Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/01119

 

 

“И И Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01029 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И И Ж” ХХК-ийн хариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга .Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, манай байгууллагын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаяг байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураан авах ажиллагаа явагдсан улмаар ажиллагаа хийгдэж буй орон сууцыг хөрөнгийн шинжээчээр үнэлүүлсэн тухайгаа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-156/34814 дугаартай мэдэгдлээр мэдэгдсэнийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шуудангаас манай төлөөлөгч хүлээн авч танилцсан. Ирүүлсэн мэдэгдэл болон “Файн эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлантай танилцаад эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна. Учир нь “Файн эстимэйт” ХХК-ийн үл хөдлөх өмчийн үнэлгээний тайлангийн Үнэлгээний ерөнхий мэдээллийн 1.10.3-т Үнэ цэнийн тооцоололд эрх бүхий байгууллагаас тогтмол гаргадаг судалгаа, зах зээлийн мэдээлэл, арилжах үнийн санал зэрэг мэдээллийг ашигласан гэжээ. Гэтэл ямар нэгэн арилжах үнийн санал болон эрх бүхий байгууллагаас гаргадаг судалгааг огт ашиглаагүй бөгөөд үнэ цэнийн тооцооллыг хэрхэн хийсэн нь тодорхойгүй үнэлгээний тайлан гаргажээ. Хөрөнгийн үнэлгээ хэсгийн хүснэгт №4 барилгуудын хийцийн үндсэн үзүүлэлтүүд гэсэн хүснэгтийн 15 дугаартай хөрөнгийн ашиглалтын байдал гэсэн мөрөнд энэхүү үл хөдлөх хөрөнгө нь орон сууцны зориулалттай боловч одоогийн байдлаар үйлчилгээний зориулалтаар буюу шүдний эмнэлэг ажиллаж байна, 16 дугаартай өөр зориулалтаар ашиглах боломж, үр ашигт хэрэглээ гэсэн мөрөнд Энэхүү үл хөдлөх хөрөнгийг одоогийн ашиглалтын буюу орон сууцны зориулалтаар ашиглавал илүү үр дүнтэй гэж үзэж байна гэж үл хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ үл хөдлөх хөрөнгийг үзэж, үнэлгээ гаргажээ. Бодит байдал дээр тухайн эд хөрөнгийг шүдний эмнэлгийн зориулалтаар огт ашиглаагүй орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа бөгөөд хөрөнгийг бодитоор үзэж, хэмжилт хийж үнэлж дүгнээгүй, үнэн зөвөөр үнэлгээ хийж тайлан гаргасан эсэх эргэлзээтэй гэдэг нь харагдаж байна. Түүнчлэн, Баянзүрх дүүргийн орон сууцыг Хан-уул дүүргийн орон сууцтай харьцуулсан нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр Н.Цолмонгэрэлийг оролцуулсан нь үндэслэлгүй, түүний эрх ашиг зөрчигдөөгүй. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.3заасныг тус тус зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01097 дугаартай захирамжаар “И И Ж” ХХК, Б.Дашдамба нараас 529 518 616 төгрөгийг гаргуулж Ариг банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч “И И Ж” ХХК-ийн өмчлөлийн эрхийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны 902 тоотод байрлах 240 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/442 дугаартай тогтоолоор “Файн-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгоход хөрөнгийг 368 100 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4-156/34814 дугаартай албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг талуудад танилцуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлоогүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж-22, 101 дүгээр байрны 902 тоотод байрлах “И И Ж” ХХК-ийн өмчлөлийн 240 м.кв, 4 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар хараат бусаар хийж гүйцэтгэсэн. Үнэлгээний тайлангийн хүснэгт 4-ийн 15 дугаар мөрөнд үйлчилгээний зориулалтаар буюу шүдний эмнэлэг ажиллаж байна гэдэг нь андуурч бичсэн бөгөөд орон сууцны зориулалтаар ашиглагдаж байна гэж байхаар байсан бөгөөд энэ нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн тооцоололд нөлөөлөхгүй. Хөрөнгийн зориулалтын итгэлцүүр тооцоогүй, харьцуулсан хөрөнгө нь орон сууцны зориулалттай хөрөнгүүд байна. Үнэлгээний тайландаа эх сурвалжуудаа бичсэн бөгөөд бодит үнэлгээ гарсан. Үнэлгээний тайлангийн 2.2.-т жишиг хөрөнгийн зах зээлийн судалгаа гэсэн хэсэг байх Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн 44/1 байрны 1 тоот буюу Зайсан толгойн урд байрлалтай орон сууцтай харьцуулсан хэсэг нь өөр тайлангийн хэсэгтэй солигдож тавигдсан байна. Энэ нь уг үнэлгээнд нөлөөлөхгүй болно гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 1097 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “И И Ж” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад анхан шатны шүүхээс талууд мэдэгдээгүй гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж заасны дагуу мэдэгдсэн мөн нэхэмжлэгч “И И Ж” ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4-156/34814 дүгээр дугаартай үнэлгээний мэдэгдэл, “Файн-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангийн хамт хүлээн авч, танилцсан талаар нэхэмжлэлдээ дурдсан байхад нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч И И Ж ХХК нь НШШГГт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017401 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2020/01097 дугаартай шүүгчийн захирамжаар И И Ж ХХК, Б.Дашдамба нараас 528 084 330,35 төгрөгийг гаргуулж, “Ариг банк” ХХК-д олгож, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд И И Ж ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003318 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 42 дугаар байрны 17 тоот хаягт байрлах, 51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц болон эрхийн улсын бүртгэлийн Ү-2204017401 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 22-24 дүгээр тал/

            Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 428 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэний дагуу хариуцагчаас 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 20280579 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хэргийн 45, 46 дугаар тал/

            Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай 20280579/01 дугаартай мэдэгдлийг хариуцагчаас 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр төлбөр төлөгч Д.Дашдамбын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгэлд гардуулан өгсөн байна. Төлбөр төлөгч Б.Дашдамбаас иргэний хувьд өөрийгөө төлөөлөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцох итгэмжлэлийг Б.Цэнгэлд олгосон байна. Иймд төлбөр төлөгч “И И Ж ХХК-д шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг гардуулан өгсөн гэж үзэх боломжгүй тухай дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. эргийн 47-49, 64 дүгээр тал/

            Хариуцагч байгууллагаас 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9/442 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22,101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны үнэлгээг тогтоолгох шинжээчээр Файн ЭстимэйтХХК-ийг томилжээ. /хэргийн 59 дугаар тал/

Анхан шатны шүүхээс төлбөр төлөгчид хүргүүлсэн мэдэгдлээс гадна хөрөнгийн үнэлгээний тайланд дүгнэлт хийсэн байх бөгөөд  уг тайланд хөрөнгийн ашиглалтын байдлыг “...орон сууцны зориулалттай боловч одоогийн байдлаар үйлчилгээний зориулалтаар буюу шүдний эмнэлэг ажиллаж байна” гэж, өөр зориулалтаар ашиглах боломжийг “... одоогийн ашиглалтын буюу орон сууцны зориулалтаар ашиглавал илүү үр дүнтэй” гэж тодорхойлсон байна. Дээрх байдлаас үзвэл, үнэлгээчин уг хөрөнгийг үнэлэхдээ бодитоор очиж үзсэн, үнэлгээг зохих ёсоор хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

            Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв боловч “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 01097 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болох үнэлгээг хүчингүй болгож” гэж заасан нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж, дээрх ажиллагааны дагуу явагдаж буй бүх үнэлгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

            Иймд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Файн ЭстимэйтХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003318 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох агуулгаар анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын хувьд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаагүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2021/01029 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар “2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “Файн ЭстимэйтХХК-аас эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003318 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Залуучуудын гудамж 22, 101 дүгээр байрны 902 тоот хаягт байрлах 240 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүйд тооцсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ
 

        ШҮҮГЧИД                               Г.ДАВААДОРЖ


                                                С.ЭНХТӨР