Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01408

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2021/01408

 

 

Э.Б-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01336 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Э.Б-гийн хариуцагч ҮСХ УТҮГ--т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 829 700 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нь ҮСХны Хүн, ам нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаачаар 2016 оны 8 дугаар сарын 26-ны өдөр ажилд орж, хөдөлмөрийн гэрээг жил бүр сунгаж ирсэн. Хөдөлмөрийн гэрээний хугацааг сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Ажлаас ямар учраас чөлөөлөгдөж талаар тушаалд тусгаагүй болно. Судлаач бидний ажил бол их онцлогтой ажил юм. Намайг удаа дараа зөрчил гаргасан гэж байгаа боловч ямар зөрчил гаргасныг тогтоосон зүйлгүй, айл бүрээр орж өрхийн судалгаа, ажиллах хүчний судалгаа гаргадаг. Сая ковидын үед 12 дугаар сарын судалгааг утсаар авсан, иргэд судалгаа авахад дандаа үнэн хэлдэггүй бөгөөд зөрүүтэй мэдээлэл өгдөг. 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр би миний төрсөн ах хөдөө хагалгаанд орсон гэдгийг багийн ахлагч С.Э-д хэлсэн, би хэлэлгүй зөвшөөрөл авалгүй яваагүй. Өөрийн хэрэглэдэг таблетыг гэртээ үлдээгээд ирж авахаар нь өгөөрэй гээд үлдээснийг эд хөрөнгө үрэгдүүлсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Буруу мэдээлэл өгсөн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, судалгаанд хамрагдаж буй өрхүүдээс хөгшин хүмүүс болон баян хүмүүс мэдээллээ буруу өгдөг, тайлан мэдээ хоцроож байсан удаагүй юм.

Иймд намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 829 700 төгрөг гаргуулах, тухайн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Э.Б- нь ҮСХны Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/332 дугаартай тушаалаар Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны судлаачаар томилогдож 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажлын гүйцэтгэлээс шалтгаалж жил тутам сунган ажиллаж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж судлаачийн ажлаас чөлөөлөгдсөн. Э.Б- нь чөлөө авалгүй ажлаа хаяж хөдөө явсан, удаа дараа, судалгааны ажил тасалдуулсан, хугацаа хоцроосон, худал мэдээлэл гаргасан, судалгааны таблетыг зөвшөөрөлгүй бусдад дамжуулж үрэгдүүлсэн, хөдөлмөрийн гэрээний 5.2.3-т заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Э.Б- нь 2020 онд хариуцлагагүй ажилласан, 2020 оны 11, 12 дугаар сарын мэдээг дамжуулаагүй, ямар ч чөлөө зөвшөөрөл авалгүй хөдөө явж мэдээний хугацаа тасалдуулсан. 2020 оны 11, 12 дугаар сард ажиллах хүчний судалгаа гарсан, 11 дүгээр сарын судалгааг айл өрхөөр нь явж авах, 12 дугаар сарын судалгааг цахимаар авсан боловч худал мэдээлэл өгсөн байсан. Манайд 30 судлаач ажилладаг. Аль болохоор судлаачийн ажлыг дэмжиж ажилладаг байхад Э.Б- утсаа таслаад алга болдог, ажил тасалдаг, мэдээг хугацаа хоцроож өгдөг эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн байсныг бид нөхрөөс нь очиж авч байсан удаатай. Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судлаачид нь Статистикийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн г-д заасан өрхийн нийгэм, эдийн засгийн түүвэр судалгааг улирал тутам явуулах ажлыг хариуцан cap, тутам өрх, нэгжээс судалгаа авч дата руу дамжуулах үүргийг гүйцэтгэдэг. Э.Б- нь өнгөрсөн 2020 онд чөлөө авалгүй удаа дараа ажлаа таслах, хөдөө явах, хугацаа хоцроох, орой шөнийн цагаар судалгаа авах гэсэн зөрчлийг удаа дараа гаргаж байсан бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 11 дүгээр сарын өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны нэгдүгээр 7 хоногийн судалгааг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 07-ны өдрүүдэд хийж, 13-ны өдрийн өмнө дамжуулах хугацаатай байтал ажлаа хийгээгүй дамжуулаагүй. Мөн 12 дугаар сарын хоёрдугаар 7 хоногийн судалгаагаар 12 дугаар сарын 07-ны өдрөөс 13-ны өдрүүдэд мэдээлэл цуглуулалт хийж 12 дугаар сарын 16-ны өдөр төв сервер рүү дамжуулах хуваарьтай байтал дамжуулалгүй хугацаа хоцроож 12 дугаар сарын 29-ний өдөр дамжуулсан. 2021 оны 01 дүгээр сард 4 дүгээр улирлын мэдээний засварыг дамжуулах хугацаа болоод дамжуулаагүй байсан тул Т.О-, С.Э- нар нь гэрээс нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн араас нөхөр н.Сүмбэрээс очиж таблетыг нь авч улирлын мэдээнүүдийг өмнөөс засварыг нь хийж дамжуулсан.

ҮСХны даргын 2020 оны 7 дугаар сарын 06-ны А/59 дугаартай тушаалаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 4.21.-д Ажилтан албан хаагч сахилгын ноцтой зөрчил гаргасан тогтоогдсон бол ажлаас шууд халах үндэслэл болно гэж, 4.22-д Дараах тохиолдолд сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцно гэж, 4.22.1-д Статистикийн мэдээг удаа дараа тасалж хожимдуулсан, албан ёсны статистикийн мэдээллийг санаатай худал, буруу гаргасан, мэдээллийн санг устгасан гэсэн заалтыг тус тус зөрчсөн. Хөдөлмөрийн гэрээний 5.2.3-д заасан Статистикийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байгууллагын үйлчилгээний стандартын удаа дараа зөрчих, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй байх, эсэргүүцэх, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 ба түүнээс дээш өдрийн хугацаагаар ажил таслах, зэрэг заалтыг зөрчсөн зөрчлийг удаа дараа гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэгч Э.Б-гийн урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Б-г ҮСХ ҮТҮГ-ын Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны судлаачийн ажилд эгүүлэн тогтоож, тус газраас 3 829 700 /гурван сая найман зуун хорин есөн мянга долоон зуун/ төгрөг гаргуулж Э.Б-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3., 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар зохигч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн гомдол гаргах хугацааг буруу тогтоосон. Нэхэмжлэгч Э.Б-ийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ҮСХны Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг Б/27 дугаар тушаалаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Э.Б- эхний нэхэмжлэлээ 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр буюу 1 сар 3 хоногийн дараа гаргасан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 181/Ш32021/02529 дугаартай захирамжаар нотлогдоно. Э.Б- нь ажилгүйдлийн тэтгэмжээ яаралтай хөөцөлдөхөөр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны ажлын өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаалаа хүлээн авсан. Шүүхэд гомдол гаргах хугацаа нэг сар нь 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр бямба гариг ажлын бус өдөр дууссан тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, 72.2 дахь хэсэгт зааснаар тоолоход 2021 оны 02 дугаар сарын 22-ны даваа гарагийн ажлын өдөр дууссан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийг 129.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э.Б- нь 2 дахь удаагаа шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа нэхэмжлэл гаргасан он, сар, өдрөө бичээгүй, хэзээ гаргасан нь тодорхойгүй, мөн нэхэмжлэлийн үнэ болох, хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр 62.1.5-д нэхэмжлэлийн үнэ болон 63 дугаар зүйлийн 63.1.1 мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг зөрчсөн.

Нэхэмжлэгч Э.Б-ийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор дамжуулах ёстой 2020 оны 4 дүгээр улирлын мэдээний засварыг дамжуулаагүй 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр цуцалсан. Хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 43 дугаар зүйлийн 43.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасны дагуу гэрч судалгааны багийн ахлагч Г.Ү-ын ажлын байрны тодорхойлолт, гэрч судалгааны багийн ахлагч Г.Ү-ын хөдөлмөрийн гэрээ, гэрч судалгааны багийн хянагч Г.Э-гийн ажлын байрны тодорхойлолт, гэрч судалгааны багийн хянагч Г.Э-гийн хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч Э.Б-гийн судлаачаар ажиллаж байх үед өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангах, цуглуулсан мэдээллийг нь программаар хүлээж авдаг судалгааны багийн ахлагч Г.Ү-ын гэрчийн мэдүүлэг, Э.Б-гийн мэдээг хугацаандаа дамжуулж байгаа эсэх, мэдээллээ үнэн зөв гаргасан эсэхийг программаар шалгаж хяналт тавьж ажилладаг судалгааны багийн хянагч Г.Э-гийн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар гаргасан боловч шүүх үнэлээгүй шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрт тусгаагүй нь буруу гэж үзэж байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Э.Б- нь хариуцагч ҮСХ УТҮГ--т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 3 829 700 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу нөхөн төлүүлэх, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ҮСХны Тамгын газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/332 тоот тушаалаар тус газрын судалгааны мэдээлэл цуглуулах багийн судлаачаар томилогдож, 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ҮСХ-2/19 дугаартай хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэж байсан Э.Б-г тус газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б/27 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг удирдлага болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөр дуусгавар болгожээ.

/хх34-35, 3/

Ажил олгогч Э.Б-г ажлаас чөлөөлсөн үндэслэлээ судалгааны мэдээлэл цуглуулах болохоор утсаа авдаггүй, чөлөө зөвшөөрөлгүй хөдөө яваад алга болох зэрэг зөрчлүүдийг гаргаж ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг хугацаа хоцроосон, эрхэлж байгаа ажил үүрэгтэй нь холбогдуулж шууд удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь удаа дараа биелүүлэхгүй, эсэргүүцсэн сахилгын зөрчил давтан гаргасан тул Хөдөлмөрийн гэрээний 5.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэсэн гэж тайлбарласан.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан судалгааны багийн ахлагч Г.Ү-, хянагч С.Э- нарын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичсэн илтгэх хуудас, ажилтантай харилцсан утасны зурвас гэх бичгийн баримтыг ажилтны сахилгын зөрчил гаргасныг шалгаж тогтоосон эрх бүхий этгээдийн хууль журамд зааснаар гаргасан санал дүгнэлт гэж үзэхгүйгээс гадна эдгээр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Иймд уг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх76-92/

 

Шийдвэр гаргахад ач холбогдол бүхий үйл баримт буюу нэрлэн заасан зөрчил бүрийг шалгаж тогтоолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй бөгөөд ийнхүү тогтоосноо ажил олгогч баримтаар нотлоогүй тул хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл тушаал гаргах үед бүрдээгүй байсан гэж үзнэ.

 

Мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүний нөөцийн ажилтнаас хүлээн авсныг нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан нь тэмдэглэлд тусгагджээ. /хх101, 106/

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлыг шийдвэрийг гардан авснаас хойш нэг сарын дотор гаргасан гэж дүгнэсэн нь зөв байна.

 

Ажилтны тушаалыг хүлээн авснаас хойшхи 30 хоног буюу 2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нь амралтын өдөр Бямба гариг байх ба Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар дараагийн ажлын өдрөөр тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас ажилтан Э.Б-гийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн нь тогтоогдож байх тул түүнийг ҮСХны Хүн ам, нийгмийн статистикийн газрын Өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааны судлаачийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

 

Шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацаа болох 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин олговорт 3 829 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, уг цалин олговорт ногдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгийн заалтад нийцсэн, нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 181/ШШ2021/01336 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

А.ОТГОНЦЭЦЭГ