Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 181/ШШ2021/01145

 

 

 

 

 

 

 

 

   2021        06             08                                             181/ШШ2021/01145 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Б

Нэхэмжлэгч: Т.Ү

Нэхэмжлэгч: Ц.Н

Нэхэмжлэгч: Ч.Ц

Нэхэмжлэгч: Л.Э

Нэхэмжлэгч: Г.О

Нэхэмжлэгч: С.Э

Нэхэмжлэгч: Ц.Ц нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Б

Хариуцагч: Т.М нарт холбогдох,

ТБХ ТББ-ийн Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоол, Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн “Ерөнхийлөгчийг батлах тухай” тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ТБХ ТББ-ын тамга, тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ш.Оюумаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б, Т.Ү, Ц.Н, Ч.Ц, Л.Э, Г.О, С.Э, Ц.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБХ ТББ” НҮТББ-ын дүрмийн 5.5 дахь хэсэгт зааснаар тус холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийг сонгох асуудал нь Бага хурлын онцгой эрхэд хамаардаг. Өөрөөр хэлбэл дээрхи албан тушаалтнуудыг зөвхөн гишүүдийн Бага хурлаар хэлэлцэж сонгох ёстой.

1. Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дугээр тогтоолын тухайд

ТБХ ТББны одоогийн Удирдах зөвлөлийн гишүүдийг 2017.02.13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоолоор баталсан. Тус тогтоолд дурдсанаар:

1. Д.Бат-Эрдэнэ /Ерөнхийлөгч/

2.Э.Бадарууган /Тэргүүн дэд ерөнхийлөгч/

3. Х.Алтанхуяг /Ахмадын зөвлөлийн дарга/

4. Д.Батсүрэн /ҮШБ-н Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга/

5. Д.Төрбат /МБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга/

6. Г. Бадрах /Шүүгчдийн зөвлөлийн дарга/

7. Д.Бумансахъяа /Эрдэм шинжилгээ, Судалгаа/

8. Б.Түвшинбат /Тамирчдын зөвлөлийн дарга/ нарыг Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгосон. Гэтэл холбооны Дүрмийн 5.14 дүгээр зүйлд Удирдах зөвлөл нь ямар бүрэлдэхүүнтэй байх ёстой талаар заасан бөгөөд дараах албан тушаалыг нэр цохож заасан байдаг:

1. Ерөнхийлөгч

2. Тэргүүн дэд ерөнхийлөгч

3. Ерөнхий нарийн бичгийн дарга

4. Гүйцэтгэх захирал

5. Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга (ҮШБ-н ахлах дасгалжуулагч)

6. Шүүгчдийн зөвлөлийн дарга

7. Ахмадын зөвлөлийн дарга

8. Тамирчдын зөвлөлийн дарга

9. Гадаад харилцааны төлөөлөл зэрэг ийнхүү нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар дүрэмд тусгасан байтал 2017.02.13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоолыг харахад дараах албан тушаалтнуудыг удирдах зөвлөлд оруулаагүй байна.

1. Гүйцэтгэх захирал: ТБХ ТББ нь Гүйцэтгэх захиралгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирлээ. Төрийн бус байгууллагын тухай хуульд аливаа ТББ нь заавал гүйцэтгэх захиралтай байхаар тусгасан бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Гэтэл ТБХ ТББны гүйцэтгэх захирлыг томилоогүй байгаа нь тус хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн байна. Мөн Гүйцэтгэх захирал заавал Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдох ёстой байтал оруулаагүй нь дүрмийн 5.14-т заасныг зөрчсөн.

2. Гадаад харилцааны төлөөлөл: Дүрмийн 5.1-д зааснаар ТБХ ТББны бүтцэд гадаад харилцаа болон дотоод ажил хариуцсан аппаратын ажилтнууд байх ёстой. Эдгээрээс “гадаад харилцааны төлөөллийг” Удирдах зөвлөлийн гишүүнээр томилох ёстой байтал ийнхүү оруулаагүй нь дүрмийн 5.14-т заасныг зөрчсөн.

3. Үүгээр зогсохгүй Удирдах зөвлөлийн гишүүнд орж болохгүй албан тушаалууд болох ТБХ ТББны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Д.Төрбат, Эрдэм шинжилгээ, Судалгаа хариуцсан ажилтан Д.Бумансахъяа нарыг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь дүрмийн 5.14-т заасныг зөрчсөн.

Ийнхүү Төрийн бус байгууллагын тухай хууль болон ТБХ ТББны дүрмийг зөрчсөн тул 2017.02.13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл тус тогтоолд дурдсан этгээдүүд нь Удирдах зөвлөлийн хууль ёсны гишүүд биш болно.

2. Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар тогтоолын тухай: 2017.02.13-ны өдрийн Бага хурлын 02 дугаар тогтоолоор ТБХ ТББны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Бг улираан сонгосон.

Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дараах үндэслэлээр мөн дуусгавар болсон.

1. 2017.02.13-ны өдрийн Бага хурлын 02 дугаар тогтоолд дурдсанаар “Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр сонгогдсон доорх нэр бүхий гишүүд хуралдан ТБХ ТББны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Бг улираан сонгосныг батлав” гэжээ. Гэтэл дээр дурдсаны дагуу шинэ Удирдах зөвлөлийн гишүүдийг баталсан 01 дүгээр тогтоол нь өөрөө хүчин төгөлдөр биш тул Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон тогтоол нь мөн адил хүчин төгөлдөр биш юм.

 2. ТБХ ТББны дүрмийн 5.9.5-д зааснаар Ерөнхийлөгч нь “Ерөнхий нарийн бичгийн даргатай гэрээ байгуулан ажиллуулах, түүнийг цалинжуулах, ТБХ ТББны тогтмол болон урсгал зардлыг шийдвэрлэх үүрэгтэй”. Мөн Дүрмийн 5.18.3-т зааснаар Ерөнхий нарийн бичгийн дарга нь “Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах” үүрэгтэй. Гэтэл дээр дурдсанчлан өмнөх Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул шинэ Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулан ажиллах ёстой. Гэтэл ТБХ ТББны бага хурлыг огт зарлан хуралдуулаагүй тул шинэ Ерөнхийлөгч томилогдоогүй болно.

Ийнхүү Төрийн бус байгууллагын тухай хууль болон ТБХ ТББны дүрмийг зөрчсөн тул 2017.02.13- ны өдрийн 02 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр бус, өөрөөр хэлбэл Ц.Бг хуулийн дагуу холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгоогүй. Мөн шинэ Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулаагүй тул тэрээр холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй юм.

3. Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн тогтоолын тухайд:

 ТБХ ТББны Ерөнхийлөгчөөр Д.Бат-Эрдэнэ нь 2017 онд улиран сонгогдсон ба 2020 оны Улсын Их Хуралд нэр дэвшихээр болсон тул ТБХ ТББны тамга тэмдгийг хүлээлгэн өгч Ерөнхийлөгчийн ажлаас өөрийн хүсэлтээр 2020.10.28-ны өдөр гарч Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн. Дараагийн Ерөнхийлөгчийг дүрэмд зааснаар холбооны Бага хурал батлах ёстой. Гэтэл 2021.01.28-ны өдөр хууль бус Удирдах зөвлөл нь хуралдаж холбооны шинэ Ерөнхийлөгчөөр Төмөр овогтой Мөнхбаярыг сонгосон байна. Нэгэнт хууль бус Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэй тул холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох шийдвэр гаргах эрхгүй юм. Мөн энэ асуудлыг холбооны Бага хурлаар гишүүд хэлэлцэж батлах ёстой атал эрх мэдлээ тийнхүү хэтрүүлсэн. Ийнхүү Удирдах зөвлөл хууль бус, Ерөнхийлөгч ажлаа өгсөн байсан тул ТБХ ТББ-ын Бага хурал 2020.10.17-ны өдөр хуралдаж энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах 9 холбооны жинхэнэ гишүүдийг “Түр хорооны гишүүд”-ээр сонгосон: Эдгээр гишүүд нь Л.Э /дасгалжуулагч, СМ/, Ц.Ц /дасгалжуулагч, ОУХМ/, Н.Б /МУГТ/, Т.Ү /МУГТ/, Г.О /МУГД/, С.Э /дасгалжуулагч, ОУХМ/, Ц.Цэвээнпүрэв /МУГТ/, Ц.Н /МУГД/, Б.Энхтайван /дасгалжуулагч, ОУХМ/ гэх 9 гишүүд 2021.01.25-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ц.Б, Тэргүүн дэд ерөнхийлөгч гэх Э.Бадар-Ууган нарт шаардлага хүргүүлж Удирдах зөвлөлийн хурлыг 2021.01.28-ны өдөр хийж холбооны шинэ Ерөнхийлөгчийг дур мэдэн сонгохгүй байхыг анхааруулсан. Гэтэл тус шаардлагыг хүлээж аваагүй тул ийнхүү шүүхэд хандаж байна. Холбооны Дүрмийн 5.3-т Бага хурлыг 2 жил тутам нэг удаа хуралдуулж, Дүрмийн 5.5.5-д зааснаар 2 жилд нэг удаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийг шинэчлэн сонгох ёстой байтал 2017 оноос хойш Бага хурлыг хуралдуулаагүй, Гүйцэтгэх захирал болон Хяналтын зөвлөл байхгүй, өөрсдийн дураар холбооны албан тушаалтнуудыг томилж байгаа нь холбооны жинхэнэ гишүүд бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд ТБХ ТББ-ын Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ТБХ ТББ-ын тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний өмгөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБХ ТББны 5 дугаар бага хурал 2013 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр МҮОХ-ны танхимд хуралдаж, тухайн үеийн УИХ-ийн гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Д.Бат-Эрдэнийг санал нэгтэй ТБХ ТББны Ерөнхийлөгчөөр сонгосон. Дараагийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийг дахин сонгосон. ТБХ ТББны ээлжит бага хурал 2017 оны 02  дугаар сард хуралдсан бөгөөд тус хуралдаанаар Удирдах зөвлөл, Ерөнхий нарын бичгийн даргыг сонгосон. ТБХ ТББны ерөнхий нарийн бичгийн даргад миний бие өрсөлдөж 100 хувийн саналаар би боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн ТБХ ТББны удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурал дээр Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Олимпын дараа бага хурал хийгээд би ажлаа өгнө гээд, ямар ч байсан олимп хүртэл ажиллаад үр дүнгээ хармаар байна. 1 000 000 000 төгрөгийг олимпын наадам хүртэл гаргая гэж яриад ажлаа өгөх хүртлээ 634 981 000 төгрөгийг зарцуулаад байсан.

2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ТБХ ТББны дасгалжуулагчид шаардлага хүргүүлж байна гэсэн 3 хуудас шаардлага бичиг, тусдаа 2 хуудсан дээр 52 хүний гарын үсэгтэй нийт 5 хүний хуудас бичгийг Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэний туслахад өгсөн байдаг.

Бид 52 хүний ихэнхтэй нь ярьж магадлан асуухад, Хурлаа хийе гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулж байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан байсан. Ингэж гарын үсэг зуруулсны дараа өмнөх толгой бичгийг нь өөрчлөн Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийг ажлаа өгөхийг шаардсан бичиг болгон өгсөн. Жишээ нь: МУГТ, МУХБ, П.Сэрдамба надаас хурал хийх шаардах бичиг гэж хэлээд гарын үсэг зуруулсан. Энэ мэтчилэн олон хүний гарын үсгийг хуурамчаар өөр зүйлд ашигласан нь илэрхий байгаа тул нэр бүхий хүмүүсийг хуулийн байгууллагад өгч шалгуулна.

2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын 21 дүгээр сургууль дээр болсон хуралд 65 хүн оролцож, ТБХ ТББны бага хурлыг нэн яаралтай хуралдуулах шаардах бичгийг ТБХ ТББнд өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд, Улаанбаатар хотноо зохион байгуулагдах, Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган тамирчин Ардын багш Х.Алтанхуягийн нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр /Хөдөө орон нутгийн багш шүүгч тамирчид бүгд цугларсан/ буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр ТБХ ТББны ээлжит бус бага хурлыг, Төв хаан банкны хурлын танхимд хийхээр товлосон боловч дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын улмаас 11 дүгээр сарын 11-ны өдрөөс Монгол улс анх удаа бүх нийтийн бэлэн байдалд шилжин Тэмцээн уралдаан хурал цуглаан хийхийг хориглосон тул манай тэмцээн болон хурал цуцлагдсан. Ингэж бүх нийтийн бэлэн байдалд шилжсэний дараагаас яаж хурлаа хийх вэ гэдэг дээр олон удаа уулзаж ярилцсан. Одоо Дэлхий даяар хэрэгжиж буй Онлайн хурал, ZOOM-ээр гэх мэт хэд хэдэн хувилбар байна. Ингэж хурал хийхэд бидэнд болохгүй юм үгүй боловч оролцох хүн хэд байна ахмадуудаас эхлээд яаж хуралдаа орох уу? Яаж санал хураах яаж саналаа хэлэх, гэх мэтийн их асуудал байгаа.

ТБХ ТББны удирдах зөвлөл 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж Олимпын наадам ойртсон энэ үед Ерөнхийлөгчгүй яваад байж болохгүй байна. Тэгэхээр Дүрмийн 5.17.5 заалтуудыг үндэслэн Ерөнхийлөгчөө сонгоё гэж шийдвэрээ гаргасан. ТБХ ТББны ерөнхийлөгчид Т.М, Н.Алтанхуяг нар нэр дэвшсэн байсан. Холбооны дүрмийн дагуу 2 нэр дэвшигчийг оролцуулсан удирдах зөвлөлийн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийхээр зарласан боловч Н.Алтанхуяг нэр дэвшигч ямар нэгэн шалтгаангүй зарласан хуралд ирээгүй тул Т.М мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа 100%-ийн саналаар Токио-2020 Олимпын наадмын дараа 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хийх ТБХ ТББны бага хурал хүртэл ТБХ ТББны ерөнхийлөгчөөр сонгосон болно гэв.

 

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБХ ТББны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот албан тушаалд томилох чөлөөлөх тухай тушаалаар ТБХ ТББны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.11, 5.17, 5.17.5 дахь заалтуудыг үндэслэн ТБХ ТББны 14 дэх ерөнхийлөгчөөр томилогдсон. Намайг ерөнхийлөгчөөр тогтоосон тогтоол нь хууль бус гарсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б, Т.Ү, Ц.Н, Ч.Ц, Л.Э, Г.О, С.Э, Ц.Ц нар нь хариуцагч Ц.Б, Т.М нарт холбогдуулан ТБХ ТББ-ийн Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоол, Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн “Ерөнхийлөгчийг батлах тухай” тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, ТБХ ТББ-ын тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ” гэж заасны дагуу ТБХ ТББны 2013 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн ээлжит бус 5 дугаар Бага хурлаар ТБХ ТББны дүрэм /хх-17-23х/-ийн баталж, ТБХ ТББ-ыг 2013.04.24-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-88х/-г авсан байна.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч нарыг ТБХ ТББ-ийн гишүүн гэдэгт маргаагүй бөгөөд харин нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Нэг. ТБХ ТББ-ийн Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

 

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр МҮОХ-ны хурлын танхимд МБХ-ны ээлжит бага хурлаар заалнаас нэр дэвшүүлэн санал хурааж, олонхийн саналаар

1. Д.Бат-Эрдэнэ /Ерөнхийлөгч/

2. Э.Бадарууган /Тэргүүн дэд ерөнхийлөгч/

3. Х.Алтанхуяг /Ахмадын зөвлөлийн дарга/

4. Д.Батсүрэн /ҮШБ-н Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга/

5. Д.Төрбат /МБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга/

6. Г. Бадрах /Шүүгчдийн зөвлөлийн дарга/

7. Д.Бумансахъяа /Эрдэм шинжилгээ, Судалгаа/

8. Б.Түвшинбат /Тамирчдын зөвлөлийн дарга/ нарыг МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгож, ТБХ ТББны ээлжит бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоолыг гаргажээ. /хх-15х/

Мөн 2017 оны 02 сарын 13-ны өдөр МБХ-ны бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр сонгогдсон гишүүд хуралдан Монголын боксийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Бг улираан сонгосныг баталж, ТБХ ТББны ээлжит бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоолыг гаргажээ. /хх-15х/

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагчаар Ц.Б, Т.М нарыг тодорхойлсон.

Хариуцагч Ц.Б нь ТБХ ТББны ээлжит бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоолоор ТБХ ТББны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байгаад ТБХ ТББны Удирдах зөвлөлийн 2021.04.02-ны өдрийн 21/03 дугаар тогтоолоор чөлөөлөгджээ. /хх-93х/

Хариуцагч Т.М нь ТБХ ТББны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэсэн Ерөнхийлөгчийн 2021.01.28-ны өдрийн 02 дугаар “Албан тушаалд томилж, чөлөөлөх тухай” тушаалаар Ерөнхийлөгчөөр томилогдож, мөн ТБХ ТББны Удирдах зөвлөлийн 2021.04.02-ны өдрийн 21/03 дугаар тогтоолоор Ерөнхийлөгчөөр сонгогджээ. /хх-71-74, 88, 93х/

 

Иймээс нэхэмжлэгч нарын МБХ-ны Бага хурлын 2017 оны 01, 02 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хариуцагч нар хариуцах хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шалгавал,

ТБХ ТББны дүрмийн 5.2-д “МБХ-ны эрх барих дээд байгууллага нь Монголын Боксийн холбооны бага хурал мөн” гэж, 5.13-д “МБХ-ны үйл ажиллагааг бага хурлуудын хооронд удирдах байгууллага нь Удирдах зөвлөл байх ба сондгой тооны хүний бүрэлдэхүүнтэй байна” гэж, мөн 5.17.7-д Холбооны ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө санхүү, төсөв, аж ахуйн зохион байгуулалтын талаар шийдвэр гаргах зэрэг асуудлыг Удирдах зөвлөл шийдвэрлэхээр тус тус заасны дагуу Монголын Боксийн холбоог бага хурлуудын хооронд удирдах байгууллага нь МБХ-ны Удирдах зөвлөл байна.

МБХ-ны удирдах зөвлөл нь үйл ажиллагаагаа явуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэн Ц.Б, МБХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон Т.М нар нь МБХ-ны Бага хурлын шийдвэр, МБХ-ны дүрмийг зөрчсөн эсэхийг болон бага хурлын шийдвэр хүчин төгөлдөр эсэх талаар МБХ-г төлөөлж мэтгэлцэх эрх бүхий этгээдүүд биш буюу ажил үүргийн хувьд МБХ-ны Бага хурлын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хариуцах эрх бүхий этгээдүүд биш байна.

 

Иймд иргэн Ц.Б, МБХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон Т.М нарт холбогдуулан ТБХ ТББ-ийн Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоолуудыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хоёр. Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн “Ерөнхийлөгчийг батлах тухай” тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд,

 

ТБХ ТББны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.17, 5.17.5 дах заалт, удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг үндэслэн МБХ-ны Ерөнхийлөгчийн 2021.01.28-ны өдрийн 02 дугаар “Албан тушаалд томилж, чөлөөлөх тухай” тушаалаар Төмөр овогтой Мөнхбаяр 2021.01.28-ны өдрөөс ...2021 оны 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулах Бага хурал хүртэлх хугацаанд гадаад дотоодод бүрэн төлөөлж ажиллах Ерөнхийлөгчөөр томилжээ. /хх-74х/

 

Энэхүү Удирдах зөвлөлийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх, Удирдах зөвлөл уг шийдвэрийг гаргах эрхтэй байсан эсэхийг нэхэмжлэгч нарын хариуцагчаар тодорхойлсон иргэн Ц.Б, МБХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон Т.М нар хариуцах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймээс шүүх МБХ-ны Удирдах зөвлөлийн дээрхи шийдвэрийн талаар хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын иргэн Ц.Б, МБХ-ны Ерөнхийлөгчөөр томилогдсон Т.М нарт холбогдуулан гаргасан Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн “Ерөнхийлөгчийг батлах тухай” тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Гурав. ТБХ ТББ-ын тамга тэмдгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

 ТБХ ТББ-ийн Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоол, Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн “Ерөнхийлөгчийг батлах тухай” тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын МБХ-ны тамга тэмдэгийг гаргуулах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Мөн нэхэмжлэгч нар нь Монголын Боксийн холбооны дүрэмд заасны дагуу Монголын Боксийн холбооны удирдах албан тушаалд сонгогдож, томилогдоогүй тул МБХ-ны тамга, тэмдгийг шаардах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-д “бие даасан хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд бичсэн бол бүх шаардлагын үнийн нийлбэрээр” нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлохоор заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь өөр өөр субъектүүдээс, өөр өөр цаг хугацаанд гаргасан 3 тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, тамга тэмдэг гаргуулах шаардлага гаргасан тул шаардлага тус бүрээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 280 800 төгрөг болж байна. Иймд нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 210 600 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Б, Т.Ү, Ц.Н, Ч.Ц, Л.Э, Г.О, С.Э, Ц.Ц нарын хариуцагч Ц.Б, Т.М нарт холбогдуулан гаргасан ТБХ ТББ-ийн Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 01 дүгээр “Удирдах зөвлөл батлах тухай” тогтоол, Бага хурлын 2017.02.13-ны өдрийн 02 дугаар “Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай” тогтоол, Удирдах зөвлөлийн 2021.01.28-ны өдрийн “Ерөнхийлөгчийг батлах тухай” тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, ТБХ ТББ-ын тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Б, Т.Ү, Ц.Н, Ч.Ц, Л.Э, Г.О, С.Э, Ц.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 210 000 /хоёр зуун арван мянга/ төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж Улсын төсвийн орлогод оруулсугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА