Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01286

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01286

 

Н.Б, Т.Ү нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01145 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Б нарын нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б, Т.М нарт холбогдох М НҮТББ-ын Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр Удирдах зөвлөл батлах тухай тогтоол, Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай тогтоол, Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийг батлах тухай тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, М НҮТББ-ын тамга, тэмдгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагч Т.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Ц.Б-ийн өмгөөлөгч Ш.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М НҮТББ-ын дүрмийн 5.5 дах хэсэгт зааснаар тус холбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийг сонгох асуудал нь Бага хурлын онцгой эрхэд хамаардаг. Дээрх албан тушаалтнуудыг зөвхөн гишүүдийн Бага хурлаар хэлэлцэж сонгох ёстой. МБХ-ны одоогийн Удирдах зөвлөлийн гишүүдийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоолоор баталсан бөгөөд тус тогтоолд дурдсанаар Д.Б /Ерөнхийлөгч/, Э.Б /Тэргүүн дэд ерөнхийлөгч/, Х.А /Ахмадын зөвлөлийн дарга/, Д.Б /ҮШБ-н Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга/, Д.Т /МБХ-ны Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга/, Г.Б /Шүүгчдийн зөвлөлийн дарга/, Д.Б /Эрдэм шинжилгээ, Судалгаа/, Б.Т /Тамирчдын зөвлөлийн дарга/ нарыг Удирдах зөвлөлийн гишүүдээр сонгосон. Гэтэл холбооны дүрмийн 5.14-т Удирдах зөвлөл нь ямар бүрэлдэхүүнтэй байх ёстой талаар заасан бөгөөд Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Гүйцэтгэх захирал, Дасгалжуулагчдын зөвлөлийн дарга (ҮШБ-н ахлах дасгалжуулагч), Шүүгчдийн зөвлөлийн дарга, Ахмадын зөвлөлийн дарга, Тамирчдын зөвлөлийн дарга, Гадаад харилцааны төлөөлөл зэрэг ийнхүү нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар дүрэмд тусгасан байтал 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоолыг харахад дараах албан тушаалтнуудыг удирдах зөвлөлд оруулаагүй байна. Гүйцэтгэх захирал, МБХ нь гүйцэтгэх захиралгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Төрийн бус байгууллагын тухай хуульд аливаа ТББ нь заавал гүйцэтгэх захиралтай байхаар тусгасан бөгөөд тус хуулийн 12 дугаар зүйлд гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг хуульчилсан. Гэтэл МБХны гүйцэтгэх захирлыг томилоогүй нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн. Мөн гүйцэтгэх захирал заавал Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдох ёстой байтал оруулаагүй нь дүрмийн 5.14-т заасныг зөрчсөн. Гадаад харилцааны төлөөлөл, дүрмийн 5.1-д зааснаар МБХны бүтцэд гадаад харилцаа болон дотоод ажил хариуцсан аппаратын ажилтнууд байх ёстой. Гадаад харилцааны төлөөллийг Удирдах зөвлөлийн гишүүнээр томилох ёстой байтал ийнхүү оруулаагүй нь дүрмийн 5.14-т заасныг зөрчсөн. Удирдах зөвлөлийн гишүүнд орж болохгүй албан тушаалууд болох МБХны дасгалжуулагчдын зөвлөлийн дарга Д.Т, Эрдэм шинжилгээ, Судалгаа хариуцсан ажилтан Д.Б нарыг удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон нь дүрмийн 5.14-т заасныг зөрчсөн. Ийнхүү Төрийн бус байгууллагын тухай хууль болон МБХны дүрмийг зөрчсөн тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоол нь хүчин төгөлдөр бус юм. Өөрөөр хэлбэл тус тогтоолд дурдсан этгээдүүд нь Удирдах зөвлөлийн хууль ёсны гишүүд биш болно.

2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бага хурлын 02 дугаар тогтоолоор МБХны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Б-г улираан сонгосон. Гэвч түүний бүрэн эрхийн хугацаа дараах үндэслэлээр мөн дуусгавар болсон. 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бага хурлын 02 дугаар тогтоолд дурдсанаар Удирдах зөвлөлийн гишүүнд шинээр сонгогдсон доорх нэр бүхий гишүүд хуралдан МБХны Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Б-г улираан сонгосныг батлав гэжээ. Гэтэл дээр дурдсаны дагуу шинэ Удирдах зөвлөлийн гишүүдийг баталсан 01 дүгээр тогтоол нь өөрөө хүчин төгөлдөр биш тул Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгосон тогтоол нь мөн адил хүчин төгөлдөр биш юм. МБХны дүрмийн 5.9.5-д зааснаар Ерөнхийлөгч нь Ерөнхий нарийн бичгийн даргатай гэрээ байгуулан ажиллуулах, түүнийг цалинжуулах, МБХны тогтмол болон урсгал зардлыг шийдвэрлэх үүрэгтэй. Мөн Дүрмийн 5.18.3-т зааснаар Ерөнхий нарийн бичгийн дарга нь Ерөнхийлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах үүрэгтэй. Гэтэл дээр дурдсанчлан өмнөх Ерөнхийлөгч Д.Б бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул шинэ Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулан ажиллах ёстой. Гэтэл МБХны бага хурлыг огт зарлан хуралдуулаагүй тул шинэ Ерөнхийлөгч томилогдоогүй болно. Ийнхүү Төрийн бус байгууллагын тухай хууль болон МБХны дүрмийг зөрчсөн тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр бус, Ц.Б-г хуулийн дагуу холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгоогүй. Мөн шинэ Ерөнхийлөгчтэй гэрээ байгуулаагүй тул тэрээр холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй юм.

МБХны Ерөнхийлөгчөөр Д.Б нь 2017 онд улиран сонгогдсон ба 2020 оны Улсын Их хуралд нэр дэвшихээр болсон тул МБХны тамга тэмдгийг хүлээлгэн өгч Ерөнхийлөгчийн ажлаас өөрийн хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарч Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгсөн. Дараагийн Ерөнхийлөгчийг дүрэмд зааснаар холбооны Бага хурал батлах ёстой. Гэтэл 2021 оны 01 дугаар сарын 28-ны өдөр хууль бус Удирдах зөвлөл нь хуралдаж холбооны шинэ Ерөнхийлөгчөөр Т.М-ыг сонгосон байна. Нэгэнт хууль бус Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнтэй тул холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох шийдвэр гаргах эрхгүй юм. Мөн энэ асуудлыг холбооны Бага хурлаар гишүүд хэлэлцэж батлах ёстой атал эрх мэдлээ тийнхүү хэтрүүлсэн. Ийнхүү Удирдах зөвлөл хууль бус, Ерөнхийлөгч ажлаа өгсөн байсан тул М НҮТББ-ын Бага хурал 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор дараах 9 холбооны жинхэнэ гишүүдийг Түр хорооны гишүүдээр сонгосон. Эдгээр гишүүд нь Л.Э /дасгалжуулагч, СМ/, Ц.Ц /дасгалжуулагч, ОУХМ/, Н.Б /МУГТ/, Т.Ү /МУГТ/, Г.О /МУГД/, С.Э /дасгалжуулагч, ОУХМ/, Ц.Ц /МУГТ/, Ц.Н /МУГД/, Б.Э /дасгалжуулагч, ОУХМ/ гэх 9 гишүүд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ц.Б , Тэргүүн дэд ерөнхийлөгч гэх Э.Б нарт шаардлага хүргүүлж Удирдах зөвлөлийн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийж холбооны шинэ Ерөнхийлөгчийг дур мэдэн сонгохгүй байхыг анхааруулсан боловч тус шаардлагыг хүлээж аваагүй. Холбооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-т Бага хурлыг 2 жил тутам нэг удаа хуралдуулж, 5.5.5-д зааснаар 2 жилд нэг удаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, Ерөнхийлөгч, Хяналтын зөвлөлийг шинэчлэн сонгох ёстой байтал 2017 оноос хойш Бага хурлыг хуралдуулаагүй, Гүйцэтгэх захирал болон Хяналтын зөвлөл байхгүй, өөрсдийн дураар холбооны албан тушаалтнуудыг томилж байгаа нь холбооны жинхэнэ гишүүд бидний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд М НҮТББ-ын Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар тогтоол, Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, М НҮТББ-ын тамга тэмдгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ц.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МБХны 5 дугаар бага хурал 2013 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хуралдаж, тухайн үеийн УИХ-ийн гишүүн, Батлан хамгаалах яамны сайд Д.Бг санал нэгтэй МБХны Ерөнхийлөгчөөр сонгосон. Дараагийн хурал 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хуралдаж Ерөнхийлөгч Д.Б-г дахин сонгосон. МБХны ээлжит бага хурал 2017 оны 02 дугаар сард хуралдсан бөгөөд тус хуралдаанаар Удирдах зөвлөл, Ерөнхий нарын бичгийн даргыг сонгосон. МБХны ерөнхий нарийн бичгийн даргад Ц.Б өрсөлдөж 100 хувийн саналаар би МБХны ерөнхий нарийн бичгийн дарга болсон. 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн МБХны удирдах зөвлөлийн өргөтгөсөн хуралд Ерөнхийлөгч Д.Б ажлаа өгөх хүртлээ 634 981 000 төгрөгийг зарцуулсан. 2020 оны 11 дүгээр сарын 09-15-ны өдрүүдэд, Улаанбаатар хотноо зохион байгуулагдах, Ази тивийн хошой аварга Монголын боксын спортын ууган тамирчин Ардын багш Х.А ийн нэрэмжит залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр /Хөдөө орон нутгийн багш шүүгч тамирчид бүгд цугларсан/ буюу 11 дүгээр сарын 04-ний өдөр МБХны ээлжит бус Бага хурлыг, Төв хаан банкны хурлын танхимд хийхээр товлосон боловч дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын улмаас 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол улс анх удаа бүх нийтийн бэлэн байдалд шилжин тэмцээн, уралдаан хурал, цуглаан хийхийг хориглосон тул манай тэмцээн болон хурал цуцлагдсан. МБХны удирдах зөвлөл 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж Олимпын наадам ойртсон энэ үед Ерөнхийлөгчгүй яваад байж болохгүй байна. МБХны ерөнхийлөгчид Т.М , Н.А нар нэр дэвшсэн байсан. Холбооны дүрмийн дагуу 2 нэр дэвшигчийг оролцуулсан удирдах зөвлөлийн хурлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийхээр зарласан боловч Н.А нэр дэвшигч ямар нэгэн шалтгаангүй зарласан хуралд ирээгүй тул Т.М мөрийн хөтөлбөрөө танилцуулсны дараа 100 хувийн саналаар Токио-2020 Олимпын наадмын дараа 2021 оны 4 дүгээр улиралд багтаан хийх МБХны бага хурал хүртэл МБХны ерөнхийлөгчөөр сонгосон болно гэжээ.

 

Хариуцагч Т.М шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: МБХны 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралдааны шийдвэрийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 02 тоот албан тушаалд томилох чөлөөлөх тухай тушаалаар МБХны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.11, 5.17, 5.17.5 дах заалтуудыг үндэслэн МБХны 14 дэх ерөнхийлөгчөөр томилогдсон. Т.М-ыг ерөнхийлөгчөөр тогтоосон тогтоол нь хууль бус гарсан гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Н.Б , Т.Ү , Ц.Н , Ч.Ц , Л.Э , Г.О , С.Э , Ц.Ц нарын хариуцагч Ц.Б, Т.М нарт холбогдуулан гаргасан М НҮТББ-ын Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр Удирдах зөвлөл батлах тухай тогтоол, Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай тогтоол, Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийг батлах тухай тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, М НҮТББ-ын тамга тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.Б , Т.Ү , Ц.Н , Ч.Ц , Л.Э , Г.О , С.Э , Ц.Ц нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 210 000 төгрөгийг нэхэмжлэгч нараас гаргуулж Улсын төсвийн орлогод оруулахыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болсон шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Ш.О нь нэхэмжлэгч нарыг М НҮТББ-ын гишүүд биш, ганц гишүүн байгаа нь Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гишүүнээр бүртгэлтэй байгаа П.С гэж хэлсэн. Үүнээс үүдэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас тус холбооны хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болсон шүүх хуралдаанд гаргасан боловч шүүхээс нэхэмжлэгч нар нь М НҮТББ-ын гишүүн эсэх талаар хариуцагч талаас маргаагүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангаагүй ба энэ талаар гомдол гаргах эрхгүй хэмээн шийдвэрлэж захирамж гаргасан. Гэтэл энэ захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу гаргасан захирамж байсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхтэй захирамж байсан. Тус хуулийн заалтыг шүүхээс үл харгалзан нэхэмжлэгч нарын гомдол гаргах эрхийг зөрчсөнд гомдолтой байна.

Анх шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба энэ үед Ц.Б нь МБХны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Шүүхийн шийдвэрт дурдсанаар МБХны Удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 21/03 дугаар тогтоолоор чөлөөлөгдсөн гэх боловч, үүнийгээ хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байсан. Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас гаргуулах МБХны хувийн хэргээс нотлох ёстой байтал дээр дурдсанчлан нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхээс хүлээж аваагүй. Шүүхийн шийдвэрээс харахад хариуцагч нь МБХны бага хурал эсхүл Удирдах зөвлөл байх ёстой мэтээр шийдвэрлэсэн байна. Гэтэл бага хурал нь 2 жилд нэг л удаа хуралддаг байгууллага бөгөөд 2017 оноос хойш хуралдаагүй тул хариуцагч болж чадахгүй. Удирдах зөвлөлийн хувьд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Бага хурлын 01 дүгээр тогтоолоор баталсан этгээдүүд нь одоо ажилдаггүй, шинээр томилогдсон гэх этгээдүүд нь хэзээ, ямар тушаалаар томилогдсон нь тодорхойгүй байсан. Хэрэв Удирдах зөвлөл нь хариуцагч болох ёстой бол дээр дурдсан хүсэлтийн дагуу Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын архиваас гаргуулах МБХны хувийн хэргээс энэ нь нотлогдох ёстой байсан. МБХ НҮТББ-г өөрийг нь хариуцагчаар татах боломжтой байсан ба 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр МБХг хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж, мөн гомдол гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн. МБХны Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийг батлах тухай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хувьд ч мөн Ц.Б , Т.М нарыг хариуцагч биш хэмээн шийдвэрлэсэн. Ийнхүү хариуцагчаар ямар нэгэн хувь хүн, хуулийн этгээдийг татах боломжгүй байдлаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны үед итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т миний эрүүл мэндийн байдал муу байсан ба эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тул хойшлуулж өгөхийг тус шүүх хүралд нэхэмжлэгч Н.Б аар дамжуулан хэлүүлж хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Нийт 8 нэхэмжлэгч байсан ба шүүх хуралд зөвхөн 1 нь оролцож, бусад нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхийг ийнхүү мөн зөрчсөн. Иймд 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж, нотлох баримтыг зохих журмаар гаргуулан мэтгэлцэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Б нарын нар нь хариуцагч Ц.Б, Т.М нарт холбогдуулан М НҮТББ-ын Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01 дүгээр Удирдах зөвлөл батлах тухай тогтоол, Бага хурлын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар Ерөнхий нарийн бичгийн дарга батлах тухай тогтоол, Удирдах зөвлөлийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ерөнхийлөгчийг батлах тухай тогтоолуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, М НҮТББ-ын тамга, тэмдгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж зохицуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хамтран хариуцагчаар МБХ НҮТББ-ыг татан оролцуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан тул МБХ ТББ-ыг хамтран хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

/хх-101, 130-132/

 

Иймд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргаантай асуудлаар талууд мэтгэлцээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01145 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ