Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2021/00086

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Х даргалж, шүүгч Л.А, шүүгч Р.Ү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О Э /регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Э /регистрийн дугаар /-д холбогдох,

Гэм хорын хохирол 310 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, иргэдийн төлөөлөгч П.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э би 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цагийн үед миний хүү болох Б.А нь 7 настай. 2019 оны 09 дүгээр сарын 01-нд 15 дугаар сургуулийн 1-р ангид элсэн орсон. 2019 оны 09 дүгээр сарын 13-нд 15-р сургуулийн 1-А ангийн багш Г.Э нь Б.Атолгой орой руу нь утас цэнэглэгчээр ороолгож зодсон учир 2019 оны 11-р сарын 19-нд хялбаршуулсан журмаар шийтгэлийн №0676248 дугаараар шийдвэрлэсэн. Б.Агийн толгой тархи нь өвдсөн улмаас Улаанбаатар хот орж 2019 оны 12 сарын 02-нд 09 цагт Гэмтэл согог судлалын үндэсний төвд оочир дугаар авсан. 14 хоногийн дараа үзүүлэхээр болсон. Гэмтэл согог судлалын үндэсний төвд 160 000 төгрөг төлж толгойн зураг авахуулсан. Хувь хүнээр төлсөн, эд бүрийн баримттай. Б.Э, Т.Б, Б.А нар Улаанбаатар хот явж үзүүлсэн вагоны замын зардал, бүгд нийт 310 000 төгрөг болсон. Шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Э нь нэхэмжлэгч Б.Эийн нэхэмжлэлтэй өөрийн биеэр уншиж танилцлаа. Миний хувьд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндэслэл нь миний бие нь сурагч Б.Ад шаардлага тавьсан, цэнэглэгч гэх мэт зүйлээр цохиогүй багшийн ёс зүйн зөрчлөөр иргэн Б.Эийн гомдлыг шат дараа бүрд нь зохих ёсны арга хэмжээгээ авах ёстой бүрд нь авахуулж иргэний үүргээ биелүүлсэн болно. Иймд энэ нэхэмжилж байгаа мөнгийг нь төлөх боломжгүй байна. Тухайн үед нь шүүх эмнэлгийн дүгнэлт гаргаж Б.А нь ямар ч гэмтэлгүй гэсэн дүгнэлт гарсан болно гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Г.Эд холбогдуулан гэм хорын хохирол 310 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Г.Э нь миний хүү Б.Агийн толгой орой руу нь утас цэнэглэгчээр ороолгож зодсон. Г.Эд 300 000 төгрөгийн торгуулийн шийтгэл ногдуулсан. Б.Агийн толгой тархи нь өвдсөн учир Улаанбаатар хот орж 2019 оны 12 сарын 02-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 160 000 төгрөгөөр толгойн зураг авахуулсан. Ингэхдээ Б.Э, Т.Б, Б.А нар Улаанбаатар хот руу вагоноор явсаны замын зардал 4 баримт, мөн витамин авч өгсөн, нийт 310 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй., 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Г.Эг 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Зөрчлийн тухай хуулиар 300 нэгжтэй тэнцэх буюу 300 000 төгрөгөөр торгож шийтгэсэн Шийтгэлийн хуудас хэрэгт авагдсан байна.

Г.Эг Зөрчлийн тухай хуулиар шийтгэл хүлээлгэсэн нь түүнийг гэр буруутай гэж үзэх үндэслэл болж байх ба, хүүхдийн толгой өвдөж Улаанбаатар хот явж Гэмтэл согог судлалын үндэсний төвд толгойн зураг авахуулсан, мөн витамин авч уулгасан, замын зардлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэлээс баримтаар нотлогдож буй толгойн зураг 160 000 төгрөг, витамины 14 000 төгрөг, Б.Э, түүний нөхрийн хүүхдээ үзүүлэхээр явсан замын зардал /нэхэмжлэгчийн тайлбарласнаар нийт 4 баримт/ 76 000 төгрөг, нийт 250 000 төгрөгийн шаардлагыг хангаж үлдэх 60 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч өөрийгөө шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Эгаас 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 60 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Эгаас 8 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Х

 

ШҮҮГЧИД Л.А

 

Р.Ү