Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2021/00745

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Х, Ч.М нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/00504 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарын хариуцагч Э.У, Г.Б нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 11 033 819 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Ч.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа, хариуцагч Э.У-, түүний өмгөөлөгч бөгөөд хариуцагч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Х- нь эхнэр Ч.М-, 1 нас 5 сартай хүү Х.Тэмүжин нарын хамтаар 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 56-95 УНҮ дугаартай Toyota Vanguard /цаашид Тоёота Вангуард гэх/ маркийн автомашинаар Чингэлтэй дүүргийн Өвөр гүнтэд байрлах зуслангийн байшин руугаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангаж, хүүхдүүдийн суудлын бүснүүдийг зүүлгэж явсан. Ингээд Өвөр Гүнтийн уулзвар дээр зүүн гар тийш эргэх дохио өгч, эргэн уулзварт орсон. Энэ үед тоормосны чанга дуу чимээ гарсан ба манай автомашины зүүн бөөр талаас урсгал сөрсөн өндөр хурдтай 10-11 УБД улсын дугаартай Jeep Cherokee /цаашид Жийп Чероки гэх/ автомашин ойртон ирж, зүүн болон ар талын өнцгийг маш хүчтэйгээр мөргөсний улмаас автомашин хүчтэй эргэлдэн замаас гарч брожур даван шидэгдсэн. Үүний улмаас эхнэр, хүүхдийн эрүүл мэнд болон сэтгэл санаа, мөн эд хөрөнгийн хувьд асар их хохирол учирсан. Тээврийн прокурорын газрын 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 319 дугаар тогтоолоор тухайн үед 10-11 УБД улсын дугаартай Жийп Чероки маркийн автомашиныг жолоодож явсан Э.У- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасан уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглосон заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан болохыг тогтоосон. Осол гарснаас одоог хүртэл гэр бүлийнхэндээ физик эмчилгээ, бариа засал, тархи толгойн доргилтоос үүдэлтэйгээр эмчилгээ сувилгаа, шарх сорвиноос үүдэлтэй нэн шаардлагатай эмчилгээ хийлгэж байна.

Б.Х- нь 56-95 УНҮ дугаартай Тоёота Вангуард маркийн автомашиныг Монгол улсын гааль дээрээс үйлдвэрийн анхны байдалтай, 4В үнэлгээтэй байхад нь 2018 оны 09 сарын 13-ны өдөр 24 623 000 төгрөгөөр худалдан авсан. Хас үнэлгээ ХХК-аас автомашины эвдрэл хохирлын үнэлгээг 4 970 000 төгрөгөөр тогтоосон, автомашиныг засуулахаар вьетнам кузов засвараас үнэ ханш судлахад 4 500 000 төгрөг болж байсан. Мөнххада ХХК-аар үнэлгээ хийлгүүлэхэд ажлын хөлс 14 898 400 төгрөг, сэлбэг, материалын зардал 21 772 925 төгрөг, нийт 36 671 325 төгрөг болсон. Үнэлгээ буруу хийгдсэн үндэслэлээр Тээврийн Прокурорын газраас Хас үнэлгээ ХХК-аар дахин үнэлгээ хийлгэхэд автомашины хохирлыг нийт 7 548 000 төгрөгөөр тогтоосон.

Мөн дээрх гэм хороос үүдэлтэй хохирол болох Ч.М-н эмчилгээ болон түүнтэй холбогдох бусад зардал 2 704 440 төгрөг, эмчилгээний үлдэгдэл төлбөр 3 210 000 төгрөг, нийт 5 914 440 төгрөгөөс Э.У- 5 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 914 440 төгрөг болон өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой гарсан нэмэлт зардал 344 940 төгрөг, автомашин ачилтын төлбөр болон автомашины явах эд ангийг засахад засвар, үйлчилгээний төлбөрт 830 000 төгрөг төлсөн боловч Хас үнэлгээ ХХК-аар 660 000 төгрөгийн хохирол тооцсон учир илүү төлсөн 170 000 төгрөг, мөн тээврийн зардал буюу бусдын автомашинд түлш хийсэн зардал 56 439 төгрөг, нийт 11 033 819 төгрөгийг Э.У- болон түүний жолоодсон автомашины эзэмшигч болох Г.Б- нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.У- болон түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 06 сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн санамсар болгоомжгүй байдлын улмаас автотээврийн осол гаргасан нь үнэн. Хүний эд хөрөнгөд хохирол учруулах санаа зорилго, сэдэлт байгаагүй ба энэ байдлыг цагдаагийн байгууллага шалгаж тогтоосон. Гэмт хэргийн шинжгүй тул Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээж, торгууль төлсөн. Мөн Ч.М- нь осол болох үед хамгаалалтын бүс бүслээгүй байсан. Ослын дараа Э.У- болон түүний автомашинд сууж явсан хүмүүсийн хажууд Б.Х- нь эхнэр Ч.М-г хамгаалалтын бүсээ бүслэхгүй яасан юм бэ гэх мэтээр загнаж байсан. Энэ нь нэхэмжлэгч тал мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хохирол учирсан гэж үзэхээр байна.

Э.У- нь нөхөр, 3 хүүхдийн хамт хадмынхаа гэрт амьдардаг. Санамсар болгоомжгүйн улмаас хүмүүст хохирол учруулсандаа харамсаж хохирлыг барагдуулах гэсэн боловч өөрөө хүүхдүүдээ асран хамгаалж, ажил хөдөлмөр эрхлээгүй, тусгайлсан цалин, орлогогүй байдаг. Энэ байдлаа анхнаасаа тайлбарласан бөгөөд хадам ээж тэтгэврийн мөнгөө барьцаалан банкнаас 5 000 000 төгрөгийн зээл авч өгснийг Б.Х-т өгсөн. Нэхэмжлэгч Б.Х-ийн автомашинд учирсан хохирлын үнэлгээг Хас үнэлгээ ХХК-аас 4 980 000 төгрөг гэж тогтоосон тул 5 000 000 төгрөг төлж барагдуулсан. Гэтэл одоо өөр үнийн дүнгээр тооцож нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Э.У-гийн нөхөр н.Баярцогт нь Г.Б-той найзууд тул 2 жилийн өмнө 10-11 УБД улсын дугаартай Жийп Чероки маркийн автомашиныг Г.Б-оос худалдан авч ашиглаж байгаа бөгөөд мөнгийг нь бүрэн төлөөгүй тул бүртгэлийг өөрийн нэр дээр болгоогүй байгаа. Хас үнэлгээ ХХК нь эд хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй, бодит байдалтай нийцсэн гэхэд эргэлзээтэй гэж үзсэн бөгөөд өөр байгууллагаар дахин шинжилгээ хийгээгүй. Гэтэл нэг огноо дугаартай хоёр өөр үнэлгээ хэрэгт авагдсан байгаа бөгөөд Тээврийн прокурорын газрын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 451 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарснаас хойш үнэлгээг зөвшөөрөхгүй гэж гомдол гаргаж 7 548 000 төгрөгийн үнэлгээг гаргасан гэж тайлбарлаж байгаа тул уг үнэлгээг Прокурор хянасан эсэхийг анхаарах нь чухал байх. Мөн Ч.М- нь зам тээврийн ослоос үүдэлтэй ямар гэмтлийг эмчлүүлэхээр Синдерелла гоо сайхны эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн нь тодорхойгүй байгаа тул уг эмнэлгийн төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн үндэслэл болон бодит байдлыг хууль ёсны дагуу шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б- зам тээврийн осол гарах үед байгаагүй. Автомашиныг худалдан авсан гэдгээ Э.У- мэдүүлж байна. Г.Б- зам тээврийн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй тул холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч О.Даваадорж дүгнэлтдээ: Нэхэмжлэгч тал замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигчид аюулгүйн бүс бүслүүлээгүйгээс хөнгөн гэмтэл учирсан байна. Энэ нь жолоочийн буруу. Нэхэмжлэлийн үнийн дүнг бууруулах, эд хөрөнгөд учирсан хохирлын зөрүүг төлүүлэх нь зүйтэй. Хариуцагч гэм буруутай гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.У-гаас 5 555 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарт олгож, нэхэмжлэлээс Г.Б-од холбогдох болон 5 478 599 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297 525 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У-гаас 103 833 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Ч.М-н курс эмчилгээний төлбөрийн үлдэгдэл 3 210 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна хэмээн хангах үндэслэлгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй. Учир нь хавтаст хэрэгт Синдерелла арьс гоо заслын Клиникийн их эмч Л.Ариунаагийн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн үзлэгээр өвчтөний түүх, эмчилгээний тодорхойлолт, үе шат, төлөвлөгөөт эмчилгээний зардлын хуваарь зэргээр нийт 4 135 000 төгрөгийн 2 жил орчим үргэлжлэх төлөвлөгөөт сорви арилгахад зайлшгүй хийлгэх эмчилгээг дэлгэрэнгүй тодорхойлж, дүгнэлт гарган эмчилгээг эхлүүлсэн. Шаардлагатай тохиолдолд эмчлэгч эмчээс тодруулга авах эрх бүрэн нээлттэй байсан ба үүнийгээ ч эмч эмнэлгийн дүгнэлт дээр дурдсан байхад шүүх үүнийг анхаарч үзээгүй. Мөн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн шүүх эмнэлгийн дүгнэлтээр шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байхад зөвхөн төлбөрийн баримтад үндэслэсэн. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн буюу .Мөнхсарнай бүс зүүгээгүй явсан гэх үндэслэлээр 2 278 380 төгрөгийн 10 хувиар буюу 227 838 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр хариуцагчийн найзуудыг гэрчээр асууж, тэдний мэдүүлгээр нэхэмжлэлийг бууруулж байгаа нь ойлгомжгүй, үнэнд нийцэхгүй хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 319 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол бүхий ажиллагаанд гэрч нар мэдүүлэг өгөөгүй. Гэм хор учруулагчаас Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлыг барагдуулахыг нэхэмжилж байна. Мөн Э.У- нь шүүхэд худал тайлбар болон хэрэгт хамааралгүй хүсэлтүүдийг удаа дараа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг зориудаар хойшлуулж байсан.

Осолтой холбоотой тээврийн хэрэгслийн өмчлөгч Г.Б-ыг хамтран хариуцагчаар оролцуулсан боловч төлбөр дутуугаас хариуцагчийн өмчлөлд шилжүүлээгүй мэтээр хэзээ байгуулсан нь тодорхой бус худалдах, худалдан авах гэрээгээр тайлбарлаж Г.Б-ыг хариуцлагаас чөлөөлсөн. Нөгөө талаар төлбөр бүрэн төлөгдөөгүй бол гэрээ одоог хүртэл дуусгавар болоогүй, Г.Б-ын өмч хэвээр үлдэнэ. Иймд Г.Б- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцагч байх ёстой.

Хариуцагч Э.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмүүдийг дараах байдлаар ноцтойгоор зөрчсөн. Үүнд, уулзвар дээр гүйцэт түрүүлэх, түрүүлсний дараа буцаад эгнээндээ орох боломжгүй байвал урд талын машин эргэхээр дохио өгсөн байвал, давхар давхраар гүйцэт түрүүлэхийг хориглоно гэх заалтуудыг бүгдийг нь зөрчсөн учраас осол гарсан. Ослын газарт хийсэн бүдүүвчээр Э.У-гийн автомашины тоормосны мөр 30.8 м байсан. Энэ нь суурин газар 60 км/цаг дотор хурдтай явах заалтыг зөрчсөн хурд хэтрүүлсэн. 60 км/цаг хурдтай явж байгаад бүтэн тоормос авахад 25 м хүртэл автомашин гулгах стандарт байдаг. Иймд хурд хэтрүүлж явж байсан нь батлагдаж байна. Б.Х- нь автомашинаа худалдах зорилготой байсан боловч дээрх ослын улмаас будаг засвар орсон, жил улирсан тул 15 000 000 төгрөг ч хүрэхгүй байдалтай байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Г.Б-од холбогдох болон 5 478 599 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг илтэд зөрүүтэй үнэлж, хэрэгт авагдаагүй нотлох баримтыг хэрэгт авагдсан мэтээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон мэтээр үнэлж, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Тээврийн цагдаагийн албанаас буюу эрх бүхий этгээдээс томилогдсон баримт байхгүй, ижил огноо, дугаартай, хоёр өөр утга агуулга, дүн бүхий автомашины хохирлын үнэлгээний дүгнэлт болох Хас үнэлгээ ХХК-ийн 4 980 000 төгрөг, 7 548 000 төгрөгийн дүгнэлтээс анхан шатны шүүх 7 548 000 төгрөгийн дүгнэлтийг үндэслэсэн. Үүнийгээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсгийн зохицуулалтаар тайлбарласан байна. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ гэж хуульчилсан. Хас үнэлгээ ХХК нь шүүхийн шинжилгээний байгууллагад харьяалагдахгүй тул энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт шинжээч шинжилгээний явцад ямар нэгэн хүсэлт гаргавал түүнийг томилсон этгээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасан журмын дагуу тэмдэглэл үйлдэх үүрэгтэй гэж хуульчилсан. Гэтэл Хас үнэлгээ ХХК шинжилгээ хийж байх үедээ үнэлгээ тогтооход ямар нэгэн хүндрэлтэй, тодорхойгүй эсхүл үнэлгээ хийх боломжгүй гэх мэт агуулгаар ямар нэг хүсэлт гаргаагүй, ийм нөхцөл байдал үүссэн эсэх тухай өөрийг нь шинжээчээр томилсон эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй ба 2020 оны 06 сарын 30-ны өдөр 808 дүгнэлтээр 4 970 000 төгрөгийн хохирол гэж дүгнэж, дүгнэлтийг Тээврийн цагдаагийн албанд хүргүүлснээр шинжээч (Хас үнэлгээ ХХК)-ийн ажил, үүрэг хуулийн дагуу дуусгавар болсон. Тээврийн прокурорын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн тогтоол гарч, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссанаас хойш 2020 оны 07 сарын 17-ны өдөр Хас үнэлгээ ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Нямбаяр гэгч нь ажил үүрэг нь дуусгавар болж. үнэлгээний тайлан нь эрх бүхий этгээдэд хүргэгдсэнээс хойш хүсэлт гаргах эрхгүй атлаа Тээврийн прокурорын газарт Хүсэлт гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, шинжилгээ хийх журмыг зөрчсөн үйлдэл болсон үүнийг анхан шатны шүүх анхаараагүй нь эргэлзээтэй байдлыг үүсгэсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийг баримталбал, тодорхойгүй, эргэлзээтэй, нөхцөл байдал үүссэн тохиолдолд зөвхөн шинжээч томилсон эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, шийдвэрээр нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч томилох хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, дахин болон нэмэлт шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гараагүй, хэрэгт авагдаагүй, автомашины эвдрэл хохирлын үнэлгээ тогтоох ажиллагаа 2020 оны 06 сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон байсан учраас Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 сарын 05-ны өдөр гаргасан гэх 7 548 000 төгрөгийн дүгнэлт нь хууль зүйн хүчин чадалгүй, эргэлзээтэй нотлох баримт юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бүрэн бодитой, бусад нотлох баримт болон хуулийн зохицуулалтад хамааруулан үнэлэх, хууль зүйд тулгуурлаагүй, нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй байхад Хас үнэлгээ ХХК-ийн хийсэн гэх 2 адилхан дүгнэлтийн их дүн бүхий дүгнэлтийг дангаар нь хамаатуулан үнэлж байгаа, хэрэгт авагдаагүй, байгаа эсэх нь мэдэгдэхгүй нотлох баримтыг байгаа мэтээр үнэлж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасантай зөрчилдөж байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн үүргийн харилцааны зохицуулалт болох 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан хэм хэмжээг хэрэглэж хэрэг маргааныг шийдвэрлэсэн нь үүргийн эрх зүйн харилцаа болон зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэсэн эрх зүйн тусдаа институцийг хольж, иргэний эрх зүйн шинжлэх ухааны нарийвчилсан харилцааны зохицуулалтыг нэгтгэн адил зохицуулалт мэтээр тайлбарлаж, алдаатай шийдвэрлэсэн, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөдөлбөргүй, зөв, бодитой тогтоохгүйгээр хөнгөн гоомой хандсан байх. энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэх шалтгааныг төрүүлж байна гэж үзнэ.

Зохигчдын хооронд хууль болон гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, учирсан гэм хорын асуудлыг Монгол Улсын Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиар эрх бүхий этгээд урд нь хянан шийдвэрлэсэн, нэхэмжлэгчийн автомашинд учирсан эвдрэл хохирлыг бүрэн :өлж барагдуулсан бөгөөд хэрэв нэхэмжлэгчийн хүсэлтээр гэм хорын нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх бол Иргэний хуулийн зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцааны агуулгын хүрээнд зөрчил үүссэн нөхцөл байдал, түүнийг шийдвэрлэсэн байдал, зөрчлийг хянан шийдвэрлэсэн эрх бүхий этгээдээс гаргасан хууль зүйн баримт бичиг тогтоол, шийдвэрийг хамтад нь шалган тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагын дагуу үнэлэн шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана гэж үзнэ.

Анхан шатны шүүх зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаанд гэм хорын хохирол,хэмжээг шийдвэрлэхдээ зөрчлийн улмаас үүсэх үүргийг тодорхойлох эрх бүхий этгээдийн гаргасан хууль зүйн баримт бичиг, шийдвэр, гэм хорыг тодорхойлсон шинжээчийн дүгнэлтийг бүрэн хэмжээгээр бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 9 дүгээр зүйлийн 9.4, 12 дугаар зүйлийн 12.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 19 дүгээр зүйлийн 19.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Улсын Дээд Шүүхийн 2006 оны 21 дүгээр тогтоолын 2.1, 2.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзнэ.

Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй гэж, Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.Б-д хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэж тогтоосон.

Тээврийн хэрэгслийн жолооч Б.Х- дээрх хууль болон дүрмээр зорчигчид хамгаалалтын бүс бүслүүлэх, бүслэхийг зорчигчоос шаардах үүргээ биелүүлээгүй, зөрчсөн үйлдлээс шууд шалтгаалж, түүний автомашинд зорчиж явсан Ч.М-д хөнгөн гэмтэл учирсан. Жолооч Б.Х- энэ үүргээ биелүүлээгүй, зорчигч Ч.М- Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлээгүй байдлыг нотлох, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үгүйсгэх шууд нотлох баримт нь Б.Х-ийн автомашинд зорчин явсан Х.Тэмүжин хамгаалалтын бүс бүсэлсэн учраас шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, гэмтээгүй байснаар тайлбарлагдана. Жолооч Б.Х-, зорчигч Х.Мөнхсарнай нар хууль тогтоомж, Замын хөдөлгөөний Дүрэм- ээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчилт үйлдэл нь Б.Х-т шууд хамааралтай, хэрэв жолооч Б.Х- бүс бүслэхийг шаардаад байхад зорчигч Ч.М- хамгаалалтын бүс бүслэхгүй, бүслэхээс татгалзсан гэх мэт тохиолдолд жолооч Б.Х- замын хөдөлгөөнд оролцохгүй байх, авто тээврийн хөдөлгөөнийг үргэлжлүүлэхээс татгалзах эрхтэй. Б.Х-ийн буруутай үйлдлээс учирсан эмчилгээний зардал гэгчийг төлөх үүрэг бусад этгээдэд байхгүй, хууль болон гэрээний бус үүргээр тийм үүрэг хариуцагчид үүсээгүй. Ч.М-н эмчилгээний зардлыг хариуцах шууд шалтгаант холбоо байхгүй. Үүргийн эрх зүйн харилцааны үндсэн шинж чанар болон үүргийн зохицуулалт, Үүргийн харилцааны талуудын эрх зүйн байдлын үүднээс жолооч Б.Х- нь Ч.М-н өмнө хариуцлага хүлээх хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзнэ.

Ч.М-д учирсан асуудлаар эмнэлгийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ хийлгэх, шинжилгээ хийх, онош тогтоох, эмнэлгээс хийсэн эмчилгээ, эмчилгээний хүрсэн үр дүн, цаашид хийх шаардлагатай эмчилгээ, зардлыг тодорхойлоход Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д тодорхойлсон эмч, эмнэлгийн магадалгаа гэх албан ёсны баримт гаргуулсан байх хууль зүйн шаардлагыг биелүүлээгүй. Ч.М-н эрүүл мэндийн байдал, үзлэг, оношилгоо, хийсэн 1 эмчилгээ, эмчилгээний дараах шинжилгээ,оношилгоо, цаашид хийгдэх шаардлагатай эмчилгээний төлөвлөлт зэрэг мэдээллийг агуулсан өвчний түүх гэх албан ёсны нотлох баримт хэрэгт авагдаагүй, Ч.М- ийм баримт гаргаж өгөөгүй тул Гэм хорын хохирлын нэхэмжлэлд шаардлагатай зайлшгүй чухал ач холбогдолтой нотлох баримт байхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь учир дутагдалтай бөгөөд үндэслэлгүй. Мөн 2020 оны 09 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд Ч.М-н нүүрний хэсгийн гэрэл зураг хавсаргасан байсан ба 2021 оны 03 сарын 05-ны өдөр хүртэл үнэхээр л эмчилгээ сувилгаа, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсэн нь үнэн юм бол 6 сарын турш хийлгэсэн эмчилгээний дараах фото зураг, өвчний түүх, эмнэлгийн магадалгааг өгөхгүй байгаа нь сэжигтэй, энэ эргэлзээтэй, сэжигтэй байдлыг нэхэмжлэлийн шаардлагатай холбох нотлох баримтгүйгээр шийдвэрлэх хууль зүйн боломжгүй гэж үзнэ.

Б.Х, Ч.М нар 2020 оны 09 сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурна гэсэн байдаг. Нэхэмжлэлд Ч.М- гарын үсэг зураагүй, нэхэмжлэгч гэж үзэхгүй, түүний эмчилгээний зардал нэхэмжилсэн хэсгийг нэхэмжлэл гэж үзэхгүй байх шаардлагыг анхан шатны шүүх зөрчсөн.

Ч.М-гаас Б.Х-т 2020 оны 10 сарын 08-ны өдөр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.3-т заасны дагуу итгэмжлэл олгосон тул түүнийг төлөөлөх эрх 2020 оны 10 сарын 08-ны өдрөөс Б.Х-т үүссэн. Үүнээс өмнө буюу 2020 оны 09 сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн асуудлаар Б.Х-т Ч.М-г төлөөлөх эрх байхгүй, нэгэнт төлөөлөх эрх байхгүй тул Б.Х- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах бүрэн эрхгүй этгээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Х, Ч.М нар хариуцагч Э.У-д холбогдуулан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нийт 27 915 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Г.Б-ыг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа 16 881 181 төгрөгөөр багасгаж, нийт 11 033 819 төгрөгийг гаргуулахаар шаардсан. /хх1-5, 7-8, 159, 166, 182-184/

 

Хариуцагч Э.У- нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч талд учирсан хохирлыг барагдуулж 5 000 000 төгрөг төлсөн, зорчигч Ч.М- замын хөдөлгөөнд оролцож байх үедээ суудлын хамгаалалтын бүс зүүгээгүйн улмаас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэл зааж маргадаг бол хариуцагч Г.Б- нь зам тээврийн осолтой холбогдолгүй, тухайн үед зам тээврийн осол гаргасан этгээд хариуцах ёстой гэсэн агуулгаар татгалзлаа тайлбарлажээ.

 

10-11 УБД улсын дугаартай, Жийп Чероки маркийн автомашин хариуцагч Г.Б-ын эзэмшилд бүртгэлтэй боловч түүнийг гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэггүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 45-47/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 49-52/, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 08 сарын 28-ны өдрийн 319 дугаар тогтоол /хх 9-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 7467 дугаар дүгнэлт /хх 11-12/ зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, 2020 оны 06 сарын 27-ны өдрийн 11 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Өвөр гүнтийн замд гарсан зам тээврийн осолд хариуцагч Э.У- гэм буруутай буюу Г.Б-ын эзэмшилд бүртгэлтэй 1011 УБД улсын дугаартай, Жийп Чероки маркийн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4-т заасныг зөрчсөний улмаас Б.Х-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох 56-95 УНҮ улсын дугаартай, Тоёота Вангуард маркийн автомашинд хохирол, мөн тухайн автомашины зорчигч Ч.М-н эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйл баримтыг зөв тогтоожээ.

 

Маргагч талууд дээрх үйл баримтын талаар болон хариуцагч Э.У- нэхэмжлэгч талд хохирлын төлбөр гэж 5 000 000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин ослын улмаас нэхэмжлэгч талд үүссэн гэх хохирлын хэмжээ, түүний нөхөн төлбөрийг багасгах үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

Анхан шатны шүүх ийнхүү хэргийн үйл баримтыг зөв тогтоож, зам тээврийн ослын улмаас бусдад учирсан хохирлыг Э.У- хариуцан арилгах үүрэгтэй талаар зөв дүгнэлт хийсэн боловч нэхэмжлэгч Б.Х- өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болох автомашинд учирсан хохирлыг, харин нэхэмжлэгч Ч.Мөнгөнсарнай нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тус тус шаардаж байгааг анхаараагүй эдгээр шаардлагыг нэгтгэн, хамтран нэхэмжлэгч мэтээр тодорхойлон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дахь хэсэгт нийцэхгүй.

 

Зохигчдын зүгээс дээрх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах эрхийн хүрээнд шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэг. Нэхэмжлэгч Б.Х- нь зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч Э.У- нь зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Б.Х-ийн өмчлөлийн 56-95 УНҮ улсын дугаартай, Тоёота Вангуард маркийн автомашинд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

Тээврийн цагдаагийн албанаас томилсон гэх Хас үнэлгээ ХХК-аас дээрх автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг хоёр өөр байдлаар буюу 2020 оны 07 сарын 01-ний өдөр 4 970 000 төгрөг /хх 126-127/, 2020 оны 08 сарын 05-ны 7 548 000 төгрөг гэж /хх 39-40/ тус тус тогтоосны улмаас талууд маргасан байна.

 

Анхан шатны шүүх Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 08 сарын 05-ны өдрийн 7 548 000 төгрөг бүхий үнэлгээг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв. Учир нь 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 4 970 000 төгрөгийн үнийн дүн бүхий үнэлгээг тогтоосны дараа Тээврийн Прокурорын газрын 2020 оны 07 сарын 16-ны өдрийн 451 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэснийг Б.Х- эс зөвшөөрч 2020 оны 07 сарын 17-ны өдөр тус газрын Ерөнхий прокурорт гомдол гаргасан, мөн өдөр Хас үнэлгээ ХХК-аас автомашины хохирлын үнэлгээ дутуу хийгдсэн нөхцөл байдлыг тайлбарлан дахин үнэлгээ хийх хүсэлтийг Тээврийн прокурорын газарт гаргасан байна. /хх124-127, 129, 131-133/ Тээврийн Прокурорын газраас 2020 оны 07 сарын 31-ний өдөр зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг бодитой тогтоох үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Тээврийн Цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст хүргүүлснээр /хх136/ Тээврийн Цагдаагийн албаны захиалгаар Хас үнэлгээ ХХК нь автомашины эвдрэл, хохирлын үнэлгээг 2020 оны 08 сарын 05-ны өдөр 7 548 000 төгрөгөөр тогтоосон байгааг Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

Хариуцагч Э.У- нь хэрэг бүртгэлтийн шатанд 4 970 000 төгрөгийн үнэлгээ гарах үед хүлээн зөвшөөрч /хх128/ 5 000 000 төгрөг төлсөн талаар тайлбарлаж, талууд энэ талаар маргаагүй тул эд хөрөнгийн хохирлын мөнгөн үнэлгээ 7 548 000 төгрөгөөс өмнө тооцогдсон 970 000 төгрөгийг хасч, үлдэх 2 578 000 төгрөгийг хариуцагч Э.У-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгох үндэслэлтэй.

 

Хоёр. Нэхэмжлэгч Ч.М- нь эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 2020 оны 07 сарын 01-ний өдрийн 7467 дугаар дүгнэлтэд нэхэмжлэгч Ч.М-н биед баруун нүдний зовхинд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдсон, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарах бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй талаар дурджээ. /хх 11-12/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.М- нь зам тээврийн ослын улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар гэм буруутай этгээд болох Э.У-гаас шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан Синдерелла клиник ХХК, Интернэйшнл Медикал сентер ХХК, Гашуунбулаг ХХК-ийн төлбөрийн баримтуудаас үзвэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, эм, тарианы төлбөрт нийт нийт 2 278 380 төгрөгийг бодитоор төлсөн нь тогтоогдсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. /хх19-20, 27, 34, 36-38/

 

Хариуцагч Э.У-гаас өмнө төлсөн 5 000 000 төгрөгөөс 4 970 000 төгрөгийг Б.Х-ийн өмчлөлийн автомашинд учирсан хохиролд тооцогдсон тул зөрүү 30 000 төгрөгийг анхан шатны шүүхээс тогтоосон эрүүл мэндийн хохиролтой холбоотой үүссэн бодит зардал болох 2 278 380 төгрөгөөс хасч тооцох нь зүйтэй.

 

Түүнчлэн, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-ын б/, 6.1-ын а/-д замын хөдөлгөөнд оролцох үедээ зорчигч нь хамгаалалтын бүс хэрэглэх үүрэгтэй талаар заасан байх ба зам тээврийн осол болох үед 56-95 УНҮ улсын дугаартай, Тоёота Вангуард маркийн автомашинд зорчин явсан Ч.М- нь хамгаалалтын бүс хэрэглээгүй болох нь гэрч нарын мэдүүлгээр /хх 86-89, 169-177/ тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

 

Иймд зам тээврийн осол гарах үед зорчигч Ч.М- хамгаалалтын бүс хэрэглээгүй нөхцөл байдал нь түүний эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн гэж үзэн анхан шатны шүүхийн зүгээс төлбөрийг 10 хувиар бууруулан тооцсон нь Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Эрүүл мэндэд учирсан бодит хохирол 2 278 380 төгрөгөөс өмнө дурдсан 30 000 төгрөгийг хасч, үлдэх 2 248 380 төгрөгийг 10 хувиар бууруулан 2 023 542 төгрөгийг хариуцагч Э.У-гаас гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгох нь зүйтэй.

 

Харин цаашид хийгдэх эмчилгээний төлбөр гэх 3 210 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь хэргийн 15-16 дахь талд авагдсан Синдерелла клиник ХХК-ийн 2020 оны 07 сарын 21-ний өдрийн эмнэлгийн дүгнэлтэд эмчилгээний төлөвлөгөө нь сорвины эдгэрэлтээс шалтгаалан өөрчлөгдөх талаар тусгагдсан байх тул Ч.М- нь цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж эргэлзээгүй дүгнэх баримт биш юм.

 

Б.Х- гэсэн гарын үсэгтэй нэхэмжлэлд Ч.М- гарын үсэг зураагүй байх боловч тухайн нэхэмжлэлд Ч.М-н эрүүл мэндэд учирсан хохирлын талаар тусгагдсан /хх 1-5/, 2020 оны 09 сарын 08-ны өдөр гэсэн огноотой нэхэмжлэлийн ард адил огноотой Ч.М- гэсэн гарын үсэг бүхий тайлбар авагдсан /хх 7-8/, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасгасан нэхэмжлэлийн шаардлагад Б.Х- нь Ч.М-гаас олгосон итгэмжлэлийн дагуу гарын үсэг зурсан /хх 159/ байх тул Ч.М- нь нэхэмжлэгч биш гэсэн агуулга бүхий хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байгааг тайлбарлах нь зүйтэй.

 

Гурав. Зам тээврийн ослын улмаас үүдэлтэй бусад хохирол, зардлын тухайд,

 

Хас үнэлгээ ХХК-аас 56-95 УНҮ улсын дугаартай, Тоёота Вангуард маркийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын үнэлгээг 7 548 000 төгрөгөөр тогтоосон учир үнэлгээ болон төлбөрийн зөрүү 170 000 төгрөгийг, эрх зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн хүсэл, зоригийн асуудал бөгөөд энэ нь зайлшгүй зардал биш тул өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөгийг, принтер гэсэн утгатай дансаар шилжүүлсэн мөнгийг шүүхэд материал хэвлэсэн зардал гэж үзэхгүй тул 14 000 төгрөгийг, бусдын автомашинд хийсэн шатахуун нь зам тээврийн осолтой шууд шалтгаант холбоотой нэмэлт зардал бус, тогтмол зардал байх тул 56 438 төгрөгийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө эсхүл бусдад итгэмжлэл олгох замаар оролцох эсэх нь зохигчийн хүсэл, зоригоос хамааралтай тул 8 000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж нь тусдаа нэхэмжлэлийн шаардлага биш тул 301 340 төгрөг, нийт 2 549 778 төгрөгийг болон эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирол шаардсан нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 3 230 899 төгрөг, нийт 5 780 677 төгрөгийг тус тус хангах үндэслэлгүй байна.

 

Харин хэргийн баримтаар нотлогдсон үнэлгээ, дахин үнэлгээний ажлын хөлс 320 000 төгрөг /хх 31, 35/, дуудлагын төлбөр 5 000 төгрөг /хх 31/, ачилтын төлбөр 200 000 төгрөг /31, 36/, оношилгоо 105 000 төгрөг /хх 19, 38/ архивын үйлчилгээний хөлс 15 000 төгрөг /хх 163/, нотариатын зардал 6 600 төгрөг /хх 163/ зэрэг нийт 651 600 төгрөгийг зам тээврийн ослын улмаас үүдэлтэй бусад хохирол, зардалд тооцон хариуцагч Э.У-гаас гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгох нь зүйтэй.

 

Дөрөв. Бусад асуудлын тухайд,

 

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ удиртгал хэсэгт нэхэмжлэгч Э.У-гийн нэрийг Э.Урангуяа-гийн гэж, үндэслэх хэсэгт зам тээврийн осолтой холбоотой тээврийн хэрэгсэл болох Тоёота Вангуард маркийн автомашиныг Тоёота Вингроүд гэж, Б.Х--ийн овгийг Э.Хүлэг гэж тус тус алдаатай бичсэнийг давж заалдах шатны шүүхээс залруулж байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд зохигчдын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Э.У-гаас гэм хор учруулсантай холбогдуулан Ч.М-н эрүүл мэндэд учирсан хохиролд 2 023 542 төгрөгийг гаргуулах, Б.Х-ийн эд хөрөнгөд учирсан хохиролд 3 229 600 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч тус бүрд олгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 09-ний өдрийн 181/ШШ2021/00504 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Э.У-гаас 3 229 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т, мөн хариуцагч Э.У-гаас 2 023 542 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.М-д тус тус олгож, нэхэмжлэлээс 5 780 677 төгрөгт холбогдох хэсгийг болон Г.Б-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...103 833 /нэг зуун гурван мянга найман зуун гучин гурван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х, Ч.М нарт... гэснийг 47 327 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д, 66 620 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т тус тус гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 102 608 төгрөг, хариуцагч талаас төлсөн 103 833 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР