ерөнхий боловсролын ...... дугаар сургуульд

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00050 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Т.Уийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн ...... дугаар сургуульд холбогдох,

“Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн Монгол хэл-уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай  иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа, нарийн бичгийн дарга Ө.Оюумаа оролцов.

Нэхэмжлэгч Т.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие Т.У нь Орхон аймгийн ...... дугаар сургуульд монгол хэл уран зохиолын багшаар 2018 оны 11 сард ажилд орсон бөгөөд анх орохдоо цагийн багшаар ажилд орж байсан 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс үндсэн багшаар ажиллаж эхэлсэн. Ээлжийн амралт дуусаад 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох гэж иртэл чамтай ажиллахгүй гэсэн бөгөөд уг өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаалыг гаргаж өгөхийг хүсэхэд маргааш ир, удахгүй тушаалыг чинь гаргаж өгье гэх зэргээр ажлаас халсан тушаал гаргаж өгөхгүй намайг хохироож байгаагаас гадна ямар үндэслэлээр халж байгааг асуухад хариулахгүй, хариулт өгөхөөрөө чамтай хамтран ажиллахгүй гэх шалтгаанаа хэлээд байгаа юм биш үү гэх зэргээр захирал уурлан ажлаас халсан, өөр ажил олж хий, энд байх шаардлагагүй гэх зэргээр авирлаж байна. Намайг ажлаас халах тушаал ч гаргахгүйгээр ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байх тул Орхон аймгийн ...... сургуулийн Монгол хэл-уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзаяа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэгч Т.У нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн манай сургуульд Монгол хэл, уран зохиолын цагийн багшаар ажиллаж эхэлсэн. Улмаар 2019 оны 9-р сард жирэмсний амралттай Б.Д-О багшийн оронд бүтэн цагаар ажиллах тушаалтай ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. /Хөдөлмөрийн гэрээний 1% багш Т.Ут өөрт нь байгаа. Тухайн үедээ 1 жилийн хугацаатай гэрээг багш Т.У зөвшөөрч хийсэн. Тэр ч байтугай Ууганцэцэгийг Орхон аймгийн засаг даргын орлогч С.Бын хүсэлтээр үргэлжлүүлэн ажиллуулсан болно./ Мөн 2019-2020 оны хичээлийн жилийн үйл ажиллагааны багш нарын тайлан хамгаалалт явагдаж байхад Т.У багшийг дараа жилээс Б.Д-О багш ажилдаа орох тул ажлын байр хайгаарай гэдгийг албан ёсоор хэлсэн. Ууганцэцэг багш ч өөрөө хүлээн зөвшөөрч 8 сард хэд хэдэн сургуульд сонгон шалгаруулалтанд орсон байсан. Улмаар Т.У багш 12 дугаар ангид хичээл зааж байсан тул ЭЕШ бэлтгэл давтлага өгүүлэх зорилгоор ээлжийн амралтын хугацааг сунгаж 2020-06-15-наас амралтыг эдлүүлсэн болно. Тиймээс хуулийн хүрээнд ээлжийн амралт эдэлж байгаа хүнийг ажлаас чөлөөлөх боломжгүй тул ажлаас халагдах тушаалыг ээлжийн амралтын 48 хоногийн хугацаа дуусгавар болсон өдөр буюу 2020-08-26-ны өдөр гаргасан. Гэтэл Т.Уийн нөхөр ирж тушаал гараагүй байж ажлаас чөлөөллөө гэж дайрч давшилсан болно. Манай байгууллагаас гарах тушаал дараагийн ажилд ороход саад болох үндэслэл болно гэж үзэхгүй байна. Т.У багш нь анх ажилд орсон цагаасаа эхлэн гэр хол 2 дамжиж ирэхэд бэрхшээлтэй байна гэх зэрэг хичээлийн цагийг аль болох шахаж тавьж өгөөч гэх зэрэг шалтаг шалтгаан тоочиж ирсэн бөгөөд энэ хичээлийн жилд ЭЕШ-д хангалтгүй дүн үзүүлсэн. Ер нь багш Ууганцэцэг нь эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй ханддаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй идэвх санаачлагагүй нэгэн билээ. Бид хүүхдийн сурах эрхийг хүндэтгэн чанартай боловсрол олгох үүднээс хуулийн хүрээнд мэдлэг чадвартай, бүтээлч санаачилгатай сайн багш нартай байхыг эрмэлзэж байна. Дээр нь жирэмсний амралттай байсан багшийн оронд ажиллаж байсан тушаал нь жирэмсний амралттай байгаа багшийг эргэн ажилдаа орох хүртэл хугацаагаар авсан гэдгийг дахин сануулж хууль зөрчөөгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2021/00050 дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Ерөнхий боловсролын ...... дугаар сургуульд холбогдуулан гаргасан Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох Т.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан  гомдолдоо:  

Хэрэгт Т.Уийн хөдөлмөрийн гэрээ авагдсан ба уг гэрээнд үндсэн ажил албан тушаалд авч байгааг тусгасан байх ба хүний оронд түр авсан гэх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг шүүх анхаараагүй. 2020.08.20-ны өдөр ажилдаа очтол хамтран ажиллахгүй гэх шалтгаан хэлээд үүнээс хойш 7 хоног ажлаас халсан тушаалаа шаардсан боловч өгөөгүй болох хэрэгт авагдсан бичлэгийн хуулбар шүүх хуралдаанд хариуцагч өгөөгүй болохоо тайлбарласан тайлбар болон нийгмийн даатгалын дэвтрийн эх баримт зэрэг нотлох баримтаар ажлаас халсан өдрөө ажлаас халсан шийдвэр, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэр ажлаас халагдсаны тэтгэмж өгөөгүй болох нь нотлогдсон байхад шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Ажил олгогч Хөдөлмөрийн хуулийн 43 р зүйлийн 43.3 заалтыг зөрчсөн нь ажлаас халсан тушаал хууль ёсны гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагад үндсэн багшаар сонгон шалгаруулалт өгч орсон гэж хариуцагч мэтгэлцэх боловч Д-О гэх монгол хэлний багшийн оронд ороогүй болохоо хэд хэдэн баримтаар нотолсон боловч  анхан шатны шүүх уг баримтыг судлан шинжилж дүгнэлт гараагүй. Үүнд 2018.01.02-ны өдрийн 01 тушаал , 2019.01.28-ны өдрийн 01 тоот тушаал , 2020.1.27-ны өдрийн А/01 тушаал бүтэц орон тоог баталсан тушаал Монгол-хэл уран зохиолын багш 4 батлагдсан , мөн 2020.05.25-ны өдрийн 08 тоот тушаал, зэрэг нотлох баримтаар 4 орон баталж , 2019.09.02-нд батлагдсан орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу үндсэн багшаар ажилд орсон. Гэтэл ажилд авсан тушаалын огт өгөөгүй бөгөөд шүүхэд маргаан үүсгэсний дараа Д-О гэх багшийн оронд орсон мэт хуурамч тушаал үйлдсэн. 20...... онд 3 үндсэн орон тоо байсан бөгөөд үүнд Энхзаяа, , Д-О гэх багш нар ажилласан нь тэдний тушаалууд болон цалин хөлсний баримтуудаар нотлогдсон. 2018 онд Д-О багшийн оронд Ванчигмаа гэх багш ажилд орсон нь 20.......09.04-ны өдрийн тушаалаар нотлогдсон. 2019.08.20-нд  багш ажлаас гарч Дэлгэрцэцэг багш үлдсэн бөгөөд орсон баримт хэрэгт авагдсан ба 2019 онд Ванчигмаа багш ажлаа өгсөн. Өөрөөр хэлбэл 20...... оноос хойш монгол хэл уран зохиолын үндсэн багшаар ажиллаж байсан 3 багшийн 1 нь жирэмсний амралттай. Нэг нь // ажлаас гарсан 2 орон тоо сул болсны дагуу Дэлгэрцэцэг үндсэн багшаар орж Д-О багшийн орон тоо сул байсан, мөн шинээр 1 үндсэн орон тоо элсэлтийн ерөнхий шалгалтад Монгол хэл Уран зохиолын хичээл суурь шалгалт болсонтой холбоотойгоор нэмэгдсэн байдаг. Ингээд 2019-202(3 оны оны хичээлийн жил эхлэхэд үндсэн багшаар Энхзаяа, Дэлгэрцэцэг нар ажиллаж байсан байх ба батлагдсан 2 орон тоон дээр сонгон шалгаруулалт зарласан нь нотлогдсон. ЭБШ бэлдэх багшийн орон тоон дээр Ууганцэцэг тэнцсэн гэх бөгөөд үүнийг хариуцагчийн төлөөлөгч үгүйсгээгүй. Ууганцэцэг хүүхдүүдийг шалгалтад муу бэлтгэсэн гэх тайлбараар Д-Оын оронд ажиллаагүй болохыг давхар баталдаг. Учир нь Сонгон шалгаруулалт явуулсан материалд 2019.08.29-ны өдрийн гэх Дэлгэрцэцэг гэх багшийн гарын үсэгтэй "Орхон аймгийн ...... р сургуулийн Монгол хэлний багшийн сонгон шалгаруулалтын протокол гэх баримтад ЭЕШ бэлдэх багшийн нормт цагт хүрч байгаатай холбоотойгоор 1 түр орон тоон дээр гэж бичсэн бичвэрээр Д-О гэх багшийн орон ажилд ороогүй болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл ЭЕШ бэлдэх цаг нэмэгдсэнтэй холбоотойгоор орон тоо батлагдсан бөгөөд уг орон тоо нь түр хугацаагаар үүсгэсэн орон тоо гэх боловч бүтэц орон тооны тушаалуудаас түр гэсэн орон тоо ******* байгааг анхан шатны шүүх анхаарч шийдвэрлээгүй. Бүтэц орон тоог 4 орон тоогоор баталсан 4 орон тоон дээр 2019, 2020 оны хичээлийн жилд Энхзаяа , Дэлгэрцэцэг, Ууганцэцэг , Нандинцэцэг гэх багш нар ажиллаж байсан нь нотлогдсон байхад шүүх анхаарч үзээгүй нь нотлох баримтыг тал бүрээс нь анхаарч шийдвэрлээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.07-ны өдрийн 142/ШШ2021/00050 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуульд холбогдуулан Монгол хэл-уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Ерөнхий боловсролын ...... дугаар сургуульд холбогдуулан гаргасан Монгол хэл, уран зохиолын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох Т.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Т.У нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн  2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн  тус сургуулийн захирлын Б/53 дугаар тушаалаар тухайн хичээлийн жилийг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Монгол хэл-уран зохиолын цагийн багшаар ажилд оржээ .

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн захирлын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/29 дугаар тушаалаар; тус сургуулийн Монгол хэл-уран зохиолын багш Баасандоржийн Д-О нь жирэмсний амралтаа авсан тул Төмөрхуягийн Ууганцэцэгийг 2019 оны 09 сарын 02-ны өдрөөс эхлэн Монгол хэл-уран зохиолын  багшийн үүрэгт ажилд 2019-2020 онд жирэмсний амралттай Б.Д-О багшийн оронд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2019-2020 оны хичээлийн жилийг дуустал хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан Монгол хэл-уран зохиолын багшийн үүрэгт ажилд томилжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын ...... дугаар сургуулийн захирлын 2020 оны 08  дугаар сарын 26-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар; тус сургуулийн Монгол хэл-уран зохиолын багш Б.Д-Оын  жирэмсний амралтын хугацаа дуусгавар болж, ажилдаа эргэн орох хүсэлт гаргасан тул Төмөрхуягийн Ууганцэцэгийг 2020 оны 08 дугаар  сарын 26-ны өдрөөс эхлэн үндсэн үүрэгт  ажлаас нь чөлөөлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, нэхэмжлэгч Т.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нь “...хүний оронд түр авсан гэх хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлаас халсан тушаалаа өгөөгүй, хүний оронд ороогүй, хуурамч тушаал үйлдсэн гэх  давж заалдсан  гомдол гаргасан боловч  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан “...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан “ өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан “нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1. болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШШ2020/00050 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар  зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., ......2 дугаар зүйлийн ......2.2.-т зааснаар  давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                Б.ОЮУНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.БАТТӨР