Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0206

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар0221/МА2018/0206

Улаанбаатар хот

 

 

Л.Б нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А гаргасан давж заалдах гомдлоор, Л.Б нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Л.Б 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлаас халах тухай” 67 дугаар тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр:

“Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.2 дахь хэсэг, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 67 дугаар “Ажлаас халах тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Б Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б ажилгүй байсан хугацааны цалин болох 13304225 төгрөгийг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Нэхэмжлэгч 2015 оны үр дүнгийн гэрээг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга асан А.Д байгуулж 93.5 оноогоор “А” дүгнүүлсэн, 2016 оны үр дүнгийн гэрээг мөн А.Д байгуулж хагас болон бүтэн жилээр дүгнээгүй талаар дурьджээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдаж, Анхдугаар хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж даргаар Т.Г сонгогдсон. Хариуцагчаас нэхэмжлэгч Л.Б хагас жилийн үр дүнгийн гэрээг дүгнэх боломжгүй, хугацаа хэтэрсэн байсан бөгөөд Анхдугаар хуралдаанаас хойш иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болон, 11 удаагийн Тэргүүлэгчдийн хурлын бэлтгэл, зохион байгуулалтыг хангаж ажиллаагүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна” гэж заасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн үйл ажиллагаа, бодлогын шийдвэрүүд хурлын тогтоол, бусад шийдвэрээр баталгаажин хэрэгжиж байдаг.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-д “Хурлын Тэргүүлэгчид ажлын албатай байх”, 20.4-д “Ажлын албаны дарга нь тухайн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга байна” гэж заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын алба болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг чиглүүлэх гол албан тушаалтан.

Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл Л.Б Тэргүүлэгчдийн ажлын албыг удирдан чиглүүлээгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 11 удаагийн хуралдааны бэлтгэл зохион байгуулалтыг хангаагүй нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааг тасалдуулсан учраас 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэхээс өмнө ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол аймаг, орон нутгийн бодлогыг тодорхойлдог, төсөв санхүүг баталдаг, үндсэн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан болохын хувьд цаашид ард иргэдийн эрх ашиг, байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Л.Б ажлаас халах шийдвэрийг гаргасан гэдэгт анхан шатны шүүх үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн хүрээнд нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн үндэс бүрддэг бөгөөд тухайн албан тушаалтныг томилдог субьектын хувьд үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийх ажлын хэсгийг томилон ажиллуулж, тухайн хяналт шалгалтаар Төрийн албаны тухай хууль болон ажлын байрны тодорхойлолт чиг үүрэгт заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, санхүүгийн болон үндсэн баримт бичгийн зөрчилтэй, нам улс төрийн үзэл баримтлал гарган ажилласан талаар үнэлэлт дүгнэлт өгснийг нэхэмжлэгч талаас тодорхой баримтгүй үгүйсгэж байгааг анхан шатны шүүхээс нотлох баримтуудаар нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр үнэлж үзээгүй байгаа нь учир дутагдалтай.

Л.Б улс төрийн үзэл баримтлал гаргаж ажиллаж байсан нь 2 удаагийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр нотлогдсон байхад энэ асуудалд шүүхээс нотлох баримтгүй гээд үнэлэлт өгөөгүй.

Нэхэмжлэгч аймгийн Сонгуулийн хорооны даргаар ажиллаж байхдаа С.Х, Ш.С нартай холбоотой 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тогтоолыг гаргасан бөгөөд уг шийдвэрийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр илт хууль бус захиргааны актад тооцож хүчингүй болгосон нь тухайн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан болох нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон.

Мөн хууль, эрх зүйн хувьд үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт гаргана гэдэг бол улс төрийн нөлөөлөлд автаж байсныг нотлох гол баримт нотолгоо бөгөөд Сонгуулийн тухай хуулийг биелүүлээгүй, төрийн албан хаагчийн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаагүй, төрийн ашиг сонирхолд захирагдаж өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллаагүй Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн энэ үйлдэл нь шүүхийн шийдвэрээр баталгаажиж ажлаас халах бүрэн үндэслэл байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч илт хууль бус захиргааны акт гаргасан асуудалд үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

В.С, В.Р нарын сонгох, сонгогдох эрхийг аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор зөрчиж ял шийтгэлгүй хуудсыг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулан өгсөн байхад хуулийг өөрийн санаагаар тайлбарлаж иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан болох нь 3 шатны шүүхийн шийдвэрээр нотлогдож Сонгуулийн тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрсөн болохыг нотолж байна.

Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Төрийн албан хаагч, иргэнээс мэргэшлийн шалгалт авах, төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх, түүнийг томилох, чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, түүнчлэн дээрх үйл ажиллагаатай холбогдсон шударга бус тодорхойлолт, гэрчилгээ, баталгаа гаргахыг хориглоно” гэж заасан бөгөөд Л.Б 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тушаалаараа нягтлан бодогч Г.С үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Сум дундын 5 дугаар шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 190 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 5 дугаар шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 19-ны өдрийн 28 дугаар магадлалаар тогтоогдсон, мэргэжилтэн Б.Н 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 22 дугаар тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлсөн нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 29 дүгээр тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэгдэж Л.Б нь төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас халж Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байсан нь нотлогдож байгаа юм.

Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасантай нийцэхгүй байгаа учир Л.Б Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй, тухайн үндэслэлээр ажлаас халсан нь буруу гэж дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “Хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” гэж заасан нь тухайн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанаас болж хохирсон иргэн, хуулийн этгээдийн эрхийг хангах, хохирлыг барагдуулах асуудлыг зохицуулсан зохицуулалт болохоос буруу шийдвэр гаргасан, хууль зөрчсөн албан тушаалтныг хамгаалсан заалт гэж ойлгож болохгүй юм.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт заасны дагуу Төрийн албан хаагч буруу шийдвэр гаргаснаас үүдэх гэм хорыг тухайн шийдвэр гаргасан албан тушаалтнаар төлүүлэх эрх зүйн зохицуулалтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгчийн талд хуулийг тайлбарласан байна гэж хариуцагчийн хувьд үзэж байна.

Анхан шатны шүүх “...аймгийн сонгуулийн хороо нь хамтын шийдвэр гаргадаг тул Л.Б Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасныг зөрсөн гэж үзэж боломжгүй, ажлаас халах үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Нарийн бичгийн даргыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар томилж чөлөөлдөг. Тэргүүлэгчдийн хурал мөн ялгаагүй хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Хамтын шийдвэр гаргадаг субьектууд хариуцлага хүлээдэггүй гэвэл сонгуулийн хорооны дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ялгаагүй хууль зөрчсөн шийдвэр гаргаад хариуцлага хүлээхгүй байж болно гэсэн агуулга шүүхийн шийдвэрт байна. Хамтын шийдвэр гаргадаг байгууллага, хариуцлагыг нь би хүлээхгүй гээд сонгуулийн хорооны дарга нь хууль зөрчсөн шийдвэр гаргадаг иргэний сонгох, сонгох эрхийг зөрчдөг, илт хууль бус захиргааны акт гаргаж иргэдийг хохироодог, нам улс төрийн захиалгаар ажилладаг бол аль нэг гудманд явж байгаа хэн нэг шударга иргэнийг тухайн албан тушаалд томилох нь илүү шударга ёсонд нийцэхээр байна. Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн учраас томилох, чөлөөлөх эрх бүхий субьект нь Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.11, 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэр гаргасан болохыг анхан шатны шүүхээс үнэлж дүгнээгүй.

Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийн дагуу хариуцагчаас нотлох баримт гаргуулсан боловч тухайн нотлох баримттай холбогдуулж нэхэмжлэгчээс баримт гаргуулаагүй, гаргуулсан нотлох баримтаа үнэлж үзээгүй гэж хариуцагчийн хувьд үзэж байна.

Мөн хуульд заасан үүргийн дагуу нотлох баримтыг цуглуулсан гэх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасан гол зарчмыг хэрэгжүүлж ажилласангүй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч болон 2015 оны үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг тоотой хэдэн баримтыг гаргаж өгсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргаж өгсөн баримтууд, гэрчийн мэдүүлэг, шүүхээр шийдвэрлэгдсэн асуудлуудаар нэхэмжлэгчээс эсрэг баримт бүрдүүлээгүй, шүүх хуралдаанд нэхэмжлэгч оролцоогүй, өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжээгүй, мэтгэлцээгүй нь хэргийн бүх шатанд мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндсэн зарчмыг хангасангүй.

Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн алба хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд “Төрийн албаны тухай хуулийн албан үүргээ биелүүлээгүй” гэдэгт төрийн албан хаагч албан үүргийнхээ заримыг болон бүгдийг гүйцэтгээгүй, хангалтгүй биелүүлсэн аль алийг хамааруулна гэж дүгнээд сахилгын шийтгэлийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах, нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийг шалгаж тогтоогоогүй, ажлын байрны тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэлийг үндэслэлгүйгээр ногдуулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалуулан хэрэглэх шаардлагагүй” гэснийг орхигдуулж нэхэмжлэгчид ашигтай байдлаар хуулийг тайлбарлаж, ажлын байрны тодорхойлолт чиг үүрэгт заасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хурлын бэлтгэл зохион байгуулалтыг хангаагүй дээд шүүхийн тогтоолд туссан албан үүргээ огт гүйцэтгээгүй асуудалд буруу үнэлэлт дүгнэлт өгсөн.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ажлын албаны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн дүгнэлт гарсан байхад нэхэмжлэгчийн зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэж анхан шатны шүүхээс үнэлж дүгнэсэн.

Энэ маргаан нь анх Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж тухайн шүүх хуралд нэхэмжлэгч “...би иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон 11 удаагийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын бэлтгэл зохион байгуулалтыг хангаагүй” гэж ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан ажлаа гүйцэтгээгүй талаар мэдүүлсэн, гэрч Б.Н, Ш.Д нарын мэдүүлэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, ажлын хэсгийн дүгнэлт гарсан байхад нэхэмжлэгчийн зөрчлийг шалган тогтоогоогүй гэж анхан шатны шүүхээс шийдвэр гаргасан нь нотлох баримтад үндэслэж, мэтгэлцэх зарчмын дагуу шийдвэрээ гаргаагүй болохыг илтгэж байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хууль бус бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийн үндэслэлийг хяналгүйгээр хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны журмаар хэлэлцүүлэхээр буцаав.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор хэргийг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч Г.С хуваарилагдсан, улмаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг албажуулахдаа зөвхөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Г даргалагчаар томилж, харин ямар шүүгчдийг бүрэлдэхүүнд томилсон нь тодорхойгүй, албажуулсан захирамжид орхигдуулснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан нөхцөл байдлыг бий болгожээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан тохиолдолд 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх бөгөөд харин томилогдсон шүүх бүрэлдэхүүнийг уг хуулийн 72 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасны дагуу Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулах шаардлагатай.

Гэтэл Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг гаргасан шүүх хуралдаанд оролцсон тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.С, шүүгч Г.Я нарыг шүүх бүрэлдэхүүнд томилж, албажуулах ажиллагаа хуулийн дагуу хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 221/МА2017/0406 дугаар магадлалаар энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт дүгнэлт өгөлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж байсан, энэ удаа мөн л дээрх үндэслэлээр буцааж, үндсэндээ хэргийг анхан шатны журмаар 3 дахь удаагаа хянах гэж байх тул хэрэгт хамааралтай нотлох баримт бүрэн цугларсан эсэхийг нягтлан үзэхийг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН