Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01522

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01522

 

 

ТЗ-нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01450 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ТЗ-нэхэмжлэлтэй, НК ХХК- болон Б.Г-д холбогдох

түрээсийн төлбөр, алданги нийт 19 141 500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь НК ХХК--тай 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 300 тоннын аммиакан хөргөлттэй зоорийг түрээслэх 14/2-49 тоот түрээсийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Энэхүү гэрээгээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь хөргөх байгууламжийг үйлчилгээний газрын зориулалтын түрээслүүлэх, харин НК ХХК- нь түрээсийн төлбөр болох 1 850 000 төгрөгийг cap бүрийн 05-ны дотор тогтмол төлөх бөгөөд 2000 квт хүртэлх цахилгаан, 5 м.куб хүртэлх усны төлбөр багтсан ба үүнээс давсан хэмжээгээр зарцуулсан цахилгаан, усны төлбөрийг төлөх харилцааг зохицуулсан. Гэрээ байгуулсан хугацаанаас буюу 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-нийг хүртэл хугацаанд ус болон цахилгаан төлбөр тооцогдохгүй бөгөөд /учир нь гэрээнд заасан хэмжээнээс хэтрээгүй/ зөвхөн түрээсийн төлбөр болон манай байгууллагаас дараа тооцохоор авсан хөргөлтийн ХА-30 масло, аммиакны үнийн тооцоотой байгаа. НК ХХК- нь түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацааны дагуу бүрэн төлдөггүй бөгөөд Тээш худалдааны төвөөс явуулсан албан бичиг, мэдэгдлийг үл тоож, түрээсийн төлбөрөө барагдуулахгүй нийт 12 761 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болсон. Манай зүгээс төлбөрөө төл гэдгийг удаа дараа мэдэгдэж байсан ч төлөхгүйгээр өнөөдрийг хүрсэн, гэрээ цуцална гэдгээ ч мөн мэдэгдэж байсан. Түрээсийн гэрээний дагуу талбайг хүлээн авч үйл ажиллагаа явуулан түрээсийн төлбөрийг эхэн үедээ төлж байсан, НК ХХК--тай тооцоо нийлж байсан баримт ч байгаа байтал одоо мэдэхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг үндэслэн гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тасалбар болгон түрээсийн гэрээг цуцалсан. Түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4, 3.5-д зааснаар хариуцагч НК ХХК--аас түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул түрээсийн төлбөр төлөөгүй хугацааны алданги 13052 хоног / өссөн тоогоор/ буюу 72 438 600 төгрөг болж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 12 761 000 төгрөгийн төлбөрийн 50 хувь болох 6 380 500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймд хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 326 дугаар зүйлийн 326.2 дах хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний төлбөрийг хугацаа хожимдуулсан хугацааны алданги 6 380 500 төгрөг, түрээсийн төлбөр 12 761 000 төгрөг, нийт 19 141 500 төгрөгийг Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч НК ХХК- нь шүүхэд гаргасан хариу тайлбар  болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ НК ХХК--тай 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 300 аммикан хөргөлттэй зоорийг түрээслэх 14/2-49 тоот түрээсийн гэрээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 жилийн хугацаатайгаар байгуулсан гэж дурьдсан байх бөгөөд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэх түрээсийн гэрээг хавсаргаж гаргаж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тасалбар болгон түрээсийн гэрээг цуцалсан гэсэн байна. Хэргийн материалд авагдсан НК ХХК--ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харвал 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Намжил овогтой Мөнхбатыг гүйцэтгэх захирлаар томилж, дахин гэрчилгээг олгосон. Н.М- НК ХХК--ийн эрхийг 2016 онд шилжүүлэн авсан, энэ нэхэмжилж буй төлбөрийн талаар хэлж байгаагүй, энэ түрээсийн зүйлийг Б.Г- өөрөө ашигласан. Мөн уг өдөр НК ХХК--ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Н.М- бүртгэгдсэн. Иймээс 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс өмнөх гэрээ, хэлцлийн талаар мэдэхгүй байна. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулсан нь ирээдүй цагт хэрэгжих нөхцөлийг талууд харилцан тохиролцож байгуулдаг. 2014 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан боловч уг гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй эсхүл хэрэгжсэн боловч хэзээ дуусгавар болсон зэрэг нь тодорхойгүй байна. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Г- энэ талаар сайн мэдэх байх гэж бодож байна.Тэгээд ч гэрээтэй холбоотой маргааны хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг, гэтэл энэ хугацаа аль хэдийнээ дууссан байна. Үндсэн гэрээний харилцаа нь хуулийн хүчин төгөлдөр байгаа тохиолдолд алданги шаардах эрхийг бий болгодог. Үндсэн төлбөр шаардсан нэхэмжлэл нь үндэслэлгүй тул алданги хууль зүйн үндэслэлгүй. Мөн алдангийг хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан тохиолдолд шаардаж болохоор байна. Тооцоо нийлсэн акт нь энэ хэрэгт хамааралгүй, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хэнд өгсөн нь тодорхойгүй, түрээсийн гэрээ нь шаардлага хангасан байх ёстой, түрээсийн гэрээгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ёстой, мөн энэ гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч өнгөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Г- нь НК ХХК--ийг иргэн Н.М-ад 75 000 000 төгрөгөөр шилжүүлсэн бөгөөд шилжүүлэхдээ Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт гэрээний дагуу өглөгтэй гэдгийг хэлж шилжүүлсэн. Н.М- дээрх 75 000 000 төгрөгөө одоо болтол надад шилжүүлээгүй байгаа бөгөөд Улаанбаатар төмөр замтай хийсэн гэрээний дагуу НК ХХК- төлбөр төлөх ёстой гэдэгтэй маргах зүйл байхгүй. Б.Г- би НК ХХК--ийг төлөөлж Улаанбаатар төмөр замтай гэрээ хийсэн, иргэнийхээ хувьд гэрээ хийгээгүй тул нэхэмжилж буй төлбөрийг НК ХХК- хариуцан төлөх үүрэгтэй. Би НК ХХК--ийг Н.М-ад шилжүүлэхдээ тухайн компанийг удирдан ажиллаж байх үед өөрөөсөө зарцуулсан мөнгөний тооцоо гаргаж 75 000 000 төгрөгийг надад өгөхөөр тооцоо гарсан, мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт өглөгтэй байгаа талаар хэлж нэг бүрчлэн бичүүлэх гэсэн боловч тухайн үед нийлүүлээд биччих гэснийх нь дагуу зөвхөн 75 000 000 төгрөгийн өглөгийг л нийлүүлэн бичсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй төлбөрийг НК ХХК- төлөх учиртай. Би энэ компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд Н.М- өөр ажил эрхлэхээр боллоо захирлын ажлыг хийж байгаач гэсний дагуу би 2014 оноос уг компанийн захирлын ажлыг хийж байсан. Тэгээд буцаагаад 2016 оны 3 дугаар сард Н.М-ад шилжүүлэн өгсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар НК ХХК--аас түрээсийн зүйл ашигласны хөлс /түрээсийн төлбөр/ 12 761 000 төгрөгийг гаргуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 380 500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч Б.Г-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 219 126 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч НК ХХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Бодит нөхцөл байдлын хувьд Н.М- нь "Нэмүт констракшн" ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байсан байдаг. Гэтэл 2014 оны 6 дугаар сарын орчимд "Нэмүт констракшн" ХХК-д "тендерт оруулж өгнө, ажил өгнө. Иймээс баталгаа болгоод компанийн хувьцааг шилжүүлээд өгөөрэй" гээд шилжүүлж авсан боловч ажил олж өгөөгүй байдаг. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.М-ад буцаан шилжүүлсэн байдаг. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэх түрээсийн гэрээг "Нэмүт констракшн" ХХК-ийн тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглан байгуулсан байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээслүүлэгчээс түрээсийн зүйл эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг шилжүүлэн өгснөөр төлбөр шаардах эрх бий болохоор байна. Иймээс түрээслүүлэгчээс түрээсийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтыг хэнд шилжүүлж өгсөн нь чухал ач холбогдолтой байна. Хэрэгт 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр "Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэг", нөгөө талаас "Нэмүт констракшн" ХХК, төлөөлөн Б.Г- нар байгуулсан байдаг. Гэтэл шүүх хуралдааны явцад талуудын гаргасан тайлбараас харвал түрээсийн гэрээг "Нэмүт констракшн" ХХК-аар байгуулсан боловч Б.Г- нь өөрөөсөө хөрөнгө гаргаж үйл ажиллагаа явуулж байсан, түрээсийн төлбөрийг төлж байсан. Өөрийн хөрөнгөөр засвар хийсэн. Тухайн үед "Нэмүт констракшн" ХХК-д үйл ажиллагаа явуулах мөнгөн хөрөнгө байгаагүй талаараа тайлбар гаргасан. Хэргийн бодит нөхцөл байдлаас харсан ч "Нэмүт констракшн" ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн хөрөнгөгүй эд хөрөнгө түрээслэн үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан. Иймээс эд хөрөнгө түрээслэх боломжгүй хуулийн этгээдэд эд хөрөнгө шилжүүлж өгөх, тухайн хуулийн этгээд нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах ч боломжгүй байсан. Түрээслүүлэгч нь түрээсийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж, үйл ажиллагаа явуулж байсан этгээдээс төлбөрийг нэхэмжлэх нь Иргэний хуульд заасантай нийцэх бөгөөд түрээсийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй этгээдээс түрээсийн төлбөр шаардах эрхгүй байна. 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т "дараахь үндэслэлээр гэрээг цуцалж болно" 7.1.1 -т "түрээслэгч түрээсийн төлбөрөө хоёр сар хүртэл хугацаагаар дараалан хожимдуулсан төлсөн тохиолдолд" гэрээг цуцлахаар заасан байдаг. Гэтэл түрээсийн төлбөр нь 2 сараас илүү хугацаагаар төлөгдөөгүй байхад нэхэмжлэгч гэрээг цуцлахгүйгээр үргэлжлүүлж байсан нь нэхэмжлэгч болон хариуцагч Б.Г- нарын харилцаа эргэлзээ төрүүлэхээс гадна нэхэмжлэгч нь түрээсийн эд хөрөнгөтэй холбоотой авлагыг татварын болон санхүүгийн тайланд тусгаж байгаагүй зэрэг нөхцөл байдал нь бодитойгоор түрээсийн харилцаа явагдаж байсан эсэхэд ч эргэлзэхүйц нөхцөл байдлыг бий болгож байна. Мөн Б.Г- нь "'Нэмүт констракшн" ХХК-ийн хувьцааг Н.М-ад шилжүүлэн өгөхдөө өр төлбөртэй талаар дурьдаж байгаагүй. Иймээс НК ХХК- нь түрээсийн төлбөрийг хариуцах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т "Энэ хуульд өөрөөр заагаагуй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ" 75.2.1-т "гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" 79.5-т "Эрх бүхий этгээд гаргасан шаардлагаасаа татгалзсан буюу шүүхийн шийдвэрээр шаардлагыг хэрэгсэхгүй болгосон бол хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэхгүй" гэж тус тус заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон түрээсийн гэрээг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 3 жилийн хугацаатайгаар байгуулсан байдаг. Иймээс хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 2016 оны 02 дугаар сараас тооцож үзсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ нэхэмжлэгч, хариуцагч нарыг тодорхойлж нэхэмжлэлийг гаргадаг. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийг бүхэлд нь хангах, зарим хэсгийг хангах, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж болохоор хуульд заасан. Гэтэл анхан шатны шүүх нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаггүй, улсын бүртгэлд бүртгэлгүй хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд илэрхий алдаатай, бодит нөхцөл байдал дээр ч хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан байна. Иймд шийдвэрийн "Нэмүт констракшн" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

  Нэхэмжлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь хариуцагч НК ХХК- болон Б.Г- нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 12 761 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 6 380 500 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 19 141 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 14/2-49 тоот түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр түрээслүүлэгч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь Улаанбаатар дахь Худалдааны төвийн хашаанд байрлалтай 300 тн багтаамжтай, 60 метрийн урттай, мах хөргөх, хадгалах, салаа зам ашиглах зорилгоор аммиакан хөргөлттэй махны зоорийг 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээслэгч НК ХХК--д ашиглуулах, түрээслэгч НК ХХК- нь сар бүр 1 850 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд НК ХХК--ийг төлөөлж захирал Б.Г- гарын үсэг зурж, компанийн тамга дарагдсан байна. / хх-ийн 13, 14 /

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ мөн хуулийн 318.3 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулах шаардлагад нийцжээ.

НК ХХК--ийн үүсгэн байгуулагч Н.М- нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр уг компанийн захирлын албан тушаалыг эрхэлж байгаад 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Б.Г- тус компанийн захирлаар ажиллаж, 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Н.М-ад буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, тус хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул иргэн Б.Г-тай байгуулсан гэрээ гэж үзэхгүй, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. / хх-ийн 38, 91-96 /

Мөн хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлага өөрчлөгдсөн нь дээрх түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээс хариуцагч НК ХХК- чөлөөлгдөх үндэслэл болохгүй юм.

Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй тул НК ХХК--ийг түрээсийн зүйлийг эзэмшиж ашиглаагүй, үйл ажиллагаа явуулаагүй, гэрээ хэрэгжсэн эсэх нь эргэлзээтэй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч компани нь 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 700 000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 1 900 000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг үйл баримтаар тогтоогдсон /хх-ийн 121, 182, 183 / байх бөгөөд түрээсийн гэрээний 3.1, 3.3, 3.4-т заасан түрээсийн төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчсөн, түрээслүүлэгч албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцжээ. /хх-ийн 16, 23/

Иймд хариуцагч НК ХХК- нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөр болох 21 761 000 төгрөгийг нэхэмжлэгч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгт төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Монгол улсад үйл ажиллагаа явуулдаггүй, улсын бүртгэлд бүртгэлгүй хуулийн этгээдэд мөнгөн хөрөнгө олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд илэрхий алдаатай, бодит нөхцөл байдал дээр ч хэрэгжих боломжгүй шийдвэр гаргасан гэсэн давж заалдах гомдол гаргасан байх боловч нэхэмжлэгч байгууллага нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэл хүчин төгөлдөр байх тул давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 04828 дугаартай шийдвэрээр НК ХХК--ийг эрэн сурвалжлуулж, оршин буй газрыг тогтоохоор шийдвэрлэсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 15046 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 07366 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан ...тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан ... гэсэн үндэслэл тогтоогдсон тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх гомдол үндэслэлгүй байна. / хх-ийн 6, 7, 8-10 /

Харин шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй болохыг зөв дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримталсан хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алданги 6 380 500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б.Г-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдол гаргаагүй байх тул холбогдох асуудлаар дүгнэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 181/ШШ2021/01450 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 219 126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ