Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01470

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01469

 

 

 

 

 

 

                                  ГС ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/01442 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ГС ХХК-ийн хариуцагч ЗХ ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ЗХ ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан. Түрээсийн төлбөр сард 1 500 000 төгрөг гэж тохиролцсон. Түрээслүүлэгч нь гэрээний 3.1-д зааснаар түрээслэгчид байрыг хүлээлгэн өгөөгүй. Хэвлэлийн тоног төхөөрөмж оруулах боломжгүй болгож саравч барихаар суурийг нь цутгасан байсан. Энэ талаар хэлэхэд өөр түрээслэх хүн байгаа гэсэн. Баталгаа 4 500 000 төгрөгийг гэрээ байгуулахаас өмнө Б Хаан банкны 5028306747 тоот данс руу шилжүүлсэн. Гэрээ хэрэгжих боломжгүй болж түрээсийн байрыг ашиглаж чадаагүй. 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр очиход үүдэнд нь саравч хийж байсан. Үүний зургийг нь дарж баталгаажуулсан. Урьдчилгаа төлбөрөө авахаар түрээслүүлэгчээс шаардахад өгөхгүй хохироож байна. Хариуцагч ажлын байр түрээслэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн гэрээнээс татгалзаж гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: ГС ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гэрээ байгуулсан. Тухайн үед бороо их орж байсан тул бүх байгууллага саравч барьсан. Хариуцагч гэрээ байгуулаад 7 хоногийн дараа цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч объектоос 14 хоноод гарсан. Хэрэв нэхэмжлэгчид түрээслээгүй байсан бол өөр хүнд түрээслэх байсан. Нэхэмжлэгч тал мөнгөө шаардаж дарамталсан. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд 1 сарын өмнө мэдэгдэх байтал 14 хоногийн дараа гарна гэж мэдэгдсэн. Гэрээ байгуулсны дараа Ж.Гэд хогшилоо зөөж оруулна гэж байсан. Хариуцагч барилгын хийцэд нөлөөлөхгүй борооноос хамгаалах саравч хийсэн. Уг саравч нь бараа эд хогшил зөөхөд нөлөөлөхгүй, тоног төхөөрөмж зөөхөд саад болж байгаа талаар хүмүүс гомдол гаргаагүй. ГС ХХК түрээсийн гэрээ байгуулан 14 хоногийн дараа гарч хариуцагчид их хэмжээний хохирол учруулсан, хохирлыг хэн хэрхэн төлж барагдуулах талаар ярилцаагүй. 1 сарын түрээсийг авч, барьцаа 1 500 000 төгрөг, үлдсэн мөнгийг өгөхөөр нэхэмжлэгч талтай тохиролцоё гэхэд зөвшөөрөөгүй. ЗХХХК банкны зээлтэй хүнд байна. Түрээсийн гэрээний 3.1.-д түрээслүүлэгч ажлын байрыг түрээслэгчид гэрээний хавсралт актаар хүлээлгэж өгнө гэж заасан. Түрээсийн объектийг актаар хүлээлгэн өгсөн талаар гарын үсэг зураагүй боловч байрыг бодитоор хүлээлгэн өгч, нэхэмжлэгч тал гэрээг зөвшөөрч гүйлгээ хийсэн. Түрээсийн гэрээний 6.3.-д гэрээг түрээслэгчийн санаачилгаар 2.1-д заасан хугацаанаас өмнө болон гэрээ байгуулсан өдрөөс хойш ажпын байрыг ашиглаж эхлэх хүртэлж хугацаанд цуцалсан тохиолдолд уг гэрээний 6.1 заасан дэнчинг буцаан олгохгүй гэж заасан учраас дэнчинг олгох үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгчтэй түрээсийн гэрээ байгуулаагүй байсан бол түрээслэх хүмүүс олон байсан. ГС ХХК-ийн захирал Ж.Г танидаг байсан учраас түрээслэхийг зөвшөөрсөн. Хариуцагч тал асуудлыг эвээр шийдвэрлэхийг хичээж байсан. Нэхэмжлэгч өөрөө хохирсон мэтээр хариуцагчийг дарамталж байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.  

 Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1., 318 дугаар зүйлийн 318.1. дэх хэсэгт зааснаар ЗХХХК-аас 4 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГС ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Урангуагийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Аливаа хууль тогтоомжийн дагуу объект түрээслэх, түрээслүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахад заавал хуулийн дагуу гэрээ байгуулдаг нь аль нэг талын эрх ашгийг хөндөх биш харилцан тогтвортой үйл ажиллагаа явуулах үндэс юм. Шүүх хэргийн материалыг бүрэн гүйцэд судлаагүй, хэрэгт авагдсан гэрээ, фото зургуудыг нэхэмжлэгч болон хариуцагч талаар нь ангилж үзээгүй. Хавтас хэрэгт авагдсан ажлын  байр түрээслүүлэх гэрээнд ГС ХХК тамга тэмдгээ дараагүй, ЗХХХК-д гарын үсэг зурч өгөөгүй. Гэрээний сүүлчийн хуудас болох актыг үгүй хийсэн. ЗХХХК-ийн тамга тэмдгийг ашигласан, гэрээний нэг хувь дээр тамга дарж өгөх байтал шүүх хуралдаанд ЗХХХК-ийн өгсөн гэрээн дээр тамга дарсан нь хууль зөрчсөн, бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн. Хавтас хэрэгт байгаа бүх зургийг ЗХХХК засвар хийж байгаа гэж тайлбарласан нь хэргийн материалтай сайн танилцаагүй гэж үзэж байна. Ажлын байр түрээслүүлэх гэрээний 3.1 дэх заалтыг нэхэмжлэгч тал овжин ашигласан. Нэхэмжлэгч ажлын байр түрээслүүлэх гэрээнд тухайн үед тамга дараагүй, дараа дарна гэж түлхүүр авсан. 2018 оны 7 дугаар сарын 27 өдрийн 16 цаг 54 минутанд ГС ХХК түрээсийн байрандаа эд зүйлсээ тавьсан, түрээслэх байранд орсон болохыг хэрэгт авагдсан зургаар нотлогддог. Гэтэл шүүгч үүнийг ялгаж чадаагүйд гомдолтой байна. Түрээсийн байрны түлхүүрийг  гэрээ байгуулахдаа гэрээний хамт нэхэмжлэгчид өгсөн. Гэрээний 5.2-т ажлын байрны түрээсийн төлбөр нь түрээслэгч ажлын байрыг түрээслэгчид ажлын байр хүлээлцэх актаар хүлээлгэн өгснөөс хойш түрээслэгч ажлын байрыг ашигласан, ашиглаагүйгээс үл хамаарч сар бүр тогтмол 1 500 000 төгрөг байна гэж заасан. Гэрээнд тодорхой бичигдсэн байхад шүүгч гэрээг үл ойшоосон байдалтай хандсан. Бодит амьдрал дээр ГС ХХК нь ажлын байр түрээслүүлэх гэрээнд гарын үсэг зураагүй, тамга дараагүй, гэрээний сүүлийн хуудас болох актыг үгүй хийсэн. Шүүх ГС ХХК-ийн тамга дараагүй гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн. Ажлын байр түрээслүүлэх гэрээнд нэг тал гарын үсэг зураагүй, актыг үрэгдүүлсэн нь шүүх хурлыг бусниулсан. Мөн түрээсийн төлбөр дэнчингийн талаар маргаагүй, гэрээний 5.2-т тодорхой заасан, нэхэмжлэгч ажлын байранд орсон гэрэл зураг цаг хугацаатайгаа байхад  шүүгч анзаараагүй. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх хэсэгт заасны дагуу ГС ХХК ажлын байр түрээслэх гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцээгүй. Нэхэмжлэгч шинэ барилгыг улсын комисс хүлээн зөвшөөрч ашиглалтанд оруулсан барилга байгууламжинд дур мэдэн өөрчлөхийг гэрээнд заасан байгааг мэдэж байсан тул хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч гэрээ байгуулахад гэрээг хүлээн зөвшөөрч дэнчингийн төлбөрийг төлсөн гэж үзэж байна. Ажлын байр түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн. Шүүх хариуцагч нь түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 4 500 000 төгрөгийг буцааж өгөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй гэсэн. Хавтас хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн аль нь болох нь мэдэгдэхгүй зургийг ГС ХХК нь ямар ч тайлбаргүйгээр өгснийг тодорхой болгох ёстой байсан. Хагас дутуу материалаар шүүх хурлыг явуулсан. Шүүх ажлын байр түрээслүүлэх гэрээний 3.1 дэх заалтыг онцолсон. Ажлын байрыг түрээслэгч талд гэрээний актаар хүлээлгэн өгөх тухай заалт нь ГС ХХК гэрээний актыг үрэгдүүлж, гэрээнд акт байхгүй мэтээр шүүхийн нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнийг шүүгч мэдээгүй, энэ талаар анхааруулсан боловч авч хэлэлцээгүй. Ажлын байрыг ашиглах явцад хяналт тавьж, ажлын байрны ашиглалтыг сайжруулах талаар шаардлага тавих эрхтэй гэсэн заалтыг ЗХХХК зөвшөөрөөгүй. Учир нь нэхэмжлэгч ажлын байрыг сайжруулах биш зөвхөн өөрсдийн эрх ашгийг урьтал болгосон. Хэрэв саравчийг дахин авч буцааж суулгавал хананд цууралт үүсэхийг үгүйсэхгүй. Хашлаганд суурилагдсан учир дахин өрөмдөхийг хариуцагч зөвшөөрөхгүй бөгөөд энэ нь ажлын байрыг сайжруулах явдал биш. Гэрээний 4.2-т түрээслэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд энэхүү гэрээний 6.1-т заасан дэнчинг гэрээнд заасан хугацаанд буцаан олгохыг шаардах гэж заасан. Гэтэл ГС ХХК гэрээний үүргийг биелүүлэхгүй, шүүхийг хуурч гэрээний заалтуудыг үл ойшоож ажлын байр түрээслэхээр зөвшөөрч гэрээнд заасан мөнгийг шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс албадаагүй. Гэрээний 4.3-т “уг хугацаа дуусах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсний үндсэн дээр гэрээг цуцлах болно” гэж заасныг зөвшөөрч нэхэмжлэгч нь ажлаа эхлүүлсэн байхад шүүгч энэ талаар шийдвэртээ тусгаагүй. Гэрээний 4.7-д түрээслэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр өөрийн зардлаар хийж болно гэж заасан нь ЗХХХК ажлын байрны засвар үйлчилгээг тогтмол өөрийн зардлаар хийдэг ба улсын комисс хүлээж аваад засвар хийх шаардлагагүй гэж үзсэний үндсэн дээр ГС ХХК ажлын байр түрээслүүлэх гэрээнд тодорхой зааж өгсөн учир дахин сануулах шаардлагагүй. ГС ХХК гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул дэнчингийн мөнгийг олгох үндэслэлгүй.  Гэрээний биелэлтийг хэрхэн биелүүлж байгаа, маргаан гарвал хууль тогтоомж болон ажлын байр түрээслэх гэрээг үндэслэл болгох ёстой гэж үзэж байна. Аливаа гэрээ хариуцлага хүлээх зарчимд суурилагдсан бөгөөд хариуцлагагүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Гэрээнд зүйл заалт болгон тусгасан нь гэрээний ач холбогдол оршино. Иймд шүүх гэрээ болон Үндсэн хуульд заасны дагуу гэрээний дагуу хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна. Гэрээ байгуулаад хүний өмчид дураараа халдаж өөрчлөх нь зохисгүй, гэрээ байгуулах үедээ энэ талаар сануулах боломж нэхэмжлэгчид байсан. Нэхэмжлэгч гэрээнд тамга дарж өгнө гэж гэрээг авсан атлаа дургүй нь хүрэхээр түрээсийн байрыг орхисныхоо хариуцлагыг хүлээх ёстой гэж үзэж байна. ГС ХХК дангаараа хохироогүй бөгөөд ажлын байр түрээслүүлэх гэрээг зүйл заалтаар нь авч үзэх ёстой. ЗХХХК нэхэмжлэгчид гэрээний актаар ажлын байрыг хүлээлгэн өгсөн. ЗХХХК ажлын байр түрээслүүлэх гэрээг акт хавсралттай нь ГС ХХК-д хүлээлгэн өгсөн ба энэ талаарх зургийг шүүгчид ялгах зорилгоор хавтаст хэргээс хуулбарлаж өгсөн. Гэрээний 10.2-т энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж тамга тэмдэг дарснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байхад уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэхэд хэцүү. ГС ХХК гэрээг зөвшөөрсөн атлаа тамга дарж өгөөгүй. Мөн гэрээний актыг үрэгдүүлсэн байдлыг шүүх харгалзан үзэх шаардлагатай. Гэрээ хоёр хувь үйлдэгдэн, нэг хувь нь талуудад хадгалагдана. Гэтэл ГС ХХК өөрт үлдэх гэрээний хувь дээр тамга дарж өгөөгүй, гэрээний актыг байхгүй болгож шүүх хуралд оролцсон. Энэ талаар шүүх хуралдаанд тайлбарлах боломж олгоогүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ГС ХХК хариуцагч ЗХХХК-д холбогдуулан түрээсийн гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 4 500 000 төгрөг нэхэмжилж, шаардлагын үндэслэлээ “хариуцагч түрээсийн объектыг гэрээнд заасны дагуу актаар хүлээлгэн өгөөгүй, тоног төхөөрөмж оруулах боломжгүй болгож саравч барьсан. Гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болсон тул урьдчилгаа төлбөрөө буцааж авна” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Тэрээр “нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаагаа 1 сарын өмнө мэдэгдээгүй, гэрээ байгуулаад 14 хоногийн дараа гарна гэсэн. Хэрэв нэхэмжлэгчид түрээслээгүй байсан бол өөр хүнд түрээслэх боломжтой байсан. Борооноос хамгаалах зорилгоор саравч барьсан, эд хогшлоо зөөхөд нь нөлөөлөхгүй, бусад байгууллагуудаас гомдол гаргаагүй. Түрээсийн объектыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, гэрээг зөвшөөрч мөнгө шилжүүлсэн ..,” гэж хариуцагч үгүйсгэж байна.

 

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ГС ХХК хариуцагч ЗХХХК-ийн .... В1 давхрын ажлын байрыг сарын 1 500 000 төгрөгөөр 3 жилийн хугацаатай түрээслэхээр тохиролцсон байх ба анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрлэн заасан дансанд түрээсийн төлбөр гэх утгаар 4 500 000 төгрөг шилжүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсны дараа гэрээний зүйл болох объектийн үүдэнд саравч барьсан болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон байна. /хх14/

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээс үзэхэд нэхэмжлэгч компани нь хэвлэлийн цехийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байх бөгөөд уг үйл ажиллагааг эрхлэхээр ажлын байр түрээслэх гэрээг байгуулсан боловч түрээсийн байрны үүдэнд саравч барьсны улмаас хэвлэлийн тоног төхөөрөмжөө ажлын байранд байрлуулан гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж нэхэмжлэгч тайлбарладаг. /хх5-9/

 

Нэхэмжлэгчийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах тоног төхөөрөмжийг зөөвөрлөн оруулахад тус саравч нь нөлөөлөхгүй, гэрээний 3.1-д зааснаар ажлын байрыг гэрээний хавсралт актаар хүлээлгэн өгсөн гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй. /хх57/

 

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ гэж Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад түрээсийн зүйлийг шилжүүлж өгөөгүй, компанийн дүрэмд заасан зорилгоо биелүүлэх боломж нөхцлөөр нь хангаагүйн улмаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ цаашид хэрэгжих боломжгүй болжээ.

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1, 220.4 дэх хэсэгт гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн ..,  нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх хууль зүйн үндэслэлгүй болно.  

Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 4 500 000 төгрөгийн 1 500 000 төгрөг нь дэнчин, үлдэх 3 000 000 төгрөгийг 2 сарын түрээсийн төлбөрт тооцож өгсөн гэж тайлбарласан. /хх59/ Талууд гэрээний 6.1-д “.., 500 000 төгрөг буюу нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний дэнчинг гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногт багтаан түрээслүүлэгчийн дансанд шилжүүлнэ” гэж тохиролцсон байна. Хариуцагчийн “нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул дэнчингийн мөнгийг олгохгүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилсан мөнгийг дэнчин гэнэ гэж заасан. Хариуцагч нь түрээсийн объектийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгөөгүй, гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчид дэнчинг буцаан олгох үндэслэлтэй. Шүүх хариуцагчаас дэнчингийн төлбөрт 1 500 000 төгрөг, 2 сарын түрээсийн төлбөрт 3 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

 

Хариуцагч ЗХ ХХК-ийн гэрээний хувь дээр нэхэмжлэгч тамга дарсан, гэрээний хавсралт актыг устгасан, нотлох баримт хуурамчаар бүрдүүлж шүүхэд өгсөн гэж тайлбарлах боловч нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл шалгуулах буюу нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан журмын дагуу гаргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан фото зургаар нэхэмжлэгч байрны түлхүүрийг авч 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн байранд эд зүйлсээ тавьсан болох нь нотлогддог гэж хариуцагч тайлбарладаг. Гэвч хэргийн 34 дүгээр тал дах гэрэл зураг дээрх эд зүйлс нэхэмжлэгчийнх мөн эсэх нь тодорхойгүй, маргааны үйл баримтыг бүрэн агуулаагүй байх тул  дан ганц гэрэл зургийг үндэслэж нэхэмжлэгчийг түрээсийн объектийг 14 хоног ашигласан гэж дүгнэх боломжгүй.

 

Гэрээний 4.6 дахь заалт нь түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас  ажлын байр болон бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахтай холбоотой байх бөгөөд “нэхэмжлэгч барилга байгууламжид өөрчлөлт оруулахыг мэдэж байсан” гэх хариуцагчийн тайлбарыг нотлох баримтгүй байна. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2021/01442 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

                       

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                        ШҮҮГЧИД                                Д.БАЙГАЛМАА

                                                                                         А.МӨНХЗУЛ