Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01386

 

 

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01386

 

 

К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01172 дугаар шийдвэртэй

К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сэргэн мандалт групп ХХК, Жем интернэшнл ХХК

Зээлийн гэрээний үүрэгт 2 167 544 809 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Б.Цогтгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бүтэмж, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Дэлгэрхүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Б.Цогтгэрэл нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э ХХК нь Ктай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №03 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 500 000 000 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай жижиг дунд бизнесийн зориулалтаар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 5.0 хувийн хүүтэй, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаатай даацын уутны үйлдвэрлэлийн төслийн зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 800 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатай жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээлийг бизнесийн зориулалтаар тус, тус зээлж, нийт 1 500 000 000 төгрөгийн зээлийг авсан. Дээрх зээлүүдийн барьцаанд дараах үл хөдлөх болон хөдлөх хөрөнгүүлийг барьцаалсан. Үүнд: Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 992/10 тоот хаягт байршилтай, 9293.3 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайран дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 107849.0 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэргийг барьцаалсан болно.

Зээлдэгч нь №03 дугаартай зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 100 238 590.80 төгрөг, зээлийн хүүнд 197 870 740.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 508 057.82 төгрөг, нийт 298 617 388.63 төгрөг, №25 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 22 861 398.01 төгрөг, зээлийн хүүнд 14 675 867.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 045.52 төгрөг, нийт 37 540 311.01 төгрөг, №54 дугаар зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлээс 1 500 000 төгрөг, зээлийн хүүнд 37 282 191.78 төгрөг, нийт 38 782 191.78 төгрөгийг тус, тус төлсөн. К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаас зээлдэгчид зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, шаардлагыг хүргүүлж, төлбөрөө төлж барагдуулах тодорхой хугацаа өгсөн боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт тус, тус зааснаар ...зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө... гэснийг үндэслэн Монгол банкнаас батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын дагуу гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцоолон бодож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

1.№3 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 399 761 409,20 төгрөг, зээлийн хүүнд 377 743 592,74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 60 790 595,27 төгрөг, нийт 838 295 597,21 төгрөгийг,

2.№25 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 177 138 601,99 төгрөг, зээлийн хүүнд 34 747 762,40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3 711 920,89 төгрөг, нийт 215 598 285,28 төгрөгийг,

3.№54 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлд 798 500 000 төгрөг, зээлийн хүүнд 281 334 328,77 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 33 750 098,63 төгрөг, нийт 1 113 584 427,40 төгрөгийг тус тус гаргуулахаар байх бөгөөд дээрх гурван зээлийн гэрээний үүрэгт 2 167 544 809.89 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулах, №03, №25, №54 дугаартай Барьцааны гэрээнд бүртгэлтэй үүргийн гүйцэтгэлийг Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 992/10 тоот хаягт байршилтай, 9293.3 м.кв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Сонгинохайран дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 107849.0 мкв талбайтай, үйлдвэрлэлийн зориулалттай эзэмших эрхтэй газар, компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээр хангуулж өгнө үү.

Хариуцагч Э ХХК-ийн төлөөлөгч Т.Бүтэмж, түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүн нийт 2 167 544 809.89 төгрөг гэж 2020 оны 9 сарын 25-ны өдрийн байдлаар тооцоолж гаргасан байна. Нэхэмжлэлд бичсэн 3 зээлийн гэрээнээс гадна 2014 оны 10 дугаар сарын 02-ний өдрийн 102 дугаартай 800 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. 2015 онд байгуулагдсан 25 тоот 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгаа. Уг зээлийн гэрээгээр зээлийн мөнгийг 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр авсан 800 000 000 төгрөгийн зээлээс 200 000 000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 800 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн үед зээлийн мөнгийг авсан. Уг зээлээс 560 000 000 төгрөгөөр нь 2016 онд авсан 800 000 000 төгрөгийн зээлийг хаасан бөгөөд энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Өөрөөр хэлбэл, 200 000 000 төгрөг зээлж авсан боловч уг зээлийг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй буюу өмнө нь авсан 25 дугаартай зээлийг хаасан. Нэхэмжлэгчийн зүгээс Одоо 25 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 177 138 601.99 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Дараа нь 54 дугаартай зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд үндсэн зээл 798 500 000 төгрөгөөс 560 000 000 төгрөгийн хувьд ямар нэгэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохгүй. Учир нь 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, тухайн өдрөө 560 000 000 төгрөг төлөөд, 54 дугаартай зээлийг хаасан. Тиймээс үндсэн зээлээс 240 000 000 төгрөгийг зориулалтын дагуу ашигласан гэж үзнэ. Түүнчлэн, 54 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаагаар 240 000 000 төгрөгийг хүүтэй нь тооцвол 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 346 320 000 төгрөг болж байна. Энэ нь 4 жил 332 хоногоор тооцсон тооцоолол юм. Улмаар нийт 3 зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх ёстой гэж үзвэл, нийт 1 483 220 000.11 төгрөг болж байна. Үүнээс анх авсан 500 000 000 төгрөгөөс үндсэн зээл, зээлийн хүү 377 000 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60 000 000 төгрөгийг тус, тус хасч өгнө үү. Бид энэ зээлээс 300 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Үндсэн зээл болох 399 000 000 төгрөгийг бид төлнө, харин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгнө үү. Хуульд заасны дагуу 560 000 000 төгрөг, 200 000 000 төгрөгөөр зээлээ хаасан тул огт ашиглаагүй. Депозит дансны хуулгаар энэ мөнгийг төлсөн нь харагдаж байгаа бөгөөд нотлох баримт хэрэгт байгаа. Хариуцагч нь 200 000 000 төгрөг болон 560 000 000 төгрөгийн зээлийг зээлийн зориулалтын дагуу үнэхээр ашиглаж чадаагүй. Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл нь жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тоног төхөөрөмж, ажлын байр нэмэгдүүлэх журамтай болохоос хариуцагчийн авсан зээлийн багасгах зээл биш. Манай анхны төсөл үйлдвэрлэлийн маягаар шалгарсан. Тухайн зээлийг ашиглаж чадаагүй. Бид 24 хувийн хүүтэй өндөр хэмжээний зээлийг мөнгөний боломжгүй болоод авсан тул хүүг нь багасгаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сэргэн мандалт групп ХХК-ийн төлөөлөгч Т.Бүтэмж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Жем-Интернэшнл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан дээр маргах зүйл байхгүй байгаа юм байна. Зээлийн гэрээний үндсэн зориулалт нь тухайн зээлийг аваад зориулалтаар ашиглаад, хөрөнгө оруулалт ч юмуу ямарваа нэг байдлаар эргэлдүүлээд бүрэн ашигласныг төлнө. Үндсэн зээлийг ашигласан бол хүү төлөх зориулалттай зээл байгаа. Гэтэл хариуцагч тал нь тухайн зээлийг авсан боловч зах зээлд оруулж ашиглаагүй, шууд өр төлбөрөө хаасан байна. Өөхийн хөрөнгөө зээлийн барьцаанд тавьсан дээр тайлбар байхгүй гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас 1 370 258 821.20 /нэг тэр бум гурван зуун далан сая хоёр зуун тавин найман мянга найман зуун хорин нэгэн төгрөг, хорин мөнгө/ төгрөгийг гаргуулж, К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 797 285 988.69 /долоон зуун ерөн долоон сая хоёр зуун наян таван мянга есөн зуун наян найман төгрөг, жаран есөн мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох а.Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай 107849 м.кв талбайтай, 188028/0202, 18632309735339 нэгж талбарын дугаартай, №000305074 гэрчилгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай газар, б. Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 992/10 тоот хаягт байрлалтай 9293,3 м.кв талбайтай, Ү-2201017429 улсын бүртгэлийн дугаартай, №000170430 гэрчилдгээний дугаартай, үйлдвэрлэлийн зориулалттай барилга, в. Компанийн эргэлтийн хөрөнгө, шуудайны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд зэргийн үнийн дүнгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9 808 912 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нараа, Б.Цогтгэрэл нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: К ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №03 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 500 000 000 төгрөгийг жилийн 24.0 хувийн хүүтэй, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаатай Жижиг дунд бизнесийн зориулалтаар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 5.0 хувийн хүүтэй, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаатай Даацын уутны үйлдвэрлэлийн төслийн зориулалтаар, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаар зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 800 000 000 төгрөгийг жилийн 9.0 хувийн хүүтэй, 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаатай Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээлийг бизнесийн зориулалтаар нийт 1 500 000 000 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч Э ХХК нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн жилийн 5.0-9,0 хувийн хүүтэй, зээлийн №25, 54 дугаар гэрээ байгуулахдаа талууд хүсэл зоригоо илэрхийлсэн, гэрээний гол нөхцлийг тохиролцож хийгдсэн бөгөөд зориулалтын дагуу ашиглаж өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдаж Оюутолгой ХХК-д бүтээгдэхүүнийг нийлүүлж, түүний төлбөр тухай бүр орж ирдэг байсан нь дипозит дансны хуулгаар нотлогдож байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төслийн зээлийг олгоход тухайн компанийн орлого, зарлага нь нийт зээлүүдийг төлөх хэмжээний орлоготой байх гэсэн шаардлагыг хангасан байх бөгөөд зээлдэгч Э ХХК нь тухайн зээл олгох үед Канд жилийн 24 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан зээлийн үлдэгдэлтэй байсан. Иймд зээлдэгчийн орлого 2014 оны №102, 2015 оны №25, мөн №03, № 54 дугаар зээлийн гэрээний үүргийг сар бүр төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөд хүрэлцэхгүй жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээлийг авах нөхцөлийг хангаж чадахгүй байсан тул №102 дугаар зээлийн үлдэгдлийг Э ХХК нь банктай харилцан тохиролцсон бөгөөд зээл хаах үед компанийн дансанд Оюутолгой ХХК-иас гүйлгээгээр төлбөр орж ирдэг байсан ба энэхүү төлбөрөөс зээлийг хаах хүрэлцэхүйц хэмжээний мөнгөн хөрөнгө байсан болно. Энэхүү үйлдэл нь №25, 54 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд Банк зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасны дагуу биелүүлснээр Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.3, 21 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, зохигчдын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 167 544 809.89 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Э ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ...2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №54 дугаартай зээлийн гэрээний дагуу 800 000 000 төгрөгөөс 560 000 000 төгрөгөөр өмнөх №102 дугаартай зээлийг хаасан тул үлдэх хэсэгт буюу 240 000 000 төгрөгт ногдох хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлнө, өөрөөр хэлбэл уг зээлийг бид бүрэн хэмжээгээр зориулалтын дагуу ашиглаагүй... гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №102 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 800 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар,

2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №3 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж 500 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатайгаар,

2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр №25 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж 200 000 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацаатайгаар,

2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр №54 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж 800 000 000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаатайгаар тус тус зээлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зохигчид зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлдүүлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Э ХХК 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №3 дугаартай зээлийн гэрээний үндсэн зээл 399 761 409.20 төгрөг, зээлийн хүү 377 743 592.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60 790 595.27 төгрөг, нийт 838 295 597.21 төгрөг төлөх үлдэгдэлтэй байгаагаа үгүйсгэж маргаагүй байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №3 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 399 761 409.20 төгрөг, хүү 377 743 592.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 60 790 595.27 төгрөг нийт 838 295 597.21 төгрөгийг, 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №25 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 177 138 601.99 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №54 дугаартай зээлийн гэрээний дагуу өмнөх зээлэнд шилжүүлсэн 560 000 000 төгрөгийг, үндсэн зээл 240 000 000 төгрөг, хүү 95 631 768 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 126 354 төгрөг бүгд 914 758 122 төгрөгийг тооцож гаргасан нь үндэслэлтэй болжээ.

Иймд хариуцагч Э ХХК -иас 1 930 192 321.20 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 237 352 488.69 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Э ХХК 1 930 192 321.20 төгрөгийг нэхэмжлэгч К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах-аар гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2021/01172 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО