| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 106/2020/0282/Э/ |
| Дугаар | 931 |
| Огноо | 2020-07-23 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 931
2020 7 23 2020/ДШМ/931
Л.Мад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн,
шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Ж.Оюунболд, Б.Дэлгэрнасан,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж шүүгч Ч.Отгонбаяр, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/441 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Мад холбогдох эрүүгийн 1905015760521 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Л-ын М, Улаанбаатар хотод төрсөн, , эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Сант Маргад” ХХК-ийн менежер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт суух хаягийн бүртгэлтэй, Сум дундын 21 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, /РД:
Л.М нь 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” нэртэй үсчний газар салаавч өгч эд зүйл эвдэж, гэмтээсэн гэх шалтгаанаар иргэн Н.Жийн цээжин тус газар нь цохиж, улмаар цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж чихэлдэлт болж амь насыг хохироосон буюу хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Мад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Мыг цагаатгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нийт 33 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар түүнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах “хязгаарлалт тогтоох“ таслан сэргийлэх арга хэмжээ, “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Л.Мад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мт оршуулгын зардалд тооцож 10,000,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг марьло, бор шаргал өнгийн ноосон цамц, хар цэнхэр өнгийн мак, цэнхэр өнгийн жинсэн өмд, бор өнгийн тэлээ, саарал өнгийн биеийн тамирын өмд, 1 хос саарал өнгийн пүүзэн гутал, хөх саарал эрээн ноосон хос оймс зэргийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хүү Н.Жийг өөрийн хамтран амьдрагч болох Б.Бийн амь насанд аюултай байдал үүсгэх гэж байхад нь Л.М аргагүй хамгаалалт хийж, дарж унаж, амь насыг нь хохироосон гэж дүгнэж үзэхдээ хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, шүүгдэгчийн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтанд нийцэхгүй байгааг анхаарч үзсэнгүй. ...Л.М, гэрч Б.Б, эргүүлийн цагдаа Б.Нямдорж, цагдаа жолооч Б.Ж нарын мэдүүлэгт хайч барьсан байсан, шалан дээр хайч байсан боловч хайчнууд дээр ул мөр байхгүй гэж хэргийн газрын үзлэгээр тогтоосныг шүүх анхаарч үзээгүй бөгөөд шүүгдэгчийн хайч барьж дайрсан гэсэн мэдүүлгийг үндэслэн аргагүй хамгаалалт хийж биеэ хамгаалсан гэж дүгнэсэнд гомдолтой байна. ...шүүх мэргэжлийн шинжээч эмч нарын дүгнэлтэд ач холбогдол өгч хэргийг үнэн зөвөөр шийдэхгүй байгаад гомдолтой байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад эмч Амартүвшингээс шүүгдэгчид ашигтай байдлаар асуулт тавьж дээрээс нь дарж унасны улмаас гэмтэл учирсан мэтээр шүүгч нарт буруу ойлголт өгсөн гэж үзэж байна.Хүнд зэргийн согтолттой байсан нь биеэ хамгаалж, эсэргүүцэл үзүүлэх, өөрийгөө бүрэн хянах чадваргүй байсныг шүүх мөн л харгалзан үзсэнгүй. Иймд талийгаачийн амь хохирсон үйлдэлд шүүгдэгчийн үйлдэл шууд хамааралтай бөгөөд амь насыг нь хохироосон гэм буруутай гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн нар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт амь хохирогчийг тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон гэрчийн амь нас, эрх чөлөөнд шууд халдсан, аргагүй хамгаалалт хэрэглэх шаардлага бүхий довтолгоо хийж байсныг тодорхойлсон нотлох баримт байхгүй. ...гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар хохирогчийн гарт хайч байсан, түүнийг шүүгдэгч булааж авсан гэх үйл баримт огт тогтоогдохгүй байх бөгөөд гарт нь байсан гэх хайчийг эд мөрийн баримтаар тооцсон, амь хохирогчийн гарт нь байсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг ямар ч баримт байхгүй байхад шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж гартаа хайч барьж шүүгдэгч рүү дайрсан, булааж аваад газарт унагааж хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор дээр нь гарч суусан гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ...” гэж, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй ...” гэж заасан. Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн газын үзлэг, шинжээчийн дүгнэлттэй огт тохирдоггүй. Амь хохирогчийн биед удаа дараагийн үйлчлэлээс олон тооны гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шүүгдэгч мэдүүлэгтээ амь хохирогчийг доошоо харж, дарж унасан гэж мэдүүлж байгаа боловч амь хохирогчид учирсан гэмтэл нь идэвхитэй олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, хүзүү хоолойг боох, ар нуруу, зүүн бөөр хэсгээр цохих, нудрах, дэвсэх зэрэг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх тул мэдүүлэг нь нотлогдохгүй хайч барьж дайрсны хариуд дарж унагасан гэх үйл баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн шүүхээс Л.Мыг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэхдээ амь хохирогчийн ямар идэвхитэй үйлдлээс болж хэнд бодит аюултай нөхцөл үүссэн байсан болох нь тодорхойгүй, үйл баримтыг нотолсон ямар ч баримт байхгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Гэрч Б.Бийн хувьд цоожтой хаалганы цаана болсон явдлыг хараагүй байх бөгөөд хайч барьж дайрсан, шүүгдэгч рүү довтолгоо хийсэн болохыг хараагүй байдаг. Мөн шүүгдэгч нь амь хохирогчийг хайч барьж дайрсны дараагаар дарж унагаасан гэх мэдүүлгийг өгдөг. Гэтэл нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байхыг шаарддаг. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэв халдлага бодитой хийгдээгүй бол энэ нөхцөлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Прокурор бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч Н.Жийн биед гадны хүчин зүйлийн нөлөөгөөр түүнд гэмтэл учирч цээжний битүү гэмтэл зүрхний булчин судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэлт болж нас барсан нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “дүгнэлтэд онцгой ач холбогдол нотлох баримт бүхий аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэх тухай үндэслэлийг заагаагүй бол” анхан шатны тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн ...шүүгдэгч Л.Мын бусдыг цохиж амь насыг хохироосон гэж яллах боломжгүй. Учир нь шинжээчийн дүгнэлтэд цохих, дэвсэх, өшиглөх зэрэг 3 механизмаас өөр бусад үйлдлээр амь хохирогчийн үхэлд хүргэсэн гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй байх ба шүүгдэгч Л.Мыг амь хохирогч Н.Жийг цохисон, зодолдсон гэж дүгнэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Шүүхийн уг дүгнэлт хэрэгт авагдсан үйл баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тодруулбал шинжээчийн дүгнэлтүүд, Л.Мын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар амь хохирогч, Л.М нарын хооронд “салаавч өгч, эд зүйл эвдэж” гэмтээсэн гэх шалтгаанаар харилцан хэрүүл маргаан үүсгэж, зодоон гарсан баримт авагдсан болно. Тодруулбал Л.М нь хохирогч Н.Ж нарын дунд хэрүүл маргаан үүсгэсний дараа, тэдгээр зууралдах ноцолдох, зодолдох явцдаа Л.М хохирогчийн эрүүл мэндэд хандаж, түүнд өвчүүний үелэх хэсгийн хугарал, зүүн шилбэний шарх, хүзүү мөчид, нурууны зулгаралт, цус хуралт, зүүн бөөрний хальсны цус хуралт, зүүн ховдлын булчингийн ханын задарсан шарх, цус хуралт, зүрхний зүүн чихний уушгины хураагуур судасны задрал, зүрх чихэлдэлт бүхий гэмтэл учруулж, хүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ. ... Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон яллах нотлох баримтыг ямар нотлох баримтуудаар хэрхэн үгүйсгэж байгаа эсэх тодорхой заагаагүй хууль зүйн үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх Л.Мыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж дүгнэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлын талаар зөвхөн шүүгдэгч Л.Мын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3, 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна. Тухайлбал хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогч Б.М, гэрч Б.Б, шинжээч Т.Амартүвшин, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 815, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 867 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан яллах нотлох баримтыг шүүх бусад баримтуудтай харьцуулан үнэлж, үндэслэлгүйгээр няцаан үгүйсгэх эсхүл шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй боловч бусдын эсрэг санаатай өдөөн хатгалт хийсний улмаас үүссэн таарамжгүй харьцааны явцад маргалдаж, улмаар харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдан довтолж санаатай гэмтэл учруулах амь насыг хохироосон нөхцөлд аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэхгүй бөгөөд бусдын амь насыг хохироосон буюу хүнийг алсан байхад аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн хүний үйлдэл санаатай өдөөн хатгалтын шинжийг агуулж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн эсэхийг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв. Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-1.8 дахь хэсэгт заасан хэсгийн ямар үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байгааг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч М.Цэнгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт амь хохирогчийг тухайн цаг хугацаанд шүүгдэгч болон гэрчийн амь нас, эрх чөлөөнд шууд халдсан, аргагүй хамгаалалт хэрэглэх шаардлага бүхий довтолгоо хийж байсныг тодорхойлсон нотлох баримт байхгүй. ...гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар хохирогчийн гарт хайч байсан, түүнийг шүүгдэгч булааж авсан гэх үйл баримт огт тогтоогдохгүй байх бөгөөд гарт нь байсан гэх хайчийг эд мөрийн баримтаар тооцсон, амь хохирогчийн гарт нь байсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг ямар ч баримт байхгүй байхад шүүх зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж гартаа хайч барьж шүүгдэгч рүү дайрсан, булааж аваад газарт унагааж хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор дээр нь гарч суусан гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй ...” гэж, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй ...” гэж заасан. Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэргийн газын үзлэг, шинжээчийн дүгнэлттэй огт тохирдоггүй. Амь хохирогчийн биед удаа дараагийн үйлчлэлээс олон тооны гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Шүүгдэгч мэдүүлэгтээ амь хохирогчийг доошоо харж, дарж унасан гэж мэдүүлж байгаа боловч амь хохирогчид учирсан гэмтэл нь идэвхитэй олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн, хүзүү хоолойг боох, ар нуруу, зүүн бөөр хэсгээр цохих, нудрах, дэвсэх зэрэг хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх тул мэдүүлэг нь нотлогдохгүй хайч барьж дайрсны хариуд дарж унагасан гэх үйл баримт байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн шүүхээс Л.Мыг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэхдээ амь хохирогчийн ямар идэвхитэй үйлдлээс болж хэнд бодит аюултай нөхцөл үүссэн байсан болох нь тодорхойгүй, үйл баримтыг нотолсон ямар ч баримт байхгүй байгаад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Гэрч Б.Бийн хувьд цоожтой хаалганы цаана болсон явлыг хараагүй байх бөгөдө хайч барьж дайрсан, шүүгдэгч рүү довтолгоо хийсэн болохыг хараагүй байдаг. Мөн шүүгдэгч нь амь хохирогчийг хайч барьж дайрсны дараагаар дарж унагаасан гэх мэдүүлгийг өгдөг. Гэтэл нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл хүч хэрэглэсэн довтолгоо эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байхыг шаарддаг. Түүнээс довтолгоон төгссөн хойно хийсэн хариу үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэв халдлага бодитой хийгдээгүй бол энэ нөхцөлийг аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мын өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинжээчийн 815, 967 дугаартай дүгнэлтүүдэд үхэлд хүргэсэн нөхцөлүүдийг заасан байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч эдгээр дүгнэлтүүдээс өөр буюу шүүх эмнэлгийн дүгнэлтийг үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн. Маш хүчтэй гадны нөлөөлөл байж зүрхэнд урагдал үүсэх боломжтой гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Б.Дэлгэрнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд давж заалдах гомдол болон эсэргүүцэлд дурдагдаж буй асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн, дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Цагаатгах тогтоолд дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул давж заалдах гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Л.М нь Эрүүгийн хуульд заасан ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шөнийн цагаар эмэгтэй хүн “амь нас, эрүүл мэндэд хохирол учирхана” гэсний дагуу хүнлэг сэтгэлээр хэрэг болсон эрсдэлтэй газарт очсон. Хохирогч урьд нь архи уугаад эхнэртээ агсам тавьдаг байсан. Эхнэр нь шөнөөр нууцаар ажил дээрээ хонодог байсан гэх нөхцөл байдал хавтас хэргийн материалд хангалттай авагдсан байна. Мөн прокуророос Жийн биед гадны хүчин зүйлийн нөлөөгөөр гэмтэл учирч нас барсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн. Гэхдээ тухайн үед ямар нөхцөл байдалтай байсан эсэхийг харгалзаж үзэх шаардлагатай байсан. Жишээлбэл: яллах дүгнэлт болон эсэргүүцэлд хохирогч, шүүгдэгч нарын хооронд салаавч өгч эд зүйл эвдэж, гэмтээсэн гэдэг шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, зодоон хийсэн гэх шинжтэй дүгнэлт хийсэн байна. Энэ дүгнэлт нь бодит байдалтай нийцэхгүй, хууль бус дүгнэлт болсон. Үүнийг үндэслэн яллах гэж байгаа нь үндэслэлгүй байна. Л.Мыг үсчиний газарт очиход тухайн газрын 3 хаалга эвдэрсэн, нэг хаалгыг нь арамаар нь салгасан, цонхыг нь хагалсан, үсчин доторх эд зүйлсийг нь эвдсэний улмаас гар, эд зүйл, хувцас нь цусанд будагдсан байсан. Энэ явцад өөрийнх нь биед гэмтэл, шарх, сорви үүсэх боломжтой байсныг прокурор анхаарч дүгнэлт хийлгүй Л.М цохиж гэмтэл учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад талийгаач 40 удаа залгаж түүнээс 14 удаад нь ярилцсан байсан. Мөн Б нь Л.М руу хэдхэн секундийн зайтай залгаж тусламж хүсэж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнчлэн Л.М нь 102 дугаарт залгаж цагдаагийн байгууллагын тусламжийг хүсэж байсан болох нь тогтоогдсон. Л.М тухайн үед хүнлэг сэтгэл гаргаж очоогүй байсан бол ямар нөхцөл үүсэх боломжтой байсныг анхаарч үзэх шаардлагатай. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч Ж.Оюунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 441 дүгээр цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цагаас эхлэн шинжээчийн дүгнэлтийн “унах, хана руу шахаж түлхэх, цохих үед үүсэх боломжтой” гэх хэсгийн “цохих” гэдгийг нь сонгож хэрэглэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Бидний зүгээс “прокурор яллах болон цагаатгах талыг аль алийг нь тогтоох ёстой учраас үүнд дүгнэлт хийгээч” гэж хүсэлт гаргаж байсан. Прокурорын дүгнэж байгаачлан цохисон болохыг харсан гэрч, камерын бичлэг байхгүй. Ийм нөхцөлд яаж дүгнэлт хийгээд байгаа нь тодорхойгүй. Шүүгдэгч Л.М анхнаасаа дарж унасан болохоо тогтвортой мэдүүлж ирсэн. Мөн хайч байсан, байгаагүй талаар яригддаг. Гэтэл хайч байсан талаар шүүгдэгч мэдүүлдэг. Үүний дараа мөрдөгч болон прокурор 1-2 хоногийн дараа хэргийн газарт давтан үзлэг хийхдээ дээр байсан хайчнуудыг гэдэг. Гэтэл яг хэргийн газрын үзлэгээр буюу хавтас хэргийн 10 дахь талд авагдсан голын зурган дээр талийгаачийн дээд талд хайчны үзүүр хэсэг гарсан байсан. Хэргийн материалтай танилцахаас өмнө өмгөөлөгч, прокурорт “хайчийг олооч” гэх хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Энэ нь мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан маш том алдаа байсан. Хохирогчид маш олон тооны гэмтэл үүссэн байсан. Хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс унахад энэ гэмтэл үүсэхгүй гэдэг. Тэгэхээр эдгээр гэмтлүүд хэзээ, хаана үүссэн бэ гэдэг тодорхойгүй. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн явсан маршрутыг тогтоолгох хүсэлт гаргасан. Хохирогч оройн 22 цагаас хойш 00 цаг 30 цагийн хооронд 2 цаг 30 минут хаана, юу хийж явсныг нь тогтоогоогүй. Хохирогч тухайн хугацаанд юу хийж явсан, өөр хүмүүстэй уулзаж, муудалцсан зүйл байна уу гэдгийг тогтоолгохоор удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөн хаалга, цонх эвдэлж байхдаа хохирогч өөртөө тухайн гэмтлүүдийг учруулах боломжтой. Шинжээчийн 815 дугаартай дүгнэлт хамгийн анх гарсан. Энэ дүгнэлттэй холбоотой 4 дүгээр сарын 26-ны өдөр шинжээч эмч Амартүвшингээс мэдүүлэг авсан. Шинжээч эмч Амартүвшин мэдүүлэхдээ “тухайн гэмтэл унах, шахаж түлхэх, цохих үед үүсэх боломжтой” гэсэн. Гэтэл хохирогчийн өмгөөлөгч нарын зүгээс ийм дүгнэлт гараагүй байхад шүүгдэгч талаас нөлөөлсөн гэх зэрэг зүйл ярьсан. Хэрэв Л.М хохирогчид гэмтэл учруулсан гэж үзвэл бусад байдлаар дүгнэлт хийх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтээр Л.Мын бие болон өмсөж явсан хувцаснаас талийгаачийн цус, эд эс, биологийн ул мөр олдоогүй. Мөн тухайн үед өмсөж байсан хувцсанд үзлэг хийхэд ямар нэгэн байдлаар ноцолдож зодолдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
Цагаатгагсан этгээд Л.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би тухайн өдөр 00 цагийн үед гэртээ амарч байсан. Гэтэл эмэгтэй хүн харанхуй шөнөөр тусламж гуйж залгаад байхаар нь би очсон юм. Очиж байх замдаа цагдаагийн байгууллагад 2 удаа дуудлага өгсөн. Үүдэнд нь очоод согтуу хүн юм эвдээд байгаа юм чинь гэж бодоод орохгүй зогсож байсан юм. Гэтэл гэрч Б залгаад “ахаа 00-ын өрөөний хаалга эвдэлж орж ирэх гээд байна” гэсэн. Намайг дотогш ороход үүдний хаалганаас авахуулаад бүх зүйлийг эвдчихсэн байсан. Тэгээд би “хэрүүлээ гэртээ очиж хий” гэхэд талийгаач над руу “хоёулаа үзэх юм уу” гээд дайрсан. Тэгэхээр нь би “зүгээр бай. Би чамтай үзэхгүй. Цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлээд байж байтал намайг цохих гээд нэг гар ороод ирсэн юм. Гэхдээ намайг оноогүй. Би хойшоо нэг алхаад ардаас нь тэвэрч аваад дараад унасан. Тэгэхэд талийгаачийн эхнэр Б 00-ын өрөөнөөс гарч ирсэн. Тэгээд би “чи цагдаа дуудсан юм уу” гэтэл “дуудаагүй” гэхээр нь би дахин цагдаагийн байгууллага руу залгасан. Намайг анх ороход буюу гэрч Бийг 00-ын өрөөнд орчихсон байхад богино имжээрийн төмрөөр 00-ын өрөөний хаалгыг маш олон удаа цохисон, тэр хавиар цус нь үсэрсэн байсан. Прокурор намайг хохирогчийн цээжин тус газарт цохисон гэдэг. Гэтэл намайг шаардлага тавих үед цохих гэхээр нь би араас тэврээд дараад унасан юм. Дарж унасан гэдгээ би мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн зөвшөөрч байсан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Мыг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 24 дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Ариг” нэртэй үсчний газар салаавч өгч эд зүйл эвдэж, гэмтээсэн гэх шалтгаанаар иргэн Н.Жийн цээжин тус газар нь цохиж, улмаар цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж чихэлдэлт болж амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Л.М нь Н.Ж руу чиглэсэн, түүний амь бие, эрүүл мэндэд халдах санаатай үйлдэл хийгээгүй гэж үзэн анхан шатны шүүх Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Хэрэгт авагдсан Л.Мын яллагдагчаар өгсөн “... шөнө 00 цагийн үед 88-тай дугаараас надруу залгасан. ...”та хүрээд ирээч, манай нөхөр ажил дээр ирээд агсан тавиад намайг алах гээд хаалга нүдээд байна. Би бие засах өрөөнд дотроос нь цоожлоод байж байна. Та хүрээд ирээчээ” гэсэн. ...тэгээд удалгүй “та яасан бэ” гэсэн. Би гэрээсээ гарч байна гэсэн. Дахиад 00 цаг 40 минутад над руу залгахад “би гэрээсээ гараад очиж байна” гэж хэлсэн. Б надаас тусламж гуйж 4 удаа залгасан. Бт туслах гэж гэрээсээ гараад явж байхдаа 102 руу дуудлага өгсөн. Тэгээд хэргийн газар манай гэрээс 600 метр зайтай алхаад очтол цагдаа нар ирээгүй байсан. Гадна талын хаалганы шил хагарсан, дотор талын хаалганы рам нь салсан байдалтай байсан. Тэгээд би цагдаа дуудсан болохоор цагдаа нар иртэл хүлээж байя гэж бодоод гадаа нь тамхи татаад зогсож байхад дахиад Б над руу тусламж гуйж залгаад байхаар нь дотогш орсон. Тэгээд би ороод “юу болж байна аа, та нар гэртээ очиж хэрүүл, зодооноо хийгээч ээ, энэ чинь муу ч сайн ч үсчингийн газар шүү дээ” гэсэн чинь талийгаач над руу “чи юу юм бэ, хоёулаа үзэх үү” гээд салаавч гаргаад дайраад байсан. ...намайг цохих гэхээр нь би нэг алхаад хойшилсон. Гэтэл түүний баруун гарт хайч байсан. Би түүнээс өөрийгөө хамгаалж, түүнийг аюулгүй болгохын тулд түүний баруун гарыг биед нь нааж дараад унасан. Би талийгаачийг босгохгүй гээд дээрээс нь дарсан байсан. Тэгээд Б бие засах өрөөнөөс гараад ирсэн. “яасан бэ, ахаа” гэхээр нь “дөнгөж сая миний гарыг хайчаар зүсчихлээ” гэсэн. ...” /1хх 192-193/,
гэрч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн“... Ажил дээр байхад манай хүн согтуу утсаар ярьсан. Талийгаач ажил дээр ирэх байх гэж мэдээд гаднаасаа хүнээр хаалгаа түгжүүлсэн. Гэтэл гаднаас хаалга түжигнэх чимээ сонсогдсон. Тэгээд надад хэн туслах бол гээд надад хамгийн ойр дуудах хүн нь Л.М байсан тул би түүн рүү юу ч бодолгүй ажлынхаа хүний нөхрөөс туслаач гээд тусламж гуйсан. Шүүгдэгчтэй утсаар ярихад бие засах өрөөнд орж хаалгыг дотроос нь түгжээд шүүгдэгч рүү мэссэж бичсэн. Удалгүй М гаднаас орж ирж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд Мыг ирсэн байна даа гэж бодоод бие засах өрөөний хаалгыг дотроос нь онгойлгоод гараад ирсэн. Намайг бие засах өрөөнөөс гарч ирэхэд М талийгаачийн 2 хөл дээр суугаад 2 гарыг нь алдалсан байдалтай байсан. ... хайч зүүн гарын хажуу талд нь газар шалан дээр байсан. ...” /3хх 75-77/,
шинжээч эмч Т.Амартүвшингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... цээжний хэсэгт хүчтэй дарж унах, цээжийг хүчтэй хана руу шахах, цохилт гэсэн гурван механизмын аль аль нь үхэлд хүргэх боломжтой гэсэн үг. Жингийн хувьд дарж унахад энэ гэмтэл үүсэх боломжтой. Цээжний хэсэгт хатуу гадаргуутай зүйлээр хүчтэй дарж унахад цээжний хэсэг, зүрхэн дээр дарж унахад цээжний, зүрхний цусны даралтын нөлөө, шахуурга эсэргүүцэл үзүүлсэн тохиолдолд зүрх, зүрхний хана бүхэлдээ хагарах боломжтой. ... мохоо зүйлийн үйлчлэлийн үед биеийн жингээр л хүчтэй дарж шахах хүчний үйлчлэлээс болж зүрх бүхэлдээ хагарах боломжтой. Талийгаачийн 2 дугаар хавирганы өвчүү ясны зөрүүний хугаралтай байсан. Тэр хэсэгт хүчтэй цохих ч юм уу, хатуу биет дээр унах тохиолдолд тэр түвшинд хугарах боломжтой. Өвчүү ясны хугарал болон зүрх хагарсан даралт нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Өвчүү ясны хугарал үүсгээд цаашаа зүрхний гэмтлийг үүсгэх боломжтой. Биеийн бүх талбай дээр дарахад бүх судасны даралтыг ихэсгэж байгаа. Зүрхэнд цусны эргэлт явагдаж байдаг. Зүрх бол өөрөө шахуургын эрхтэн тул тэнд байгаа цусны эргэлтийг нэмэгдүүлэхэд үйлчлэл нь судасны ханыг гэмтээсэн. Гол нь зүрхэндээ бүх цусны эргэлт явагдаж байхад түүн дээр хүчтэй даралт өгсөн учир гэмтэл учирсан. ...” /3хх 77-78/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-18/, амь хохирогч Н.Ж, гэрч Б.Б, цагаатгагдсан этгээд Л.М нарын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-38/ зэргээр Л.М нь өөрт болон Б.Бт бодитой аюул учрах эрсдэл бий болох тэр цаг хугацаанд амь хохирогч Н.Жийг дарж унасан хэргийн үйл баримт тогтоогджээ.
Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.
Л.М нь Н.Жийн амь насанд хохирол учруулах болсон шалтгаан нөхцөл нь түүний үйлдлийг Эрүүгийн хуульд заасан өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэж үзэхэд хангалттай үндэслэл болж байна.
Хавтаст хэрэг цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар амь хохирогч Н.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр Б.Бийг “ална“ гэж айлган сүрдүүлж, улмаар түүний ажлын байр болох “Ариг” үсчингийн газрын хаалгыг эвдлэн орж, эд зүйлийг эвдэж гэмтээн, Б.Бийн тусламж гуйн дуудсан Л.М руу хайч барин дайрч, улмаар шүүгдэгч Л.М нь Н.Жийн үйлдлийг таслан зогсоох зорилгоор түүний дээрээс даран унаж, цээжний битүү гэмтэл зүрхний булчин, судасны задралын улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж чихэлдэлт болж амь насыг хохироосон үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Эрүүгийн эрх зүйд аргагүй хамгаалалтын хүрээ хязгаарыг илүү өргөн хүрээнд авч үзэж, халдагч этгээдийн зөвхөн тулгарсан довтолгооноос гадна үргэлжилсэн довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хэрэглэх боломжийг зөвшөөрсөн. Халдагч этгээдийн зүгээс халдлага, довтолгоо хийгдэх нь энгийн ухамсрын хүрээнд ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогдоно.
Өөрөөр хэлбэл үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.
Н.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Мын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, түүнийг цохих гэсэн үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа довтолгоо юм.
Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өөрийн амь нас, эрүүл мэндийг хууль бус халдлагаас хамгаалж довтлогч этгээдийн амь насанд хохирол учруулсан Л.Мын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.
Иймд Л.Мын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гарцаагүй ирсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс буюу өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Н.Жийн довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн нарын гаргасан гомдол болон прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 441 дугаартай дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн нарын гаргасан гомдол болон прокурор Н.Анхбаярын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ