Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01394

 

 

 

 

 

 

 

 

 

Х СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01332 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Г Х У ХЗХ-нд холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ц.Буяндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Х СӨХ нь иргэн П.Болдтой 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн СӨХ-ны эзэмшлийн Сүхбаатар дүүрэг 10-р хороо, 7-р хороолол, 23-р байрны 00 тоот 33 м.кв талбайг худалдаа үйлчилгээний чиглэлээр сарын 100,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл П.Болд уг түрээсийн байрыг гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиглаагүй бөгөөд харин Г Х У ХЗХ нь дээрх 33 м.кв байрыг ямар нэгэн гэрээ хэлцэлгүй, үндэслэлгүйгээр эзэмшиж ашиглаж байна. Энэ хадгаламж зээлийн хоршоо өөрийн нэрээрээ гэрээ хэлцэл хийгээд явахад манай зүгээс татгалзах зүйлгүй. Иймд манай Х СӨХ-ны эзэмшлийн байрыг Г Х У ХЗХ-ноос албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Манай Г Х У ХЗХ-ны дарга П.Болд нь Х СӨХ-той 2019 оны 09 сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээний 1.2-т заасны дагуу 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсээр эзэмшүүлж, ашиглуулна гэж заасан байдаг. Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлдөг, ямар нэгэн зөрчил гаргаагүй. Гэтэл Х СӨХ нь шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, 10-р хороо, 23-р байрны 00 тоот 33 м.кв талбай бүхий подвалд Г Х У ХЗХ нь 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс гэрээний үндсэн дээр өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа юм. Мөн Х СӨХ-ны зүгээс дээрх түрээсийн гэрээнээс татгалзах талаар болон чөлөөлөх талаар ямар нэгэн мэдэгдэл манайд хандан гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай Х СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Хэрэгт 2019 оны 09 сарын 01-ний өдрийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г эх хувиар хавсаргасан бөгөөд уг гэрээг Х СӨХ, иргэн П.Болд нар байгуулж, талууд гарын үсгээ зурсан байдаг. Гэтэл шүүхээс ямар хуульд заасны дагуу дээрх гэрээг Г Х У ХЗХ-той байгуулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь дээрх гэрээгээр Г Х У ХЗХ нь ямар нэгэн үүрэг хүлээгээгүй тул СӨХ-ны зүгээс ямар нэгэн шаардах эрх хэрэгжүүлэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х СӨХ нь хариуцагч Г Х У ХЗХ-нд холбогдуулан Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 38-р байрны 00 тоот подвалыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 33-34/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хариуцагчтай аливаа гэрээ, хэлцэл байгуулаагүй, хариуцагч хууль бусаар подвалыг эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ П.Болд нь тус хадгаламж зээлийн хоршоог төлөөлж сууц өмчлөгчдийн холбоотой гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 2019 оны 09 сараас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарлан маргадаг.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан 2019 оны 09 сарын 01-ний өдрийн Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ /хх 6-7/, Гэрээн хишиг ундрага ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 09 сарын 06-ны өдрийн 01 дугаар тогтоол /хх 88/, хурлын тэмдэглэл /хх 89/, улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд хийгдсэн тэмдэглэгээ /хх 90/ зэрэг бичгийн нотлох баримтыг үндэслэн Х СӨХ болон Г Х У ХЗХ нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа байгуулагдсан, хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж үзэхгүй гэж дүгнэж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Учир нь:

 

а/. Талууд 2019 оны 09 сарын 01-ний өдрийн гэрээг Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ гэж нэрлэсэн боловч нэг тал нь өөрийн эзэмшлийн орон сууцны бус зориулалттай подвалыг 2019 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд эзэмшүүлж, ашиглуулах, нөгөө тал нь нэг сарын түрээсийн төлбөрт 100,000 төгрөг төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна. /хх 6-7/

 

Гэрээний зүйл болох 33 м.кв талбай бүхий подвал нь тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, сууц өмчлөгчдийн холбооны дундын эд хөрөнгө байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага дээрх гэрээнд тавигдахгүй.

 

б/. Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.5-д зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийг түрээслүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах талаарх гэрээг холбооны нэрийн өмнөөс байгуулах эрхтэй этгээд юм.

 

Х СӨХ-г төлөөлж гарын үсэг зурсан Б.Наранцэцэг нь тухайн үед холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь Х СӨХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 09 сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор нотлогдож байх тул гэрээг эрх бүхий этгээд байгуулсан гэж үзнэ. /хх 72/

 

в/. Гэрээ байгуулах үед П.Болд нь Г Х У ХЗХ-ны даргаар ажиллаж байсан болох нь Гэрээн хишиг ундрага ХЗХ-ны Тэргүүлэгчдийн зөвлөлийн 2014 оны 09 сарын 06-ны өдрийн 01 дугаар тогтоол /хх 88/, хурлын тэмдэглэл /хх 89/, улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнд хийгдсэн тэмдэглэгээ зэргээр нотлогдож байх ба уг үйл баримтыг 2019 оны 09 сарын 01-ний өдрийн гэрээний /хх 6-7/ 1 дүгээр зүйлийн 1.2-т ...ХЗХ-ны үйл ажиллагаа явуулах зориулалтаар түрээсээр эзэмшүүлж, ашиглуулна гэж заасан, мөн гэрээний 6.4-т Хоёр талын удирдлагад өөрчлөлт орсон нь энэхүү гэрээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасантай тус тус харьцуулан үзэхэд П.Болд нь Г Х У ХЗХ-г төлөөлж Х СӨХ-той гэрээ байгуулсан, энэ талаар Х СӨХ мэдэж байсан гэж дүгнэхээр байна.

 

г/. Гэрээ байгуулснаас хойших цаг хугацаанд Х СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Наранцэцэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн /хх 72/, Г Х У ХЗХ-ны дарга П.Болд нас барсан /хх 35/ зэрэг нөхцөл байдал нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг үгүйсгэх, дуусгавар болгох үндэслэл болохгүй.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь хариуцагч этгээд тухайн хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байх явдал мөн. Гэтэл хариуцагч Г Х У ХЗХ нь маргаан бүхий подвалыг түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримт тогтоогдсон учир түүнийг хууль бус эзэмшигч гэж үзэх боломжгүй, улмаар нэхэмжлэгч Х СӨХ-ны нэхэмжлэл, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан зөв тогтоож, маргааныг зөв шийдвэрлэсэн боловч эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэгчийн шаардлагыг анхааралгүй Иргэний хуульд заасан түрээсийн гэрээтэй холбоотой, гэрээнээс татгалзахтай холбоотой зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг буюу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан үед хэрэглэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, шийдлийг хэвээр үлдээн нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Энэхүү магадлал нь зохигчид түрээсийн гэрээтэй холбоотой асуудлаар шүүхэд хандахад саад болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01332 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Г Х У ХЗХ-нд холбогдох Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 38-р байрны 00 тоот подвалыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Х СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

Тогтоох хэсгийг 2 дахь заалтын ...56.2... гэснийг ...56.1... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР