Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01450

 

 

2021 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/01450

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: УБТЗ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Н ХХК ,

Хариуцагч: Б.Г нарт холбогдох

19,141,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амарбаясгалан нар оролцов..

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Н ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 300 тоннын аммиакан хөргөлттэй зоорийг түрээслэх 14/2-49 тоот түрээсийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 3 жилийн хугацаатайгаар байгуулсан.

Энэхүү гэрээгээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хөргөх байгууламжийг үйлчилгээний газрын зориулалтын түрээслүүлэх, харин Н ХХК нь түрээсийн төлбөр болох 1.850.000.00 төгрөгийг cap бүрийн 05-ны дотор тогтмол төлөх бөгөөд 2000 квт хүртэлх цахилгаан, 5 м.куб хүртэлх усны төлбөр багтсан ба үүнээс давсан хэмжээгээр зарцуулсан цахилгаан, усны төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан.

Гэрээ байгуулсан хугацаанаас буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд ус болон цахилгаан төлбөр тооцогдохгүй бөгөөд /учир нь гэрээнд заасан хэмжээнээс хэтрээгүй/ зөвхөн түрээсийн төлбөр болон манай байгууллагаас дараа тооцохоор авсан хөргөлтийн ХА-30 масло, аммиакны үнийн тооцоотой байгаа.

14/2-49 тоот түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т Түрээслэгч түрээсийн төлбөрөө 2 cap хүртэл хугацаагаар дараалан хожимдуулан төлсөн тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцалж өмнө цуцалж болно гэж заасан.

Н ХХК нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацааны дагуу бүрэн төлдөггүй бөгөөд Тээш худалдааны төвөөс явуулсан албан бичиг, мэдэгдлийг үл тоож, түрээсийн төлбөрөө барагдуулахгүй нийт 12.761.000.00 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Манай зүгээс төлбөрөө төл гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан ч төлөхгүйгээр өнөөдрийг хүрсэн, гэрээ цуцлана гэдгээ ч мөн мэдэгдэж байсан.

Түрээсийн гэрээний дагуу талбайг хүлээн авч үйл ажиллагаа явуулан түрээсийн төлбөрийг эхэн үедээ төлж байсан, Н ХХК-тай тооцоо нийлж байсан баримт ч байгаа байтал одоо мэдэхгүй гээд байгааг ойлгохгүй байна.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тасалбар болгон түрээсийн гэрээг цуцалсан.

Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-д Түрээсийн төлбөрийг тухайн сарын 05-ны дотор түрээслүүлэгч талын ... дансанд буюу кассанд төлсөн байна, мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д Түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулбал хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгээс 0.3 хувиар тооцож алданги төлөх болно гэж зааснаар хариуцагч Н ХХК-иас түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул түрээсийн төлбөр төлөөгүй хугацааны алданги 13052 хоног / өссөн тоогоор/ буюу 72,438,600.00 төгрөг болж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжилж буй 12,761,000.00 төгрөгийн төлбөрийн 50 хувь болох 6,380,500.00 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.

Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 326 дугаар зүйлийн 326.2-ийн дагуу түрээсийн гэрээний төлбөрийг хугацаа хожимдуулсан хугацааны алданги 6,380,500.00 төгрөг, түрээсийн төлбөр 12,761,000.00 төгрөг нийт 19,141,500.00 төгрөгийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н ХХК нь шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Н ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 300 аммикан хөргөлттэй зоорийг түрээслэх 14/2-49 тоот түрээсийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 жилийн хугацаатайгаар байгуулсан гэж дурьдсан байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэх түрээсийн гэрээг хавсаргаж гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гарагасан нэхэмжлэлдээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тасалбар болгон түрээсийн гэрээг цуцалсан гэсэн байна.

Хэргийн материалд авагдсан Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харвал 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Намжил овогтой Мөнхбатыг гүйцэтгэх захиралаар томилж, дахин гэрчилгээг олгосон. Н.Мөнхбат Н ХХК-ийн эрхийг 2016 онд шилжүүлэн авсан, энэ нэхэмжилж буй төлбөрийн талаар хэлж байгаагүй, энэ түрээсийн зүйлийг Б.Г өөрөө ашигласан.

Мөн уг өдөр Н ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.Мөнхбат бүртгэгдсэн. Иймээс 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх гэрээ, хэлцлийн талаар мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил. ашиглалтад аж ахүйн үйл ажиллагаа явуүлах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг телөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Гэрээ байгуулсан нь ирээдүй цагт хэрэгжих нөхцлийг талууд харилцан тохиролцож байгуулдаг. 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан боловч уг гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй эсхүл хэрэгжсэн боловч хэзээ дуусгавар болсон зэрэг нь тодорхойгүй байна.

Тухайн үед гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Б.Г энэ талаар сайн мэдэх байх гэж бодож байна.Тэгээд ч гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг, гэтэл энэ хугацаа аль хэдийнээ дууссан байна.

Үндсэн гэрээний харилцаа нь хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд алданги шаардах эрхийг бий болгодог. Үндсэн төлбөр шаардсан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул алданги хууль зүйн үндэслэлгүй . Мөн алдангийг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тохиолдолд шаардаж болохоор байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад алданги нэхэмжилж байгаа нь уг хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна. Тооцоо нийлсэн акт нь энэ хэрэгт хамааралгүй, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хэнд өгсөн нь тодорхойгүй, түрээсийн гэрээ нь шаардлага хангасан байх ёстой, түрээсийн гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой, мөн энэ гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г нь Н ХХК-ийг иргэн Н.Мөнхбатад 75 сая төгрөгөөр шилжүүлсэн бөгөөд шилжүүлэхдээ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт гэрээний дагуу өглөгтэй гэдгийг хэлж шилжүүлсэн юмаа.

Н.Мөнхбат дээрх 75 сая төгрөгөө одоо болтол надад шилжүүлээгүй байгаа бөгөөд Улаанбаатар төмөр замтай хийсэн гэрээний дагуу Н ХХК төлбөр төлөх ёстой гэдэгтэй маргах зүйл байхгүй. Б.Г би Н ХХК-ийг төлөөлж Улаанбаатар төмөр замтай гэрээ хийсэн, иргэнийхээ хувьд гэрээ хийгээгүй тул нэхэмжилж буй төлбөрийг Н ХХК хариуцан төлөх үүрэгтэй.

Би Н ХХК-ийг Н.Мөнхбатад шилжүүлэхдээ тухайн компанийг удирдан ажиллаж байх үед өөрөөсөө зарцуулсан мөнгөний тооцоо гаргаж 75 сая төгрөгийг надад өгөхөөр тоооцоо гарсан, мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт өглөгтэй байгаа талаар хэлж нэг бүрчлэн бичүүлэх гэсэн боловч тухайн үед нийлүүлээд биччих гэснийх нь дагуу зөвхөн 75 сая төгрөгийн өглөгийг л нийлүүлэн бичсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг Н ХХК төлөх учиртай юмаа. Би энэ компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд Н.Мөнхбат өөр ажил эрхлэхээр боллоо захирлын ажлыг хийж байгаач гэсний дагуу би 2014 оноос уг компанийн захирлын ажлыг хийж байсан. Тэгээд буцаагаад 2016 оны 3 дугаар сард Н.Мөнхбатад шилжүүлэн өгсөн юм гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй.

Нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хариуцагч Н ХХК болон Б.Г нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 19.141.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Н ХХК нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, уг түрээсийн зүйлийг Н ХХК түрээслээгүй, иргэн Б.Г түрээслэсэн, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх гэрээ, хэлцлийн талаар мэдэхгүй, уг гэрээ хэрэгжсэн эсэх нь тодорхойгүй, гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул алданги тооцох үндэсгүй гэж маргаж байна.

НЭГ:Хөөн хэлэлцэх хугацааны талаар:

1.1.Улаанбаатар төмөр зам нь гэрээний үүрэг нэхэмжлэх зорилгоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 04828 дугаартай шийдвэрээр Н ХХК-ийн оршин буй газрыг нь тодорхойлуулахаар эрэн сурвалжлуулж байжээ./хх-ийн 6-р хуудас/

1.2. дээрх шийдвэрийн дагуу тодорхойлсон хаяг болох Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 28-01 гэсэн хаягаар Сүхбаатар дүүргийн шүүхэд хандахад Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15046 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна./хх-ийн 7-р хуудас/

1.3. хариуцагч Н ХХК болон Б.Г нарын оршин буй хаягын дагуу түрээсийн гэрээний үүрэг нэхэмжлэхээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад хариуцагч нарын нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 07366 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-ийн 8-10-р хуудас.

1.4.нэхэмжлэгч нь дээрх гэрээний үүргийг нэхэмжилж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргажээ./хх-ийн 8-р хуудасны арын дардас/

Энэ бүхнээс дүгнэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж, 79.7.-д Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж тус тус заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Түрээсийн гэрээний үүргийг шаардахад, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

ХОЁР: Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээний талаар:

Н ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Мөнхбат нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг компанийн захирлын албан тушаалыг эрхэлж байгаад 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Б.Г тус компанийн захирлаар ажиллаж, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.Мөнхбатад буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн гэрчилгээ, тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хх-ийн 38, 91-96-р хуудас/

Нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Улаанбаатар дахь Худалдааны төвийн хашаанд байрлалтай 300 тн багтаамжтай, 60 метрийн урттай, мах хөргөх, хадгалах, салаа зам ашиглах зорилгоор аммиакан хөргөлттэй махны зоорийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Н ХХК-д түрээслүүлэх, хариуцагч /түрээслэгч/ Н ХХК нь сар бүр 1.850.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож №14/2-49 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-ийн 13,14-р хуудас/

Дээрх түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу бичгээр байгуулан талууд гарын үсэг зурж баталгаажуулсанаар гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Улаанбаатар дахь Худалдааны төвийн хашаанд байрлалтай аммиакан хөргөлттэй махны зоорийг түрээслүүлэхээр Н ХХК ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч Н ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д заасан түрээсийн гэрээ байгуулагдсан байна.

Дээрх түрээсийн гэрээг хариуцагч Б.Г Н ХХК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан байх тул иргэн Б.Г-тай байгуулсан гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Хариуцагч Н ХХК нэхэмжлэгчтэй байгуулсан №14/2-49 дугаартай Түрээсийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3.700.000 төгрөгийг, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 1.900.000 төгрөгийг түрээсийн төлбөр гэсэн утгатайгаар түрээслүүлэгч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт шилжүүлж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж байсан байх тул Н ХХК-ийг түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 121,183,184-р хуудас/

Нэхэмжлэгч нь Н ХХК-ийг түрээсийн төлбөр төлж байсан тухай хуулбар үнэн тэмдэгтэй нотлох баримтууд /хх-ийн 105-118-р хуудас/ ирүүлснээс зөвхөн хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан дээрх баримтыг үнэлсэн болно.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн

318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж,

318.5.-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж,

289 дүгээр зүйлийн 289.1.2.-т Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Иймд хариуцагч /түрээслэгч/ Н ХХК нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болох 21.761.000 төгрөгийг нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт төлөх үүрэгтэй.

ГУРАВ: Алдангийн хувьд:

Нэхэмжлэгч /түрээслүүлэгч/ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь түрээсийн зүйлийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Н ХХК-д түрээслүүлэхээр Түрээсийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөр гэрээг цуцлаж, энэ тухай 17/175 дугаартай мэдэгдлийг Н ХХК-д хүргүүлж байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 16, 233-р хуудас/

Түрээслэгч Н ХХК нь гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрөө төлөхгүй, зөрчил гаргасан тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3.-т Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж заасны дагуу түрээслүүлэгч Улаанбаатар тамар зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь гэрээг цуцлах эрхтэй.

Алданги гэдэг нь гэрээний талуудын хүлээх хариуцлага бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан тул нэхэмжлэгч Улаанбаатар тамар зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь алдинги тооцох үндэсгүй.

Иймд хариуцагч Н ХХК-иас эд хөрөнгө ашигласны түрээсийн төлбөрт 12.761.000 төгрөгийг гаргуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.380.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.Гантулгад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Хариуцагч Н ХХК нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн зүйлийг ашигласан хөлсний үлдэгдлийг төлөхгүй гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2.,116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1. дэх хэсэгт зааснаар Н ХХК-иас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 12.761.000 төгрөгийг гаргуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.380.500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.Г      -д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 219126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ч.ИЧИНХОРЛОО