Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 125/ШШ/2017/0059

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор, шүүгч Г.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргад холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Л.  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Б  миний бие Г аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргаар буюу Төрийн захиргааны албан тушаалтнаар томилогдон ажиллаж байсан.

Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолоор төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд миний төрийн албанд ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал гэж үзэж байна. Дээрх сахилгын шийтгэл ногдуулан ажлаас халсан шийдвэрт Төрийн албан тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11,165 дугаар зүйлийн 165.2 дахь заалт, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг гол үндэслэлээ болгосон байна.

Ажлаас халсан тушаалын 1 дэх заалтад Л.Б  нь Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь шат шатны шүүхийн шийдвэр, ажил шалгасан ажлын хэсгийн шалгалтаар нотлогдож, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлж байгаа тул гэжээ.

Л.Б миний бие Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулахаар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, сонгуулийн тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт гэх зүйлийг надад огт танилцуулаагүй. Түүнчлэн миний бие 2016 оны аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль зохион байгуулагдах үеэр аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа ямарваа нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Сонгуулийн хорооны шийдвэр, үйл ажиллагаа нь Сонгуулийн тухай хуульд зааснаар хамтын шийдвэрийн үндсэн дээр гардаг ба тухайн шийдвэрийнхээ үндсэн дээр шүүхэд хариуцагчаар аймгийн Сонгуулийн хороо татагдаж, шийдвэр үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээж явдаг болохоос биш дан ганц дарга бүх асуудлыг шийдвэрлэдэггүй.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д энэ хуулийн 12,15,16,40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан ба миний бие хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах зөрчил гаргаагүй, төрийн албан хаагчид хориглох зүйлийг хийгээгүй.

 Иймээс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар Ажлаас халах тухай тогтоолыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А  шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б  нь Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчсөн учраас хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн албан үүрэгт ажлаас нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолоор халсан.

Ажлаас чөлөөлөх 1-р үндэслэл нь: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 буюу Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлүүдийг зөрчсөн үндэслэл тогтоогдсон болно. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, 13 дугаар зүйлийн 13.1.2 өргөсөн тангарагтаа үнэнч байх, 13 дугаар зүйлийн 13.1.3 эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13 дугаар зүйлийн 13.1.8 албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх зэрэг заалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Л.Б зөрчсөн болох нь өөрийн нь явуулж байсан үйл ажиллагаа нь шат шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.3, 13.1.8-ийг зөрчсөн тухайд: Аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Л.Б  нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг шийдвэрийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгосон нь тухайн шийдвэр нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон байна.

Аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Б нь хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гаргана гэдэг бол улс төрийн нөлөөлөлд автаж байсныг нотлох баримт нотолгоо бөгөөд Сонгуулийн тухай хуулийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаагүй, төрийн ашиг сонирхолд захирагдаж өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болох нь харагдаж байна. Мөн иргэн В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нарын сонгох, сонгогдох эрхийг аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор зөрчсөн болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож Сонгуулийн хууль зөрчсөн мөн Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн болохыг нотолж байна.

Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зохицуулсан бөгөөд Л.Б нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дахь заалтыг зөрчсөн үйлдлийг гаргаж байсан. Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн. Мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно гэж заасан бөгөөд Л.Б нь төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч нарыг ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлж байсан нь дээрх заалтыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

Л.Б нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч Г.Соёлоог үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Сум дундын 5 дугаар Шүүхийн 2014 оны 07-р сарын 17-ны 190 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 09-р сарын 19-ны өдрийн 28 дугаар магадлалаар тогтоогдсон, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны мэргэжилтэн Б.Наваан-Юндэнг 2014 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 22 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08-р сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэгдэж Л.Б нь төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байсан нь нотлогдож байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт нь дээр дурдсан Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг бүхэлд нь хамруулж байгаа учраас Л.Б-г ажлаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл болж байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 Энэ зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэх шаардлагагүй болохыг зохицуулсан бөгөөд 26 дугаар зүйлийн 26.1.3-т Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах шийтгэлийг хэрэглэж болохоор хуульчилсан байна.

Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т Сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно гэж заасан бөгөөд уг заалтыг зөрчсөн тохиолдолд уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т Төрийн албан хаагч энэ хуулийн 11.4-т заасныг зөрчсөн нь түүнийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах үндэслэл болно гэж зохицуулсан. Л.Б нь аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нарын сонгогдох эрхийг хуульд зааснаас илүү шаардлага тавьж хязгаарласан бөгөөд энэ шийдвэр нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны 17 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 221 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 361 дугаар тогтоолоор сонгуулийн хорооны даргаар ажиллаж байсан Л.Б нь хууль бус шийдвэр гаргаж Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчиж иргэний сонгогдох эрхийг зөрсөн болохыг тогтоосон байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-т заасан хариуцлагыг уг хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасан этгээд буюу Л.Б-д хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй буюу ажлаас халах шийдвэрийн хууль зүйн үндэслэл болж байгаа юм.

Л.Б нь Сонгуулийн хорооны шийдвэр нь хамтын шийдвэр учраас хариуцлага хүлээхгүй гэж байгаа нь хуульд заасан хариуцлагаас буюу Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11-тзаасан хариуцлагаас чөлөөлөгдөхгүй юм.

Сонгуулийн хорооны дарга, гишүүд нь хуулийн дагуу ажиллах үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид учраас Сонгуулийн тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т зааснаар хариуцлага хүлээх бөгөөд, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1-д заасан хариуцлагын хүлээх субъект болж байгаа юм.

Аймгийн ИТХ-ын даргын 2016 оны 08-р сарын 16-ны өдрийн 14 дүгээр захирамжаар ажлын хэсэг томилон ажиллуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаа, санхүүгийн тайлан тэнцэлд хяналт шалгалт хийсэн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг эрх бүхий албан тушаалтан бөгөөд томилох чөлөөлөх, эрх бүхий албан тушаалтны хувьд ажлыг нь шалгах ажлын хэсгийг томилох бүрэн эрхтэй субьект юм. Уг хяналт шалгалтаар үйл ажиллагааны болон санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн болно. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Л.Б нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2016 оны 7-р сарын 19-ний өдөр хуралдсанаас хойш аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 11 удаа хуралдахад бүх хурлын бэлтгэлийг хангаагүй, 2 удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаагүй, ажлын албыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Төрийн жинхэнэ албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнч бус, хууль дээдэлдэггүй, Төрийн албаны тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн нь нотлох баримт, шат шатны шүүхийн шийдвэрүүдээр нотлогдсон болохыг дурдаж байна гэжээ.

 

Гуравдагч этгээд А.М  шүүхэд гаргасан тайлбартаа: Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 68 дугаар тогтоолоор тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд томилогдон ажиллаж байна.

Анх 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ажил хүлээж авахад Л.Б  ажлаа өгөөгүй. Албан өрөө нь хоосон, өөрийн гэсэн зүйлүүдийг авч өрөөгөө сулласан байсан. Өрөөнийхөө түлхүүрийг даргын туслахад үлдээсэн байсан. Энэ ажлыг хүлээж авахдаа төрийн албаны тодорхой нөхцөл шаардлагыг хангаж байгаа учраас томилогдсон гэж ойлгож байгаа. Төрийн албаны шат дараалсан албан тушаал, мэргэшил дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байсан.

Аймгийн  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр ажлын албаны санхүүгийн үйл ажиллагаа болон баримт бичгийн алдаа дутагдал их байсныг харж болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ч.Б нь Захиргааны хууль бус актад холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.4 дэх хэсэгт зааснаар Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд хандаж шийдвэрлүүлсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Шүүхээс энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн болон хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хуралдаанд оролцогчдоос гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэг нотлох  баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 67 дүгээр “Ажлаас халах тухай” тогтоол гаргахдаа  нэхэмжлэгч Л.Б-г Төрийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн нь шат шатны шүүхийн шийдвэр, ажил шалгасан ажлын хэсгийн шалгалтаар нотлогдож, ажлын байрны тодорхойлтод заагдсан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. 26.1.3, 26.2,  Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2, ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанд хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг тус тус үндэслэл болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгч Л.Б  нь Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр, 2015 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор уг албан тушаалд жинхлэн томилогдсон, 2005 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төсвийн шууд захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагч нь харьяалагдах дээд шатныхаа төсвийн захирагчтай төсвийн жил эхлэхээс өмнө үр дүнгийн гэрээ байгуулна”, мөн хуулийн  40.3-д Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ” гэж заасны дагуу Л.Б  2015 оны үр дүнгийн гэрээг  Төсвийн ерөнхийлөн захирагч, Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Дэлгэржаргал нар  байгуулсан. Нэхэмжлэгч Л.Б  2015 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн биелэлтийг   93.5 оноогоор “А” үнэлгээтэйгээр дүгнүүлсэн, 2016 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнээгүйг дурьдах зүйтэй байна . 

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр захирамжаар ажлын хэсэг байгуулан, Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Л.Б-ийн ажлыг шалгаж дүгнэлт гаргажээ.

Хариуцагч үүнийг тайлбарлахдаа “...Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын  томилох, чөлөөлөх эрх бүхий албан тушаалтан бөгөөд эрх бүхий албан тушаалтны хувьд ажлыг нь шалгах ажлын хэсэг томилох эрхтэй юм. Уг хяналт шалгалтаар үйл ажиллагааны болон санхүүгийн зөрчил дутагдал илэрсэн болно...” гэжээ.

Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр захирамжаар байгуулагдсан “Ажлын хэсгийн шалгалтын танилцуулга”-ын дүгнэлтэнд “...Л.Б  нь албан тушаалаа хэтрүүлэн өргөсөн тангаргаа зөрчин, нам улс төрийн үзэл баримтлал гарган ажиллаж байгаагийн дээр энэхүү албан тушаалд мэдлэг ур чадвараар тэнцэхгүй болох нь харагдаж байна” гэжээ.

 Л.Б нь нам улс төрийн үзэл баримтлал гарган ажиллаж байгаа гэдгийг хариуцагч талаас тайлбарладаг боловч үүнийг бичгийн нотлох баримтуудаар нотолж чадаагүй болно.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 “бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү дүгнэлтийг гаргахаас өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “...Л.Б нь Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 7 дугаар тушаалаар нягтлан бодогч Г.Соёлоог үүрэгт ажлаас чөлөөлснийг Сум дундын 5 дугаар шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 190 дүгээр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 28 дугаар магадлалаар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны мэргэжилтэн Б.Наваан-Юндэнг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар чөлөөлснийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор тус тус хууль бус шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, мөн хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн...” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус шийдвэр гаргаж, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэдэг үндэслэлээр  нэхэмжлэгчийн үйлдлийг буруутган ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан  буруу байна.

Учир нь дээр үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэх заалттай нийцэхгүй байна.

Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 67 дугаар тогтоолын үндэслэлээ хариуцагч тайлбарлахдаа “...Л.Б аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолыг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр илт хууль бус болохыг тогтоосон, мөн В.Сүррагчаа, В.Рэнцэндорж нарын сонгох, сонгогдох эрхийг зөрчиж сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоол гаргасныг 3 шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх; 13.1.2-т өргөсөн тангарагтаа үнэнч байх; 13.1.3-д эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах; 13.1.8-д албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх гэсэн заалтуудыг зөрчсөн...” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Б “...Сонгуулийн хорооноос гаргасан шийдвэрүүдтэй холбогдуулан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах үндэслэл болохгүй. Яагаад гэвэл сонгуулийн хорооноос гаргаж байгаа шийдвэрийг ганцхан би гаргадаггүй, хамтын шийдвэр юм...” гэж маргажээ.

 Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонгуулийн хороо эрх хэмжээнийхээ асуудлыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй ирцтэй хуралдаанаар хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийнхээ ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ” гэснээр Сонгуулийн хороо хамтын шийдвэр гаргадаг тул нэхэмжлэгч Л.Б-г  уг үндэслэлээр буруутгаж Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж  үзэх боломжгүй, ажлаас халах үндэслэл болохгүй юм.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа “Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Л.Б нь ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 11 удаагийн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2 удаагийн хурлын бэлтгэлийг хангаагүй, зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5 дахь заалтуудыг зөрчсөн үйлдэл болж байгаа юм гэжээ”

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийнхээ дагуу хариуцагч Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “Л.Б-г хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтонд тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүйтэй холбоотой баримт  гаргуулах”-аар шаардсаны дагуу Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1/458 дугаар  “...Л.Б нь Төрийн албаны тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйл баримтууд нь захиргааны хэргийн шүүхийн шат шатны шийдвэрээр тогтоогдсон, мөн гэрчийн мэдүүлгээр баталгаажуулахаар хүсэлт өгсөн, ажлын хэсгийн дүгнэлт зэргийг нотлох баримтаар хүргүүлсэн...” гэсэн албан бичиг ирүүлсэн. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40  дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26 дугаар зүйлийн 26.1.3-д ”төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэснийг Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар “Төрийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг тайлбарлах тухай” тогтоолд “...Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн “албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт төрийн албан хаагч албан үүргийнхээ заримыг болон бүгдийг гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн аль алийг нь хамааруулна...”  гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байна. Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлтод заагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул Г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын  2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 67 дүгээр “Ажлаас халах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б-г Г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 13304225 төгрөгийг хариуцагч, Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид  даалгах нь зүйтэй байна.         

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт  заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь

1.          Монгол улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1,  26.1.3, 26.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын  2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 67 дугаар “Ажлаас халах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б-г Г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн ажилгүй байсан хугацааны цалин болох 13304225 төгрөгийг Г аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид  даалгасугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.