Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 181/ШШ2021/01172

 

 

 

 

 

        2021         06         11  

                               181/ШШ2021/01172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: КББЭХА-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э ХХК /РД: 2823233/холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 2.167.544.809,89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч КББЭХА ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Д.Н, хариуцагч Э ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С  ХХК-ийн төлөөлөгч Т.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Э ХХК нь Капитал банктай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №03 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 500,000,000.00 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай Жижиг дунд бизнесийн зориулалтаар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 200,000,000.00 төгрөгийг жилийн 5.0 хувийн хүүтэй, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаатай Даацын уутны үйлдвэрлэлийн төслийн зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 800,000,000.00 төгрөгийг жилийн 9%-ийн хүүтэй, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээлийг бизнесийн зориулалтаар нийт 1,500,000,000.00 (Нэг тэрбум таван зуун сая) төгрөгийн зээлийг авсан.

Дээрх зээлүүдийн барьцаанд дараах хөрөнгүүдийг барьцаалуулсан. Үүнд:

1.Улсын бүртгэлийн Ү-2201017429 дугаартай, Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 992/10 тоот хаягт байршилтай, 9293.3 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө;

2.Нэгж талбарын 188028/0202,   18632309735339 дугаартай, Сонгинохайран дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 107849.0 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

3.Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэргийг барьцаалсан болно.

Зээлдэгч нь №03 дугаартай зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 100,238,590.80 төгрөг, зээлийн хүүнд 197,870,740.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 508,057.82 төгрөг, нийт 298,617,388.63 төгрөг, №25 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 22,861,398.01 төгрөг, зээлийн хүүнд 14,675,867.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,045.52 төгрөг, нийт 37,540,311.01 төгрөг, №54 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1,500,000.00 төгрөг, зээлийн хүүнд 37,282,191.78 төгрөг, нийт 38,782,191.78 төгрөгийг тус тус төлсөн.

КББЭХА аас зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж, төлбөрөө төлж барагдуулах тодорхой хугацаа өгсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээннй нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасныг үндэслэн Монголбанкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.№3 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 399.761.409,20 төгрөг, зээлийн хүүнд 377.743.592,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 60.790.595,27 төгрөг, нийт 838.295.597,21 төгрөгийг,

2.№25 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 177.138.601,99 төгрөг, зээлийн хүүнд 34.747.762,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3.711.920,89 төгрөг, нийт 215.598.285,28 төгрөгийг,

3.№54 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 798.500.000 төгрөг, зээлийн хүүнд 281.334.328,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33.750.098,63 төгрөг, нийт 1.113.584.427,40 төгрөгийг тус тус гаргуулахаар байх бөгөөд дээрх гурван зээлийн гэрээний үүрэгт 2,167,544,809.89 (Хоёр тэрбум нэг зуун жаран долоон сая таван зуун дөчин дөрвөн мянга найман зуун есөн төгрөг 89 мөнгө) төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулах,

№03, №25, №54 дугаартай Барьцааны гэрээнд бүртгэлтэй дараах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Үүнд:

1.Улсын бүртгэлийн Ү-2201017429 дугаартай, Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 992/10 тоот хаягт байршилтай, 9293.3 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

2.Нэгж талбарын 188028/0202,   18632309735339 дугаартай, Сонгинохайран

дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 107849.0 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар,

3.Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд байгаа болно гэв.

Хариуцагч Эс Эм конитейнер байг ХХК-ийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн үнийн дүн нийт 2,167,544,809.89 төгрөг гэж 2020 оны 9 сарын 25-ны өдрийн байдлаар тооцсон байна. Нэгэнт банкны тооцоолол учир 10, 20 төгрөг дутуу байна гэх ч юмуу юмыг хариуцагчийн зүгээс ярихгүй байгаа болно.

Гэхдээ би үйлчлүүлэгчийн хүсэл зоригоо төлөөлж ярьж байгааг ойлгоорой. Нэхэмжлэлд бичсэн 3 зээлийн гэрээнээс өөр 2014 оны 10 дугаар сарын 02-н өдрийн 102 дугаартай 800.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа юм.

 Энэ зээлийн гэрээ хэрхэн яаж төлөгдсөн талаар нотлох баримт шаардаж авсан. Энэ их сонин асуудал юм. Нотлох баримт судлахад судлуулаад явъя гэж бодож байна. Энэ дээр 2015 онд авсан 25 дугаартай 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Энэ зээлийн гэрээг шууд 2015 оны 04 сарын 30-ны өдөр аваад 2016 оны 10 сарын 28-ны өдөр авсан 800.000.000 төгрөгнөөсөө шууд 200.000.000 төгрөгийг төлчихсөн байгаа.

Дараа нь 2016 оны 04 сарын 19-ний өдөр 800.000.000 төгрөгийн зээлийн гэрээ тухайн үед бол мөнгийг авсан. Энэ зээлнээсээ 560.000.000 төгрөгөөр 2016 оны 800.000.000 төгрөгийг зээлийг хааж байгаа юм.

Ийм нөхцөл байдал үүссэн нотлох баримтууд нь хэрэгт байна. Үндсэндээ 200.000.000 төгрөг зээлээд зориулалтын дагуу ашигласан юм байхгүй. 25 дугаартай зээлийг зээлээр хаасан.

Одоо 25 дугаартай зээлийн гэрээнд үндсэн зээл 177,138,601.99 төгрөгийг нэхэмжилсэн үүнийг бол төлнө.

 Нэгэнт үндсэн зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй учир хүү, нэмэгдүүлсэн хүүний тухай асуудал яригдахгүй.Дараа нь 54 дугаартай зээлийн гэрээ үндсэн зээл 798,500,000.00 төгрөгөөс 560.000.000 төгрөгт бол ямар нэгэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй энэ нь 2016 оны 04 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулаад яг тэр өдрөө 560.000.000 төгрөг төлөөд 54 дугаартай зээлийн гэрээгээ хаасан.

Тэгэхээр бид үндсэн 240.000.000 төгрөгийг зориулалтын дагуу ашигласан. 54 дугаартай зээлийн гэрээнээс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 240.000.000 төгрөгийг хүүтэй нь тооцвол 2020 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл тооцсон 346.320.000 төгрөг болж байна.

Энэ нь 4 жил 332 хоногоор тооцсон. Ингээд 3 зээлийн гэрээний дагуу төлөх ёстой гээд үзхээр нийт 1,483,220,000.11 төгрөг болж байна

 Энэ дээр анхны авсан 500.000.000 төгрөгөөс үндсэн зээл, зээлийн хүү 377,000.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.000.000 төгрөг гэж байгаа эндээс багасгаж өгөөчээ .

 Бид нар энэ зээлээс 300.000.000 төгрөгийг төлсөн. Нөхцөл байдлыг харгалзаж үзээд үндсэн зээл 399.000.000 төгрөгийг төлье зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгөөч энэ бол шүүхийн эрх мэдлийн асуудал учраас бид нар 70-80 хувь барагдуулах саналтай байна. Нэхэмжлэгчийн саналыг бол ойлгож байна. Үнэхээр өндөр хүүтэй зээлийг бага хүүтэй зээлээр төлсөн гэж нэг төлөөлөгч хэлж байна. Нөгөө төлөөлөгч бол үгүй ээ депозит дансны хуулгаар харахаар бид нар орж ирсэн мөнгөнөөс нь авсан гэж байна.

Бид нар үүнийг зүгээр нэг зээл хаасан гэдэг асуудлаар яриад байгаа юм биш нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан юм бол энэ зээл зөвхөн зориулалтын дагуу л ашиглагдах учиртай. Нөгөө талаас хүү гэдэг бол зээлийг ашигласаны үнэ шүү дээ хуулинд заасны дагуу 560 сая, 200 сая төгрөгөөр зээлээ хаасан хүмүүс чинь энийг огт ашиглаагүй. Зээлийн хөрөнгө бол эргэлтэнд иргэний харилцаанд орж байж тодорхой хэмжээний ашиг олж үндсэн зээл хүүгээ төлдөг ийм учиртай юм.

 Депозит дансны хуулгаар энэ мөнгийг төлсөн нь харагдаж байгаа бол нотлох баримт хэрэгт байгаа.Зүгээр зээл хаасан гэж яриад байгаа юм биш. Энэ орон зай цаг хугацааны хувьд нотлох баримттай учир ийм ярьж байна

 Нэхэмжлэгчийн ярьсанаар бол манайх өөрсдийн саналаар зээлийн гэрээ, хүүг нь хаая гэж санал тавьсан гэж байна. 200 сая, 800 сая зээл бол жижиг дундын бага хүүтэй зээлүүд энэ зээлийг бид нар өөрсдөө хөөцөлдөөд материалаа өгөөд яамнаас олгож байсан зээл учир батлуулсан.

Тухайн үед капитал банкны эдийн засагч банк үнэхээр асуудалтай байна. Та нар энэ зээлийг авах гэж байгаа бол манай эх үүсвэрээр олгосон өндөр хүүтэй 800 сая төгрөгийн зээлийг хааж өг, тэгэх юм бол энэ зээлийг олгоно гэсэн. Банк бол өөрөө ийм шаардлага тавиад бид нар энэ зээлийг авсан. Тэгээд зээлээ хаалгаж байсан. 2014 онд авсан 800 сая төгрөгийн зээлийг 2015, 2016 онд нэг удаа 200 саяар, нэг удаа 560 сая төгрөгөөр эргүүлж хаасан нь тодорхой харагдаж байна.

Нэхэмжлэгч зээлдэгчийг орлогоороо төлж байсан гэдэг боловч Оюутолгой ХХК-аас нэг удаа 89 сая төгрөг орж ирсэн. Энэ зээл авсан хугацаа, зээлдэгчийн дансанд мөнгө нь орж ирсэн хугацаа,зээл төлсөн хугацаа яг таараад байгаа юм.

 Иймээс энэ зүйлийг нотлох баримтын эх сурвалж болгоод хэлээд байна. Капитал банкны зээлийн хянан шалгагч нарын хийсэн дүгнэлт хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч холбогдох журмуудыг зөрчсөн байна лээ гэж яриад байна. Хэдэн онд батлагдсан хэний ямар журмыг яаж зөрчсөн талаар тодорхой ярихгүй байна.

 Хэрвээ журам зөрчсөн асуудал гэж байгаа бол энэ зөрчлийг зогсоох засах эрх нь зээлдүүлэгчид байдаг. Гэтэл ийм зүйл хяналт шалгалт хийсэн баримтаас олж хараагүй. Энэ банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн төлбөр тооцооны тухай хуулийн 4 бүлэгт заасан зохицуулалтын дагуу маргаан шийдэх боломж байна гэж үзэж байна. Тэгэхээр иргэний хуульд заасны зээлийн хүү өндөр, зээлдэгчийг хохироож байгаа тохиолдолд тэрийг багасгах эрх нь шүүхэд байдаг. Хариуцгчийн зүгээс гаргаж байгаа хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Миний бие залуу хүний хувьд энэ зээлийг төлж барагдуулна. Гэхдээ өөрийнхөө ашигласан, хэрэглэсэн, үр шимээ өгсөн мөнгийг төлөх хүсэлтэй байна. Манайх 200 сая төгрөгийн болон 560 сая төгрөгийг үнэхээр ашиглаж чадаагүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх журамтай тэрнээс биш миний хүүг багасгах зээл биш. Манай анхны төсөл үйлдвэрлэлийн маягаар шалгарсан. Тэр зээлийг ашиглаж чадаагүй. 24 %-ийн хүүтэй өндөр хэмжээний зээлийг мөнгө төгрөггүй болоод авсан тул хүүг нь багасгаж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С  ХХК-ийн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан дээр маргах зүйл байхгүй байгаа юм байна.

Зээлийн гэрээний үндсэн зориулалт нь тухайн зээлийг аваад зориулалтаар ашиглаад, хөрөнгө оруулалт ч юмуу ямарваа нэг байдлаар эргэлдүүлээд бүрэн ашигласныг төлнө. Үндсэн зээлийг ашигласан бол  хүү төлөх зориулалттай зээл байгаа. Гэтэл хариуцагч тал нь тухайн зээлийг авсан боловч зах зээлд оруулж ашиглаагүй, шууд өр төлбөрөө хаасан байна. Өөрийн хөрөнгөө зээлийн барьцаанд тавьсан дээр тайлбар байхгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч КББЭХА  нь хариуцагч Э ХХКхолбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.167.544.809,89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Э ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Э ХХК нь Капитал банк ХХК-иас нийт 4 удаа зээл авсан байх бөгөөд зээл тус бүрээр нь тооцоолон бичвэл:

НЭГ: Нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Э ХХК нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 02ы өдөр №102 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 800.000.000 төгрөгийг жилийн 24%-ийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл  хугацаатай, жижиг дунд бизнесийн зориулалтаар, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

а. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 107849 м.кв талбайтай, 188028/0202, 18632309735339 нэгж талбарын дугаартай, №000305074 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар,

б. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 992/10 тоот хаягт байрлалтай 9293,3 м.кв талбайтай, Ү-2201017429 улсын бүртгэлийн дугаартай, №000170430 гэрчилдгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

в. Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэргийг барьцаалан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаартай барьцааны гэрээ байгуулан барьцаалбар үйлджээ. /1-р хх-ийн 149-160-р хуудас/

Дээрх Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч нь 800.000.000 төгрөгийг зээлдэгчийн данс руу шилжүүлж, зээлдэгч нь  2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр  хүлээсэн үүргийнхээ дагуу зээлийг бүрэн төлж 2014 оны 10 дугаар сарын 02ы өдөр №102 дугаартай Зээлийн гэрээ дуусгавар болсон болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 166-р хуудас/

ХОЁР: Нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Э ХХК нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15ы өдөр №3 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 500.000.000 төгрөгийг жилийн 24%-ийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл  хугацаатай, жижиг дунд бизнесийн зээлийн зориулалттай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

а. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 992/10 тоот хаягт байрлалтай 9293,3 м.кв талбайтай, Ү-2201017429 улсын бүртгэлийн дугаартай, №000170430 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

б. Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд,

в. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 107849 м.кв талбайтай, 188028/0202, 18632309735339 нэгж талбарын дугаартай, №000305074 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг барьцаалан №03 дугаартай барьцааны гэрээ байгуулжээ. /1-р хх-ийн 44-55-р хуудас/

2015 оны 01 дүгээр сарын 15ы өдөр №3 дугаартай Зээлийн гэрээний үндсэн зээл 399.761.409,20 төгрөг, зээлийн хүү 377.743.592,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.790.595,27 төгрөг, нийт 838.295.597,21 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар зохигч маргаагүй бөгөөд зээлдэгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна.

ГУРАВ: Нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Э ХХК нарын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 29ий өдөр №25 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 200.000.000 төгрөгийг жилийн 5%-ийн хүүтэй, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл  хугацаатай, Даацын уутны үйлдвэрлэлийн төслийн зориулалттай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

а. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 992/10 тоот хаягт байрлалтай 9293,3 м.кв талбайтай, Ү-2201017429 улсын бүртгэлийн дугаартай, №000170430 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

б. Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд,

в. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 107849 м.кв талбайтай, 188028/0202, 18632309735339 нэгж талбарын дугаартай, №000305074 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар зэргийг барьцаалан №25 дугаартай барьцааны гэрээ байгуулан барьцаалбар үйлджээ. /1-р хх-ийн 33-42-р хуудас/

Э ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 29ий өдрийн №25 дугаартай Зээлийн гэрээний дагуу 200.000.000 төгрөгийг Даацын уутны үйлдвэрлэлийн төслийн зориулалтаар, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр авсан боловч зээлдэгчийн Капитал банк дахь 2000009825 тоот төгрөгийн данснаас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200.000.000 төгрөгийг  2014 оны 10 дугаар сарын 02ы өдөр №102 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 135, 166-р хуудас/

Тодруулбал: Зээлдэгч Э ХХК  нь 2015 оны 4 дүгээр сарын 29ий өдрийн №25 дугаартай Зээлийн гэрээний дагуу авсан 200.000.000 төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, зээлдүүлэгч Капитал банк ХХК нь өмнөх №102 тоот зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шинээр зээл олгож буй талаар зээлдэгч урьдчилан мэдсэн гэж үзэх үндэслэлтэй боловч зээлдүүлэгч Капитал банк ХХК -ийг Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 6, 26 дугаар зүйлд заасан зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

ДӨРӨВ: Нэхэмжлэгч Капитал банк ХХК, хариуцагч Э ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28ы өдөр №54 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдаж 800.000.000 төгрөгийг жилийн 9%-ийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл  хугацаатай, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх төслийн зээлд эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон зээл авч зээлийн барьцаанд

а.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 107849 м.кв талбайтай, 188028/0202, 18632309735339 нэгж талбарын дугаартай, №000305074 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар,

б. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 992/10 тоот хаягт байрлалтай 9293,3 м.кв талбайтай, Ү-2201017429 улсын бүртгэлийн дугаартай, №000170430 гэрчилдгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

в. Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэргийг барьцаалан 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаартай барьцааны гэрээ байгуулан барьцаалбар үйлджээ. /1-р хх-ийн 16-25-р хуудас/

 Зээлдүүлэгч Капитал банк ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28ы өдрийн №54 дугаартай Зээлийн гэрээний дагуу 800.000.000 төгрөгийг зээлдэгчид 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр шилжүүлсэн боловч зээлдэгчийн Капитал банк дахь 2000009825 тоот төгрөгийн данснаас мөн өдөртөө буюу 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр 560.000.000 төгрөгийг  2014 оны 10 дугаар сарын 02ы өдөр №102 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 16-20, 136, 166-р хуудасны ар тал/

Хариуцагч /зээлдэгч/ Э ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 28ы өдрийн №54 дугаартай Зээлийн гэрээний дагуу 800.000.000 төгрөгнөөс  бид 560.000.000 төгрөгийг нь өмнөх №102 дугаартай зээлийг хаасан тул 560.000.000 төгрөгийг, үлдэх хэсэгт буюу 240.000.000 төгрөгийг түүнд ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлнө, өөрөөр хэлбэл уг зээлийг бид бүрэн хэмжээгээр зориулалтын дагуу ашиглаагүй гэж тайлбарлаж байна. 

Дээрх зээлийн гэрээнүүдээр Капитал банк ХХК нь №101 дугаартай гэрээгээр 800.000.000 төгрөгийг, 3 дугаартай гэрээгээр 500.000.000 төгрөгийг, №25 дугаартай гэрээгээр 200.000.000 төгрөгийг, №54 дугаартай гэрээгээр 800.000.000 төгрөгийг зээлдэгч Э ХХК-д тус тус шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх, үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээнүүд гэж үзнэ. /1-р хх-ийн 16-20, 33-37, 44-47, 149-152-р хуудас/

Талууд зээлийн дүн, эргэн төлөлтийн хуваарь, №3, №25, №54 дугаартай зээлийн гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Тодруулбал: зээлдүүлэгч Капитал банк ХХК нь зээлдэгч  Э ХХК-д №102, №3, №25, №54 дугаартай зээлийн гэрээний дагуу 4 удаа зээл олгохдоо №102 дугаартай зээлийн төлөлтийг бүрэн хийлгэхийн тулд №25 ,№54 дугаартай зээлийн гэрээний дагуу зээлийг олгож, №25 дугаартай зээл олгосон өдөр 200.000.000 төгрөгийг, №54 дугаартай зээл олгосон өдөр 560.000.000 төгрөгийг №102 дугаартай зээлийн данс руу шилжүүлэн уг зээлийг  дуусгавар болгож байгаа нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5.-д заасны дагуу 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А-193/228 дугаартай тушаалаар батлагдсан журмын 2.4.14-т “Банк нь төлбөр хариуцагч болон түүний холбогдох этгээдэд актив болон харгалзах хүүг нэмж актив олгох, эх үүсвэр байршуулах зэргээр төлүүлэхийг хориглохоор зохицуулсан”-ыг зөрчсөн боловч нэхэмжлэгч №25, №54 дугаартай зээлийн гэрээний хүчин төгөлдөр бус эсэхтэй маргаагүй болно.

Мөн дээрх зээлүүдийн барьцаанд тус бүрд нь ижилхэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №102 дугаартай Барьцааны гэрээ,  2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр №102-0 дугаартай Барьцааны гэрээ, 11-286280 дугаартай Барьцаалбар, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаартай Барьцааны гэрээ, 11-560198 дугаартай Барьцаалбар, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 дугаартай Барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №3 дугаартай Барьцааны гэрээ, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №3 дугаартай Барьцааны гэрээ байгуулсан талаар талууд маргаагүй болно. /1-р хх-ийн 21-25, 33-42, 48-55, 60-65,153-160-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр учир гэрээнүүдэд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Капитал банк ХХК нь зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул дээрх №102, 3, 25, 54 дугаартай  зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-ийн 27, 31, 32, 43, 59,-р хуудас/

Дээрх гэрээнүүдэд заасан үүргээ Капитал банк ХХК биелүүлсэн учир зээлдэгч нараас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

Зээлдэгч Э ХХК-нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон № 3, 25, 54 дугаартай гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгч гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авч, захиран зарцуулсан байна.

Зохигчид Зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-д Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж, 

24.3. Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан.

Банк, санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаатай, хүүтэй, эргүүлж төлөх нөхцөлтэй авахыг зээл гэж энгийнээр тодорхойлж болох юм.

Зээлийг тодорхой хугацаанд ашигласныхаа төлөө зээлдүүлэгчид төлж буй төлбөрийг зээлийн хүү гэнэ.

 Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөх төлбөрөө хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн зээлийн хүү дээр зээлийн хүүний тодорхой хувийг нэмж төлж буй хүү нь нэмэгдүүлсэн хүү юм.

Зээлдэгч Э ХХК-нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан №102 дугаартай зээлийн гэрээг хаахын тулд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 тоот зээлийн гэрээний дагуу 200.000.000 төгрөгийн зээлийг өгч, уг зээл зээлдэгчийн дансанд шилжсэн өдөрт нь №102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн, мөн №54 тоот зээлийн гэрээний дагуу 800.000.000 төгрөгийн зээлийг зээлдэгчид өгөх байснаас 560.000.000 төгрөгийг  зээлдэгчийн дансанд орсон өдөрт нь №102 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн тул зээлдэгч №25 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг,  №54 дугаартай зээлийн гэрээний дагуу олгогдсон  зээлийн 560.000.000 төгрөгийг бид зориулалтын дагуу ашиглаагүй тул түүнд ноогдох зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргаж байна.

 Хариуцагч /зээлдэгч/ 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 22.861.398,01 төгрөгийг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн тул үлдэх 177.138.601,99 төгрөгийг, №54 дугаартай зээлийн гэрээний дагуу зориулалтаар нь ашигласан 240.000.000 төгрөгийг хүү, алдангийн хамт төлнө гэж байгааг буруутгах үндэслэлгүй байна.  

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэвэл:

Хариуцагч /зээлдэгч/ Э ХХК- нь Талуудын хооронд байгуулагдсан

1.2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №3 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 399.761.409,20 төгрөг, хүү 377.743.592,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60.790.595,27 төгрөг нийт 838.295.597,21 төгрөгийг,

2.2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №25 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 177.138.601,99 төгрөгийг,

3. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №54 дугаартай зээлийн гэрээний дагуу өмнөх зээлэнд шилжүүлсэн 560.000.000 төгрөгийг, үндсэн зээл 240.000.000 төгрөг, хүү 95.631.768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19.126.354 төгрөгийг,

 /240.000.000 төгрөгийн 9% нь 21.600.000 төгрөг, 21.600.000: 365 хоног = 59.178 төгрөг, 21.600.000 төгрөг х 4 жил = 86.400.000 төгрөг, 59.178 төгрөг х 156 хоног = 9.231.768 төгрөг, 86.400.000 төгрөг+9.231.768 төгрөг = 95.631.768 төгрөг/

Нийт 1.930.192.321,20 төгрөг /838.295.597,21 төгрөг +177.138.601,99 төгрөг+ 560.000.000 төгрөг+ 240.000.000 төгрөг+ 95.631.768 төгрөг+19.126.354 төгрөг =1.930.192.321,20 төгрөг/-ийг нэхэмжлэгч КББЭХА ид төлөх үүрэгтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237.352.488,69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхдээ нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар баталгаажуулахдаа гаргаж буй төлбөр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахдаа өөрийн хүсэл зоригийн дагуу эд хөрөнгөөсөө /мөнгөнөөсөө/ гаргаж буй зардал тул гэрээний талууд гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учруулсан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

 Иймд нэхэмжлэгчийн нотариатын үйлчилгээнд төлсөн гэх 66.500 төгрөгийг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй.

            Зээлийн гэрээний талуудын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан №3 дугаартай Барьцааны гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулагдсан №25 дугаартай Барьцааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан №54 дугаартай барьцааны гэрээнүүд нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой бөгөөд барьцааны гэрээнүүдийг байгуулсан талаар болон түүний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй болно.

Мөн хариуцагч Э ХХК нь дээрх төлбөрийг сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасны дагуу Барьцааны гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөс хангуулах нь зүйтэй.

Иймд хариуцагч Э ХХК -иас 1.930.192.321,20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч КББЭХА ид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237.352.488,69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулах үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                               ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас 1.930.192.321,20 төгрөг /нэг тэр бум есөн зуун гучин сая нэг зуун ерөн хоёр мянга гурван зуун хорин нэгэн төгрөг, хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж, КББЭХА -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237.352.488,69 /хоёр зуун гучин  долоон сая гурван зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян найман төгрөг, жаран есөн мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 107849 м.кв талбайтай, 188028/0202, 18632309735339 нэгж талбарын дугаартай, №000305074 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар,

б. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 992/10 тоот хаягт байрлалтай 9293,3 м.кв талбайтай, Ү-2201017429 улсын бүртгэлийн дугаартай, №000170430 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга,

в. Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч КББЭХА  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9.808.912 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО