Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0057

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сонинболор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Э нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналтын улсын байцаагч Ц.Д-д холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , Д.Ж а, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, хариуцагч Ц.Д , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасан журмын дагуу Ховд аймгийн Санхүүгийн  хяналт, аудитын  албаны  ахлах  байцаагчийн  2017 оны 04 сарын 03-ны 35/03/45   дугаар актыг эс зөвшөөрч  Монгол улсын Сангийн сайдад  гомдол  гаргасан бөгөөд Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 05 сарын 18-ны  өдрийн  13-1/2985 тоот “Хариу  хүргүүлэх тухай” Захиргааны актыг  хүлээн аваад эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай хуульд  заасан  журмын  дагуу Захиргааны хэргийн анхан шатны  шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Санхүүгийн хяналт, аудитын албаны  улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй гарсан бөгөөд нэхэмжлэгч бид нарын  ажил хөдөлмөрөө  шударгаар  үнэлүүлж, зохих үр дүнгийн урамшуулах авах эрх, хууль ёсны  ашиг сонирхолд  хууль бусаар  ноцтой  халдсан  гэж  үзэж байна. Улсын байцаагчийн акт нь  ажилчдын  нэг удаагийн үйлдэл эс  үйлдэхүйд арга хэмжээ авсан ажил олгогчийн сахилгын арга  хэмжээг улирал, хагас  жилийн ажлын  үр дүнг  тооцсон үр дүнгийн  урамшуулалтай  холбон  тайлбарлаж  акт  тогтоосон  нь хууль зүйн  үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь уг актын үндэслэлд ЭМНДХ-ийн ажилтнуудын ажлыг хагас, бүтэн жилээр дүгнэж C, D үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14 Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8069534 төгрөгийг олгосон нь Монгол Улсын  төсвийн  тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6.6  дахь заалт, Дээд шүүхийн  2010 оны  08 дугаар  тогтоолын 7,13 дугаар заалт, Төрийн  албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1 дэх заалт,  Засгийн газрын 2014 оны 147 дугаар  тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  ажилчдын  2014  оны 147 дугаар  тогтоол, Хүн амын  бодлого, Хөдөлмөрийн Сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн  ажилчдын 2014 оны 04 сарын 25-ны өдрийн  хурлаар  баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын  хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4,11.6 заалтуудыг зөрчсөн гэжээ.

Улсын байцаагч тогтоосон актынхаа хууль зүйн үндсийг тодорхойлохдоо ажилтан буюу иргэний эрх, ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр гаргаж байгаа тул хуульд нийцсэн буюу хууль зүйн үндэслэлтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн хууль зөрчсөн гэх үндэслэлд  хамаарсан хуулийн зохицуулалатанд сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгож болохгүй гэсэн зохицуулалт байхгүй.Түүнчлэн  2014 оны 04 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид хуралдаж  Ховд аймгийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баталгаажуулаагүй,  хурлын тэмдэглэл байхгүй  байхад түүнийг үндэслэсэн хууль бус болжээ.Төрийн албан хаагчид нь үр дүнгийн урамшуулал авахдаа  хагас жилээр ажилласан ажлын үр дүн, бүтэн жилээр ажилласан ажлын үр дүнгээ ажил олгогчоор үнэлүүлж, түүндээ тохируулан үр дүнгийн урамшуулал олгодог. Гэтэл  улсын  байцаагчийн акт нь  сахилгын арга хэмжээ авагсад  ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон нь  зөрчил гэж  үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь тухайн актын үндэслэлд дурьдсан хуулийн зохицуулалтаар сахилгын арга хэмжээ авагдсан  ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй гэж заасан зохицуулалт байхгүй юм.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 зааснаар Х аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актыг хүчингүй болгосон шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Д  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Ц.Б бид Монгол улсын Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 3 дугаар сард  Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн юм. Хяналт шалгалт хийхэд тус хэлтсийн нэр бүхий ажилтнууд сахилгын арга хэмжээ авагдсан, мөн үр дүнгийн гэрээгээ С, D үнэлүүлсэн хэрнээ үр дүнгийн урамшуулал авсан нь Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актад тусгагдсан хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, байгууллагын дотоод журам зэргийг зөрчсөн тул уг акт тогтоосон. Гэтэл уг актанд тусгагдсан нэр бүхий ажилтнууд Сангийн сайдад гомдол гаргаж хариу авсан байдаг. Тухайн үед байгууллагын дотоод журам бий юу гэхэд надад байгууллагын дотоод журам гэх баримт гаргаж өгсөн ба уг дотоод журмын 11.4, 11.6 дахь заалтуудыг зөрчсөн байсан учраас би уг журмыг зөрчсөн гэж үзэж акт тогтоосон. Мөн хяналт шалгалт хийх үед төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ дүгнэсэн илтгэх хуудас байгаагүй, хувийн хэрэгт хавсаргаагүй байсан гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны хяналтын улсын байцаагч Ц.Д нь Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 24 ажилтанд холбогдуулан акт тогтоосон байдаг. Үүнийг эс зөвшөөрч Сангийн сайдад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Маргаан бүхий Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар акт нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

Учир нь 2016 онд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гэх нэртэй байсан. Гэтэл маргаан бүхий актад дурьдахдаа Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баримталсан нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Байгууллагын дотоод журмыг байгууллага хамт олны хурлаар хэлэлцэн баталж мөрдөгддөг. Маргаан бүхий Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 сарын 03-ны 35/03/45 дугаар актад дурьдагдсан байгууллагын дотоод журмыг нэхэмжлэгч нар мэдээгүй гэдгийг гэрчийн мэдүүлгээр тогтоосон байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нар Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба  улсын ахлах байцаагч Ц.Д-д  холбогдуулан  2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн №35/03/45Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай ” актыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-д зааснаар нэхэмжлэгч нар шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэгчдийн дундаас төлөөлөгчөө томилоогүй тул шүүхээс 2017 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 252 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нарын дундаас С.Б , Д.Ж , Д.Э  нарыг томилсон болно.

Хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Э  нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж   шийдвэрлэлээ.

Монгол улсын Засгийн газрын 2015 оны  12 дугаар сарын  14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор баталсан  “Дотоод аудитын дүрэм” –н 4 дүгээр зүйлийн 4.5-д ”Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь “Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч” байна, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг гэж үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Э  нар   гомдол гаргасан байна. Гомдлыг Сангийн сайд /Санхүүгийн хяналтын улсын байцаагч/ хянан үзээд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 13-1/2985 дугаар албан бичгээр Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах байцаагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ний 35/03/45 дугаартай актыг үндэслэлтэй гэж үзжээ.

       Ховд аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба улсын ахлах  байцаагчийн  2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаартай “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” актаар ЭМНДХ-ийн ажилтнуудын ажлыг хагас бүтэн жилээр дүгнэж С,D үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12,А/14, Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8069534 олгосон нь Монгол улсын Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, 16.5.5 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 заалт, Дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 7, 13 дугаар заалт, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтын 7.1 дэх заалт, Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 4,6 дугаар хавсралт, Засгийн газрын 2014 оны 147 дугаар тогтоол, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1995 оны 63/104 дугаар тушаал, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6 заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн уг зөрчилд тухайн актаар 8069534 төгрөгийг төлүүлэхээр тогтоон, төсвийн орлого болгохоор шийдвэрлэжээ.

Санхүүгийн хяналт, аудитын алба улсын ахлах  байцаагч Ц.Д нь Монгол улсын Сангийн сайдын баталсан удирдамжийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 03-ны хооронд Ховд аймгийн Эрүүл мэнд Нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны санхүүгийн үйл ажиллагааны баримтанд   хяналт шалгалт хийжээ.

            Хариуцагч тайлбартаа: “Уг актаар ажилтнуудын ажлыг хагас бүтэн жилээр дүгнэж С D үнэлгээ авсан хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12, А/14, Б/05,Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгосон байна” гэж маргажээ.

           Нэхэмжлэгч Д.Э  нарын зүгээс эс зөвшөөрч тайлбарлахдаа Улсын байцаагч тогтоосон актынхаа хууль зүйн үндэслэлийг тодорхойлохдоо ажилтан буюу иргэний эрх, ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр гаргаж байгаа тул хуульд нийцсэн буюу хууль зүйн  үндэслэлтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарсан хуулийн зохицуулалтанд сахилгын арга хэмжээ авагдсан ажилтанд үр дүнгийн урамшуулал олгож болохгүй гэсэн зохицуулалт байхгүй. Түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид хуралдаж Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг баталгаажуулаагүй, хурлын тэмдэглэл байхгүй байхад түүнийг үндэслэсэн нь хууль бус болжээ. Төрийн албан хаагчид нь үр дүнгийн урамшуулал авахдаа хагас жилээр ажилласан жилийн үр дүн, бүтэн жилээр ажилласан жилийн үр дүнгээ ажил олгогчоор үнэлүүлж, түүндээ тохирсон үр дүнгийн урамшуулал олгогддог. Гэтэл улсын байцаагчийн акт нь сахилгын арга хэмжээ авагдсан ажилтнуудад үр дүнгийн урамшуулал олгосон нь зөрчил гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргаж байна.

Ховд аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба улсын ахлах  байцаагч нь   2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаартай “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” улсын ахлах байцаагчийн актаар ЭМНДХ-ийн ажилтнуудын ажлыг хагас бүтэн жилээр дүгнэж С,D үнэлгээ авсан, хэлтсийн даргын 2016 оны А/11, А/12,А/14, Б/05, Б/26 тушаалуудаар сахилгын арга хэмжээ авагдсан 24 ажилтанд үр дүнгийн урамшуулалд 8069534 олгосон гэж дүгнэн акт тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан хяналт шалгалтыг  хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах бөгөөд хяналт шалгалт нь хараат бус, шударга, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх гэсэн зарчимд нийцээгүй, мөн Сангийн Сайдын  2016 оны тушаалаар баталсан Санхүүгийн хяналт шалгалтын стандартын 3 дугаар зүйлийн 3.2.7-д зааснаар “улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад шаардлагатай баримт бичгийг гаргуулан авч шинжлэн судалж танилцах, шалгалтын холбогдолтой асуудлаар амаар буюу тайлбар тодорхойлолт  хийлгэж болохоор байна. Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолын хавсралтаар “Дотоод аудитын дүрмийн 6.3.1-д “санхүүгийн хяналт шалгалтын  тэмдэглэл болон нэг бүрчилсэн акт, танилцуулга, зөвлөмжийг хууль тогтоомж болон баримт нотолгоонд үндэслэн гаргах”, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д “ улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах”  гэдгийг тус тус зөрчсөн байна.

            Учир нь хариуцагч нь уг актыг гаргахдаа Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар баталсан  Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмын 11 дүгээр  зүйлийн 11.4, 11.6 заалтыг үндэслэл болгосон нь буруу болжээ. Учир нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчид хуралдаж, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг батлаагүй,  хурлын тэмдэглэл байхгүй тухайгаа Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Батчулуунаас ирүүлсэн  2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 албан тоот, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын тушаалын 1-д “Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг тухайн аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, сум, дүүргийн нийгмийн даатгалын тасгийг тухайн сум, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг болгон шинэчлэн зохион байгуулсугай” гэсэн тушаал,

гэрч К.Оюунтуул шүүхэд мэдүүлэхдээ “...2014 онд албан ёсоор байгууллагын дотоод журам баталж байгаагүй. 2014 онд Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс гэсэн нэртэй байгаагүй. 2016 оны 11 сараас эхлэн Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс гэсэн нэртэй болсон. Түүнээс хойш Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гэсэн байсан. 2017 онд Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг албан ёсоор баталж, одоо мөрдөн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Анхтуяа шүүхэд мэдүүлэхдээ “...2014 онд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс гэсэн нэртэй байгаагүй.  2014 онд албан ёсоор байгууллагын дотоод журам баталж байгаагүй. 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хэлтсийн даргын тушаалаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дотоод журмыг албан ёсоор баталж, одоо мөрдөн ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг зэргээр Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилчдын 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн  ажилчид хуралдаж, дотоод журмаа батлаагүй, мөн 2014 онд “Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс” гэсэн нэртэй байгаагүй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс гэсэн нэртэй болох нь нотлогдож байна.

Нэгэнт маргаан бүхий акт нь бодит байдалд үндэслээгүй, хамт олны хурлаар хэлэлцэн албан ёсоор батлагдаж мөрдөөгүй байгууллагын дотоод журмыг үндэслэсэн болох нь тогтоогдож байхад шүүх түүнийг зөвтгөн үзэх боломжгүй байна.

Иймд дээрх байдлаас үндэслэн тухайн захиргааны акт нь нэхэмжлэгч нарын  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус болох нь  тогтоогдож байх тул Ховд аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын алба улсын ахлах  байцаагчийн  2017 оны 04 дүгээр  сарын 03-ны өдрийн 35/03/45 дугаартай “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай” актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хангах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.1, 106.3.12,  107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн  10.9.11, 10.12.2-д  заасныг баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын  хангаж хариуцагч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба  улсын ахлах  байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №35/03/45 “Үр дүнгийн урамшуулал төлүүлэх тухай”  актыг  хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                          Г.СОНИНБОЛОР