Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2021/01296

 

 

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 181/ШШ2021/01296

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М УТҮГ -т холбогдох

2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот тушаал2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 34.433.962 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлгч П.Баяр, түүний өмгөөлөгч Д.М, гэрч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие З.З нь М сангийн Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын албан тушаалд 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/010 дугаартай тушаалаар томилогдсоноосоо хойш ажил алба, байгууллагадаа эдийн болон эдийн бус бодит хохирол учруулсан, бусдын эрх ашгийг хохироосон хууль бус үйлдэл гаргаж, сахилгын зөрчил гаргасан асуудал огт байхгүй.

Гэтэл гүйцэтгэх Захирал Э.Содонтогос нь хувийн зан байдал, албан тушаалын давуу байдлаа урвуугаар ашиглан, үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан Т/003 дугаар тушаалыг үйлдсэн байна. Сахилгын шийтгэл ногдуулсан Т/003 дугаартай тушаалд хөдөлмөрийн гэрээний 8.1.1, 8.1.4., Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2. болон Ёс зүйн дүрмийн 15.2-т тус тус заасныг зөрчсөн гэжээ.

Уг тушаалын хавсралтад зөрчил гаргасан огноо, зөрчлийн агуулга, зөрчсөн баримт бичгийн нэр холбогдох зүйл, заалтуудыг хүснэгтлэн харуулжээ. Нэхэмжлэгч нь тушаалыг гардан авч, эдгээртэй танилцаад, бүхэлд нь эс зөвшөөрч шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл З.З нь энэ тушаалын хавсралтад дурдсан зөрчлийг гаргаагүй, бөгөөд гаргаагүй үйлдлүүдийг гаргасан мэтээр жагсаан бичиж, арга хэмжээ авах үндэслэлтэй хэмээн үзэж буй нь Золзаяа миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн шийдвэр юм.

Гүйцэтгэх захирал Э.Содонтогос нь З.З намайг өөрийн эрхээр байлгах, өөрийнхөө таашаалд нийцүүлэх гэж байнгын элдэв дарамтанд байлгадаг. Тухайлбал 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр болсон байгууллагын хурлын үеэр Содонтогос нь Золзаяа руу ямар ч үндэслэлгүй буруутган дайрч, хамт олны өмнө гутаан доромжилж, ёс бус үгс ашиглан хараан загнасны улмаас Золзаяагийн эрүүл мэнд муудаж, ажил дээрээсээ шууд эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэх хүртэл тохиолдол гарч байсан.

Удирдах албан тушаалтан нь өөрийн удирдлагадаа ажиллаж буй ажилтныг ажил албаны шаардлагаар өөрийн саналыг илэрхийлж, тайлбар хийсэн, өөрийн ажиллах орчин нөхцлийн талаар хууль ёсны шаардлага тавьсны төлөө түүнийг ажлын алдаа дутагдал гаргасан, удирдлагын өмнө хүлцэнгүй дуулгавартай байсангүй гэх мэт үндэслэл болгон байгууллагын эрх ашиг, сонирхлыг хөндсөн мэт журам, гэрээний үндэслэлүүдийг тушаалд дурдсан атлаа эдгээр зөрчлийг гаргасныг нотолсон баримтгүйгээр өөрийн хүсэлд нийцүүлж, ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Тиймээс М гийн гүйцэтгэх захирал Э.Содонтогосын үйлдсэн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 дугаартай сануулах арга хэмжээ авсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийг анх 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тус шүүхэд анх гаргасан.

Дээрх шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй байхад буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч нь Б/001 дугаартай тушаалаар З.З намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан.

Дээрх Б/001 дугаартай тушаал нь

1. Монгол Улсын их хурлаас 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталсан Мянганы сорилтын компакт гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт ...Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд заасны дагуу Хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, 3.2 дахь хэсэгт а) Засгийн газар нь Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үндсэн үүрэг хүлээнэ гэж тус тус заасны дагуу Засгийн газрын хүлээж буй үүрэг хариуцлага биелэгдэхгүй, зөрчил бий болоход хүргэсэн;

2.2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол Улсын Засгийн газар болон Мянганы Сорилтын Корпорациар төлөөлүүлэн Америкийн Нэгдсэн Улс хооронд байгуулсан Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9(c)(vii) болон 2.9(d) хэсэгт зааснаар, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорациас урьдчилж бичгээр зөвшөөрөл авсан байх тусгай шаардлагыг санаатайгаар зөрчсөн;

3. ММСС УТҮГ-ын Дүрмийн 4.3(d) дахь хэсэгт ...ажлаас чөлөөлөхийн өмнө АНУ-ын Мянганы сорилтын корпорациас зөвшөөрөл авч батлуулна гэж заасныг тус тус зөрчсөн.

Монгол улсын эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах эрхэм зорилгоор АНУ-ын ард түмний буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй онцгой чухал хөтөлбөр арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэх өндөр хариуцлагатай чиг үүргийг хүлээсэн ММСС УТҮГ-ын гүйцэтгэх захирлын дээрх хууль, журмыг зөрчсөн хууль бус шийдвэр нь Мянганы сорилтын компакт гэрээний 1.1. дэх хэсэгт заасан сайн засаглалын зарчим, үнэт зүйлийг илтэд алдагдуулахуйц, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний биелэлтийг хууль, эрх зүйн маргаантай байдалд оруулж, үүгээрээ Монгол улсын хүн амын эрүүл мэнд, эдийн засгийн өсөлтөд чухал ач холбогдолтой хөтөлбөр арга хзмжээ амжилттай хэрэгжих нөхцлийг эрсдэлд оруулахуйц, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмаар тогтоосон шаардлага, нөхцлийг үл биелүүлэн, гагцхүү өөрийн эрх ямба, дур зорго, хувийн ашиг сонирхолд хөтлөгдөж, удирдах албан тушаалд томилогдсон байдалдаа хэт эрдэж бардсан хувийн зан байдал, сэтгэл хөдлөлөө албаны чиг үүрэгтэй хутгасан ёс зүйгүй энэ үйлдэл нь АНУ-ын ард түмний төлөөлөл, тэдгээрийн дуу хоолой, хууль ёсны шаардлагыг илтэд үл хүндэтгэн хөсөр орхигдуулсан, гуравдагч хөрштэй харилцах сайн харилцаанд сэв суулгах эрсдэлтэй байна.

Бие муудаж эмчилгээ хийлгэж байх үед ч гэсэн дарамталсан имэйл илгээж байсан. 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хурал болсон, энэ хуралд Америкийн талын орологч захирал, П.Баяр, Э.Содонтогос, С.Зоригт нар оролцсон, хурал дээр Э.Содонтогос авилга, хээл хахуультай холбоотой имэйл өгсөн байсан үүүнийгээ нотол, Энхгэрэл захирлыг шан харамж нэхсэн гэдгийгээ нотол, үгүй бол Энхтунгалагийн хөдөлмөрийн гэрэг цуцаллаа гэж дарамталсан.

Энэ үйл явдлын дараа надад сахилгын шийтгэл ногдуулсаныг би эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүний дараа бүр их дарамт ирсэн. Намайг ажлаас халах зорилгоор хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Дараа нь 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр намайг ажлаас халсан.

Намайг ажлаас халсан тушаалд дурдсан сахилгын зөрчлүүдийг давтан гаргасан гэж байгааг би зөвшөөрөхгүй, Хүний нөөцийн бодлогын баримт бичгийг өөрсдөө зөрчсөн. Би хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажиллаж байсан, намайг нууц зөрчсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдөө миний хувийн имэйлд үзлэг хийсэн байсан, сахилгын зөрчил давтан гаргасан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, субьектив хандлага гаргасан байна нэж үзэж байна. Захирах, захирагдах ёс эвдсэн гэж байна, тийм зүйл гаргаж байгаагүй, Баяр өөрөө хүртэл надад гүйцэтгэх захирал чамайг их загнах юм гэж хэлж байсан.

Намайг ажилд орохдоо худал бичиг баримт бүрдүүлж байсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй би бүх баримтаа өгч бүгдийг үнэн зөв мэдүүлсэн байгаа, энэ талаар Алексээс ирсэн имэйлд тодорхой бичсэн байгаа, нэг сая долларын Канадын төслийн ажилд намайг буруутгасан байсан, би бүгдийг танилцуулдаг, 2020 оны 8 дугаар сард аудит ороод сайн гэсэн дүгнэлт гарч байсан. Намайг давхар ажил эрхэлж байсан гэдэг нь худал, 2020 оны 6, 7 дугаар сард ШУТИС-д ажиллаагүй, ажилтныг ажлаас чөлөөлөхдөө ММСК-аас зөвшөөрөл авах ёстой байдаг.

Хөдөлмөрийн дотоод журам-Хүний нөөцийн бодлогын баримт бичгийн 4.4. дүгээр хэсэг дээр 2 тал харилцан зөвшөөрсөн стандарт хөдөлмөрийн гэрээний загварт ямар нэгэн нэмэлт өөрчлөлт оруулахаар бол АНУ-ын Мянганы сорилтын корпораци болон удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, урьдчилсан зөвшөөрөл авч батлуулсан байх ёстой байдаг. ММСС өөрөө өөрийнхөө Хөдөлмөрийн дотоод журам-Хүний нөөцийн бодлогын баримтад заасан гүйцэтгэлийн менежментийн журмаа зөрчсөн.

Энэ баримт бичигт сахилгын зөрчлийг хэрхэн шийдвэрлэх талаар тодорхой заасан байгаа бөгөөд гүйцэтгэх захирал жил бүр тушаал гарган 5 хүний бүрэлдэхүүнтэй санал гомдол хүлээн авч хянах байнгын хороог томилох бөгөөд тэрхүү хорооны гишүүдээс баримт нотолгоо цуглуулах, санал гомдол, сахилгын зөрчил зэрэгтэй холбоотой бусад хороо, дэд хороог тухай бүр бүрдүүлж ажиллана.

Байгууллагын удирдлагыг төлөөлөн захиргааны асуудал хариуцсан захирал, ажилтнуудын төлөөлөлтэй хамтран нэр дэвшигчдийн жагсаалтын гаргах ба түүнээс гүйцэтгэх захирал 5 гишүүнийг сонгож, нэг гишүүнийг даргаар сонгоно. Хороог жил бүр шинэчлэн байгуулахдаа хуучин гишүүдээс дор хаяж 2 хүнийг улираан сонгоно гэх мэт маш нарийн зааж өгсөн байхад уг журамд заасныг зөрчсөн бөгөөд Т/003 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа дээрх журмыг баримтлаагүй. Хөдөлмөрийн дотоод журмын 15.1-д сахилгын арга хэмжээ нь тодорхой ойлгомжтой, цагаа олсон, шударга бөгөөд үл ялгаварласан, сайтар баримтжуулсан, нууцлалыг хангасан зарчимд суурилсан байна гээд тодорхой заасныг зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар сахилгын зөрчлийг давтан гаргасан зүйл байхгүй, ажил олгогчийн хэлээд байгаа зөрчлүүд гэх зүйл нь тогтоогдохгүй байна. Золзаяад тухай бүр нь танилцуулаагүй бөгөөд тайлбар өгөх боломжийг олгоогүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлж байгаа тохиолдолд мөн хуулийн 40.2.-т заасны дагуу 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй байдаг.

Хөдөлмөрийн дотоод журамд сахилгын зөрчлийг хянах санал гомдлын хороо байгуулагдаж түүгээр хэлэлцээд ярилцлага авах гэх мэт ажиллагаа хийж, санал гомдлыг хянах хороогоор орно гэх мэт маш нарийн зааж өгсөн байхад тийм зүйл огт болоогүй, ажилтан өрөө өөрийгөө өмөөрөөд хэлсэн үг дээр нь арга хэмжээ авсан. Сахилгын зөрчил удаа дараа гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа нь баримтаар тогтоогдоогүй байна.

Тиймээс З.З би өөрийгөө ажлаас хууль бусаар чөлөөлөгдсөн гэж үзэж байгаа тул хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн Т/003 болон Б/001 дугаартай тушаалуудыг хүчингүй болгож, ММСС-ийн Нийгэм, жендерийн асуудал хариуцсан захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 34.433.962 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М нь АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ийн зүгээс манай улсад үзүүлж буй 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засгийн газрын нэрийн өмнөөс ажиллаж буй хараат бус, бие даасан, төсөл хэрэгжүүлэгч байгууллага юм.

М гийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг, Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Ажилтны буруутай үйлдэл, зөрчлийн ноцтой байдал, үр дагавраас хамааран гүйцэтгэх захирал ажилтанд сахилгын шийтгэл оноож болно гэж зааснаар ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах нь гүйцэтгэх захирлын бүрэн эрхийн асуудал юм.

Монголын МСС нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс иргэн З.Зтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, Монголын МСС-ийн Нийгэм, жендэрийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын албан тушаалд авч ажиллуулсан.

Ажилтан З.Згийн гаргасан дараах зөрчлүүд холбогдох баримтаар тогтоогдсон тул Монголын МСС-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот тушаалаар сахилгын сануулах арга хэмжээг авсан нь бүрэн үндэслэлтэй. Үүнд:

1.Ажилтан З.З нь Хөдөлмөрийн гэрээний 2.1-т А Хавсралтад заасан ажил үүргийг үнэнч шударга, шаргуу байдлаар, мэргэжлийн болон ёс зүйн хамгийн өндөр хэм хэмжээнд нийцүүлэн, цаг хугацаанд нь гүйцэтгэх бөгөөд ингэхдээ өөрийн мэргэшлийн чадавхын хүрээнд Монголын МСС-ийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж буюу Монголын МСС-аас зааварласны дагуу ажиплана гэж, 2.2-т Ажлын цаг, хүч чармайлтаа бүхэлд нь Монголын МСС-ийн ажил хэрэг, үйл ажиллагаанд зориулна... гэх үүргийг тус тус хүлээсэн.

Гэтэл З.З нь энэхүү үүргээ удаа дараа огоорч, зөрчиж ирсэн нь түүний олон үйлдэл, эс үйлдлээр нотлогддог. Тухайлбал, 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эхлэх судалгаанд шаардлагатай 100 ширхэг гap утасны нэгжний худалдан авалтыг 2020 оны 3 дугаар улирлын захиргааны худалдан авалтын төлөвлөгөөнд нэмж тусгах хүсэлтийг цагийг нь тулган 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэлд ирүүлсэн.

Зохих бэлтгэлийг урьдчилан хангаагүй, хугацаа алдсан шалтгаанаа өөрийн мэргэжилтэн Т.Сагансэцэнгийн хариуцлагагүйгээс шалтгаалсан гэж Захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэлд мэдэгдсэн боловч дараа нь ийнхүү мэдэгдээгүй гэж асуудалд мэдэн будилсан, зөрүүтэй байдлаар, үнэнч шударга бус хандаж, ор үндэслэлгүй яриа тараан, бусдын нэр хүндэд халдаж эхэлсэн.

2.Түүнчлэн З.З нь хугацаа алдсан өөр нэг шалтгаанаа тайлбарлахдаа 7 дугаар сарын 30-ны өдөр ээлжийн амралт нь дуусаж ажилдаа орох байсан гүйцэтгэх захирлын гарын үсэг байгаагүйгээс болсон (гүйцэтгэх захирлын орлогч гүйцэтгэх захирлын өмнөөс гарын үсэг зурахаас татгалзаж, худалдан авах баг гарын үсэг дутуу учир хүлээн авахаас татгалзсан). Хэрэв та миний хэлсэн үгэнд итгэхгүй байгаа бол цагийн хуваарь, уулзалтын тэмдэглэл болон хавсаргасан баримт бичгийг шалгана уу. Миний зүгээс энэ асуудал буюу алдааг албан тушаал түр орлон гүйцэтгэх хуваарийн дутуу дулимаг байдлаас, эсвэл худалдан авах ажиллагааны агент Төрийн өмчит ААН-ийн маягтын талаар сайн мэдэхгүй байснаас болсон гэж үзэж байна гэх хоорондоо логик авцалдаагүй агуулга бүхий, ор үндэсгүй имэйлийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 16:27 цагт худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг, захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэл нарт илгээсэн бөгөөд ингэхдээ З.З нь үнэн бодит байдлыг илт гуйвуулан, холбогдох ажилтнуудын ажил хэргийн нэр хүндэд халдсан гэдэг нь дараах баримтаар тогтоогддог.Үүнд:

а.Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлын ээлжийн амралтын албан ёсны хуудаст ээлжийн амралт 7 дугаар сарын 30-ны өдөр биш 8 дугаар сарын 7-ны өдөр дуусах байсан нь харагдана.

б.Монголын МСС-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Э/01 тоот эрх олгох тухай тушаалаар ...гүйцэтгэх захирлыг төлөөлж тушаал, шийдвэр, гэрээ, хэлэлцээр, санхүүгийн болон холбогдох баримт бичигт гарын үсэг зурах... бүрэн эрхийг гүйцэтгэх захирлын орлогчид олгосон байгаагаас гүйцэтгэх захирлын орлогч нь гүйцэтгэх захирлын өмнөөс гарын үсэг зурахаас татгалзсан гэсэн нь ор үндэслэлгүй болох нь нотлогдож байна.

в.Мөн ээлжийн амралттай байгаа шүйцэтгэх захирал 7 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орно гэх мэдээллийг Executive Secretary нар буюу гүйцэтгэх захирлын болон гүйцэтгэх захирлын орлогч нарын туслахуудын өгсөн мэдээлэл гэж хариулдаг боловч тэдгээр туслахууд 7 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа орно гэсэн мэдээлэл өгөөгүй гэж үгүйсгэсэн болно. Үүгээр мөн л ор үндэслэлгүй зүйлийг имэйлээр тарааж, бусдын ажилд саад болоод зогсохгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, Хүний нөөцийн бодлогын баримт бичиг- Хөдөлмөрийн дотоод журмын 15.2 дахь хэсэгт бусдыг гүтгэн доромжилж, ор үндэсгүй яриа тараах, байгууллага болон түүний удирдлагын өмнө хүлээсэн үүргээ зөрчих гэж заасныг зөрчсөн үйлдэл гаргасан байдаг.

г.Тус байгууллагын захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэлийн Компакт гэрээ хүчин төгөлдөр болох хугацаа ойртох тусам байгууллагын үйл ажиллагаа жигд, сааталгүй явах шаардлага улам нэмэгдэх болно. Иймд процессын ямар нэг саатал, манай болон РА, FA-ийн ажилтнуудын анхаарал, хариуцлагатай холбоотой асуудал байвал цаг тухайд нь засаж залруулж явах нь зүйтэй болов уу...

Иймд шаардлагатай бол энэ талаар гүйцэтгэх захирлын орлогчтой зөвлөх, нэн ялангуяа таны өөрийн хэлсэнчлэн гэнэтийн төлөвлөөгүй шийдвэр цаашид дахин гарахаас сэргийлэх үүднээс буруу мэдээлэл өгсөн ажилтанд анхааруулга өгч, саатал үүссэн учир шалтгааныг тодруулах нь зүйтэй болов уу хэмээн зөвлөж байна гэж имэйлээр илгээсэн зөвлөгөөг гуйвуулан судалгааны төлөвлөлт тэр дундаа GSI баг, мэргэжилтэн Сагансэцэн ямар ч буруу алдаатай зүйл гаргаагүй гэдгийг энэ мейлээр дахин мэдэгдэж байна. Тиймээс сануулга өгөх шаардлагагүй гэж захирлын хувьд нотлох баримтууд дээр үндэслэн хэлж байгааг хүлээн авна уу гэж хариу имэйл илгээсэн нь асуудалд бодитой, үнэнч шударга хандаагүй төдийгүй асуудлыг гуйвуулж, захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэлийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гүтгэсэн. Тодруулбал захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэл нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гүйцэтгэх захирал Э.Содонтогост Юуны өмнө ийм асуудлаар танд хандаж буйдаа хүлцэл өчье. Ойрын өдрүүдэд нэр бүхий ажилтантай ажил хэргийн асуудлаар харилцах үед өөр нэг ажилтан болон миний бие үндэслэлгүйгээр гүтгүүлж, доромжлуулсан асуудал гараад байна. Хөдөлмөрийн дотоод журамд ийм асуудлыг юуны өмнө албан бус журмаар, эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ гэж заасан байдаг. Мөн түүнчлэн уг журмын дагуу холбогдох ажилтнуудын шууд удирдлагад мөн энэ талаар мэдэгдэх ёстой байдаг.

Энэ ч үүднээс худалдан авах ажиллагааны захирал болон миний шууд удирдлагын хувьд танд энэ талаар мэдэгдэж, холбогдох имейлүүдийг хүргүүлж байна. Гэвч саяхан хамтран ажиллагч маань намайг болон өөр нэг хамтран ажилладаг нэгнээ худалдан авах ажиллагааны захирал үндэслэлгүйгээр буруутгаж, доромжилсон асуудал гарлаа. Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын дагуу аливаа асуудлыг эхлээд албан бусаар шийдвэрлэх ёстой бөгөөд үүнд талууд эв зүйгээ олж, зөв шийдэл эрэлхийлэх шаардлагатайг заасан байдаг.

Уг журамд холбогдох хүмүүсийн шууд удирдлагад имэйлээр мэдэгдэх ёстой гэж заасан байдаг учир танд хандаж байна. Миний болон худалдан авах ажиллагааны захирлын аль алиных нь шууд удирдлагын хувьд би энэ асуудлыг танын шийдэж өгөхийг хүсч байна. Харгалзах имэйлийн сүлжээг хавсаргалаа. Хэрэв танд асуулт, тодруулах зүйл байгаа бол надад мэдэгдэнэ үү гэсэн агуулгатай гомдлыг ирүүлсэн байдаг.

Уг гомдлын мөрөөр холбогдох журмын дагуу щаардлагатай ажиллагааг явуулахаас өмнө ажилтан З.З нь гүйцэтгэх захирал Э.Содонтогост 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бичгээр тайлбар ирүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ үнэнч шударгаар биелүүлээгүй, ор үндэсгүй, бусдын нэр хүндэд халдсан мэдээлэл тараасан гэж буруутгагдаж байгаа зөрчлүүддээ тайлбар өгсөн байдаг. Мөн тус байгууллагын Худалдан авах ажиллагаа хариуцсан захирал Т.Энхтунгалагийн талаар CRTA гэрээг чинь хамаг мэдлэгээ ашиглаж хийж өгч байхад минь үнэлээгүй шүү. Харин араас минь хутга шаасан гэх мэтээр үл ойлгогдох зүйл нэхэж, бас ямарваа нэгэн хутга шаасан гэх хуйвалдаан, гүтгэлэгийн шинжтэй зүйлд намайг буруутган давшилсан... харин CTRA гэрээ байгуулах асуудал бол албан ажил тул би түүнд ямар нэгэн зүйлийг өгч чадахгүй гэдгээ хэлсэн... гэсэн мэдээллийг өгсөн нь цаашид Хүний нөөцийн бодлогын баримт бичиг- Хөдөлмөрийн дотоод журмын Хавсралт XVI буюу Гомдол хүлээн авах, түүнийг хянан шийдвэрлэх журмын дагуу Т.Энхтунгалагт холбогдуулах гомдлыг тодруулж байж З.Зд холбогдох сахилгын шийтгэлийг шалган тогтоох шаардлагыг үүсгэсэн.

Ингээд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэх захирал Э.Содонтогос, МСК-ын суурин захирлын орлогч Эрик Гүтшоф, гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, Хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр, Жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал З.З болон Хүний нөөцийн менежер Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй уулзалтыг зохион байгуулсан.

З.Згийн өгсөн тайлбар, мэдээлэлд нэр нь дурьдагдсан хүмүүс болох Захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэл, Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг нарын тайлбарыг мөн авах зорилгоор уулзалтын үеэр тэднийг дуудан оруулж тайлбарыг нь тус тус сонссоны дараа хурлын өрөөнөөс гаргасан.

Гэтэл З.З нь дээрх уулзалтыг мөрдөн байцаасан шинж чанартай арга хэмжээ болж, хүчээр тайлбар, нотлох баримт гаргуулахаар оролдсон гэх ор үндэслэлгүй яриа гаргаж, байгууллагын удирдлага, хамт олны нэр хүндэд халдан захирах, захирагдах зарчмыг зөрчсөн.

Мөн дээрх уулзалтын үеэр болон бусад цагт ажилтнуудын хооронд яс хаях, хооронд нь муудалцуулах, илт гүтгэх, өөрийн мэргэжлийн үг хэллэг, ойлголтыг дөвийлгөн хэрэглэж айлган сүрдүүлэх болон дарамтлах үйлдэл тус тус гаргаж байсан.

Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлд Ёс зүйн дүрмийн талаар зохицуулсан бөгөөд Монголын МСС-ийн ёс зүйн дүрмийн зорилго нь нийт ажилтнуудад ёс зүйн хэм хэмжээний талаар цогц ойлголт өгөх, ажил олгогчийн баримталж буй бодлого, шаардлагыг тодорхой болгох, тэдгээр хэм хэмжээг сахин биелүүпэх нөхцлийг хангахад оршино.

Монголын МСС-ийн ажилтнууд Ёс зүйн дүрмийг байнга дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд жил бүр Монголын МСС-ийн Хүний нөөцийн албанд энэхүү дүрмийг уншиж, ойлгосон гэдгээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Ёс зүйн дүрмийн аливаа зөрчлийг хэзээд үл хүлээн зөвшөөрөх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэлх сахилгын арга хэмжээг шуурхай авна. Дүрмийг Удирдах зөвлөлийн гишүүд, Монголын МСС-ийн нийт ажилтнууд болон зөвлөхүүд баримтална гэж зааснаар ажилтан З.З нь уг ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчиж, байнга бусдыг гүтгэж, ор үндэслэлгүй яриа тараах нь хэтэрч, байгууллагын гүйцэтгэх удирдлагыг гүтгэн дайрч доромжилсон, улмаар захирах, захирагдах зарчмыг зөрчсөн үйлдэл болсон.

Хэдийгээр Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2 дахь хэсэгт ...захирах, захирагдах зарчмыг зөрчих ... зэрэг нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно гэж заасан боловч З.Зд гүйцэтгэх захирлын эрх хэмжээний хүрээнд хөдөлмөрийн гэрээг цуцлах бус зөвхөн сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан болно. Энэ нь түүнд итгэл хүлээлгэж, буруутай үйлдлээ ухамсарлан зогсоох болов уу гэсэн найдварыг илэрхийлсэн үйлдэл байсан.

д. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Содонтогос, МСК-ын суурин захирлын орлогч Эрик Гүтшоф, гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр, жендэр, нийгмийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал З.З, хүний нөөцийн менежер Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр З.З нь тийм ээ, тэр худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг надаас шагнал, шан харамж хүссэн яриаг би гар утсаараа бичиж авсан, ойлголоо, би нотлох баримтыг үзүүлье, гэхдээ бичлэг хийх хууль бус байж магадгүй учир би эхлээд магадлах хэрэгтэй гэж хэлж, Эрик Гүтшофыг шан харамж, цавчаа нэхсэн гэж үү хэмээн лавлан асуухад З.З нь тийм, цавчаа хэмээн тодотгож байсныгаа булзааруулж 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр МСК-ын суурин захирлын орлогч Эрик Гүтшоф, хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр нарт илгээсэн имэйлдээ миний зүгээс үүнийг авлига хээл хахууль, ёс суртахууны асуудал, хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл даамжруулах ноцтой зүйл байхгүй гэж харж байна.

Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг бол шударга, ажилсаг хүн гэдгийг би мэднэ. Тэр Монголын МСС-д гүйцэтгэж байгаа ажил үүргийнхээ төлөө надаас шан харамж хүсэхгүй гэдэгт би итгэдэг. Бид хоёулаа стресстэй байсан учир зарим тохиромжгүй үг хэллэгийг бие биедээ хэлсэн, гэвч энэ нь ямар ч харилцаанд түгээмэл байдаг. Бид бүгд л алдаа гаргадаг. Тунгаа хурал дээр эдгээр үгсийг хэлээгүй гэж хэлээд намайг хөдөлмөрийн гэрээг цуцалж болзошгүй үг, үйлдлээр буруутгасан нь надад хүлээн авахад үнэхээр хэцүү байна гэж үгүйсгэснээр мөн ор үндэслэлгүй яриа өдөөж, худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалагийн нэр хүндэд халдаж, шан харамж нэхсэн гэж гүтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

е. Худалдан авах ажиллагааны захирал Г.Энхтунгалагтай ярилацах үедээ өөрийн гар утсаар бүх яриаг нууцаар бичиж авсан талаараа мэдэгдэж, гар утсаараа бусдын зөвшөөрөлгүй бичлэг хийж, түүнийгээ ашиглан хууль хүчний байгууллага, Хүний эрхийн үндэсний комисст хандана гэж олны өмнө бусдыг удаа дараа сүрдүүлэх үйлдэл гаргасан нь ажилтнууд нэг нэгэндээ итгэхгүй байх, байгууллагын үйл ажиллагаанд үл итгэх таагүй уур амьсгалыг тус тус бүрдүүлсэн.

ё. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хуулийн ерөнхий зөвлөх П.Баярт хандан 2020 оны 9 дүгээр сарын 17-нд CEO, Энхгэрэл, Энхтунгалаг захирал нартай удаан уулзсан. Ер нь үүсээд байгаа нөхцөл байдал тодорхой тул Маргаан таслах комисст хүсэлт гаргахгүй, хандахгүй байхаар шийдлээ.Ямар нэгэн нөлөөлөлгүй дүгнэлт гаргана гэдэгт итгэхгүй байна гэсэн утгатай имэйлийг бичсэн нь тус байгууллагаас холбогдох журмын дагуу байгуулсан санал, гомдлын хороонд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн, энэ нь байгууллагын дүрэм журмыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөхгүй байхыг бусдад уриалж, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нөхцлийг бүрдүүлсэн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 14.4-т Монголын МСС-ийн нийт ажилтнууд, менежерүүд санал, гомдол шийдвэрлэх дүрэм журмыг дагаж мөрдөх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Ажилтан З.Згийн гаргасан дээрх зөрчлүүд нь хавсаргасан баримтаар тогтоогддог бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1-т Ёс зүйтэй холбоотой Монголын МСС-ийн бодлого, дүрэм, журмыг дагаж мөрдөх бөгөөд, Хөдөлмөрийн гэрээний 8.1,4-т Ажилтан нь албан үүрэг болон амин хувийн ажил хэргийг гүйцэтгэхдээ өөртөө болон Монголын МСС-д итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэгц шударга байдлыг хадгалах зарчмыг баримтална гэж тус тус заасныг зөрчсөн.

Мөн түүнчлэн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 15.2 дахь хэсэг буюу Монголын МСС-ийн ажилтнуудын мөрдөх ёс зүйн хэм хэмжээ хэсэгт Монголын МСС-ийн ажилтнууд Монголын МСС-ийн үнэт зүйл, ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөхийн сацуу ажил үүргээ хамгийн үр дүнтэй, чадварлаг, ёс зүйт, чигч шударга байдлаар гүйцэтгэхийг эрмэлзэнэ. Чигч шударга байдал нь ажилтнуудын зан үйлийн бүхий л талыг агуулах бөгөөд үүнд үнэнч шударга зан, хараат бус байдал, авлига, хээл хахуулийг үл тэвчих чанар зэрэг багтана.

Чигч шударга байдал нь байгууллагын үнэт зүйлсээс хамгийн чухал нь бөгөөд мэргэжлийн төлөвшил, олон ургальч үзэл, олон талт байдлыг хүндэтгэн үзэх чанарыг мөн адил чухалчилна. Монголын МСС-ийн ажилтнууд Ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй. Ажилтныг томилогдоход ёс зүйн дүрмийн хувийг өгөх бөгөөд ажилтан уг дүрэмтэй танилцаж, хүлээн зөвшөөрснөө жил бүр баталгаажуулна.

Ажил олгогчийн зүгээс мөн Ёс зүйн дүрэм болон холбогдох бусад сэдвээр тогтмол мэдээлэл өгч, сургалт зохион байгуулах бөгөөд дүрмийг байгууллагын цахим хуудаст нээлттэй байршуулсан байна. Ажилтанд дүрмийг хэвлэмэл хэлбэрээр өгсөн эсэх, холбогдох сургалтыг зохион байгуулсан эсэхээс үл хамааран ажилтан бүр ёс зүйн дүрэмтэй танилцан ойлгож, баримтлах үүрэгтэй гэж заасныг, Удирдлагын баримтлах ёс зүйн хэм хэмжээ гэсэн хэсэгт Удирдах албан тушаалтнууд зүй бус үйлдэл хийхгүй байхыг биеэр үлгэрлэж, ажлын орчинд айлган сүрдүүлсэн, дорд үзсэн, дарамталсан, шударга бус байдал, ялгаварлан гадуурхсан аливаа нөхцөл байдал үүсгэхгүй байх, аливаа сахилгын зөрчил, зүй бус үйлдлийг Захиргааны асуудал хариуцсан захиралд цаг алдалгүй мэдээлэх гэж заасныг, сахилгын зөрчил гэсэн хэсэгт Монголын МСС-ийн ажилтан ёс зүйн дүрэм болон холбогдох бусад дүрэм журмаар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд сахилгын зөрчил гэж үзнэ.

Сахилгын зөрчил нь санаатай үйлдэл, эсхүл тухайн нөхцөл байдлыг зохих ёсоор үнэлэлгүй үл тоомсорлож, шаардлагатай арга хэмжээг аваагүй хэт хайхрамжгүй байдал, эсхүл болзошгүй эрсдэл болон хохирлыг үл тоомсорлосон байдал зэргийг агуулж болно. Монголын МСС-ийн бодлого, дүрэм журмаар хүлээсэн үүрэгтэй зөрчилдөх үйлдэл, эс үйлдэл гаргах, Ёс зүйн дүрмийг зөрчих; Байгууллага болон түүний удирдлагын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчих; Бусдыг гүтгэн доромжилж, ор үндэсгүй яриа тараах гэж заасныг тус тус зөрчсөн.

Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн харилцаанд баримтлах үндсэн зарчим, талуудын эрх, үүргийг зохицуулсан байдаг бөгөөд 2.2 дахь хэсэгт Монголын МСС-ийн ажилтнууд нь Хөдөлмөрийн тухай Монгол Улсын хууль тогтоомж, Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журам болон Монголын МСС-ийн эрхэм зорилго, үнэт зүйлс, МСК-ын холбогдох бодлого, дүрэм журамд нийцүүлэн ажиллах үүрэгтэй. Хэдийгээр ажилтнуудын үүрэг хариуцлага Монголын МСС-д гүйцэтгэж буй ажил үүргээр нь хязгаарлагдах хэдий ч тэд мөн МСК-ын эрхэм зорилго, үнэт зүйл, улмаар тэдгээрээр дамжуулан ОУСК-ын гүйцэтгэлийн стандарт 2, Монголын МСС-ийн нийгэм, жендэрийн оролцоог хангах зарчим, хэм хэмжээг мөн хангаж ажиллах үүрэг хүлээнэ.

Аливаа ажилтан Монголын МСС-тай хөдөлмөрийн гэрээ байгуулснаар ажил үүргээ гүйцэтгэхдээ Монголын МСС болон МСК-ын эрх ашгийг дээдлэхээ хүлээн зөвшөөрч байгаа болно, ажилтан нь мөн томилогдохоос өмнөх болон хойшхи хугацаанд хамаарах, өөрийн чигч шударга байдал, ёс зүй, ажил үүрэгтэй холбоотой болон Хүний нөөцийн бодлозын баримт бичигт заасан захиргааны аливаа зохицуулалт, тэтгэмжид хамруулахад шаардлагатай байгууллагаас хүссэн бүх мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн дээрх үйлдлүүдэд нь сахилгын арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

Монголын МСС нь үйл ажиллагаагаа чигч шударга, зарчимч, ёс зүйт байдлаар, Монгол Улсын засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан олон улсын гэрээ болох Компакт гэрээ болон Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, дотоодын болон олон улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулж ирсэн бөгөөд цаашид ч мөн ингэж ажиллахыг зорино.

Түүнчлэн Монголын МСС нь богино хугацаанд оршин тогтнож, үйл ажиллагаа явуулахаас гадна нийслэлийн унд ахуйн усан хангамжтай холбоотой төрийн болон албаны нууцлал бүхий мэдээлэл, материалтай ажилладаг онцгой статустай байгууллага учир тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангах, итгэл даах чадвартай, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий хүмүүсийг сонгон шалгаруулж, тэдгээр ажилтнуудаа удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллуулах үүднээс ажилтан З.Згийн гаргасан чигч шударга бус, итгэл эвдсэн, ёс зүйгүй, бусдын нэр хүндэд халдсан, ор үндэслэлгүй зүйлийг тараадаг зэрэг үйлдлийг таслан зогсоох зорилгоор ажилтанд сахилгын сануулах арга хэмжээ авсан болно.

Ийнхүү арга хэмжээ авсан зорилго нь Монголын МСС-ийн удирдлага, нийт ажилтнуудад албан харилцаандаа биеэ зохистой авч явах удирдамж болгох, баримтлах ёс зүй, зохист байдлын хэм хэмжээг тогтоохын сацуу ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж, үйл ажиллагаагаа зохих ёсоор явуулахад нь туслах явдал юм.

Улмаар байгуулллагын зорилго, зорилтын хүрээнд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой болж, ажилтнууд ч ур чадвар мэдлэг мэргэшлээ хамгийн сайнаар дайчлан ажиллахад түлхэц болохыг эрмэлзсэн болно. Хамт олны дунд ёс зүйгүй, хариуцлагагүй, зан үйлийн доголдолтой хүн байх нь хамт олны бүтээлч байдал, нэгэндээ итгэх итгэлд туйлын сөргөөр нөлөөлж, бусад залуу ажилтнуудад буруу үлгэр дуурайлал болох эрсдлийг мөн харгалзаж үзсэн.

Ажлаа хариуцлагатай, бодит үр дүнтэй, чанартай, төлөвлөсөн цаг хугацаандаа гүйцэтгэхийг сануулах, шаардах бүрийд З.Згийн зүгээс асуудлыг гуйвуулж, байнга өөрийгөө өмгөөлөх, бусдаас бурууг эрэх, хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах нэрийдлээр дээд байгууллагуудад хандах зэргээр гүйцэтгэх захирлыг удаа дараа айлган сүрдүүлж байхад гүйцэтгэх захирал хүлцэнгүй хандаж ирсэн. Гүйцэтгэх захирлын хувьд Монголын МСС-ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийг төлөөлөн ажилтнуудтай эрх тэгш, шударга харилцан, хөдөлмөрийн харилцааг зохицуулсан зохист дүрэм, журмыг баримтлахын сацуу ажлын үр дүн, гүйцэтгэлийн хамгийн өндөр хэм хэмжээг хангах, Монголын МСС-ийн үр дүнтэй ажиллагааг хангахад чиглэсэн удирдлагыг хэрэгжүүлж ирсэн болно.

Монголын МСС-ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг зохицуулсан бөгөөд ажилтнуудын ажлын гүйцэтгэл хангалтгүй, эсхүл биеэ авч явах байдал, тодорхой зан авирыг засч залруулах боломжтой гэж үзсэн тохиолдолд аль болох ажлаас халах, чөлөөлөх бус эерэг өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэхийг эрмэлздэг.

Харин илт ноцтой зөрчил буюу ... ёс зүйгүй байдал, ... удирдлага, чиглэлийг санаатайгаар үл тоомсорлох, шударга бус байдал гаргах, худал болон буруу ташаа мэдээлэл тараах, мэдүүлэг өгөх, үүрэг хариуцлагаа тогтмол үл тоомсорлох,... зэрэг зөрчлүүд гаргах, эсхүл Монгол Улсын хууль тогтоомж, Монголын МСС-ийн буюу МСК-ийн бодлого, дүрэм, журмыг удаа дараа зөрчсөн тохиолдолд тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах журамтай болно. Өнөөдрийн байдлаар ажил олгогчийн зүгээс аливаа ажилтныг халсан тохиолдол огт байхгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Монголын МСС нь Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг нэмэгдүүлэх онцгой үүрэг бүхий байгууллага юм. Бидний байгуулахаар зорьж буй 2 үйлдвэр нь Улаанбаатар хотын усан хангамжийг 40 жил баталгаатай хангах зорилготой. Асар нарийн техникийн мэдлэг, хурд, мэдрэмжтэй ажиллаж, цаг хугацааны давчуу хуваарийн дор шаргуу хөдөлмөрлөж буй манай хамт олонд мэргэжпийн өндөр ур чадвартай, хариуцлагатай, чин шударга, өндөр ёс зүйтэй Монголын тэргүүний мэргэжилтнүүд багтах учиртай тул ММСС нь цаашдаа ч Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, мөн АНУ-ын МСК-ийн зүгээс тавьдаг дүрэм журмын чанд сахин ажиллана.

Иймд ажилтанд З.Зд сануулах сахилгын шийтгэл оногдуулсан М гийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот тушаал үндэслэлтэй болсон төдийгүй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх заалтад нийцсэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

М гийн Гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалаар нэхэмжлэгч З.З нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцласан.

Монголын МСС-ийн Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт Аливаа нөхцөлгүйгээр нэн даруй халагдах ажилтанд мэдэгдэл хүргүүлэхгүй бөгөөд нөхөн олговор олгохгүй. Ажлаас ингэж халагдсан ажилтантай цаашид дахиж хөдөлмөрийн болон бусад гэрээний харилцаанд орохыг хатуу хориглоно гэж зааснаар мэдэгдэл хүргүүлэхгүйгээр хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь нэн даруй чөлөөлсөн.

Нэг. З.З нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1, 2.2, 2.3, 8.1.1, 8.1.4-т тус тус заасан үүргээ зөрчсөн талаар:

МСК-ын тавьдаг шаардлагын дагуу Монголын МСС нь нийгэм, жендерийн асуудал хариуцсан хоёр орон тоотой бөгөөд энэ асуудлыг хариуцсан захирал нь хөтөлбөр хариуцсан гүйцэтгэх захирлын орлогчийн шууд удирдлагад ажиллаж, өдөр тутам ажлаа тайлагнаж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй 6 захирлын нэг юм.

Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирал нь жендерийн дүн шинжилгээ, нийгмийн оролцоо, нийгмийн тэгш байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны хүрээнд худалдан авах ажиллагааны баримт бичиг, гэрээ судалгааны болон бусад нийгэм, жендерийн төлөвлөлтийн бэлтгэл ажил болон хэрэгжилтийн үйл ажиллагааг МСК-ын Жендерийн бодлого, үйл ажиллагааны удирдамж, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-ын гүйцэтгэлийн стандартад нийцүүлэн удирдан зохион байгуулах, талуудын оролцоог хангах, энэ чиглэлийг тэргүүлэх, санаачлан хэрэгжүүлж ажиллах үндсэн үүрэгтэй.

Гэвч З.З нь энэхүү үндсэн үүргээ гүйцэтгэн ажиллах мэргэжлийн болон бусад шаардлагатай суурь мэдлэг, ур чадвар маш муу, тухайн ажлын байранд тавигдаж буй дүн шинжилгээ хийх болон бусад ур чадварын шаардлагыг хангахгүй, ямар ч санаачлагагүй, хариуцлагагүй байдаг нь удаа дараагийн алдаа дутагдал, тэдгээрээс улбаатай ёс зүйн зөрчлөөс харагдаж байгаа тухай Монголын МСС-ийн гүйцэтгэх захирлын орлогчийн гаргасан ажил байдлын тодорхойлолтоор тогтоогддог.

Түүнчлэн Монголын МСС-ийн гүйцэтгэх захирлын орлогч үргэлжлүүлэн тодорхойлохдоо Ажлын байрны үндсэн үүрэг, хариуцлага, хариуцсан асуудлаа цогцоор нь харах болон манлайллын ур чадвар дутагдалтай, төслийн оролцогчидтой харилцах зэрэг асуудлуудыг бүрэн цар хүрээгээр ойлгодоггүй, чанартай хэрэгжүүлж чаддаггүй.

Үүний улмаас ажлын алдаа дутагдлыг бусад арга замаар хаацайлах, өөрийн хариуцсан үндсэн ажлыг бусдаар хийлгэхийг оролдох, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, засч сайжруулах үүрэг амлалт хүлээх чадваргүй, дээрх нөхцөл байдлыг нь анхааруулж, ажлын хариуцлага, тайлбар хүсэхэд ажилтнуудын хоорондын хувийн харилцааны асуудал болгон хувиргах, хамтран ажиллагсадаа үг хэлээр доромжлох, гэмт үйлдэл хийсэн гэж ул үндэсгүй гүтгэх зэргээр захирах захирагдах ёс, багаар ажиллах зарчмыг удаа дараа огоорч, МСК-ийн зүгээс Монголын МСС-д тавьдаг хөдөлмөрийн харилцааны суурь зарчмуудыг ноцтой зөрчсөн.

Манай улсад анх удаа хэрэгжүүлэх гэж буй усны салбарын томоохон дэд бүтцийн төслийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц таагүй уур амьсгал, үл итгэлцлийг хамт олны дунд бий болгож, төслийг хэрэгжүүлж буй хоёр байгуулагын хооронд үл ойлголцол үүсгэсэн гэж З.Згийн ажлыг дүгнэсэн.

Мөн дүгнэлтэндээ дээр дурдсан асуудлууд болон дүгнэлтийг харгалзан үзэж, Хөтөлбөр хариуцсан захирлын хувьд цаашид З.Зтай хамтран ажиллах боломжгүйг мэдэгдэж, түүний хөдөлмөрийн гэрээг Компакт гэрээ, Компакт гэрээг хэрэгжүүлэх хэлэлцээр, Монголын МСС-ийн хөдөлмөрийн дүрэм журам болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн цуцлах саналтай байна гэсэн байна.

Ажилтан З.З нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.1-т заасан ажил үүргийг үнэнч шударга, шаргуу байдлаар, мэргэжлийн болон ёс зүйн хамгийн өндөр хэм хэмжээнд нийцүүлэн, цаг хугацаанд нь гүйцэтгэх бөгөөд ингэхдээ өөрийн мэргэшлийн чадавхын хүрээнд Монголын МСС-ийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж буюу Монголын МСС-аас зааварласны дагуу ажиллана, 2.2-т Ажлын цаг, хүч чармайлтаа бүхэлд нь Монголын МСС-ийн ажил хэрэг, үйл ажиллагаанд зориулна, 2.3-т Холбогдох хууль тогтоомж, Монголын МСС-ийн бодлогын болон байгууллагын дотоод баримт бичиг, тэдгээрт тухай бүр орсон нэмэлт өөрчлөлт, түүнчлэн ажил үйлчилгээтэй холбогдуулан Монголын МСС-аас өгсөн аливаа удирдамж, чиглэлд нийцүүлж ажиллана, 8.1,1-т Ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйтэй холбоотой Монголын МСС-ийн бодлого, дүрэм, журмыг дагаж мөрдөх..., 8.1.4.- т Ажилтан нь албан үүрэг болон амин хувийн ажил хэргийг гүйцэтгэхдээ өөртөө болон Монголын МСС-ийн итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэгц шударга байдлыг хадгалах зарчмыг баримтална гэж тус тус заасан үүргээ дараах байдлаар зөрчсөн нь тогтоогддог. Үүнд:

1. Монголын МСС-ийн гүйцэтгэх захирлын орлогч 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулсан Үндэсний статистикийн хороотой хийх Төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны асуулга сайжруулах албан ёсны уулзалтад хэлэх үгийг бэлдэх үүргийг З.Зд даалгасан. Гэтэл үүрэг даалгаврыг өөрөө биш мэргэжилтэн Т.Сагансэцэнээр бэлдүүлэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгэх захирлын орлогчийн туслахад ирүүлсэн нь маш хангалтгүй байсан.

З.З нь Т.Сагансэцэний удирдлагын хувьд хянаж амжаагүй гэдэг тайлбар тавьсан. Түүнчлэн гүйцэтгэх захирлын орлогч 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Хөтөлбөрийн хуралд бүх захирал, мэргэжилтнүүдэд аливаа асуудлаар мэргэжилтнүүдийн бэлтгэсэн танилцуулга болон мэдээллийг захирлууд хянаж шалгах, алдаа дутагдлын хариуцлагыг захиралтай нь тооцох тухай анхааруулж байснаар үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь тогтоогддог.

2. 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Хөтөлбөрийн багийн хурлаар гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт бүх захирал болон мэргэжилтэнд Хөтөлбөрийн багаас Компактын хэрэгжилтийн явц, яг ямар цагийн хуваарьтайгаар ямар ажлууд хийгдсэн болон хийгдэх вэ? гэдгийг багтаасан товч танилцуулга бэлдэх. Бүгд өөр өөрийн хийж гүйцэтгэж буй ажлыг харилцагч байгууллагуудад танилцуулах товч, тодорхой танилцуулгыг ойрын хугацаанд бэлтгэн танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн бөгөөд үүнийг З.З биелүүлээгүй.

3.2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн менежментийн хурлаар Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал Нийгэм, жендерийн асуудлыг төсөл, арга хэмжээнд тусгах төлөвлөгөөг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулж, ядуурлыг бууруулах, нийгэм, жендер, олон нийтийн оролцоог хангах үндсэн ажил үүргийнх нь хүрээнд төслийн үр өгөөжийг судлах үүрэг даалгаврыг өгсөн.

Энэхүү үүрэг даалгаврыг З.З биелүүлээгүй, миний ажил үүрэгт хамааралгүй гэсэн ойлголтыг МСК-д өгсөн тул 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Хөтөлбөрийн хурлаар дахин сануулж, ажил үүрэггэй нь холбогдуулан тайлбарлаж, захирал З.Згийн багт Хөрөнгө оруулалт хэзээ нөхөгдөх вэ? Хэзээ ашигаа өгч эхлэх вэ? Буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар public good-д хөрөнгө оруулалт хийж байгаа. Үр өгөөжийг хэзээ хүртэх вэ? Дахин боловсруулсан усыг ашигласнаар эрчим хүчний төлбөр хэрхэн өөрчлөгдөх вэ? Хаана, хэдэн төгрөгийн өртөг нэмэгдэж байгааг харуулсан диаграм бэлтгэх. Эдийн засгийн анализ бэлтгэн танилцуулах. Уг танилцуулгад Тогтвортой байдлыг хангах төслийн баг болон Ууганбаяр захирал санал өгөн, нэгтгэн, цаашид бэлтгэн, танилцуулж байх илүү тодорхой болгох зэрэг үүрэг даалгаврыг өгдөг.

Ингэхдээ компакт гэрээ боловсруулах явцад хуримтлуулсан мэдээлэл, гүйцэтгэсэн судалгаа зэргийг сайтар судалж, тусгахыг зөвлөдөг. Мөн эрчим хүчний үнэ хэрхэн нэмэгдэх тооцооны талаарх өмнө нь хийсэн бэлэн судалгааг ашиглан цогц танилцуулга бэлдэхийг зөвлөсөн. З.З нь энэхүү үүрэг даалгаврыг гүйцэтгэж, танилцуулаагүй.

Монгол улсын Засгийн газраас энэхүү төсөл ямар үр өгөөжтэй вэ, ядуурлыг бууруулахад хэрхэн нөлөөлөх вэ, хэдэн ажлын байр шинээр бий болгож байгаа вэ гэдэг асуудалд хариулт авахыг шаарддаг. Эдгээр шаардлагаас үүдэн тухайн нийгэм, жендерийн асуудал хариуцсан захиралд ажил мэргэжилтэй нь холбогдуулан үр өгөөжийн судалгааг хийх үүрэг даалгаврыг өгөхөд З.З нь ойлгодоггүй, түүнчлэн үүрэг даалгаврыг биелүүлэх чадваргүй болох нь харагддаг. Түүнчлэн төсөл, хөтөлбөр хариуцсан багийн өргөтгөсөн хурал дээр энэ асуудлаар танилцуулга, санал, дүгнэлт, мэдээ мэдээлэл хийж, танилцуулж байсан удаагүй. Үр өгөөжийн судалгаа хийх үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлаас цахим шуудангаар сануулга өгч, Захиргааны хэлтэст мэдэгдэл хүргүүлсэн.

Мөн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Хөтөлбөрийн хурлаар захирал З.З болон мэргэжилтэн нарт үр өгөөжийн судалгааг цаг тухайд нь чанартай гүйцэтгэсэн байх ёстойг гүйцэтгэх захирлын орлогч гурав дахь удаагаа сануулга өгсөн.

Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 11,2(к) хэсэгт зааснаар Ажил олгогчийн удаа дараа анхааруулж, арга хэмжээ авснаас үл хамааран сахилгын зөрчил давтан гаргасаар байсан тул Хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл үүссэн.

4. 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хөтөлбөрийн хурлаар Монголын МСС-ийн Гүйцэтгэх захирлаас зардал нөхөхөд чиглэсэн техникийн туслалцааны ажлын даалгавар 1 буюу Төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны багийн ахлагчийг солих хүсэлтийг хуулийн багтай ярилцан хариу бэлтгэх үүргийг өгсөн. Гэвч уг үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр болсон Үндэсний статистикийн хорооны судалгааны үр дүнгийн танилцуулга уулзалтын өмнө хэлэх үгийн тэмдэглэл бэлтгэж өгөөгүй.

5.2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хөтөлбөрийн хурлаар Монголын МСС-ийн гүйцэтгэх захирлын орлогч Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд МСК-ын Шарон Рожерс захирлын өгсөн санал, зөвлөмжүүдийг анхаарч тусгахыг үүрэг болгосон боловч тайланд тусгаагүй.

Мөн цахим шуудангийн харилцаагаа илгээн, танилцуулах үүргийг гүйцэтгэх захирлын орлогчоос өгсөн байдаг. Гэвч Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний тайланд ирүүлсэн саналын танилцуулгыг мэргэжилтэн Т.Сагансэцэн танилцуулж, З.З захирал цахим шуудангийн харилцаагаа бүрэн илгээгээгүй. Гүйцэтгэх захирлын орлогч 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Хөтөлбөрийн хуралд бүх захирал, мэргэжилтнүүдэд аливаа асуудлаар мэргэжилтнүүдийн бэлтгэсэн танилцуулга болон мэдээллийг захирлууд хянаж шалгах, алдаа дутагдлын хариуцлагыг захиралтай нь тооцох тухай анхааруулсаар байхад дахин зөрчил гаргасан.

6.2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр болсон Зардал нөхөх төлөвлөгөөний техникийн туслалцааны талаарх явцын цахим уулзалтаар Үндэсний статистикийн хорооны гаргасан тоо мэдээлэлтэй танилцан, дүгнэлт гаргах, цаашид хэрхэн ажиллах, компакт гэрээний санхүүжилтаар ҮСХ-той хэдэн сарын турш хийсэн анхан шатны судалгааны ач холбогдол, дараагийн шатны ажилд хэрхэн нөлөөлөх талаар асуудал хариуцсан захирлын хувьд мэргэжлийн үүднээс танилцуулахыг үүрэг болгосон ч энэ миний санаачилсан хурал биш гэж үл тоомсорлосон, ажилдаа санаачлагагүй, хариуцлагагүй хандсан.

7.2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Коватер Сожема Интернейшнл Инк ХХК-д холбогдох Төлбөр төлөх зөвшөөрлийн хуудас дээр Коватер компанийн гүйцэтгэл хэвийн, амжилттай байгаа мэт мэдээлэл бичиж, танилцуулсан. Гэтэл төлбөр төлөх зөвшөөрлийн хуудсын хамт хавсаргасан МСК-ын Шарон захирлаас ирсэн цахим шууданд зөвлөх компанийн хүлээлгэж өгсөн тайлан, боловсруулсан баримт бичиг болон ажлын гүйцэтгэл маш хангалтгүй байгаа талаар тухайлан дурдсан байснаас хэвийн бус асуудал үүссэн нь ил болсон.

МСК-ын Шарон захирлаас ноцтой асуудал хөндөж ирүүлсэн цахим шууданг цаг тухайд нь танилцуулаагүй байдаг. З.З нь Коватертай байгуулсан зөвлөх үйлчилгээний гэрээний менежер бөгөөд уг гэрээний дагуу Монголын МСС-д хүлээлгэн өгөх тайлан, баримт бичгийн чанар нь агуулга, бичиг үсгийн хувьд нэн муу байсан. Энэ зөвлөх үйлчилгээний гэрээ нь Компакт гэрээ хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд зарцуулж буй хамгийн их үнийн дүнтэй гэрээ боловч З.З нь энэ гэрээний асуудлаар Монголын МСС-ийн удирдлагад эмх цэгцгүй, бүрэн бус, алдаатай мэдээллийг нэхүүлж, шаардуулж байж өгдөг нь гэрээний менежментийг жил орчмын хугацаанд хангалтгүй хийж ирсний илрэл юм.

Тухайлбал, уг гэрээний хүрээнд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдийн Хөтөлбөрийн хурал дээр уг судалгааны ажлын үр дүн анхны төлөвлөгөөгөөр 2020 оны 12 дугаар сард гарах байсан нь хойшилсон тухай З.З танилцуулсан байдаг. Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал тухайн өдрийн хурлаар Коватерийн гэрээний хэрэгжилтийн талаар Гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригтод танилцуулахыг үүрэг болгосон. Энэхүү үүрэг даалгаврыг биелүүлээгүй нь гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригтын ирүүлсэн ажил байдлын тодорхойлолтоор тогтоогддог.

8.Google Hangout систем дээр 2020 оны 11 дүгээр сарын 16- 25-ны өдрүүдийн хооронд ямар ажил хийж гүйцэтгэсэн, ажилдаа ямар ахиц дэвшил гаргаснаа бэлтгэн, ирүүлэхийг гүйцэтгэх захирлын орлогчоос бүх захирлуудад үүрэг өгсөн боловч биелүүлээгүй.

9. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Google Hangout систем дээр Байгаль орчин, нийгмийн үнэлгээний тайлан болон Байгаль орчны нэгдсэн менежментийн төлөвлөгөөнд МСК-ын захирал Шароноос ирүүлсэн бүх санал зөвлөмжийг удирдлагуудад илгээх үүргийг гүйцэтгэх захирлын орлогчоос өгсөн боловч илгээгээгүй.

10. З.З нь Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Барилга угсралтын ажлын багц-2 буюу Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барих тендерийн баримт бичгийн хавсралт болох Нийгэм, жендерийн нэгдсэн төлөвлөгөөг 2020 оны 6 дугаар сараас хойш бэлдэж байгаа гэсээр ирсэн хэдий ч уг тендерийн баримт бичгийг 2020 оны 12 дугаар сарын 4-ний өдөр МСК-аас Зөвшөөрөл авахаар илгээхэд бүрдэлд зохих ёсоор оруулаагүй. 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн удирдлагын багийн цахим хурлаар хэлэлцэж, удирдлагын зүгээс З.Зг Нийгэм, жендерийн нэгдсэн төлөвлөгөөг Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн Барилга угсралтын ажлын багц-2 буюу Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр барих тендэрийн бичиг баримтад хавсаргах талаар МСК-ын Шарон захиралтай хэрхэн зөвлөлдөж тохирсон, энэ асуудлаар МСК-тай хэрхэн харилцсан, хэзээнээс тендерийн бичиг баримтад тусгах тухай ямар шийдвэр хэзээ, хэний зөвшөөрлөөр гарсан талаар бичгээр танилцуулахыг үүрэг болгосон боловч танилцуулаагүй.

11.Улмаар 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн удирдлагын багийн цахим хурлыг гүйцэтгэх захирлын орлогчийг эсэргүүцэн дур мэдэн хаяж гарсан. Хурал тасалж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаа тайлбарлахдаа хажууд манай гэр бүлийн хүн байсан ба тэрээр намайг хурлаас гарахыг шаардсан гэдэг. Удирдах ажилтны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, хурал тасалж байгаа нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж дүгнэхэд хүргэж байна.

12.Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдийн Хөтөлбөрийн хурал дээр З.З захирал нийгэм, жендерийн нэгдсэн төлөвлөгөө дээр МСК-д албан ёсны зөвшөөрөл авахаар илгээхдээ процессын алдаа гаргасан. Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал эсхүл гүйцэтгэх захирлын орлогчид танилцуулж, зөвшөөрөл авах байсан ч шууд явуулсан байсан.

Ийм асуудал дахин гаргаж болохгүй. Цаашид Золзаяа захирал болон бусад захирлууд процессын алдаа гаргахгүй байхыг сануулсан байдгаас Нийгэм, жендэрийн нэгдсэн төлөвлөгөөг МСК-д албан ёсны зөвшөөрөл авахаар илгээхдээ процессын алдаа гаргасан нь тогтоогддог.

13. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөтөлбөрийн хурлаар гүйцэтгэх захирлаас З.З захиралд хандан МСК-тай албан ёсоор харилцах Монголын МСС-ийн тогтсон дүрэм журмыг зөрчиж, процессын алдаа гаргасныг сануулж, иймэрхүү алдааг цаашид гаргахгүй байх талаар анхааруулж Cowater-тэй байгуулсан гэрээний хэрэгжилтийн явцыг гүйцэтгэх захирлын орлогчид танилцуулах үүрэг даалгаврыг өгсөн. Үүрэг даалгаврыг биелүүлэлгүйгээр 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ээлжийн амралтаа эдэлж эхэлсэн. Мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа эргэн орсон боловч өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй.

14. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн менежментийн хурлаар гүйцэтгэх захирал нь З.Зд Cowater-ийн төслийн багийн ахлагчийг солих ажлын явцыг тухайн өдөртөө багтан танилцуулах, мөн ажлын төлөвлөгөөг танилцуулах үүрэг даалгавар өгсөн боловч мөн л биелүүлээгүй. Мөн судалгааны үр дүн яагаад 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 3 дугаар cap хүртэл хойшилсон шалтгааныг тайлбарлаагүй. Cowater гэрээний хэрэгжилтийн энэхүү эгзэгтэй үе шатанд гэрээний менежерийн хувьд хүчин чармайлт гаргаж, бүрэн идэвх санаачлагатай ажиллах зайлшгүй шаардлага байсан хэдий ч З.З нь Нийгэм, жендерийн асуудал хариуцсан захирлын хувьд мэргэжлийн хандлага ихээхэн дутмаг байсан. Мөн тус даалгаврыг 2021 оны 01 дүгээр сарын 07- ны өдөр Google Hangout-aap З.Зд үүрэг болгосон ч мөн л биелүүлээгүй.

Дээрх тохиолдлуудыг ноцтой зөрчилд тооцож, Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2 дахь хэсэгт (Ь) хулгай, луйвар, эсхүл өөр бусад шударга бус үйлдэл гаргах, (с) Монголын МСС-ийн төсөв мөнгө, өмч хөрөнгийг шамшигдуулах, аливаа бусад алдаа зөрчил гаргасны улмаас ажил олгогчийн итгэлийг алдах, (f) Монголын МСС, МСК-ын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөө аливаа үйлдэл гаргах, (д) Монголын МСС-ийн Хүний нөөцийн гарын авлага эсхүл дараах бодлого, дүрэм, журмыг ноцтойгоор зөрчих, (h) энэхүү гэрээний дагуу эсхүл Удирдах зөвлөл, шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг мэдэгдэл хүргүүлснээс хойш 30 ( гуч ) хоногийн турш биелүүлэхгүй байх, (j) ажил олгогчийн удаа дараа арга хэмжээ авсан ч ажил, гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн, (к) Ажил олгогчийн удаа дараа анхааруулж, арга хэмжээ авснаас үл хамааран сахилгын зөрчил давтан гаргах, тохиолдлуудад хөдөлмөрийн гэрээг нэн даруй цуцлана, Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2 дахь хэсэгт Монголын МСС-ийн хөрөнгийг зүй бусаар зарцуулах, хулгайлах, шамшигдуулах, захирах, захирагдах зарчмыг зөрчих, худал, ташаа мэдээлэл өгөх, бэлгийн хүчирхийлэл үйлдэх, ажлын цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, Монгол Улсын хууль тогтоомж эсхүл МСК-ийн болон Монголын МСС-ийн нэр хүндэд ноцтой хохирол учруулах, эсхүл учруулж болзошгүй үйлдэл, зан авир гаргах зэрэг нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно. Ажлаас ийнхүү халагдсан тохиолдолд нөхөн төлбөр, тэтгэмж олгохгүй гэж заасан.

Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 15 дахь хэсэгт Монголын MCC нь ажилтнуудын ажлын гүйцэтгэл хангалтгүй, эсхүл биеэ авч явах байдал, тодорхой зан авирыг засч залруулах боломжтой гэж үзсэн тохиолдолд энэхүү журмаар дамжуулан эерэг өөрчлөлтийг хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ. Харин илт ноцтой зөрчил (ёс зүйгүй байдал, хууль ёсны болон үндэслэл бүхий удирдлага, чиглэлийг санаатайгаар үл тоомсорлох, шудрага бус байдал гаргах, худал болон буруу ташаа мэдээлэл тараах, мэдүүлэг өгөх, үүрэг хариуцлагаа тогтмол үл тоомсорлох, ажлын цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх болон үүнтэй ижил төстэй бусад үйлдэл) гаргасан, эсхүл Монгол Улсын хууль тогтоомж, Монголын МСС буюу МСК-ын бодлогыг удаа дараа зөрчсөн тохиолдолд тухайн ажилтны хөдөлмөрийн гэрээг шууд цуцлана гэж зааснаар З.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэл болсон.

Хоёр. З.З нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3 дахь хэсэгт заасан үүргээ тус тус зөрчсөн талаар:

З.З нь Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсэгт ...Ажилтан нь мөн томилогдохоос өмнөх болон хойшхи хугацаанд хамаарах, өөрийн чигч шударга байдал, ёс зүй, ажил үүрэгтэй холбоотой болон Хүний нөөцийн бодлогын баримт бичигт заасан захиргааны аливаа зохицуулалт, тэтгэмжид хамруулахад шаардлагатай байгууллагаас хүссэн бүх мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй,

Хөдөлмөрийн гэрээний 6.2 дахь хэсэгт Ажилтан нь (i) түүнийг өмнөх ажил олгогч ажлаас халж байгаагүй, эсхүл (И) залилан, хөрөнгө шамшигдуулах, санаатайгаар хор хохирол учруулах гэмт хэрэгт холбогдон яллагдаж байгаагүй, одоогийн, эсхүл өмнөх ажил олгогчид сөргөөр нөлөөлөх аливаа бусад үйлдэлд холбогдож байгаагүй болохоо үүгээр нотлов, 6.3 дахь хэсэгт Уг албан тушаалд ажиллахаар гаргасан Ажилтны өргөдөл дэх мэдээлэл бүх талаар үнэн зөв хийгээд бүрэн бүтэн бөгөөд төөрөгдөл үүсэхээс сэргийлсэн аливаа мэдээллийг өргөдлөөс санаатайгаар орхигдуулаагүй болохыг үүгээр нотлов гэж заасныг зөрчиж Монголын МСС-д өгсөн Төрийн албан хаагчийн анкет болон Монголын МСС-ийн сонгон шалгаруулалтын үед өгсөн CV дээр ажилласан байгууллага болон ажилласан хугацааг зөрүүтэй бичсэн байдаг.

З.З нь мөн сонгон шалгаруулалтын үеэр өгсөн намтар дээрх боловсролын мэдээлэл дээр докторын зэрэг хамгаалах сэдвээ тухайн ажлын байранд тааруулан Жендэрийн эрх тэгш байдал гэх сэдвээр хамгаалж байгаа мэтээр худал мэдээлж, албан тушаалд сонгогдох давуу тал болгон ашигласан ба үндсэн хамгаалж буй сэдэв нь Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент гэсэн сэдэв болох нь тогтоогдсон.

Түүнчлэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/01141 дугаар топгоолоос Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж байсан, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажилд эгүүлэн тогтоохоос татгалзсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өмнөх ажил олгогч нь ажлаас халж байсныг З.З нь нуун дарагдуулсан байдаг.

Иймд Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсэгт ...Ажилтан өөрийн ажлын туршлага, боловсрол, мэргэжлийн зэрэг дэв, хэлний мэдлэг, ял шийтгэл авч байсан эсэх, улс төрийн үйл ажиллагааны талаар болон ажилд томилогдохтой холбоотой өөр бусад баримт бичиг, мэдээллийг санаатайгаар худал, ташаа мэдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, ажил олгогчийг төөрөгдүүлсэн бол сахилгын шийтгэл оноох, улмаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болно, 11.2 дахь хэсэгт ажилтан нь сонгон шалгаруулалтын явцад санаатайгаар хуурамч мэдээлэл, хуурамч баримт бичиг өгвөл хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар, Хөдөлмөрийн гэрээний 4.3 дахь хэсэгт сонгон шалгаруулалтын явцад санаатайгаар хуурамч мэдээлэл, хуурамч баримт бичиг өгсөн нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тус тус зохицуусныг үндэслэн З.Зтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Гурав. З.З нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2, 6.3-т заасан үүргээ тус тус зөрчсөн талаар:

Хүний нөөцийн бодпогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсэгт МСК-ын Зардлын зарчимд МСК бичгээр өөрөөр зөвшөөрснөөс бусад тохиолдолд, МСК болон Мянганы сорилтын сангаас төлж буй цалин, хөлс, урамшуулал, тэтгэмж дээр нэмж, буцалтгүй тусламжхүлээн авагч улсын засгийн газар, эсхүл өөр бусад байгууллагаас цалин хөлс давхар олгохыг хориглоно. Өөрөөр хэлбэл, Мянганы сорилтын сангийн аливаа ажилтан давхар ажил эрхлэхийг хориглоно гэсэн үг юм гэж заасан. Үндсэн ажилтнууд Монголын МСС-аас гадуур давхар ажил, зөвлөх үйлчилгээ эрхлэхийг хориглох бөгөөд бусад ажилтнуудын энэ тухайгаа бичгээр хүсэлт гаргаж, өөрийн шууд удирдлагаар дамжуупан Гүйцэтгэх захирал болон МСК-аар батлуулна. Уг хүсэлтэд тухайн ажлыг хаана, ямар хугацаагаар эрхлэх, цалин хөлсний хэмжээ бопон холбогдох бусад мэдээллийг оруулсан байна гэж заасныг зөрчин 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс Монголын МСС-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн боловч 2020 оны 05, 06 дугаар сард ШУТИС-ийн захиргаанд, 2020 оны 06 дугаар сард ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуульд тус тус давхар ажил эрхэлж, цалин хөлс авч байсан нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод тусгагдсан байна.

Дөрөв. З.З нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.1-т заасан үүргээ тус тус зөрчсөн талаар:

Хүний нөөцийн бодпогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 2.2 дахь хэсэгт Ажилтнууд байгууллагын бүхий л үйл ажиллагаанд нууцлалыг чанд баримталж ажиллах ба ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж мэдсэн, олон нийтийн хүртээл болоогүй аливаа мэдээллийг Монголын МСС болон МСК-аас бусад хөндлөнгийн этгээдэд задруулахыг хориглоно. Энэ зарчим нь ажилтны хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсны дараа ч хүчин төгөлдөр хэвээр үйлчилнэ, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх хэсэгт ...Тухайн мэдээлэл нь ажилтнаас ямар нэг хамааралгүйгээр, олон нийтэд нээлттэй эх сурвалжид нийтлэгдсэнээс бусад тохиолдолд ажилтан нь Монголын МСС-ийн ажилтны хувиар болон өөрийн эрхлэх ажил үүрэг, энэхүү гэрээ, Монголын МСС-ийн ажил хэрэг, үйл ажиллагаатай холбоотойгоор хүлээж авсан мэдээлэл, харилцаа холбоо, баримт бичгийг нууц мэдээлэлд тооцож, нууцлалыг хадгална.

Ажилтны ажил үүргийн хүрээнд тухайн мэдээлэл, харилцаа холбоо, баримт бичгийг ил болгохоор зааснаас бусад тохиолдолд Ажилтан нь тэдгээрийг задруулахгүй бөгөөд ажлын бус зориулалтаар ашиглахгүй. Түүнчлэн, Ажилтан нь Монголын МСС-аас тухай бүр боловсруулан баталсан нууцлалын аливаа бодлого, дүрэм, журмыг дагаж мөрдөхийг үүгээр зөвшөөрөв. Энэ заалт нь энэхүү гэрээг хүчингүй болгосон, эсхүл дуусгавар болсны дараа хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна... гэж тус тус заасныг зөрчиж 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Удирдлагын багийн цахим хурлыг Гүйцэтгэх захирлын орлогчийг эсэргүүцэн дур мэдэн хаяж гарсан. Хурал хаяж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаа тайлбарлахдаа хажууд манай гэр бүлийн хүн байсан ба намайг гарахыг шаардсан гэсэн нь З.З байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэж байхад нууцлалыг хангах үүргээ биелүүлэлгүй хөндлөнгийн хүнд хурлаар хэлэлцэж буй асуудлыг задруулсан байдаг.

Монголын МСС-ийн зүгээс МСК-д 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тус тус зөвшөөрөл авах албан имейлүүдийг нотлох баримтын хамт хүргүүлж байсан.

Мөн түүнчлэн З.Згийн ажлын гүйцэтгэл, зан байдал шаардлагад нийцэхгүй байгаа тухайд МСК-ын суурин захирал Алекс Рассин болон гүйцэтгэх захирлын орлогч Эрик Гүтшофф нартай Монголын МСС-ийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос, гүйцэтгэх захирлын орлогч С.Зоригт, хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр, захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэл нарын 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хийсэн уулзалтын тэмдэглэлээс харахад Монголын МСС нь зөвшөөрөл авах журмыг баримталж ажилласан байдаг. Цаашлаад МСК-ын суурин төлөөлөгчийн зүгээс Монгол улсын дээд шүүхийн тогтоолыг хангалтгүй хэмээн үзэж байсан ба тодорхой шалтгаан ирүүлэлгүйгээр зөвшөөрөл олгоогүй.

Хэрвээ МСК-аас З.Зг халсан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй бол сул гарсан орон тоог олон нийтэд зарлаж сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг зөвшөөрөхгүй байх байсан гэж үзэж байна. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр МСК-ын хуулийн зөвлөх Жина Спирогоос Монголын МСС-ийн хуулийн ерөнхий зөвлөх П.Баяр, хуульч Б.Отгонбаяр нарт ирүүлсэн цахим шуудан, 2021 оны 02 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Монголын МСС-ийн захиргааны асуудал хариуцсан захирал Э.Энхгэрэл болон МСК-ын санхүү, захиргааны захирал Ашли Шүмейкр нарын солилцсон цахим шуудангийн харилцаанаас үзэхэд МСК нь тус ажлын байрыг зохих журмын дагуу яаралтай зарлаж, сонгон шалгаруулалтыг эхлүүлэхийг шаардаж, зөвлөсөн нь хожим зөвшөөрөл олгосон гэж үзэж болохоор байна.

Түүнчлэн ажилтан З.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 10.1 дэх хэсэгт ...Мянганы сорилтын корпорац нь бие даасан, эсхүл хамтарсан ажил олгогчийн аль нь ч биш болохыг ажилтан ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн, ажилтны ажил үүргийн гүйцэтгэлийг МСК биш харин Монголын МСС удирдан чиглүүлнэ гэдгийг мөн ойлгож байна... гэж зааснаар ажил олгогч нь Монголын МСС юм.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2 дугаар зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримтлан, үндэслэл шалтгааныг сайтар баримтжуулсан байна гэж зааснаар З.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр цуцалсан. Өөрөөр хэлбэл сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахад зөвшөөрөл авах урьдчилсан нөхцөлийг хууль тогтоогч шаардаагүй байдаг.

Иймд ажилтан З.Зтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас нэн даруй чөлөөлсөн Монголын МСС УТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 тоот тушаал үндэслэлтэй болсон төдийгүй Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 болон 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтад нийцсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Т.Сагансэцэнгийн мэдүүлгийг сонсов.

Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч З.З нь М У.Т.Ү.Г-т холбогдуулан тус газрын гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 34.433.962 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сахилгын зөрчил гаргасан, сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж маргажээ.

Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол улсын засгийн газар болон Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн Америкийн нэгдсэн улс хоорондын Мянганы сорилтын компакт гэрээг байгуулжээ. /2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №09/1062/ дугаартай Төрийн мэдээллийн 305-371-р хуудас/

Дээрх компакт гэрээ болон Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх нөхцлүүдийг улам бүр нарийвчлан тогтоох зорилгоор Монгол улсын засгийн газар болон Америкийн нэгдсэн улс хоорондын Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээг байгуулан ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /2-р хх-ийн 249, 250, 3-р хх-ийн 1-65-р хуудас/

Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 1.3. болон Компакт гэрээний 3.2.-ийн b. дэх хэсэгт Мянганы сорилтын корпорациас урьдчилан мэдэгдэж, зөвшөөрсний дагуу Хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар Хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, уг ажилд хяналт тавих, төсөл болон төслийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжүүлэх, эх үүсвэрийн зарцуулалтыг төлөвлөх, худалдан авах ажиллагааг зохион байгуулахтай холбоотой Засгийн газрын бусад эрх, үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх этгээдийг М гэх бөгөөд Хөтөлбөрийн бүхий л үйл ажиллагаатай холбогдуулан Засгийн газрыг төлөөлөх эрхтэй байна гэж заасны дагуу М У.Т.Ү.Газар нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлж 000176157 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. /1-р хх-ийн 43-р хуудас/

М У.Т.Ү.Г-т Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан З.Зг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот тушаалаар сахилгын сануулах арга хэмжээг, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн нь зохигчдын тайлбар, тус байгууллагын Т/003, Б/001 дугаартай тушаалууд, хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын Хүний нөөцийн бодлогын баримт бичиг-Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 9-11, 108-122, 179-250, 2-р хх-ийн 1-21-р хуудас/

Дээрх тушаал болон хариуцагчийн тайлбараас үзэхэд ажил олгогч нь ажилтан З.Зг сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр сахилгын сануулах арга хэмжээг авч, сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлжээ.

Ажилтан З.З нь тус байгууллагын гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 дугаартай тушаалаар сануулах арга хэмжээ авсаныг эс зөвшөөрсөн гомдлоо уг тушаалыг мэдсэн өдрөөс хойш гурван сарын дотор буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалаар түүнийг ажлаас буруу халсан /чөлөөлсөн/ тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.,129.2.-т заасантай нийцэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-т Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна гэж,

23.2. Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна гэж,

23.2.1.байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэж,

23.2.2.энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна гэж тус тус заажээ.

Ажил олгогч нь ажилтан З.Зтай 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 1 жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээг байгуулж талууд гарын үсэг зурсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болжээ. /1-р хх-ийн 14-28, 108-122-р хуудас/

Талууд Хөдөлмөрийн гэрээг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан боловч гэрээний хугацаа дуусахад ажилтныг ажлаас нь чөлөөлөөгүй, ажилтан үргэлжлүүлэн ажилласаар байсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. дах хэсэгт Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс мөн хугацаагаар тус тус сунгагдсан гэж үзнэ.

НЭГ: Сахилгын сануулах арга хэмжээ авсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот тушаалын талаар:

М У.Т.Ү.Г-ын гүйцэтгэх захирлын дээрх тушаалаар ажилтан З.Зг Хөдөлмөрийн гэрээний 8.1.1., 8.1.4., Хүний нөөцийн гарын авлага-хөдөлмөрийн дотоод журмын 11.2., ёс зүйн дүрмийн 15.2.-т заасныг зөрчсөн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д заасан сануулах арга хэмжээг авчээ. /1-р хх-ийн 9-11-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8.1.1-д Ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйтэй холбоотой Монголын МСС-ийн бодлого, дүрэм, журмыг дагаж мөрдөх бөгөөд Монголын МСС-д хашиж буй албан тушаал, гэрээний хугацаанд олж авсан нууц мэдээллийг хувийн болон аливаа бусад гуравдагч этгээдийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, эсхүл зүй бусаар ашиг хонжоо олох зорилгоор гуравдагч этгээдэд урвуулан ашиглуулахгүй. Энэхүү гэрээнд тухайлан зааснаас бусад тохиолдолд ажилтан нь энэхүү гэрээтэй холбогдуулан аливаа гуравдагч этгээдэд ямар нэгэн төлбөр төлөөгүй, эсхүл аваагүй болохоо үүгээр нотолж хүлээн завшөөрөв гэж, /1-р хх-ийн 21-р хуудас/

8.1.4.-д Ажилтан нь албан үүрэг болон амин хувийн ажил хэргийг гүйцэтгэхдээ өөртөө болон Монголын МСС-ийн итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэгц шударга байдлыг хадгалах зарчмыг баримтална гэж, /1-р хх-ийн 22-р хуудас/

Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.-т Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчлүүдийг /а-о/-д нэрлэж, тус тус заажээ. /1-р хх-ийн 222-224-р хуудас/

Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Ёс зүйн дүрэмд 15.2. гэсэн заалт байхгүй байна. /2-р хх-ийн 3-10-р хуудас/

Харин Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 15.2.-т Монголын МСС-ийн ажилтнуудын мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, удирдлагын баримтлах ёс зүйн хэм хэмжээг нэрлэж, ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй болохыг заажээ./1-р хх-ийн 239, 240-р хуудас/

Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 12.-д ММСС-ийн Ёс зүйн дүрэм /хавсралт 1/ -ийн зорилго нь нийт ажилтнуудад ёс зүйн хэм хэмжээний талаар цогц ойлголт өгөх, ажил олгогчийн баримталж буй бодлого, шаардлагыг тодорхой болгох, тэдгээр хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцлийг хангахад оршино гэж,

ММСС-ийн ажилтнууд Ёс зүйн дүрмийг байнга дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд жил бүр ММСС-ийн хүний нөөцийн нэгжид энэхүү дүрмийг уншиж ойлгосон гэдгээ бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан боловч ажил олгогч нь ажилтанд уг дүрмийг танилцуулсан эсэх, ажилтан ойлгосон талаар ММСС-ийн хүний нөөцийн нэгжид бичгээр мэдэгдсэн эсэх тухай баримтыг ирүүлээгүй болно. /1-р хх-ийн 227-р хуудас/

Сахилгын зөрчил гэдэг нь ажилтан хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ /тус байгууллагын дотоод журам, дүрэм, хөдөлмөрийн гэрээ, ёс зүйн дүрэм/ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй гэм буруутай хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх бөгөөд зөрчил тус бүр тогтоогдсон байх ёстой.

Ажил олгогч М гийн Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын хавсралт 17-д Сахилгын арга хэмжээ авах дараалал, сахилгын арга хэмжээ авах үйл явцыг нарийвчлан заасан байх бөгөөд уг зөрчлийг урьдчилан нягтлах шат, баримт нотолгоо цуглуулах шат, баримт нотолгоо цуглуулахтай холбогдуулан холбогдогчийн эдлэх эрх, хүлээх үүрэг, оролцогч талуудын эдлэх эрх, үүрэг, баримт нотолгоо цуглуулах ажлын тайлан, баримт нотолгоо цуглуулах ажиллагааны дараах алхамууд, сахилгын зөрчил, сахилгын арга хэмжээ авах үйл явц гэсэн дараалалтай байна. Сахилгын арга хэмжээ авахдаа эхлээд дэд хороо байгуулна, дэд хорооны хурлын хуваарь гаргах, дэд хорооны хурал хуралдах, дэд хорооны дүгнэлт , зөвлөмж гаргах, эцэст нь гүйцэтгэх захирлын шийдвэр гаргана гэж нарийвчлан заасан байна. /2-р хх-ийн 17-27-р хуудас/

Гэтэл ажил олгогч ММСС нь ажилтан З.Зд сануулах сахилгын шийтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ногдуулахдаа дээрх журмыг баримтаагүй байх тул ажил олгогч өөрөө байгууллагынхаа дотоод журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Тодруулбал: ажил олгогч нь ажилтан З.Зг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн цахим шуудан, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн уулзалтын үеэр хийсэн мэдэгдэл, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн цахим шуудан зэрэгт тус байгууллагын өргөдөл, гомдлын хороонд итгэхгүй байгаагаа мэдэгдсэн, байгууллагын дүрэм, журмыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мөрдөхгүй байхыг бусдад уриалсан, байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж, захирах, захирагдах зарчмыг зөрчсөн, өөрийн гар утасаараа бусдын зөвшөөрөлгүй бичлэг хийж, түүнийгээ ашиглана гэж олны өмнө бусдыг сүрдүүлэх үйлдэл гаргасан нь ажилтнууд бие биедээ болон байгууллагын үйл ажиллагаанд үл итгэх нөхцлийг бүрдүүлсэн, үндэслэлгүй яриа гаргаж, байгууллагын удирдлага, хамт олны нэр хүндэд халдаж эхэлсэн үнэдэслэлүүдээр сахилгын сануулах арга хэмжээ авахдаа Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журамд заасан дарааллыг баримтлаагүй шууд гүйцэтгэх захирал тушаал гаргасан болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 9-28, 108-250, 2-р хх-ийн 1-137, 147-148, 151-162-р хуудас/

Иймд Сахилгын сануулах арга хэмжээ авсан 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 тоот тушаалыг хүчингүй болгох үндэстэй.

 

ХОЁР: 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 34.433.962 төгрөгийг гаргуулан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

М У.Т.Ү.Г-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалаар ажилтан З.Зг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан үндэслэлээр ажлаас нь халжээ. / 2-р хх-ийн 205, 206-р хуудас/

Ажил олгогч, ажилтан З.Зг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болох нь зохигчийн тайлбар, Хөдөлмөрийн гэрээ, тус байгууллагын Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журам, болон бусад баримтуудаар тогтоогдож байна. /1-р хх-ийн 108-122, 179-250, 2-р хх-ийн 1-21, 205, 206-р хуудас/

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т заасан сахилгын зөрчил давтан гаргасан талаар:

Ажил олгогч М У.Т.Ү.Г, ажилтан З.З нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.1.-д Ажилтан нь ашиг сонирхлын зөрчил болон ёс зүйтэй холбоотой ММСС-ийн бодлого, дүрэм журмыг дагаж мөрдөнө гэж, 8.1.4.-д Ажилтан нь албан үүрэг болон амин хувийн ажил хэргийг гүйцэтгэхдээ өөртөө болон Монголын МСС-ийн итгэх итгэлийг нэмэгдүүлж, цэгц шударга байдлыг хадгалах зарчмыг баримтална гэжээ. /1-р хх-ийн 117, 118-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгч З.Зг Хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх заалтуудыг зөрчсөн нь уулзалтын тэмдэглэлүүд гэх мэт баримтуудаар нотлогддог гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан үүргийнхээ дагуу өөрийн тайлбараа нотлох баримтууд болох уг уулзалтуудаар яг ямар асуудлыг хэрхэн шийдвэрлэж ажилтан З.Зд ямар мэдэгдэл шаардлагыг гардуулан өгч байсан эсэх, түүний гаргасан зөрчлүүд дээр нь ажилтанаас тухай бүр нь тайлбар авч байсан эсэх талаарх баримтуудыг болон М У.Т.Ү.Г-ын дүрэм, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журамд заасан дарааллын дагуу зөрчлийг шалгасан талаарх баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн журмын 15 дугаар зүйлд сахилгын зөрчлүүдийг нэрлэн заасан байх бөгөөд уг зөрчлүүдээс ажилтан З.Зг худал мэдээлэл өгөх, санаатайгаар хууран төөрөгдүүлэх, хуурамч бичиг баримт бүрдүүлэх, бусдыг гүтгэн доромжилж ор үндэсгүй яриа тараах гэсэн зөрчлийг гаргасан гэж ажил олгогч тайлбарлаж байгаа боловч уг зөрчилд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Т/003 дугаартай тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ авсан байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-д зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан оногдуулж болохгүй юм.

Хэрэв ажил олгогч ажилтныг дээрх зөрчлийг давтан гаргасан гэж үзэж байгаа бол ажил олгогч нь М гийн Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын хавсралт 17-д Сахилгын арга хэмжээ авах дараалал, сахилгын арга хэмжээ авах үйл явцыг нарийвчлан заасан дарааллыг баримтлах нь зүйтэй.

Иймд ажилтан З.З хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэл тогтоогдохгүй байна.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.- т ноцтой зөрчил гаргасан талаар:

Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.-т дараах тохиолдлуудыг ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцална. Үүнд: гээд а-о хүртэл 14 зөрчлийг тоочин заасан боловч Б/001 дугаартай тушаалд яг аль зөрчлийг гаргасан болохыг тухайлан заагаагүй байна. /2-р хх-ийн 205, 206-р хуудас/

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбаруудаас үзэхэд ажилтан З.Зг журмын /bfgjkm/ -д заасан дараах зөрчлүүдийг гаргасан гэж тайлбарлаж байна.

Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 11.2.-ийн

b.хулгай луйвар, эсхүл өөр бусад шударга бус үйлдэл гаргах,

f. М , Мянганы соритлын корпорацын нэр хүнд, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдэл гаргах,

g.ММСС-ын Хүний нөөцийн гарын авлага, эсхүл дараах бодлого, журмыг ноцтойгоор зөрчих, үүнд: ёс зүйн дүрэм, ашиг сонирхлын зөрчлийн тухай бодлого, нууцлал болон хувийн нууцын тухай бодлого, ажлын байр дахь бэлгийн дарамтын эсрэг бодлого, МСК-ын авилга, хээл хахууль санхүүгийн луйвраас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, шийдвэрлэх тухай бодлого

j. ажил олгогчийн зүгээс удаа дараа сануулж арга хэмжээ авсан хэдий ч ажлын гүйцэтгэл, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлт хангалтгүй байх,

k. ажил олгогчийн зүгээс удаа дараа сануулж арга хэмжээ авсан хэдий ч сахилгын зөрчил давтан гарах,

m. Сонгон шалгаруулалтын үеэр болон ажиллах хугацаандаа санаатайгаар худал мэдээлэл, хуурамч бичиг баримт өгсөн нь тогтоогдох гэж тус тус заажээ. /1-р хх-ийн 222, 223-р хуудас/

Нэхэмжлэгч З.З нь Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журамд заасан дээрх ноцтой зөрчлүүдийг гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байна. /2-р хх-ийн 249,250, 3-р хх-ийн 1-77, 93-20, 4-р хх-ийн 63-80, 85-89, 91-99, 121-136, 141-163, 222, 223-р хуудас/

М У.Т.Ү.Г-ын дүрмийн 4.3.-ын d.-д Албан хаагч бүрийг томилох, ажлаас чөлөөлөх /мөн холбогдох хөдөлмөрийн гэрээний заалтууд/-ийн өмнө МСК-аас зөвшөөрөл авч батлуулна гэжээ. /3-р хх-ийн 72-р хуудас/

Гадаад харилцааны яамаар төлөөлүүлэн Монгол улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорациар төлөөлүүлэн Америкийн нэгдсэн улс хоорондын Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээний 2.9.-д Дараах гүйлгээ, ажил үйлчилгээ, гэрээ, баримт бичгийг гаргахын өмнө Мянганы сорилтын корпорациас зөвшөөрөл авсан байна. Үүнд: /с/-д Засгийн газар болон Монголын МСС-ийн хооронд байгуулсан аливаа гэрээ болон дор дурдсан аливаа этгээдийг томилсон, хөлсөлсөн, эсхүл өөр бусад байдлаар хамтран ажиллахаар тохирсон гэрээ, vii -д Удирдах зөвлөлийн гишүүн болон ажиглагч гишүүн, Монголын МСС-ийн үндсэн ажилтан ... гэжээ./3-р хх-ийн 34-р хуудас/

Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журмын 4.3.-д ... захирлын түвшний албан тушаалд томилох, гэрээ сунгах, дахин томилохгүй байх, ажлаас халах зэрэг шийдвэрийг гаргахын өмнө Мянганы сорилтын корпорациас урьдчилан зөвшөөрөл авсан байна гэжээ./ 1-р хх-ийн 191-р хуудас/

М У.Т.Ү.Г-т Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлаар ажиллаж байсан З.Зг ажлаас халахдаа /чөлөөлөхдөө/ М У.Т.Ү.Г-ын дүрэм, Хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ, Хүний нөөцийн гарын авлага-Хөдөлмөрийн дотоод журам зэрэгт тусгасан дээрх заалтуудын дагуу МСК-аас зөвшөөрөл аваагүй байна.

Мөн ажил олгогч М У.Т.Ү.Г нь ажилтан З.Зг ажлаас чөлөөлөхдөө /халахдаа/ хөдөлмөрийн гэрээний 4.4.-т заасанаар 30 хоногийн өмнө ажилтанд мэдэгдэх үүрэгээ хэрэгжүүлээгүй байна./1-р хх-ийн 18-р хуудас/

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ М У.Т.Ү.Г-ын гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Б/001 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай дурдсан нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус, харин ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэл тул уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй юм.

Дээрх бүхнийг нэгтгэн дүгнэхэд М У.Т.Ү.Г-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Т/003 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.Зг М У.Т.Ү.Г-ын Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны буюу 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 29.709.305 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан З,Золзаяад олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэн, бичилт хийлгүүлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.724.657 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

/7.300.000+7.300.000+7.300.000=21.900.000/,/21.900.000:3=7.300.000/,/7.300.000:21,5=339.535/,/7.300.000х3сар=21.900.000төгрөг/,/339.535х23хоног=7.803.305/, /21.900.000+7.809.305=29.709.305 төгрөг/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан М У.Т.Ү.Г-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сануулах сахилгын шийтгэл ногдуулах тухай Т/003 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч З.З-г М У.Т.Ү.Г-ын Нийгэм, жендерийн оролцоог хангах асуудал хариуцсан захирлын ажилд эгүүлэн тогтоож, М У.Т.Ү.Г-аас 29.709.305 төгрөг гаргуулан З.Зд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.724.657 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дээрх цалингийн олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн суутгаж зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ                                  Ч.ИЧИНХОРЛОО