Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01406

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01406

 

 

Я.Г-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01228 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Г-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л Г- ХХК, Э К- ХХК, Х Ц- ХХК-иудад холбогдох Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоотод байрлах 44,35 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л Г- ХХК-аас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Т.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Г- нь 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Эфрейм гэйт констракшин ХХК-тай 13/005 дугаар бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулж, Л Г- ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг төлбөрт тооцон авахаар тохиролцож Э К- ХХК-д холбогдох тооцоог хийж дуусгасан. Л Г- ХХК нь захиалгын гэрээ хийхийг зөвшөөрсөн албан тоот бичгийг өгч орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн. Я.Г- нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууцандаа нүүж орсон. Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээний 4.1-д заасны дагуу нийт 320 м.куб бетон зуурмагийг нийлүүлж, зуурмагийн төлбөрт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын Их тойруу, Легаси апартмент байрны 2 давхрын 01 тоот, 44,35 м.кв орон сууцыг 1 м.кв-ын үнийг 2 000 000 төгрөгөөр тооцон нийт 87 900 000 төгрөгөөр авахаар, түүнчлэн, 320 м.куб бетон зуурмагийн үнийг 1 м.куб-ын үнийг 158 000 төгрөгөөр тооцон нийт 50 560 000 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлж, 37 340 000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Я.Г- дээрх гэрээний 4.1-д заасны дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Гэтэл өмчлөх эрхийг батапгаажуулж улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээ гаргаж өгөх үүргээ Л Г- ХХК нь биелүүлэхгүй захиалагчийн өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна. Орон сууцны гэрчилгээ гаргуулахаар шаардахад 2014 оны 3 дугаар сарын 15-ний өдөр Л Г- ХХК-ийн хуулийн зөвлөх нь захиалгын гэрээ байгуул гэсэн. Я.Г- орон сууцны гэрчилгээг н.Цагаанбаатарын нэр дээр гаргуулахаар захиалгын гэрээг байгуулж Э К- ХХК төлбөр тооцоо бүрэн дууссан тул Л Г- ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн тухай баримтын хамт өгч, гэрээний 1 хувийг авъя гэхэд захирлаар гарын үсэг зуруулаад өгье гэсэн боловч өгөөгүй. Иймд Я.Г-г Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот, 44,35 м.кв бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л Г- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л Г- ХХК нь 2013 онд уг орон сууцыг барьж ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн. Я.Г- орон сууц худалдах, худалдан авах, эсхүл орон сууцны захиалгын гэрээг манай компанитай байгуулаагүй. Мөн Э К- ХХК-тай Л Г- ХХК нь хамтран ажиллаагүй. Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлтийн гэрээ нь Я.Г- болон Эфрэймгэйт констракшн ХХК-ийн хооронд байгуулагдсан. Энэ нь зөвхөн уг гэрээг байгуулсан 2 талын эрх ашгийг хөндсөн зүйл бөгөөд үүнд манай компанийн ямар нэгэн оролцоогүй. Эфрейм гэйт констракшн ХХК-аас Л Г- ХХК нь ямар нэгэн бетон зуурмаг авч байгаагүй, мөн тус компанийг туслан гүйцэтгэгчээр авч ажиллуулж байгаагүй.

Л Г- ХХК-ийн захирал гуравдагч этгээд Б.Б-той харилцан тохиролцвол нэхэмжилж байгаа төлбөрийг өгөх боломжтой. Гэхдээ Ковид-19 халдварт өвчний улмаас компанийн ажил зогсонги байдалтай байгаа учраас шууд бэлэн өгч чадахгүй учраас хугацаа шаардлагатай байна. Гэтэл шүүх хуралд 115 000 000 төгрөгийн авлагатай гэж ярьж байна. Энэ асуудлыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүйгээр шийдэх нь зүйтэй гэжээ.

Хариуцагч Э К- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э К- ХХК 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Я.Г-тэй бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ байгуулсан. Л Г- ХХК, Я.Г- нар харилцан тохиролцоод орон сууцад Я.Г- орсон. Захиалгын гэрээ хийгдээгүй боловч тухайн орон сууцыг авсан. Энэ асуудлыг шийдэж чадахгүйгээс болоод Я.Г-гийн эрх ашиг зөрчигдөж байна. Б.Б-оос мөнгөн хөрөнгө зээлж тухайн орон сууцыг зээлийн баталгаа болгон шилжүүлсэн. Б.Б-ын эрх ашиг зөрчигдөж байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Б-ын нэр дээр гаргуулаагүй байсан бол уг орон сууц нь Я.Г-гийн эд хөрөнгө болох байсан. Э К- ХХК нь энэ хэрэг маргаанд хамааралгүй. Л Г- ХХК болон Х Ц- ХХК-ийн үл ойлголцлоос болоод Я.Г-гийн эрх ашиг зөрчигдөж байна гэжээ.

Гуравдагч этгээд Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л Г- ХХК-аас авлагатай байсан. Улмаар үлдэгдэл төлбөр 115 000 000 төгрөгийн төлбөрт уг орон сууцыг шилжүүлж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулдаг ба орон сууцны өмчлөл хууль ёсны гэж үзэж байна. Орон сууц нь авлагыг баталгаажуулж байгаа хөрөнгө учраас тухайн орон сууцны гэрчилгээг шилжүүлэх боломжгүй. Л Г- ХХК-д төлбөр төлөх хугацаа өгсөн боловч төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дүгээр байрны 01 тоот хаягт байршилтай 44,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л Г- ХХК-аас гаргуулах тухай Я.Г-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Г-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 601 450 /зургаан зуун нэг мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх Я.Г- болон Л Г- ХХК-ийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 34 дугаар байрны 1 тоот, 44,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах, худадан авах гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн гэж дүгнэсэн. Гэхдээ энэхүү гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан хэдий ч гуравдагч этгээд Б.Б- нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Б.Б-ыг өмчлөгчөөр бүртгэснийг үнэн зөв гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн байна.

Миний бие маргаан бүхий орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш эзэмшиж байгаа бөгөөд өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалаа хариуцагчаас шаардсан боловч өгөөгүй. Б.Б- нь 2015 онд уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Миний бие Э К- ХХК-тай 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бетон зуурмаг худадах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээг байгуулж төлбөр тооцоог барагдуулсан тул өмчлөх эрх түрүүлж үүссэн. Б.Б- 2015 онд өмчлөгчөөр бүртгүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Шүүх энэ үйл баримтын талаар дүгнээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Я.Г- нь хариуцагч Л Г- ХХК, Эфрем гэйт констракшн ХХК, Х Ц- ХХК-иудад холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 34 дүгээр байрны 01 тоотод байрлах, 44,35 м.кв орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л Г- ХХК-аас гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Я.Г- болон Эфремгэйт констракшн ХХК-ийн хооронд 2013 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бетон зуурмаг, худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаж, энэхүү гэрээгээр нийлүүлэгч Я.Г- нь 320 м.куб М:250 маркийн бетон зуурмагийг нийлүүлэх, орон сууцны зөрүү төлбөр 37 340 000 төгрөгийг төлөх, захиалагч Эфремгэйт констракшн ХХК нь бетон зуурмагийн үнэд Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу-34, Легаси апартмент байрны 2 давхрын А-2 орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. /1хав-6-7х/

Нэхэмжлэгч Я.Г- нь дээрх гэрээний дагуу хариуцагч Эфремгэйт констракшн ХХК-д бетон зуурмагийг нийлүүлж, орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон, харин өмчлөх эрхийн шилжүүлэн өгөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Их тойруу гудамж 34 байр, 1 тоот, 44,35 м.кв талбай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Б- бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогджээ. /1хав-197-х/

Б.Б- нь маргааны зүйл болох орон сууцыг Л Г- ХХК-аас авах төлбөрт тооцож авсан тул өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй гэж маргасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэлийн талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй боловч шүүх дээрх тодорхой бус үйл баримтын талаар талуудаас тодруулан, мэтгэлцүүлэх замаар хэргийн үйл баримтыг тогтоох учиртай. Ийнхүү тодруулах байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд Эфремгэйт констракшн ХХК болон Л Г- ХХК-ийн хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, маргааны зүйл болсон орон сууц Л Г- ХХК-аас Эфремгэйт констракшн ХХК-д хэрхэн шилжсэн үйл баримтыг тодруулах нь талуудын хооронд үүссэн маргаантай харилцааны талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд Б.Б- тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн эрхийн бүртгэл хүчинтэй байхад нэхэмжлэгч Я.Г- орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг Л Г- ХХК-аас гаргуулах шаардлага гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах шаардлагатай. Учир нь нэхэмжлэгч өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан, эсхүл өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан, эсхүл хохирол шаардсан эсэхийг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэх боломжгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хооронд үүссэн маргаанд дүгнэлт хийх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/01228 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 601 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Д.БАЙГАЛМАА