Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01336

 

 

2021 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 181/ШШ2021/01336

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Э.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ҮСХ УТҮГ -т холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.829.700 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Золбоо, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Боргил, гэрч Г.Үүрцайх, С.Эрке, нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Э.Б  нь Үндэсний статистикийн хорооны Хүн, ам нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаачаар 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээг жил бүр сунгаж ирсэн.

Хөдөлмөрийн гэрээний хугацааг сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан байсан.

Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Тухайн ажлын байрнаас яагаад чөлөөлөгдөж байгаа шалтгааныг би мэдээгүй бөгөөд дээрх тушаалд ч энэ талаар тусгаагүй байдаг болно. Миний бие Үндэсний статистикийн хороонд судлаачаар ажиллаж байх хугацаандаа ямар нэг зөрчил дутагдал гаргаж байгаагүйг хамт олон болон ажиллаж байсан судлаач нар бүгд мэднэ.

Судлаач бидний ажил бол их онцлогтой ажил юмаа. Намайг удаа дараа зөрчил гаргасан гэж байгаа боловч ямар зөрчил гаргасныг тогтоосон зүйлгүй, айл бүрээр орж өрхийн судалгаа, ажиллах хүчний судалгаа гаргадаг. Сая ковидын үед 12 дугаар сарын судалгааг утсаар авсан, иргэд судалгаа авахад дандаа үнэн хэлдэггүй бөгөөд зөрүүтэй мэдээлэл өгдөгийг хэн аль нь мэдэж байгаа шүү дээ, 11 дүгээр сарын судалгааг биечлэн авсан, 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр би миний төрсөн ах хөдөө хагалгаанд орсон гэдгийг багийн ахлагч Эрке рүү өөрөө залгаж хэлсэн, би хэлэлгүй зөвшөөрөл авалгүй яваагүй. Өөрийн хэрэглэдэг таблетийг гэртээ үлдээгээд ирж авахаар нь өгөөрэй гээд үлдээснийг эд хөрөнгө үрэгдүүлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Буруу мэдээлэл өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, судалгаанд хамрагдаж буй өрхүүдээс хөгшин хүмүүс болон баян хүмүүс мэдээлэлээ буруу өгдөг, тайлан мэдээ хоцроож байсан удаагүй юм.

Иймд намайг Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаачийн ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3.829.700 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Э.Б  нь Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/332 дугаартай тушаалаар Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны судлаачаар томилогдож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын гүйцэтгэлээс шалтгаалж жил тутам сунган ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж судлаачийн ажпаас чөлөөлөгдсөн.

Э.Б  нь чөлөө авалгүй ажлаа хаяж хөдөө явсан, удаа дараа, судалгааны ажил тасалдуулсан, хугацаа хоцроосон, худал мэдээлэл гаргасан, судалгааны таблетыг зөвшөөрөлгүй бусдад дамжуулж үрэгдүүлсэн, Хөдөлмөрийн гэрээний 5.2.3 дахь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй байх, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол; Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал; байгууллагын өмч хөрөнгө, техник хэрэгсэл, эд зүйлсийг зөвшөөрөлгүй дур мэдэн ажлын байрнаас авч гарах, эд ангийг солих, бусдад дамжуулах гэсэн заалтуудыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 5.2.1 дахь заалтуудын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Э.Б  нь 2020 онд хариуцлагагүй ажилласан, 2020 оны 11,12 дугаар сарын мэдээг дамжуулаагүй, ямар ч чөлөө зөвшөөрөл авалгүй хөдөө явж мэдээний хугацаа тасалдуулсан. 2020 оны 11, 12 дугаар сард ажиллах хүчний судалгаа гарсан, 11 дүгээр сарын судалгааг айл өрхөөр нь явж авах, 12 дугаар сарын судалгааг цахимаар авсан боловч худал мэдээлэл өгсөн байсан. Манайд 30 судлаач ажилладаг. Аль болохоор судлаачийн ажлыг дэмжиж ажилладаг байхад Бямбасүрэн утсаа таслаад алга болдог, ажил тасалдаг, мэдээг хугацаа хоцроож өгдөг эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байсныг бид нөхрөөс нь очиж авч байсан удаатай.

Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судлаачид нь Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн г-д заасан өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам явуулах ажлыг хариуцан cap, тутам өрх, нэгжээс судалгаа авч дата руу дамжуулах үүргийг гүйцэтгэдэг.

Э.Б  нь өнгөрсөн 2020 онд чөлөө авалгүй удаа дараа ажлаа таслах, хөдөө явах, хугацаа хоцроох, орой шөнийн цагаар судалгаа авах гэсэн зөрчлийг удаа дараа гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны нэгдүгээр 7 хоногийн судалгааг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 07-ны өдрүүдэд хийж, 13-ны өдрийн өмнө дамжуулах хугацаатай байтал ажлаа хийгээгүй дамжуулаагүй.

Мөн 12 дугаар сарын хоёрдугаар 7 хоногийн судалгаагаар 12 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдрүүдэд мэдээлэл цуглуултаа хийж 12 дугаар сарын 16-ны өдөр төв сервер рүү дамжуулах хуваарьтай байтал дамжуулалгүй хугацаа хоцроож 12 дугаар сарын 29-ний өдөр дамжуулсан.

2021 оны 01 дүгээр сард 4 дүгээр улирлын мэдээний засварыг дамжуулах хугацаа болоод дамжуулаагүй байсан тул Т.Одончимэг, С.Эрке нар нь гэрээс нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн араас нөхөр Сүмбэрээс очиж таблетыг нь авч улирлын мэдээнүүдийг өмнөөс засварыг нь хийж дамжуулсан.

Ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.1-д Судлаач өрхөд биечлэн очиж өрхийн гишүүний нөхөж буй судалгааны мэдээллийг бүрэн бодитой нөхөж байгаад байнгын хяналт тавьж мэдээллийг нэгтгэн тогтоосон хугацаанд цуглуулах,

2.2-д Судаач нь цуглуулсан мэдээллийн үнэн зөв байдлыг бүрэн хариуцаж Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны бүрэн шивэгдсэн мэдээллийг дараа сарын 03-ны дотор, ажиллах хүчний судалгааны мэдээллийг таблетаар цуглуулж судалгаа явуулж буй сарын 25-ны дотор Үндэсний статистикийн хорооны сервер рүү илгээх гэсэн үүргээ биелүүлээгүй

Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны А/59 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.21.-д Ажилтан албан хаагч сахилгын ноцтой зөрчил гаргасан тогтоогдсон бол ажлаас шууд халах үндэслэл болно гэж, 4.22-д Дараах тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж, 4.22.1-д Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, албан ёсны статистикийн мэдээллийг санаатай худал, буруу гаргасан, мэдээллийн санг устгасан гэсэн заалтыг тус тус зөрчсөн.

Хөдөлмөрийн гэрээний 5.2.3 дахь хэсэгт заасан Статистикийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод_журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгууллагын үйлчилгээний стандартын удаа дараа зөрчих, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй байх, эсэргүүцэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил таслах, зэрэг заалтыг зөрчсөн зөрчлийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйл. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 40.1.4.-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч Э.Б гийн урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гэрч Г.Ү, С.Э нарын мэдүүлгийг сонсов.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Э.Б  нь хариуцагч ҮСХ У.Т.Ү.Г-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинд 3.829.700 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч ҮСХ УТҮГ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа болно.

Үндэсний статистикийн хорооны тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/332 дугаартай тушаалаар нэхэмжлэгч /ажилтан/ Э.Б г тус газрын Судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаачаар томилж 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ҮСХ-2/19 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх-ийн 34, 35, 53, 54-р хуудас/

Хариуцагч Үндэсний статистикийн хорооны тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Э.Б г ажлаас нь чөлөөлжээ./хх-ийн 3-р хуудас/

Дээрх тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гарч тухайн өдөр нь тушаалыг нэхэмжлэгч мэдсэн /авсан/ гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн Б/27 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд гомдлоо гаргах учиртай юм.

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2.-т зааснаар тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж, мөн хуулийн 72.1.Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж тус тус заасан.

Үндэсний статистикийн хорооны тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалд гомдол гаргах хугацаа 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр дуусаж байх бөгөөд энэ өдөр нь ажлын бус өдөр байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1., 72.2.-т зааснаар тоолоход Э.Б  нь ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил огогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор буюу 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Ажилтан Э.Б г ажлаас чөлөөлсөн Б/27 дугаартай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.

Гэтэл ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа ажилтан Э.Б г Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зөрчлийг гаргасан гэж тайлбарлаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно гэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг, ноцтой зөрчил гаргасан гэдэгт гэрээнд нэрлэн заасан зөрчлийг гаргасан байхыг тус тус ойлгоно. Гэхдээ зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.

Ажилтан Э.Б гийн гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил үүрэгтэй нь холбоотой дүрэм журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.

Хариуцагч ҮСХ нь ажилтан Э.Б г 2020 онд судалгааны мэдээлэл цуглуулах болохоор утасаа авдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй хөдөө яваад алга болох зэрэг зөрчлүүдийг гаргаж ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй, судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг хугацаа хоцроосон тул сахилгын зөрчил давтан гаргасан гэж,

Мөн талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3.-д ... ноцтой зөрчил гэдэгт дараах зөрчлийг ойлгоно. Үүнд:

-Статистикийн газрын хууль тогтоомж болон хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй....гэж,

-Эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй байх, эсэргүүцсэн, эсвэл гүйцэтгэхээс татгалзсан бол гэж,

-Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 би түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд тасалсан цагийг нэгтгэн бодоход ажлын 3 өдөртэй тэнцэж байвал гэж тус тус заасан.

Ажилтан Э.Б  нь дээрх ноцтой зөрчлийг гаргасан гэж хариуцагч тайлбарлаж байна.

Гэвч ажилтны гаргасан зөрчлүүдийг илрүүлсэн баримт, зөрчил тус бүрийг ажилтанд танилцуулж тайлбар авч, хамт олны хурлаар хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл гэх мэт баримтуудыг шүүхэд ирүүлээгүй болно. Тодруулбал: хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1.,38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй болно.

Судалгааны ахлагч Г.Үүрцайх, хянагч С.Эрке нарын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн илтгэх хуудас гэсэн гарчиг бүхий тайлбар, ажилтантай харилцсан мессеж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-ийн 76-92-р хуудас/

Нэхэмжлэгч Э.Б  нь хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, дүрэм, журам зөрчиж, сахилгын зөрчил давтан гаргасан, ноцтой зөрчил гаргасан болох нь тогтоогдохгүй, мөн эд хөрөнгө /таблет/ үрэгдүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

Иймд Э.Б г Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны судлаачийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 7 дугаар 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 3.829.700 төгрөгийг олгож, уг цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.

Ажилтны ажилгүй байсан хугацааны цалин олговорыг тооцоход 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 7 дугаар 07-ны өдрийг дуусталх хугацаанд 4.393.349 төгрөг гарч байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдсэн болно.

/599.000+898.500+797.0000=2.294.500/, /2.294.000:3=764.833,764.833:21,5=35.574/, /764.833х5=3.824.165, 16х35.574=569.184, 3.824.165+569.184=4.393.349төгрөг/

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.,69 дүгээр зүйлийн 69.1.-т заасныг баримтлан Э.Б-г ҮСХ ҮТҮГ-ын Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны судлаачийн ажилд эгүүлэн тогтоож, тус газраас 3.829.700 /гурван сая найман зуун хорин есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж Э.Б д олгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурьдсугай.

 

.

 

                        ДАРГАЛАГЧ                                   Ч.ИЧИНХОРЛОО