Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01332

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01332

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ХЗХ /РД:5878888/-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай Хилчин СӨХ нь иргэн Пагва овогтой Болдтой 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн СӨХ-ийн эзэмшлийн талбай болох Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 23 дугаар байрны 0 тоот 33 м.кв талбайг худалдаа үйлчилгээний чиглэлээр сарын 100,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ байгуулсан.

Гэтэл П.Болд нь уг түрээсийн байрыг гэрээнд заасны нөхцөл болзлын дагуу ашиглаагүй бөгөөд харин Г Хадгаламж Зээлийн Хоршоо нь дээрхи 33 м.кв байрыг ямар нэгэн гэрээ хэлцэлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглаж байна. Энэ хадгаламж зээлийн хоршоо өөрийн нэрээрээ гэрээ хэлцэл хийгээд явахад манай зүгээс татгалзах зүйлгүй.

Иймд манай Хилчин СӨХ-ийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 23 дугаар байрны зоорийн давхарт байрлах 33 м.кв байрыг Г Хадгаламж Зээлийн Хоршооноос албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манай Г Хадгаламж Зээлийн Хоршооны дарга Пагва овогтой Болд нь Хилчин СӨХ-той 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг харилцан тохиролцож байгуулсан.

Уг гэрээний ерөнхий зүйлийн 1.2-д заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсээр эзэмшүүлж, ашиглуулна гэсэн байдаг бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байна. МАнай ХЗХ гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг, ямар нэгэн зөрчил гаргаагүй.

Гэтэл нэхэмжлэгч Хилчин СӨХ нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Учир нь 2019 онд манай хоршооны дарга П.Болд нь хоршоогоо төлөөлөн дээрх түрээсийн гэрээг байгуулан, гэрээнд заасны дагуу ХЗХ-ны үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байхад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагадаа Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ашиглаагүй, ямар нэгэн гэрээ хэлцэлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглаж байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус СӨХ нь нэхэмжлэл гаргахдаа он сар өдөр нь тодорхойгүй, үндэслэлгүйгээр гэрээнээсээ татгалзан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Сүхбаатар дүүргийн 7 хороолол, 10 дугаар хорооны 23 дугаар байрны 33 м.кв талбай бүхий подволыг Г ХЗХ нь 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа юм.

Энэ хаяг бол улсын бүртгэлд, Монгол банкинд, Санхүүгийн зохицуулах хороонд, Татварын хэлтэст, Нийгмийн даатгалын хэлтэст, интернэтэд албан ёсны бүртгэлтэй байгаа хаягийн байдал бөгөөд тус ХЗХ-нд гишүүнчлэлтэй Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны бичил бизнес эрхлэгч 66 иргэний эрх ашгийг ноцтой хөндөж байгаа байдал зэргээс үзэхэд ойлгомжгүй байна.

Мөн Хилчин СӨХ-ны зүгээс дээрх түрээсийн гэрээнээс татгалзах талаар болон чөлөөлөх талаар ямар нэгэн мэдэгдэл манайд хандан гаргаж байгаагүй. Манай Г ХЗХоршоо нь түрээсийн гэрээний 3 дугаар зүйлд заасан түрээслэгчийн үүргээ биөлүүлэн, мөн зүйлийн 3.2-д заасан нөхцөл зориулалтын дагуу ашиглан түрээсийн төлбөрийг төлсөөр ирсэн байхад үндэслэлгүйгээр гэрээнээсээ татгалзан, албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч Хилчин СӨХ нь хариуцагч Г ХЗХ-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Хилчин СӨХ нь П.Болдтой Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хурамтлалын гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 6, 7-р хуудас/

Дээрх гэрээгээр Хилчин СӨХ-ны 23 дугаар байрны дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 33 м.кв талбайтай подвалийн нэг өрөөг сарын 100.000 төгрөгөөр, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцсон байна.

Хариуцагч дээрх гэрээг Г ХЗХ-той байгуулаагүй иргэн П.Болдтой байгуулсан, П.Болд нас барсан байхад Г хадгаламж зээлийн хоршоо нь уг үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул албадан чөлөөлүүлнэ гэж маргаж байна.

П.Болд нь 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Г ХЗХ-ны даргаар томилогдсон болох нь хариуцагчийн тайлбар, уг хоршооны тэргүүлэгчдийн тогтоол, хурлын тэмдэглэл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдож байх тул 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хурамтлалын гэрээг Хилчин СӨХ, Г ХЗХ-ны хооронд байгуулагдсан гэж үзнэ. /хх-ийн 88-92-р хуудас/

Хариуцагч Г ХЗХ-ны дарга П.Болд нь 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр нас барж, уг хоршооны даргаар Ц.Буяндалай томилогдож 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн гэрчилгээн дэх бичилтээр тогтоогдож байна. /хх-ийн 35, 90-р хуудас/

Дээрх Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хурамтлалын гэрээгээр нэхэмжлэгч Хилчин СӨХ /түрээслүүлэгч/ нь хариуцагч Г Хадгаламж зээлийн хоршоо /түрээслэгч/-ны эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж 23 дугаар байрны 33 м.кв талбайтай подвалийн нэг өрөөг шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5.-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэжээ.

Мөн хуулийн 294 дүгээр зүйлд Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох нөхцлүүдийг заасан байх бөгөөд 294.3.-д зааснаар гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа 3 сарын өмнө мэдэгдэнэ гэжээ.

Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээгээр түрээслэгч, түрээслүүлэгч нарын эдлэх эрх, хүлээх үүргийг харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.3.-д түрээсийн байрыг муутгасан, гэмтээсэн буюу гэмтээх бодит нөхцөл бий болгосон, түрээслэгчийн илтэд болгоомжгүй үйлдлээр СӨХ-ны дундын өмчид хохирол учруулсан бол гэрээг хугацаанаас өмнө цуцлана гэж, 2.10.-д Түрээсийн байрандаа архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэн оршин суугчдын амгалан, тайван байдлыг алдагдуулбал гэрээг түрээслүүлэгч шууд цуцална гэж тус тус заажээ./хх-ийн 6, 7-р хуудас/

Дээрх бүхнээс дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаагүй, хууль болон гэрээнд заасны дагуу гэрээний нэг тал болох нэхэмжлэгч Хилчин СӨХ /түрээслүүлэгч/-нь гэрээнээс татгалзах нөхцөл үүсээгүй байх бөгөөд түрээслэгч Г ХЗХ-г үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэн түүний эзэмшлээс чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Тодруулбал: Хариуцагч /түрээслэгч/ Г ХЗХ нь гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу түрээсийн төлбөрийг төлж, хууль болон гэрээнд заасны дагуу гэрээ цуцлах нөхцөл байдлуудыг үүсгээгүй, үүсээгүй болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6, 7, 35, 39-44, 84-92-р хуудас/

Иймд түрээслэгч Г ХЗХ-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай түрээслүүлэгч Хилчин СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 318 дугаар зүйлийн 318.1.-д заасныг баримтлан үл хөдлөх эд хөрөнгө хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Х СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь энэхүү шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО