Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01029

 

 

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2021/01029

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГГ- т холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, түүний өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад М.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01097 дугаартай захирамжаар хариуцагч  И ХХК болон Б.Дашдамба нар нь нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгч Д.Ганбатын гаргасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 528,084,330.35 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд  И ХХК - ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-20204017401 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаяг байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж манай байгууллагын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаяг байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан улмаар ажиллагаа хийгдэж буй орон сууцыг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлсэн тухайгаа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-156/34814 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаас манай төлөөлөгч хүлээн авч танилцсан.

Ирүүлсэн мэдэгдэл болон Файн эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцаад эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Учир нь:

1.Файн эстимэйт ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлангийн Үнэлгээний ерөнхий мэдээллийн 1.10.3-т Үнэ цэнийн тооцоололд эрх бүхий байгууллагаас тогтмол гаргадаг судалгаа, зах зээлийн мэдээлэл, арилжах үнийн санал зэрэг мэдээллийг ашигласан гэжээ. Гэтэл ямар нэгэн арилжах үнийн санал болон эрх бүхий байгууллагаас гаргадаг судалгааг огт ашиглаагүй бөгөөд үнэ цэнийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй үнэлгээний тайлан гаргажээ.

2.Үнэлгээний тайлангийн Хоёр. Хөрөнгийн үнэлгээ хэсгийн Хүснэгт №4 Барилгуудын хийцийн үндсэн үзүүлэлтүүд гэсэн хүснэгтийн 15 дугаартай Хөрөнгийн ашиглалтын байдал гэсэн мөрөнд Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай боловч одоогийн байдлаар үйлчилгээний зориулалтаар буюу шүдний эмнэлэг ажиллаж байна, 16 дугаартай Өөр зориулалтаар ашиглах боломж, Үр ашигт хэрэглээ гэсэн мөрөнд Энэхүү үл хөдлөх хөрөнгийг одоогийн ашиглалтын буюу орон сууцны зориулалтаар ашиглавал илүү үр дүнтэй гэж үзэж байна гэж үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үл хөдлөх хөрөнгийг үзэж, үнэлгээ гаргажээ. Бодит байдал дээр тухайн эд хөрөнгийг шүдний эмнэлэгийн зориулалтаар огт ашиглаагүй орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд хөрөнгийг бодитоор үзэж, хэмжилт хийж үнэлж дүгнээгүй, үнэн зөвөөр үнэлгээ хийж тайлан гаргасан эсэх эргэлзээтэй гэдэг нь харагдаж байна. Тиймээс энэхүү үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна.

3.Үнэлгээний тайлангийн 2.2. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн тооцоолол, Арилжааны шууд харьцуулалтын аргаарх үнэ цэнийн тооцоолол, Жишиг хөрөнгийн зах зээлийн судалгаа гэсэн хэсэгт: Үнэлж буй хөрөнгө нь Улаанбаатар хотын урд хэсэгт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11дүгээр хороо, Зайсангийн 44/1 байрны 1 тоот буюу Зайсан толгойн урд байрлалтай бөгөөд Сөүл группын боловсруулсан үнэхээр сайн СӨХ-ийн менежменттэй хотхон ба биеийн тамирын заал, фитнесс, усан бассейнд гэр бүлээрээ үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой, хотхон дотор хүүхдийн тоглоомын талбайтай, 24 цагийн харуул хамгаалалттай, гражнаасаа лифтээрээ гэртээ ордог зэрэг давуу талтай. Seoul Royal County хотхон тохируулах хүчин зүйлээрээ хамгийн тохиромжтой жишиг хөрөнгө болох тул тус хотхонд борлуулсан болон борлуулах хөрөнгүүдийн арилжаалах үнийн саналаас жишиг хөрөнгийн үнийн мэдээллийг судаллаа гэжээ.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулан судалж үнэлж байгаа нь үнэлгээг зориудаар бага гаргах гэсэн, бодитоор үнэлээгүй байна.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шударга байх, хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлан ажиллах ёстой.

 И ХХК-нь үл хөдлөх хөрнгийг үнэгүйдүүлж байгаад үнэхээр гомдолтой байна. Бие даасан шаардлага гаргаагүзй гуравдагч этгээд хэн бэ гэдгийг ойлгохгүй байна. Уг нь компанийг үнэлгээ хийх шинжээчээр томилсон байхад Н.Цолмонгэрэл гуравдагчаар орж байгааг ойлгохгүй байна.

Үнэлгээчин үйлдлээрээ бусдыг хохироож байна, мэргэжлийн ёс зүй хууль баримталсан гэж байгаа нь хаана байна, 2020 оны үнэлгээ 2021 оны үнэлгээ яагаад өсөлттэй байгаа юм, өнөөдөр худалдан авалт, эрэлт байхгүй болсон, эрэлт нийлүүлэрийн харьцаагаар бол үнэ буурах ёстой байхад Хос стандарт ХХК-ийн үнэлсэн үнэлгээгээр үнэ өндөр гарч байна. Үнэлгээ хйсэн объектээ яагаад шүдний эмнэлэг гээд байгаа юм, хэзээ ч шүдний эмнэлэг ажиллуулж байгаагүй, өнөөдрийг хүртэл орон ёууцны зориулалтаар ашигласаар байгаа. Үнэлгээчин харьцуулалт хийхдээ Баянзүрхэд байгаа хөрөнгийг яагаад Хан-Уул дүүргийн хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ хийчихээд андуурсан байна үнэд нөлөөлөхгүй гээд байгаа юм. Төлбөр төлөгч  И ХХК төлбөрөө бусад хөрөнгөөрөө төлөх гэж зөндөө оролдсон байхад заавал барьцааны хөрөнгөөр хангуулна гээд байгааг ойлгохгүй байна. Үнэлгээний тайлан дээр жишиг үнэ, санал болгох үнэ, худалдсан үнэ гээд байна, бид тэр утас руу чинь утасдаад асуухад үнэтэй зарсан байна лээ шүү дээ. Шинжээч ингэж үнэлгээ тогтоодог юмуу. Бид шүүхээд дахин үнэлгээ тогтоолгоё гэж хүсэлт гаргахад бидний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Үнэлгээчин харьцуулсан 3 үнэлгээгээ утасаар ярьж асуусан гэж байна, үүнийг яаж нотлох юм, хүний асуудалд хариуцлагатай хандах хэрэгтэй, дүгнэлт гаргахдаа дүүрэг андуурч байгаа хүн, үнэлгээ андуураагүй гэж яаж үзэх юм,

Мөн Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, 9.2.3-д хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх гэсэн шаардлагад нийцсэн байх байтал огт шаардлага хангаагүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01097 дугаартай захирамжаар  И ХХК, Б.Дашдамба нараас 529.518.616 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгохоор шйдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч  И ХХК /2555565/ -ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2204017401 бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны 902 тоотод байрлах 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/442 дугаартай тогтоолоор Файн-Эстимэйт ХХКомпанийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 368.100.000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-156/34814 дугаартай албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан.

Нэхэмжлэгч бид бусад хөрөнгөөрөө барагдуулах байсан гэж байнаШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан эрхээ ч аваагүй. Хөрөнгийн үнэлгээг хараат бусаар тогтоодог. Нэхэмжлэгчийн өнөөдрийн хуралдаанд авч ирсэн Хос стандарт ХХК-ийн үнэлгээ гаргахад нэхэмжлэгч нөлөөлсөн байж болзошгүй тул Файн эстимэйт ХХК-ийн гаргасан үнэлгээг хэт доогуур гэж үзэх үндэсгүй, нэхэмжлэгч үнэлгээг хэт доогуур тогтоосон гэдгээ нотлоогүй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны 902 тоотод байрлах  И ХХК-ийн өмчлөлийн 240 м.кв, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хараат бусаар хийж гүйцэтгэсэн.

Үнэлгээний тайлангийн 1.10.3.-т Үнэ цэнийн тооцоололд эрх бүхий байгууллагаас тогтмол гаргадаг судалгаа, зах зээлийн мэдээлэл, арилжих үнийн санал зэрэг мэдээллийг ашигласан гэдэг нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн ерөнхий зүйл бөгөөд зах зээлийн мэдээлэл, арилжих үнийн санал нь зах зээлийн түвшинд байнаа эсэх талаарх харьцуулалтанд ашигладаг.

Үнэлгээний тайлангийн хүснэгт 4-ийн 15 дугаар мөрөнд үйлчилгээний зориулалтаар буюу шүдний эмнэлэг ажиллаж байна гэдэг нь андуурч бичсэн бөгөөд орон сууцны зориулалтаар ашиглагдаж байна гэж байхаар байсан бөгөөд энэ нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн тооцоололд нөлөөлөхгүй.

Хөрөнгийн зориулалтын итгэлцүүр тооцоогүй, харьцуулсан хөрөнгө нь орон сууцны зориулалттай хөрөнгүүд байна.

Үнэлгээний тайландаа эх сурвалжуудаа бичсэн байгаа, нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө өндөр үнээр зараад төлбөрөө төлөх боломж нь байсан, манай гаргасан үнэлгээ бол бодит үнэлгээ юм.

Үнэлгээний тайлангийн 2.2.-т жишиг хөрөнгийн зах зээлийн судалгаа гэсэн хэсэг байх Улаанбаатар хотын урд хэсэгт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44/1 байрны 1 тоот буюу Зайсан толгойн урд байрлалтай Сөүл группийн боловсруулсан үнэхээр сайн СӨХ-ийн менежменттэй хотхон ба биеийн тамирын заал, фитнесс, усан бассейнд нэр бүлээрээ үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой хотхон дотор хүүхдийн тоглоомын талбайтай, 24 цагийн харуул хамгаалалттай гражнаасаа лифтээрээ гэртээ ордог зэрэг давуу талуудтай Seoul Royal County хотхон тохируулах хүчин зүйлээрээ хамгийн тохиромжтой жишиг хөрөнгө болох тул тус хотхонд борлуулсанболон борлуулах хөрөнгүүдийн арилжаалах үнийн саналааас жишиг хөрөнгийн үнийн мэдээллдийг судаллаа гэсэн хэсэг нь өөр тайлангийн хэсэгтэй солигдож тавигдсан байна.

Энэхүү хэсэгт Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны 902 тоот буюу Чингис зочид буудал, И Март худалдааны төвийн чанх хойно байрлалтай Seoul Royal Castle хотхон нь тохируулах хүчин зүйлээрээ хамгийн тохиромжтой жишиг хөрөнгө болох тул тус хотхонд борлуулсан болон борлуулах хөрөнгүүдийн арилжаалах үнийн саналаас жишиг хөрөнгийн үнийн мэдээллийг судаллаа гэж байхаар байна.

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд байгаа хөрөнгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байгаа хөрөнгөтэй харьцуулсан нь бодит биш байна гэж байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хүснэгт №5-д ойролцоо байршилтай үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн судалгааг хийсэн бөгөөд эдгээр судалгаагаар орсон хөрөнгө бүгд Seoul Royal Castle хотхонд байрлалтай хөрөнгүүд байгаа. Мөн жишиг хөрөнгөөр сонгогдсон хөрөнгүүд нь Seoul Royal Castle хотхонд байрлалтай ойролцоо хэмжээтэй хөрөнгүүд байгаа бөгөөд андуурч бичигдсэн зүйлс нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн тооцоололд нөлөөгүй болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч  И ХХК нь НШШГГ т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч НШШГГ  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01097 дугаартай захирамжаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 528.084.330,35 төгрөг гаргуулах, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд  И ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003318 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017401 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22,101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Ариг банк ХХК дахь бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч  И ХХК болон Б.Д нар нь хүлээн зөвшөөрснийг баталж шийдвэрлэжээ. /хх-ийн 22-24-р хуудас/

НШШГГ  нь дээрх шийдвэр, тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 0428 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 20280579 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 45, 46 -р хуудас/

 

НШШГГ  нь дээрх шийдвэрт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа дараах зөрчлүүдийг гаргасан байна. Үүнд:

а.Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 20280579/01 дугаартай мэдэгдлийг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Д.Д ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлд гардуулан өгч тэр тухай тэмдэглэл үйлдсэнийг төлбөр төлөгч  И ХХК-нд шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь төлбөр төлөгч Б.Дашдамба иргэний хувьд өөрийгөө төлөөлөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох итгэмжлэлийг Б.Цэнгэлд олгосон байна. /хх-ийн 47-49, 64-р хуудас/

б.эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017401 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22,101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 20280579/04-156 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хурааж тэмдэглэл үйлдэхдээ төлбөр төлөгч Б.Дашдамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэл, төлбөр авагч Ариг банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баярбилэгт нарыг байлцуулсан байх боловч төлбөр авагчаас З.Баярбилэгт олгосон итгэмжлэлийг шүүхэд ирүүлээгүй тул төлбөр авагчийн төлөөллийг оролцсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 54, 55-р хуудас/

в.Төлбөр төлөгч  И ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003318 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017401 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22,101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хураасан тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үнийн саналаа 2020 оны 9 дүгээр сарын 08-ны дотор ирүүлнэ үү гэсэн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4-156/32092 дугаартай албан бичгийг 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэнгэлд гардуулан өгч, төлбөр төлөгч  И ХХК-д гардуулахаар 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр баталгаат шууданд хийсэн боловч төлбөр авагчид хүргүүлсэн тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. /хх-ийн 57-р хуудас, ар талд/

г. Нэхэмжлэгч  И ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003318 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлэн, хураагаагүй атлаа уг үл хөдлөх хөрөнгийн үнэлэх үнийн саналаа ирүүлэхийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 4-156/32092 дугаартай албан бичгээр шаардаж, 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Цэнгэлд гардуулан өгч, төлбөр төлөгч  И ХХК-д гардуулахаар 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр баталгаат шууданд хийжээ. /хх-ийн 63-р хуудас/

д.Хариуцагч нь үүргийн гүйцэтгэлийн барьцаанд буй үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн санал ирүүлэхийг төлбөр авагчаас шаардсан баримт, төлбөр төлөгч нараас үнийн санал авсан тухай баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул төлбөр авагч Ариг банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх З.Баярбилэгтийн шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг үүрэг гүйцэтгэгч  И ХХК, Б.Дашдамба, үүрэг гүйцэтгүүлэгч Ариг банк дахь бүрэн эрхт төлөөлөгч, өмчлөгч нарыг дуудлага худалдаагаар худалдах үнийг харилцан тохиролцоогүй тул шинжээч томилсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 58-р хуудас/

Тодруулбал: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасан нөхцөл үүсээгүй гэж үзнэ.

е.Хөрөнгийн үнэлгээний тайланд: үнэлж буй үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын байдлыг шинжээч /үнэлгээчин/ орон сууцны зориулалтаар ашиглаж буй орон сууцыг үйлчилгээний зориулалтаар буюу шүдний эмнэлэг ажиллаж байна гэж андууран бичсэн, энэ нь үнэлгээнд нөлөөлөхгүй гэж тайлбарлаж байгаа боловч бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгийн зориулалтаас хамааран үнэлгээ эрс ялгаатай байдаг, Баян зүүрх дүүрэгт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг Хан-Уул дүүрэгт байршилтай үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулж зах зээлийн үнэлгээ гаргаж байгаа нь зах зээлийн үнэ цэнийн суурь болон жишиг хөрөнгийн зах зээлийн судалгаатай нийцэхгүй байна. /хх-ийн 11-20-р хуудас/

Мөн Баянзүрх дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгийг Хан-Уул дүүрэг дэх үл хөдлөх эд хөрөнгөтэй ойролцоо байршилтай гэж үзэх боломжгүй юм.

ж. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/442 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22,101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгох шинжээчээр Файн Эстимэйт ХХК-ийг томилж, 091100172 дугаарын тусгай зөвшөөрөлтэй шинжээч Н.Цолмонгэрэлд Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль тайлбарлан өгч гарын үсэг зуруулсан байх бөгөөд Файн Эстимэйт ХХК-ийг төлөөлөн үнэлгээ хийх итгэмжлэлийг тус ХХК-ийн захирлаас Н.Цолмонгэрэлд итгэмжлэл олгосон байх тул Файн Эстимэйт ХХК-ийг Шинжээч томилох тухай тогтоолыг зөрчсөн гэж үзэх боломжгүй. /хх-ийн 60, 61, 87-90-р хуудас/

 

Дээрх бүхнээс дүгнэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01097 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3., 42 дугаар зүйлийн 42.1., 44 дүгээр зүйлийн 44.2.2., 49 дүгээр зүйлийн 49.1., 54 дүгээр зүйлийн 54.1.,55 дугаар зүйлийн 55.2.2.дах заалтад нийцээгүй байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч  И ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн тайлбарын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ т холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01097 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО