Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2021/00504

 

 

 

 

 

 

 

 

 

     2021        03         09                                       181/ШШ2021/00504         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Ч.Ичинхорлоо, Ө.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х байр,

Нэхэмжлэгч: Ч.М/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.У

Хариуцагч: Г.Б нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 27 915 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч О.Даваадорж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,  хариуцагч Э.У, хариуцагч Г.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Э.У-ийн өмгөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Байгалмаа нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Х, Ч.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Б.Х, өмгөөлөгч Т.Мөнхтуяа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтэд байрлах зуслангийн байшиндаа гэр бүл болох эхнэр Ч.М, хүү 1 нас 5 сартай Х.Тэмүжин нарын хамтаар очихоор өөрийн эзэмшлийн 56-95 УНҮ дугаартай Toyota Vanguard маркийн машинтайгаа хуульд заасны дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүүхдийн аюулгүйн суудал бэхлэгдсэн, суудлын бүснүүдийг зүүж явсан. Өвөр Гүнтийн уулзвар дээр 11 цагийн орчимд ирсэн ба миний бие зүүн гар тийш эргэх дохио өгч, зүүн тийш уулзвар луу эргэж орсон. Энэ үед маш их тоормосны чахарсан дуу чимээ гарсан ба машины зүүн бөөрөн талаас урсгал сөрсөн асар өндөр хурдтай жийп машин (Jeep Cherokee 10-11УБД улсын дугаартай) ойртон ирж миний машины зүүн болон ар талын өнцгийг маш хүчтэйгээр мөргөсөн. Осол болмогц миний машин арын талаасаа 90 гаран градус илүү эргэлдэн замаасаа гаран боржур даван шидэгдсэн, маш их савалгаа, донсолгоо дуу чимээ гарсан. Улмаар их хүчний нөлөөллөөр миний гэр бүлийн хүмүүс гэмтэж эрүүл мэнд, сэтгэл санаа, гоо сайхны давхар хохирол, цочрол авсан. Тодруулбал эхнэр хүүхэд арын суудалд сууж байсан ба намайг арагшаа харахад эхнэрийн хамар амнаас цус гарсан, баруун нүдэн тал нь хавдаж, арьс язарч зүсэгдсэн, зүүж явсан харааны шил эвдэрч шидэгдсэн, манарсан ухаан балартсан байдалтай байсан мөн миний хүүхэд аюулгүйн суудал дээрээ маш чангаар уйлсан байдалтайг харан би машинаасаа буусан. Мөргөсөн машинаас 4 эмэгтэй  халамцуу согтуу нь эргэлзээ бүхий намайг буруутгасан байдалтайгаар бүгд үгээр дайрсан, өөрсдийн үйлдлийг зөвтгөж байсан. Би хүүгээ тэврээд тайвшруулахаар холдсон миний хүүд нүдэнд ил харагдахуйц ноцтой гэмтэл байгаагүй, эхнэр машинаас өөрөө буусан, аюулгүйн суудал бүгд бүсээ зүүсэн учир энэ зэрэгтээ аврагдаж үлдсэн гэж бодож байна. Тээврийн прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаар тогтоолоор тухайн үед Jeep Cherokee 10-11 УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Э.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан уулзвар болон гарч дээр гүйцэж түрүүлэхийг хориглосон заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон.

Эмнэлэгт шинжилгээ, оношилгоо, эмчилгээ хийлгэх, үүнийг дагасан унаа тээврийн зардал гэх мэт маш олон зардлууд ар араасаа гарч байгаа. Осол гарснаас одоог хүртэл 3 cap орчмын хугацаанд гэр бүлийнхэндээ физик эмчилгээ, бариа засал, тархи толгойн доргилтоос үүдэлтэйгээр эмчилгээ сувилгаа, шарх сорвиноос үүдэлтэй нэн шаардлагатай эмчилгээ хийлгэж байна.

Би анх 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр маш сайн машиныг 24 623 000 төгрөгөөр ямар ч осол аваарын түүх байхгүй, зассан сэлбэсэн зүйлгүй, үйлдвэрийн анхны байдлаараа 4В үнэлгээ бүхий, гаальд бууж байгаагаар баталгаажуулж, худалдан авсан.

Хас үнэлгээ ХХК нь автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 4 970 000 төгрөгөөр тогтоосон бөгөөд машинаа засуулахаар вьетнам кузов засвараас үнэ ханш сураглахад зөвхөн кузов засвар хамгийн багадаа 4 500 000 төгрөг болж байснаас гадна Toyota-гийн албан ёсны байгууллага болох Мөнххада компаниар үнэлгээ хийлгүүлэхэд ажлын хөлсөнд 14 898 400 төгрөг, сэлбэг бараа материалын зардалд 21 772 925 төгрөг, нийт 36 671 325 төгрөгийг гаргаж байж машиныг урд нь ямар байсан яг тэр хэвэнд нь болтол албан ёсны үйлдвэрийн стандартаар засах төлбөрийн нэхэмжлэх гаргасан.

Мөн “Юү би авто сервис”-ийн дүгнэлтээр үнэлгээнд ороогүй зүүн хойд завин гар, хавирган гар, хойш тэвш, зүүн хойд цаб, агрегат болон явах эд ангийн дотоод гэмтэл илэрсэн. Иймд би үнэлгээ буруу хийгдсэн гэх гомдлыг гаргасан ба “Хас үнэлгээ” ХХК нь өөрсдөө үүнийгээ хүлээн зөвшөөрч дахин үнэлгээ хийх хүсэлтээ Тээврийн Прокурорын газарт гаргаж, Тээврийн Прокурорын газраас “Хас үнэлгээ” ХХК-иар дахин үнэлгээ хийлгэхэд машины хохирлыг нийт 7 548 000 төгрөгөөр тогтоосон. Бид анх хохирол болох нийт 27 915 000 төгрөгийг нэхэмжилж байснаа өөрчлөн багасгасан. Мөн Э.Урангоогийн жолоодож явсан Jeep Cherokee 10-11УБД улсын дугаартай автомашины эзэмшигчээр бүртгэгдсэн Г.Быг хамтран хариуцагчаар татсан. Иймд,

1. Б.Х миний эзэмшлийн Тоёота Вангуард маркийн 56-95 УНҮ улсын дугаартай машины эвдрэл хохирлыг Хас үнэлгээ ХХК-иас үнэлсэн 7 548 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах.

2. Тус хэргийн эрүү болон иргэний журмаар эрх зүйн туслалцаа үзүүлэх МХХ-ны гишүүн өмгөөлөгч Т.Мөнхтуяа болон нэхэмжлэгч Б.Х хоорондын гэрээгээр өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг төлснийг хариуцагч нараас гаргуулах,

3. XX-16-талд тодорхойлсон гэм хороос үүдэлтэй хохирол болох Ч.Мн эмчилгээний төлбөр болон бусад холбогдох зардал 2 704 440 төгрөг болон XX-14-талд эмнэлгийн эмчилгээнд үлдэгдэл төлбөрт 3 210 000 төгрөг, нийт 5 914 440 төгрөгөөс хариуцагч талаас 5 000 000 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр 914 440 төгрөгийг харуцагч нараас гаргуулах,

4. Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой нэмж гарсан зардал болох бичиг хэргийн болон тэмдэгт хураамж мөн нотариатын төлбөрүүд нийт 344 940 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

5. Машины эвдрэлээс Хас үнэлгээ ХХК-ны үнэлгээгээр солих шаардлагатай явах эд ангийн 4 төрлийн (хх-22, 39 талд) засвар нийт 660 000 төгрөгийн хохирол тооцсон. Хариуцагч талаас байнга машин ачилтын төлбөр төлж чадахгүй гэсэн учир машиныг явдаг болгохын тулд явах эд ангийг засахад засвар үйлчилгээний төлбөрт 830 000 төгрөгийг үнэлгээнээс илүү төлсөн бөгөөд үнэлгээ болон төлбөрийн зөрүү 170 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах,

6. Энэ хугацаанд нэмж гарсан тээврийн зардал болох бусдын машинд хийсэн бензин төлбөр 56,439 төгрөг хариуцагч нараас гаргуулах.

Нийт 11 033 819 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч  Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У би 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн санамсаргүй болгоомжгүй байдлаас шалтгаалан автотээврийн осол хийсэн нь үнэн юм.

Хүний эд хөрөнгөд хохирол учруулсан нь миний болгоомжгүй байдлаас шалтгаалсан нь үнэн боловч надад тэр хүний эд хөрөнгөд хохирол учруулья гэсэн ямар ч санаа зорилго, сэдэлт байгаагүй ба энэ байдлыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон, гэмт хэргийн шинж байхгүй тул Зөрчлийн тухай хуулиар шалгаж шийдвэрлэсэн, би шийтгэл хүлээж, торгууль төлсөн.

Би нөхөр, 3 хүүхдийн хамт хадмынхаа гэрт хамт амьдардаг бөгөөд нялх хүүхдүүдээ асран хамгаалж, ажил хөдөлмөр эрхлээгүй, тусгайлсан цалин, орлогогүй гэдгээ анхнаас нь үнэн зөв, нуулгүй илэрхийлсэн. Санамсар болгоомжгүйгээсээ хүмүүст хохирол учруулсандаа харамсаж байсан тул чадах чинээгээрээ мөнгө төгрөг олж, өгөхийг хүссэн боловч, тэр бүр санаснаар бүтээгүй. Хадам ээж минь чадах чинээгээрээ надад туслаж, тэтгэврээ барьцаалан банкнаас 5 000 000 төгрөгийн зээл авч өгсөнийг бүгдийг нь хохирогч Б.Хт өгсөн. Дахин мөнгө төгрөг бүтээх гэж янз бүрээр хичээж байгаа боловч, тэр бүр бүтэхгүй байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжилж байгаа мөнгө, тайлбарт дурдсан шиг осол гарсан өдрийн өмнө болон тэр өдөр миний бие ямар ч согтууруулах ундаа хэрэглээгүй, ер нь ч ямар нэг төрлийн согтууруулах ундаа хэрэглэдэггүй гэдгээ хэлэхээс гадна би нялх балчир үр хүүхэдтэй тул согтууруулах ундаа хэрэглэх хортой гэдгийг мэддэг. Хэргийг шалгасан Цагдаагийн мөрдөгчийн шалгалтаар намайг архи, согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй гэдгийг газар дээр нь шалгаж тогтоосон ба энэ байдлыг ч нэхэмжлэгч Б.Х, И.М нар хажууд хамт байсны хувьд мэдсэн боловч, одоо шүүхэд нэхэмжлэл гаргахдаа намайг согтуу байсан мэтээр гүтгэн буруутгаж байгааг гайхаж байна.

Хэргийг шалгаж байх үед Б.Хийн автомашинд учирсан хохирлын дүн 4,980,000 төгрөг гэж “Хас үнэлгээ” компани тогтоож байсан, тийм учраас би 5,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Гэтэл Б.Х одоо өөрөөр тооцож, автомашинд учруулсан хохирол гэж 22,000,000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч Ч.М нь осол болох үед хамгаалалтын бүс бүслээгүй байсан гэдгийг дараах байдлаас мэдсэн. Ослын дараа миний болон машинд сууж явсан хүмүүсийн хажууд Б.Х эхнэр Ч.Мгаа “Хамгаалалтын бүсээ бүслэхгүй яасан юм бэ” гэх мэтээр загнаж байсныг чихээр сонссон. Эдгээр хүмүүс шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн.

Хэдийгээр миний бие санамсар болгоомжгүйгээсээ авто осол хийсэн, хүний эд хөрөнгөд хохирол учруулсандаа харамсаж байгаа боловч, Б.Х, Ч.М нар нэхэмжлэлийнхээ үндэслэлдээ намайг согтуу байсан, хохиролд ямар ч мөнгө төлөөгүй гэж байснаа нэхэмжлэлийнхээ хамгийн сүүлд 5 000 000 төгрөг шилжүүлсэн гэх мэтээр гүтгэж, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, хүнд учруулсан хохирлын талаар ямар ч санаа тавиагүй, хүн чанаргүй гэж буруутгаж байгааг бодит байдлын эсрэг худлаа зүйл бичсэн байна гэж үзэж байна.

Миний нөхөр Б.Б найзууд тул 2 жилийн өмнө Jeep Cherokee 10-11 УБД улсын дугаартай автомашиныг Г.Боос худалдан авч ашиглаж байгаа бөгөөд мөнгийг нь бүрэн төлөөгүй тул бүртгэлийг өөрийн нэр дээрээ болгоогүй байгаа.

Хас үнэлгээ ХХК нь эд хөрөнгийн үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримтлах ёстой. Үнэлгээг үндэслэлгүй, бодит байдалтай нийцсэн гэхэд эргэлзээтэй бол дахин шинжилгээг өөр байгууллагаар хийлгэх ёстой байтал дахин шинжилгээ хийгээгүй. Э.У Хас үнэлгээ ХХК-иас автомашины хохирлын үнэлгээг 4 780 000 төгрөгөөр тогтоосны дагуу 5 000 000 төгрөгийг төлж хохирлыг барагдуулсан.

Гэтэл нэг огноо дугаартай хоёр өөр үнэлгээ хэрэгт авагдсан байгаа бөгөөд Тээврийн прокурорын 2020.07.16-ны өдрийн 451 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарснаас хойш үнэлгээг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаж 7 548 000 төгрөгийн үнэлгээг гаргасан гэж тайлбарлаж байгаа тул уг үнэлгээг Прокурор хянасан эсэхийг анхаарах нь чухал байх.

Ч.М нь зам тээврийн ослоос үүдэлтэй ямар гэмтлийг эмчлүүлэхээр Синдерелла гоо сайханы эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байгаа тул уг эмнэлгийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон бодит байдлыг хууль ёсны дагуу шалган шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна гэв.

 

Хариуцагч Г.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б зам тээврийн осол гарах үед байгаагүй. Автомашиныг худалдан авсан гэдгээ Э.У мэдүүлж байна. Ямар үндэслэлээр Г.Бод хариуцлага хүлээлгэх гээд байгааг мэдэхгүй, Г.Б зам тээврийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

 

Иргэдийн төлөөлөгч О.Даваадорж дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид аюулгүйн бүсийг бүслүүлээгүйгээс хөнгөн гэмтэл учирсан байна. Нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулах, эд хөрөнгөд учирсан хохирлын зөрүүг төлүүлэх нь зүйтэй. Хариуцагч тал гэм буруутай байна гэв.

 

 Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

       ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б.Х, Ч.М нар нь хариуцагч Э.Уд холбогдуулан гэм хорын хохиролд 27 915 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөн шаардлагын хэмжээг багасгаж нийт 11 033 819 төгрөг гаргуулах, хамтран хариуцагчаар Г.Быг татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

            Хариуцагч Э.У нь 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11 цаг 40 минутын үед Чингэлтэй дүүргийн 19 хороо Өвөр гүнтийн замд Жийп Чероки /Jeep Cherokee/ маркийн 10-11 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т  “Дараахи газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ уулзвар болон гарц дээр” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.Хийн жолоодон явсан Тоёота Вингроүд маркийн 56-95УНҮ улсын дугаартай автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь 2020.06.27-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн Прокурорын газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 319 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, шинжээчийн 2020.07.01-ний өдрийн 7467 дугаар дүгнэлт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-45-53, 9-14х/

            Нэхэмжлэгч Ч.М тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй буюу зам тээврийн осол, зорчигч Ч.Мн хамгаалах бүсийг хэрэглээгүй байдал хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй байна.

Зам тээврийн ослын улмаас Б.Хийн эзэмшлийн автомашины тодорхой эд анги эвдэрч, гэмтсэн, Ч.Мн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан тул нэхэмжлэгч Б.Х, Ч.М нар нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Хариуцагч Э.У нь Зам тээврийн осол гаргасан гэм буруутайдаа маргаагүй, нэхэмжлэгч нарт 5 000 000 төгрөг төлсөн бөгөөд Иргэдийн төлөөлөгч О.Даваадорж нь зам тээврийн осолд “хариуцагч тал гэм буруутай” гэж дүгнэсэн.

Жийп Чероки /Jeep Cherokee/ маркийн 10-11 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Г.Бын эзэмшилд бүртгэлтэй /хх-53х/ байх бөгөөд хариуцагч Э.У нь уг автомашиныг 2 жилийн өмнө Г.Боос худалдаж авсан, төлбөрийг бүрэн төлөөгүйн улмаас эзэмшигчийг шилжүүлэн бүртгүүлээгүй байгаа гэж тайлбарлаж байна. Худалдах, худалдан авах гэрээ нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлдэг тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2.1-д зааснаар Жийп Чероки /Jeep Cherokee/ маркийн 10-11 УБД улсын дугаартай автомашиныг Э.Угийн эзэмшилд шилжүүлэн өгснөөр Г.Бын автомашин өмчлөх эрх дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-д заасны дагуу хариуцагч Г.Б нь зам тээврийн ослын улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй, харин Э.У нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар гэм хорын хохирлыг хариуцах үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хэрэгт “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020-07-01-ний өдрийн, мөн 2020-08-05-ны өдрийн 808 дугаартай Тоёота Вингроүд маркийн 56-95УНҮ улсын дугаартай автомашины эвдрэл, хохирлыг 4 970 000 төгрөг /хх-126-127х/-өөр, 7 548 000 төгрөг /хх-39-40х/-өөр тус тус үнэлсэн үнэлгээний тайлан авагдсан бөгөөд эдгээр тайлангийн талаар зохигч маргаж байна.

Хан-Уул дүүргийн Замын Цагдаагийн тасаг нь зам тээврийн ослын улмаас Тоёота Вингроүд маркийн 56-95УНҮ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг “Хас үнэлгээ” ХХК-иар тогтоолгосон байх бөгөөд Хас үнэлгээ ХХК нь 2020-06-30-ны өдрийн 808 дугаартай тайлан /хх-126-128х/-гаар автомашины эвдрэл, хохирлыг 4 970 000 төгрөгөөр тогтоосны дагуу Тээврийн Прокурорын газрын 2020.07.16-ны өдрийн 451 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ. /хх-124-125х/ Уг тогтоолд Э.Хүлэг 2020.07.17-ны өдөр гомдол гаргасан /хх-131-135х/, мөн “Хас үнэлгээ” ХХК-иас Тээврийн Прокурорын газарт автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ дутуу хийгдсэн учраас дахин үнэлгээ хийх хүсэлт /хх-129х/-ийг гаргасны дагуу Тээврийн Прокурорын газраас хохирлыг бодитойгоор тогтоолгохоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Тээврийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлсэн /хх-136х/ байна. Үүний дагуу Тээврийн Цагдаагийн албаны захиалгаар “Хас үнэлгээ” ХХК нь автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 2020-08-05-ны өдөр 7 548 000 төгрөг /хх-39-40х/-өөр тогтоосныг хариуцагч Э.Уд 2020.08.10-ны өдөр танилцуулж /хх-130х/, Тээврийн Прокурорын газрын 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 319 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна./хх-9-10х/

Уг процесс ажиллагаанаас үзэхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-д заасан нэмэлт шинжилгээг “Хас үнэлгээ” ХХК-иар хийлгэсэн бөгөөд үнэлгээний тайланг гаргахдаа эхний хэсгийн огноо, дугаарыг өмнөх тайлантай адил бичсэн техникийн шинжтэй алдааг гаргасан нь үнэлгээний тайланг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй тул Тоёота Вингроүд маркийн 56-95УНҮ улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл, хохирлыг 7 548 000 төгрөг гэж үзэв.

 

Б.Х, Ч.М нар нь автомашин ачилтын төлбөр 205 000 төгрөг, “Хас үнэлгээ” ХХК-д ажлын хөлс 320 000 төгрөг, оношлогоо 105 000 төгрөг, шатахууны төлбөр 189 216 төгрөг, Эрүүгийн хэргийн төв архивын баримт хуулбарлах, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд 137 462 төгрөг, нийт 956 678 төгрөгийн зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-18-19, 31-32, 35-36, 38, 58, 161, 163, 165х/,

Нэхэмжлэгч Б.Х, Ч.М нар нь үнэлгээгээр машины явах эд ангийн 4 төрлийн засварыг нийт 660 000 төгрөгөөр тооцсон ба машины явах эд ангийг засахад засвар үйлчилгээний төлбөрт 830 000 төгрөг төлсөн /хх-164х/ гэх үндэслэлээр төлбөрийн зөрүү 170 000 төгрөг нэхэмжилсэн. Үнэлгээгээр машины явах эд анги /4 төрөл/-ийн солих зардлыг 660 000 төгрөгөөр, нийт эд анги солих ажлын хөлсийг 250 000 төгрөгөөр тооцсон тул материалын зардал, ажлын хөлсөнд нийт 830 000 төгрөг төлснийг үнэлгээнээс илүү төлбөр төлсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч Б.Х нь өмгөөлөгч Т.Мөнхтуяатай 2020.11.09-ны өдөр “Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г байгуулсан /хх-122-123х/, ажлын хөлсөнд 2020.11.08-ны өдөр 500 000 төгрөг, 2021.01.13-ны өдөр 1 500 000 төгрөг тус тус төлсөн /хх-162х/ байна. Нэхэмжлэгч нар нь энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Т.М-тай гэрээг байгуулж хөлс төлсөн тул гэрээний дагуу бусдад төлсөн хөлсийг хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэх шалтгаант холбоогүй байна.

Иймд нэхэмжлэлийн үнэлгээний зөрүү 170 000 төгрөг, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг тус тус гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

Зам тээврийн ослын улмаас Ч.Мн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.07.01-ний өдрийн 7 467 дугаар дүгнэлт /хх-11-12х/-ээр тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч Ч.М нь эмнэлэгийн тусламж үйлчилгээ авах, эм тариа авах, Синдерелла клиник ХХК-ийн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зэрэгт нийт 2 278 380 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-14-22, 24-30, 34, 36-38х/

Иргэдийн төлөөлөгч О.Даваадорж нь “нэхэмжлэгч тал замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид аюулгүйн бүс зүүлгээгүйгээс хөнгөн гэмтэл үүссэн жолоочийн буруу” гэж дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч Ч.М нь зам тээврийн осол гарах үед автомашины суудлын хамгаалах бүсийг хэрэглээгүй байсан болох нь гэрч Э.Ариунтуяа, Д.Хишигт Г.Хишигжаргал нарын мэдүүлэг /хх-168-177х/-ээр тогтоогдож байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б/-д “жолооч нь хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэгтэй” гэж, мөн дүрмийн 6.1-ын а/-д “зорчигч нь хамгаалах бүсээр тоноглосон суудалд зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу зам тээврийн осол гарах үед Ч.М хамгаалах бүсээ хэрэглээгүй байсан нь биед учирсан гэмтэл болон хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан Ч.Мн эмчилгээний зардал 2 278 380 төгрөгийг 10%-иар бууруулан хариуцагч Э.Угаас эмчилгээний зардал 2 050 542 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-д “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан.

Синдерелла клиник ХХК-ийн 2020.07.21-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтээр Ч.Мн баруун нүдний дотор буланд байгаа 0,5см урттай сорви, баруун нүдний доор байгаа 2 см орчим хэмжээтэй сорви зэргийг арилгах эмчилгээг 1 сарын хугацаатай хийхээр төлөвлөж зардлыг 4 135 000 төгрөг байхаар тогтоож, сорвины эдгэрэлтээс шалтгаалан эмчилгээний төлөвлөгөөг өөрчилж болохоор заасан байна. /хх-15-16х/ Нэхэмжлэгч Ч.М нь дүгнэлтэд заасан 1 сарын хугацаанд эмчилгээг хийлгэсэн болох нь эмчилгээний зардлын баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд цаашид 3 210 000 төгрөгийн эмчилгээг хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

 

Дээрхи үндэслэлээр нэхэмжлэгч нарын автомашинд учирсан эвдрэл, хохирлыг 7 548 000 төгрөг, автомашин ачилт, үнэлгээ, оношлогоо, шатахуун болон баримт бичиг хуулбарлах, гэрчлүүлэхэд гарсан зардал 956 678 төгрөг, эмчилгээний зардал 2 050 542 төгрөг нийт 10 555 220 төгрөгнөөс хариуцагч Э.Угийн төлсөн 5 000 000 төгрөгийг хасч, үлдэх 5 555 220 төгрөгийг хариуцагч Э.Угаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 478 599 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Г.Бод холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д “Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан тул нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан нь улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Э.Угаас 5 555 220 /таван сая таван зуун тавин таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарт олгож, нэхэмжлэлээс Г.Бод холбогдох болон 5 478 599 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Угаас 103 833 /нэг зуун гурван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.ОЮУНТУЯА

 

 

    ШҮҮГЧИД                            Ч.ИЧИНХОРЛОО

 

 

                                                      Ө.УЯНГА