Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/01442

 

 

2021 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2021/01442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: З ХХК-д холбогдох,

Түрээсийн гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У, шүүх хуралдааны нарийн даргаар Б.Амарбаясглан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г ХХК нь З ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний хугацааг 3 жил байхаар тохиролцож гарын үсэг зурж баталгаажуулсан. Түрээсийн төлбөр сард 1.500.000 төгрөг байхаар тохирсон.

Гэрээний 3.1-д түрээслүүлэгч ажлын байрыг түрээслэгчд гэрээний хавсралт актаар хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч хүлээлгэн өгөөгүй, уг ажлын байрыг ашиглахаар хэвлэлийн тоног төхөөрөмжөө байрлуулахаар очиход уг байр руу тоног төхөөрөмж оруулах боломжгүй болгож саравч барих гээд суурийг нь цутгасан байсан, энэ талаар түрээслүүлэгчид хэлэхэд өөр түрээслэх хүн байгаа зайл гэж хэлсэн.

Гэрээ байгуулахаас өмнө гэрээ байгуулах баталгаа болгож урьдчилгаа төлбөр гэж түрээслүүлэгч хэлсний дагуу түүний хэлсэн ХААН банкны 5028306747 тоот дансны ззэмшигч Билэгжаргал гэх хүний данс руу 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Саравчаа түр буулгаач гэж хэлэхэд заавал саравчаа барьж ажилаа дуусгана гээд ажлын байрыг хүлээлгэж өгөх гэрээний 3.1-д заасан заалтаа биелүүлээгүй учираас гэрээ хэрэгжих ямар ч боломжгүй болж уг байрыг ашиглаж чадаагүй.Түрээслэх гэж буй объектдоо бид орж чадаагүй, ажлын байрыг ашиглаагүй 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулчихаад сарын дараа 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр очиход үүдэнд нь саравч хийж байсан, бид орох боломжгүй тухайгаа хэлж зургийг нь дарж авсаныгаа хэрэгт баримтаар өгсөн.

Тиймээс урьдчилгаа төлбөрөө буцаан авах талаар удаа дараа түрээслүүлэгчээс шаардахад өгөхгүй өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийг эд хөрөнгийн хувьд хохироож байна.

Хариуцагч З ХХК 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Ажлын байр түрээслэх гэрээнээс татгалзаж байх тул З ХХК-д түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөр болгон төлсөн 4 500 000 төгрөгийг З ХХК-иас гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Г ХХК-ний захирал Ж.Ганбатыг урьд нь таньдаг байсан Ж.Ганбат намайг түргэн хоолны газар ажиллуулж байхад манайд орж ирж хоол иддэг байсан. Тэгээд бид танилцаж ойр зуурын зүйл ярьдаг байсан. 2018 оны 4 дүгээр сард манайхыг үйлчилгээний барилга барьж байгаа тухай надаас асуусан би тэр үед манайх үйлчилгээний зориулалттай барилга барьсан, 1 дүгээр давхрыг нь түрээслэсэн, одоо доод талыг нь түрээслэх гэж байгааг тухайн үед хэлж байсан. Яахав та нарыг түрээслэх юм бол түрээсийг багасгаж болно гэж би хэлсэн.

Удалгүй манайхыг түрээслэх талаар өөрсдөө мэдэж 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай хүү Хосбаяртай гэрээ хийсэн байсан. Тэр үед бороо их орж байсан болохоор бид саравч барьсан. Тэр орчмын бүх байгууллага саравч барьсан.

Гэрээ байгуулчихаад 7 хоноод гэрээгээ цуцалдаг ямар ч байгууллага байхгүй, би тэр объектод очсон эд нар юмаа зөөж байгаа гэж хэлсэн. Би энэ барилгыг барихад их хөрөнгө оруулсан, Худалдаа хөгжлийн банкнаас 80 сая төгрөгийн зээл авч барьсан байсан, Бат-Үүл гарч ирээд арчигдсан, дараа нь би Хас банкнаас 120 сая төгрөгийн зээл авч сэргээсэн.

Тухайн үед түрээслэх олон газар байсан, би эднийг таньдаг болохоор түрээсийн гэрээ хийж түрээслэхээр болсон, эднийх 14 хоноод гарсан, эднийд түрээслээгүй бол өөр хүнд түрээслэж болох байсан. Эд нар мөнгөө нэхээд намайг их дарамталсан, удалгүй ээж маань нас барсан, дараа нь аав маань нас барсан тэр үед ч их дарамталж их хэцүү байсан, би боломж олдвол өгье гэж хэлж байхад ч дарамталсаар байсанд их гомдолтой байна. Гэрээнээс татгалзаж байгаа бол 1 сарын өмнө хэлэх байтал эд 14 хоногийн дараа гаръя гэж хэлсэн.

Гэрээ хийсний дараах нь би гэрээндээ гарын үсэг зураагүй байгаа гэж Хосбаярыг хэлэхээр нь очиж үзсэн. Ж.Ганбат манайх одоо л эд хогшилоо зөөгөөд оруулж байна гээд сууж байсан. Би Ж.Ганбатад одоо эд хогшилоо зөөгөөд оруулчихна биз дээ гэхэд тиймээ гэж ярьж байсан.

Дараах нь Хосбаяр борооноос хамгаалах барилгын хийцэд нөлөөлөхгүй байхаар саравч хийсэн. Энэ саравч нь бараа эд хогшил зөөхөд нөлөөлөхгүй ба цаашид үйл ажиллагааг явуулж байгаа байгууллагуудад энэ саравч тоног төхөөрөмж зөөхөд саад болоод байгаа талаар өдийг хүртэл хэн ч гомдол гаргаагүй.

Г ХХК нь түрээсийн гэрээ хийж объектдоо орчихоод төд удалгүй манайх гарлаа гэж зөвхөн маргалдсаныхаа төлөө өс хонзон санаж, объектыг орхин гарсан нь манай байгууллагад их хэмжээний хохирол учруулсан, хохиролыг хэн төлөх талаар бидэнтэй ярилцаж байгаагүй, зөвхөн л өөрсдийнхөө 4500000 төгрөгийг авахын тулд Урангуа намайг утсаар удаа дараа дарамталж тэр битгий хэл хэл амаараа доромжлож байсан.

Мөн манай хүүхдийн гэрт ирж хаалгыг нь хаалгахгүй хэл амаар доромжилж миний ээж өвчтэй байна дараа өгье гэж хэлж байхад хүртэл дарамталж байсан.

Ж.Ганбаттай бид тохиролцож нэг сарын түрээсийг нь авч барьцааны 1500000 төгрөг, үлдсэн мөнгийг өгье гэж хэлсэн боловч үгүй гэж хэлсэн. Урангуай би 2019 онд Хас банкнаас ээжийгээ эмчлүүлэхээр 1.000.000.000 төгрөг зээлж тухай үед 1.500.000 төгрөг өгье гэж тохирсон боловч аваагүй.

Одоо З ХХК банкны зээлтэй Урангуа би бас 1.000.000.000 зээл авч одоо зээл төлж явж байгаа тул их хэцүү байна. Г ХХК -тай байгуулсан Түрээсийн гэрээний 3.1.-д түрээслүүлэгч ажлын байрыг түрээслэгчид гэрээний хавсралт актаар хүлээлгэж өгөх гэж онцолжээ. Энэ актаар хүлээлгэн өгсөн талаар бичиж гарын үсэг зураагүй боловч түрээслэх гэж байгаа байрыг нь бид хүлээлгэн өгсөн гэж бодож байна. Учир нь Г ХХК нь манай гэрээг зөвшөөрч мөнгөн гүйлгээ хийсэн.

Мөн түрээсийн гэрээний 6.3.-д Энэхүү гэрээг Түрээслэгчийн санаачилгаар 2.1-д заасан хугацаанаас өмнө болон гэрээг байгуулсан өдрөөс хойш ажпын байрыг ашиглаж эхлэх хүртэлж хугацаанд цуцалсан тохиолдолд уг гэрээний 6.1 заасан дэнчинг буцаан ологохгүй гэж заасан байгаатиймээс дэнчингийн мөнгийг өгөх үндэс байхгүй болно.

Г ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ хийж ороход тухай үед түрээслэхээр олон байгууллага ирж байхад нь Г ХХК-ийн Ж.Ганбатыг танидаг гээд бусад хүмүүсийг оруулахгүй Ж.Ганбатыг оруулсан.

Эд нар биднийг хэл амаар доромжилж гэр оронд ирж амгалан тайван байдал алдлагдлуулж хохирооно гэж сүрдүүлж байсан зэрэг нь зөрчлийн хуулийг зөрчиж байгаа гэж үзэж байна.

З ХХК нь Г ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжпэлийг тохиролцох хэл амаараа эвтэй шийдэх боломжийг тухайн үед гаргаж байсан ба Г ХХК нь зөвхөн өөрөө л хохирсон мэт биднийг үл ойшоож төрөл бүрийн хэлбэрээр дарамталж байсан. Цаашид бид Г ХХК-иас өөрсдийн сэтгэл санааны хохиролыг нэхэх болно.

Ийм байдалд хүргэсэн Г ХХК нд гомдолтой байна. Иймд Г ХХК-ний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, өгөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан 4.500.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч З ХХК нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Худгийн гудамж 23/2 тоот хаягт байрлах В1 давхрын ажлын байрыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслүүлэх, нэхэмжлэгч /түрээслэгч/ Г ХХК нь сарын 1.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож Ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 12, 13-р хуудас/

Дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Ажлын байр түрээслүүлэх гэрээгээр түрээслүүлэгч З ХХК нь түрээслэгч Г ХХК-ийн эзэмшил, ашиглалтад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Худгийн гудамж 23/2 тоот хаягт байрлах В1 давхрын ажлын байрыг шилжүүлэх, түрээслэгч Г ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Дээрх гэрээнь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээ байх бөгөөд уг гэрээний дагуу түрээслэгч Г ХХК нь түрээслүүлэгч З ХХК-ний 5028306747 тоот данс руу 4.500.000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээ байгуулсаны дараа саравч барьсан талаар талууд маргадаггүй болно. /хх-ийн 14-19-р хуудас/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.1.-д түрээслэгч нь ... нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний дэнчинг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан түрээслүүлэгчийн Капитрон банкны төгрөгийн 3055002868 тоот дансанд шилжүүлнэ гэж, 3.1.-д Ажлын байрыг түрээслэгч талд гэрээний хавсралт актаар хүлээлгэн өгөх бөгөөд ажлын байрыг эзэмших, ашиглах явцад хяналт тавьж, ажлын байрны ашиглалтыг сайжруулах талаар шаардлага тавих эрхтэй гэж тус тус тохиролцжээ. /хх-ийн 12-р хуудас/

Хариуцагч /түрээслүүлэгч/ З ХХК нь дээрх гэрээнд заасны дагуу ажлын байрыг хүлээлгэн өгсөн гэж маргаж байгаа боловч гэрээгээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч /түрээслэгч/ Г ХХК-д шилжүүлэн уг гэрээний хавсралт гэх актаар хүлээлгэн өгөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч нь Г ХХК-ийн шилжүүлсэн 4.500.000 төгрөгний 1.500.000 төгрөг нь дэнчин бөгөөд намайг их дарамталсан, гэрээгээр тохирсон тул буцаан олгохгүй гэж маргаж байна.

Талуудын хооронд Ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулагдсаны дараа бороо их хэмжээгээр орсон тул борооны уснаас хамгаалах зорилгоор үл хөдлөх хөрөнгийн үүдэнд нь саравч барьсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 12, 13, 15-19-р хуудас/

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4.-д Гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу түрээслэгч Г ХХК- нь Ажлын байр түрээслэх гэрээнээс татгалзах эрхтэй.

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу түрээслүүлэгч З ХХК нь түрээслэгч Г ХХК-ийн шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч З ХХК-иас 4.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгох үндэстэй гэж үзлээ.

Хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг буцааж өгөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 318 дугаар зүйлийн 318.1. дэх хэсэгт зааснаар З ХХК-иас 4.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Ч.ИЧИНХОРЛОО