Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01228

 

 

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01228

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Я.Г-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л ХХК,

Хариуцагч: Э ХХК 

Хариуцагч: Х ХХК-д тус тус холбогдох,

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л ХХК-иас гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Л ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Н.Баярхүү, нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа:

Нэхэмжлэгч Я.Г нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Эфрейм гэйт констракшин ХХК /хариуцагч компанийн туслан гүйцэтгэгч/ -тай 13/005 тоот Бетон зуурмаг худапдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулж, Л ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон авахаар тохиролцож Эфрейм гэйт констракшин ХХК -д холбогдох тооцоог хийж дуусгасан.

Ингээд гэрээний төлбөр, тооцоо дууссан тул тус байрыг нэхэмжлэгч надад хүлээлгэн өгч, Л ХХК нь захиалгын гэрээ хийхийг зөвшөөрсөн албан тоот бичгийг өгч, байрны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.

Түүнчлэн нэхэмжлэгч Я.Г нь өөрийн зардлаар сантехникийн болон цахилгаан хэрэгслийг худалдан авч яаравчлан суурилуулан 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тохиролцсон хугацаандаа тус байрандаа нүүн орсон.

Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний 4.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь нийт 320 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, зуурмагийн төлбөртөө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Их тойруу, Легаси апартмент байрны 2 давхрын 01 тоот, 44,35 м.кв бүхий байрыг 1 м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 87,900,000 төгрөгөөр үнэлэн авахаар, түүнчлэн 320 м.куб бетон зуурмагийн үнийг 1 м.куб-ын үнийг 158,000 төгрөгөөр тооцон нийт 50,560,000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн гэж тооцон суутгаж /87,900,000-50,560,000=37,340,000/ 37,340,000 төгрөгийн бэлэн мөнгөөр төлөхөөр тус тус тохиролцсон.

Ингээд Захиалагч тал болох иргэн Я.Г дээрх гэрээний 4.1 -д заасны дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэнээр энэхүү гэрээний 4.1-д заасан үүргийнхээ дагуу Л ХХК байрны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, Эфрейм гэйт констракшин ХХК төлбөр тооцоо бүрэн дууссан тул Л ХХК -тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай баримтыг Л ХХК -д өгсөн. Тэгээд гэрээ хийсэн, уг гэрээг хуулийн зөвлөх Гантулга нь гарын үсэг зуруулчихаад өгнө гээд авч яваадп буцааж өгөөгүй юмаа.

Ийнхүү нүүж орсноос хойш тогтмол СӨХ-ийн төлбөрийг төлж ирсэн. Гэтэл өмчлөх эрхийг батапгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргаж өгөх үүргээ Л ХХК нь биелүүлэхгүй захиалагчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Энэ асуудлаас болж иргэн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, хөлслөх, барьцаалах гэх мэт иргэний хуулиар олгогдсон захиран зарцуулах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй 5 жилийн хугацаа өнгөрлөө.

Байрны гэрчилгээ гарахгүй болохоор бид удаа дараа шаардсаны эцэст Л ХХК-ийн хуулийн зөвлөх нь 2014 оны 3 дугаар сарын 15-ний өдөр дуудан захиалгын гэрээгээ ирж хий гэсэн. Нэхэмжлэгч анхнаасаа хүргэн ах Цагаанбаатарын нэр дээр байрны ордерыг гаргуулж зарахаар тохиролцон захиалгын гэрээг хийн Эфрейм гэйт констракшин ХХК төлбөр тооцоо бүрэн дууссан тул Л ХХК -тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай баримтын хамт өгч, гэрээний 1 хувийг авъя гэхэд захирлаараа гарын үсэг зуруулаад өгье гээд өнөөдрийг хүртэл өгөөгүйгээр барахгүй гэрчилгээг авахаар олон удаа уулзахаар оролдсон ч олж чадаагүй. Захирал Б.Мөнхболдтой багшийн дээдийн арын арктаар ороод байдаг байсан байранд сүүлийн удаа таарч хэлэхэд бид ямар ч байсан гаргаж өгнө өө, та манай хуулийн зөвлөхтэй холбоотой байгаарай гэж хэлсэн ч утсаар холбогдоход гаргаж өгнө гэх мэтээр хариуг удаа дараа өгч, сүүлийн үед уулзах оффис, байршил нь тодорхойгүй болж, утсаа авахгүй байгаа бөгөөд бидний итгэл алдарч байна.

Я.Г үлдэгдэл мөнгөө төлөхөөр Дархан дахв байраа хүртэл зарж бүх мөнгөө төлчихсөн, 2013 оноос хойш 8 жилийн турш уг байранд амьдарч гэрчилгээгээ гаргуулахаар явж байна.

Захиалагч удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ гүйцэтгэхгүй өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул зайлшгүй өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үүсээд байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие болон Легаси ХХК захирал Б.Мөнхболдтой очиж уулзсан. Тухайн үед UB MART гэх оффисын 301 тоотод уулзаж байсан, энэ уулзалтаар Б.Мөнхболд нь Х ХХК болон Эфрэйм гэйт констракшн ХХК руу гэрчилгээ гаргуулж өгнө үү гэсэн 2014 оны албан бичиг өгч байсныг нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид эвлэрлийн гэрээг байгуулсан боловч тус гэрээнд Б.Б  гарын үсэг зураагүй ч гэсэн хариуцагч Л ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, тамга тэмдэгээ дарсан нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Иймд тухайн орон сууц захиалагчийн эрх зүйн байдал дордож болзошгүй байдал бий болоод байгааг харгалзан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Л ХХК шүүхэд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л ХХК нь 2013 онд Сүхбаатар дүүргийн 8 дугаар xopoo, 11 дүгээр хороололд тус нэхэмжлэлд дурдсан орон сууцыг барьж ашиглалтад хүлээлгэн өгсөн.

Уг орон сууцны барилгыг барихдаа иргэн Я. Гүндээ гэх хүнтэй ямар нэгэн Орон сууц худалдах, худалдан авах, эсхүл Орон сууцны захиалгын гэрээ зэрэг бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй.

Мөн уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа Эфрейм гэйт констракшн ХХК-тай Л ХХК нь хамтран ажиллах тухай ямар ч гэрээ байгуулагдаж байгаагүй болно.

Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гэрээ нь Я.Г болон Эфрейм гэйт констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ байна. Энэ нь зөвхөн уг гэрээг байгуулсан 2 талын эрх ашгийг хөндсөн зүйл бөгөөд үүнд манай Компанийн хувьд ямар нэгэн оролцоогүй, талуудын эрх ашгийг хөндсөн зүйл огт байхгүй юм.

Эфрейм гэйт констракшн ХХК-иас Л ХХК нь ямар нэгэн бетон зуурмаг авч байгаагүй, мөн тус компанийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж байсан ямар ч тохиолдол байхгүй.

Уг барилга баригдаад Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаагүй байхад бол уг барилгыг бариулсан Л ХХК нь тухайн орон сууцанд хэн гэдэг хүн амьдарч байгаагаас үл хамааран уг орон сууцны ашиглалтын зардлыг нэхэмжлэн авдаг байсан. Энэ нэхэмжлэлд ямар нэгэн хүний нэр заагаагүй байгааг болохыг, үүнээс хойш Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсаны дараа Сууц өмчлөгчдийн холбоо өөрийн нэрээр гаргасан нэхэмжлэлд Ч. Буяндэлгэр гэж хүн дурдагдаж байна гэсэн тайлбарыг өгч байсан.

Шүүхэд дуудагдсаны дараа гуравдагч этгээд Б.Б ын эрх ашгийг бодоод нэхэмжлэгч талтай эвлэрлийн гэрээг байгуулаад хариуцагч, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн аль алины эрх ашгийг хөндөхгүйгээр харилцан тохирох талаар ярилцсан.

Манай Л ХХК-ийн захирал нь гуравдагч этгээд Б.Б той харилцан тохиролцоод нэхээд байгаа мөнгийг өгөх боломжтой байгаа гэсэн. Гэхдээ Ковид-19 халдварт өвчний улмаас компанийн ажил зогсонги байдалтай байгаа учираас шууд 50, 60 сая төгрөг бэлэн гаргаад өгчихөж чадахгүй учраас хугацаа шаардлагатай байгаа юм. Манай захирал Б.Мөнхболд, Б.Б  нар хоорондоо хувь чатаар тохиролцохдоо 60 сая төгрөг гэж ярьсан гэж байсан. Гэтэл шүүх хурал дээр 115 сая төгрөгийн авлагатай гэж ярьж байна. Энэ асуудлыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэх бодолтой байна.

Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу тус орон сууцыг өмчлөх эрхийг өгөхгүй гэсэн зүйл байхгүй. Иргэн Б.Б ын эрх ашгийг хөндөхгүйгээр тус орон сууцыг шилжүүлэхээр хичээж байгаа. Манай Л ХХК нь одоогоор үйл ажиллагаа явуулахгүй зогсонги байдалд байгаа учир гуравдагч этгээдийн нэхэмжилж буй мөнгөн дүнг бэлэн мөнгөөр гаргаж өгөх боломжгүй байгаа тул тодорхой хугацаа өгнө үү гэж хүсэж байна гэв

 

Хариуцагч Эфрэйм гэйт констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анх 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Эфрэйм гэйт констракшн ХХК-тай иргэн Я.Г гийн зүгээс Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулагдсан байгаа юм.

Л ХХК, Я.Г нар харилцан тохиролцоод Я.Г гэдэг хүн тухайн байранд орсон юм билээ. Гэхдээ захиалгын гэрээ хийгдээгүй боловч тухайн байрыг хүлээгээд авчихсан байсан.

Өмнөх шүүх хуралдаан дээр Л ХХК-ийн захирал Б.Мөнхболд ирж тайлбар хэлэхдээ Л ХХК болон манай Х ХХК нарын хоорондын төлбөр тооцооны асуудал байгаа юм.

Энэ асуудлыг шийдэж чадахгүйгээс болоод нэхэмжлэгч Я.Г гийн эрх ашиг зөрчигдөж байгаа юм байна, төлбөр тооцоотой холбоотойгоор мөнгө хэрэгтэй болсон тул гуравдагч этгээд Б.Б оос мөнгө зээлж тухайн байрыг зээлийн баталгаа болгон шилжүүлсэн нь үнэн тул нэхэмжлэгчийн ярьж буй зүйлс бодит юм.

Хуульд заасан нөхцөл шаардлагуудыг харахад улсын бүртгэлийн гэрчилгээг харахаар Б,Болорын эрх ашиг зөрчигдөж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.Б  улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулаагүй байсан бол энэ орон сууц нь 100% Я.Г гийн эд хөрөнгө болж байгаа юм.

Энэ талаар захирлууд бүгд мэдэж байгаа. Хариуцагч Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэлийн гэрээ байгуулъя гэсэн зүйл ярьж байгаа юм. Гол асуудал нь л энэ юм. Тэрнээс биш Эфрэйм гэйт констракшн ХХК нь энэ хэрэг маргаанд ямар ч хамааралгүй болно. Хамгийн гол нь Л ХХК болон Х ХХК нарын үл ойлголцлоос болоод иргэн Я.Г гийн эрх ашиг зөрчигдөж, мөн Б.Б  нь Л ХХК-д мөнгө зээлүүлээд түүнийхээ оронд тухайн орон сууцыг авсан ийм ээдрээтэй асуудал гараад байгаа юм гэв. 

Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Л ХХК нь надад өр зээлийн авлагтай байсан. Улмаар үлдэгдэл төлбөр болох 115,000,000 төгрөгийн оронд тухайн нэхэмжлэлд дурдаад буй орон сууцыг шилжүүлж өгсөн бөгөөд тус орон сууцны өмчлөгч нь миний бие юмаа. Үл хөдлөх элд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулдаг ба эд хөрөнгийн өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн тул тухай орон сууцны өмчлөл хууль ёсны гэж үзэж байна.

Анх хэлэхдээ мөнгөө төлж дуусгачихаад тухайн орон сууцыг буцаан авна гэж хэлсэн боловч ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь саатан хүлээгдээд байгаа юм.

Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн орон сууц нь авлагыг баталгаажуулж байгаа хөрөнгө учраас тухайн орон сууцны гэрчилгээг шилжүүлэх боломжгүй. Легаси ХХК нь миний өр төлбөрийг төлж барагдуулна хугацаа өгөөч гэж хэлсэн боловч одоог хүртэл төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч Л ХХК, Эфрэйм гэйт констракшн ХХКХ ХХК ХХК-иудад холбогдуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот орон сууцны өмчлөх эрхийг Л ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр хариуцагч Эфрэйм гэйт констракшн ХХК-тай байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ний дагуу 50,560,000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн, үлдэгдэл 37,340,000 төгрөгийн бэлэн мөнгөөр төлсөн гэх баримтад үндэслэж байгаа болно. /1 дүгээр х.х-ийн 6-11, 113-119 -р хуудас/

Хариуцагч Л ХХК нь Я.Г гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрнө, гэхдээ гуравдагч этгээд Б.Б т өгөх өглөгтөө уг байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Б ын нэр дээр гарган өгсөн болохоор боломжгүй болоод байгаа тул хугацаа хэрэгтэй байна гэсэн тайлбарыг өгч байна.

 

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэнэ.

Хариуцагч Л ХХК болон Я.Г нарын хооронд орон сууц худалдах худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Я.Г 1 м.кв-ыг нь 2,000,000 төгрөгөөр тооцон нийт 87,900,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, Я.Г Эфрэйм гэйт констракшн ХХК-тай байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ний дагуу 50,560,000 төгрөгний үнэ бүхий бетон зуурмагийг Эфрэйм гэйт констракшн ХХК нийлүүлж, үлдэгдэл 37,340,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч Я.Г , хариуцагч Л ХХК, Эфрэйм гэйт констракшн ХХК, Х ХХК нар маргаагүй болно. /1-р хх-ийн 6-11,20-22, 113-119, 184, 201-204, 209-211, 216, 221, 222, 224, 2-р хх-ийн 4,5- хуудас/

Нэхэмжлэгч Я.Г хариуцагч Эфрэйм гэйт констракшн ХХК нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ-ний 4.1.-д боловч Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 2 давхрын А-2 байрны үнэ болох 87.900.000 төгрөнөөс бетон зуурмагны үнэд 50.560.000 төгрөгийг тооцон суутгах, үлдэх 37.340.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлөхөөр тохиролцсон агуулга болон нэхэмжлэгч Я.Г , хариуцагч Л ХХК, Эфрэйм гэйт констракшн ХХК-ийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Я.Г , хариуцагч Л ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.4-т Төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилнэ гэж заасан.

Иймд нэхэмжлэгч Я.Г , хариуцагч Л ХХК нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргахгүй байгаа болно.

Я.Г орон сууцны төлбөрт 50.560.000 төгрөгийн зуурмагийг Л ХХК-тай тохиролцсоны дагуу Эфрэйм гэйт констракшн ХХК-д нийлүүлсэн үлдэх 37.340.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн гэж тайлбарлаж байх ба үүнийг хариуцагч Л ХХК, Эфрэйм гэйт констракшн ХХК, Х ХХК нар баримтаар үгүйсгээгүй. /1 дүгээр х.х-ийн 6-11 тал/

Я.Г нь хариуцагч Л ХХК-иас гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л ХХК-иас гаргуулахаар шаардаж байгаа хэдий ч энэ хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч нь шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хүсвэл нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Улсын бүртгэлийн ерөнхий газраас нотлох баримт гаргуулсан болно. /1 дүгээр х.х-ийн 182-184,186, 196,197-р хуудас/

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргээс үзэхэд

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот хаягт байршилтай 44,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Б улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн, бүртгэл хүчинтэй болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцогддог байна.

Уг зохицуулалтын дагуу Б.Б  нь улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэх ба нэхэмжлэгч нь Улсын бүртгэлийн байгууллагад гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот хаягт байршилтай 44,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л ХХК-иас гаргуулах тухай Я.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Я.Г нь өөрт хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нэхэмжилж болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9.,77.10.-д заасан журмын дагуу хариуцагч Х ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин буй хаягыг нь тогтоож шүүхэд албадан ирүүлэн нэхэмжлэлийн нэг хувийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гардуулан, түүнд эрх үүргийг нь тайлбарлан өгч, мөн хуулийн 77.1, 77.5-т заасан журмын дагуу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид, түүний утсаар нь мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэрх шалтгааангүйгээр хүрэлцэн ирээгүй, тэрээр нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Х ХХК-ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /1 дүгээр хх-ийн 201-207, 209-211,224,244, 2 дугаар х.х-ийн 3-р хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот хаягт байршилтай 44,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л ХХК-иас гаргуулах тухай Я.Г гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Г-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601.450 /зургаан зуун нэг мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО