| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2020/03289/И |
| Дугаар | 181/ШШ2021/01142 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2021/01142
2021 06 08 181/ШШ2021/01142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Б,
Хариуцагч: Ц.Т,
Хариуцагч:Ц.О нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 42 704 761 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХКшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ц.Б, Ц.Т нар нь ХБ ХХК ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1570011414 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 22,500,000 төгрөгийг жилийн 29,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, Эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан. Зээлдэгчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр доорх гэрээний нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Үндсэн гэрээний дагуу олгосон 22,500,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 22,498,000 төгрөг болно. Үндсэн гэрээний дуусах хугацааг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 36 сарын хугацаатай сунгав. Энэхүү нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Үндсэн гэрээний 1 хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарийг энэхүү нэмэлт, өөрчлөлтийн Хавсралт 1-ийн дагуу өөрчлөв. Банк болон зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан 1570011414 дугаартай Зээлийн гэрээний 1570011414 тоот дансны дугаарыг 1570013883 тоот данс болгон өөрчлөв. Энэхүү өөрчлөлт нь үндсэн гэрээний салшгүй хэсэг болно. Зээлдэгч нь гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш үндсэн зээлд 26.13 төгрөг, зээлийн хүүнд 1 870 073.87 төгрөгийг төлсөн. Зээлдэгч нар нь 1570013883 тоот зээлийг 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зээлээ төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1208 хоног хугацаа хэтрүүлээд байна.
ХБ ХХКнь удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг Зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч нар биелүүлээгүй байна.
1570013883 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1570003269-01 дугаар баталгаат ипотекийн гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд Ц.О, Д.Энхсарнай нарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байр 16 тоот хаягт байршилтай 19 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2202002314 дугаар гэрчилгээтэй орон сууц, мөн 1570013883 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1570011414-01 дугаар барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан. Ц.Бын өмчлөлийн 8875 УНО улсын дугаартай, цагаан өнгийн, АСМ215035049 арлын дугаартай тоёото маркийн автомашин болно.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1570013883 дугаартай гэрээний холбогдох заалтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 22 497 973.87 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар хүү 18 115 524.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 091 262 төгрөг, нийт 42 704 761 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 10 дугаар байр 16 тоот хаягт байршилтай 19 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн Ү-2202002314 дугаар гэрчилгээтэй орон сууц болон 8875 УНО улсын дугаартай тоёото автомашин гэх барьцаа хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн зүгээс Ц.От холбогдох буюу Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгат, 10 байр, 16 тоот орон сууцаар буюу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага болон, Ц.Т, Ц.Б нарт холбогдох 8875 УНО улсын дугаартай Toyoto Ipsum маркийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа тус тус татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Б, Ц.Т, Ц.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Баатаржав Тунгалаг нар хамгийн анх 2013 оны 05 сарын 28-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан. Тухайн зээл өнөөдрийг хүртэл бүрэн төлөгдөөгүй үргэлжилж байгаа. 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өмнөх зээлийн гэрээг шинэчлээд Ц.Бын хүсэлтийн дагуу Зээлийн гэрээ байгуулсан. Ц.Б нь 2014 оны 03 дугаар сараас бусдын биед санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, шалгагдаж, цагдан хоригдож байгаад 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр буюу бүтэн 3 жилийн дараа холбогдолгүй болохыг нь тогтоож, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Уг хугацаанд Ц.Бын бизнес, ажил амьдрал сүйрч зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн үед банкны зээлийг төлөх боломжгүй болсон тухайгаа ХБ ХХК ХХК-д мэдэгдсэн байдаг. Энэ ч үндэслэлээр 2016 онд зээлийн гэрээг 36 сарын хугацаатайгаар сунгасан. Ц.Б нь ХБ ХХК ХХК-иас 2013 онд авсан зээлээ төлж байсан бөгөөд энэ төлөлтүүдийн ихэнхийг зээлийн үндсэн хүүнд авсан байгаа. Ц.Т бол хамтран зээлдэгч учраас шууд зээлийн төлбөрийг төлөх үүрэггүйгээс гадна нөхөр Ц.Быг хэрэгт холбогдсон үед ар гэрээ авч явж байсан.
Ц.О нь “Барьцаалуулагчийн батлах мэдэгдэл”-д гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзсан буюу Ц.От холбогдох шаардлагаасаа татгалзсан тул энэ талаар тайлбар гаргах шаардлагагүй гэж үзэж байна.
Хариуцагч Ц.Б нь үндсэн зээл 22 498 000 төгрөгийг төлөх хугацааг тохиролцвол төлнө гэж хүлээн зөвшөөрдөг гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХБ ХХКнь хариуцагч Ц.Б, Ц.Т, Ц.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 42 704 761 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгат, 10 байр, 16 тоот орон сууц, 8875 УНО улсын дугаартай Toyoto Ipsum маркийн автомашин зэргээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч ХБ ХХК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар нь шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг барьцааны Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгат, 10 байр, 16 тоот орон сууц, 8875 УНО улсын дугаартай Toyoto Ipsum маркийн автомашин зэргээр хангуулах шаардлага, Ц.От холбогдох нэхэмжлэлээс татгалзсан тайлбарыг гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзлыг баталж, Ц.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
ХБ ХХКнь Ц.Б, Ц.Т нартай 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1570011414 тоот “Зээлийн гэрээ” бичгээр байгуулж, 22 500 000 төгрөгийг жилийн 29,4%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч Ц.Б, Ц.Т нар нь зээлийн төлбөрийг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. /хх-6-8, 13х/
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцдог ба нэхэмжлэгч ХБ ХХКнь зээлдэгч Ц.Бын 5000322682 тоот харилцах дансанд 2015.11.30-ны өдөр 22 500 000 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-85х/
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхбат нь Ц.Б, Ц.Т нарт зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олгоогүй гэж тайлбарлаж байгаа боловч зээлийг тодорхой ямар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор “Эргэлтийн хөрөнгө”-ийн зориулалтаар авснаа баримтаар нотлоогүй тул Ц.Б, Ц.Т нарыг банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-д зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээ хүчин төгөлдөр байна.
1570011414 тоот “Зээлийн гэрээ”-нд 2016.12.27-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг 2016.12.27-ны өдрөөс эхлэн 36 сараар сунгаж, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансыг өөрчилжээ. /хх-38-39, 117-118х/
Зээлдэгч Ц.Б, Ц.Т нар нь Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар “... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох ба түүнчлэн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Зээлийн гэрээний 4.1-д “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ Гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрт оногдох хүүгийн 20 хувьтай тэнцүү байна” гэж харилцан тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэгч эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.
Зээлдэгч Ц.Б эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас бизнесийн үйл ажиллагаа нь зогсож, төлбөрийн чадваргүй болсон гэх нөхцөл байдал нь зээлийн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Зээлийн гэрээний 5.1, 5.1.1-д зааснаар зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа зогссон тохиолдолд Банк нь санаачлан гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг төлөхийг шаардахаар заасан байх бөгөөд зээлдэгч Ц.Б, Ц.Т нар нь “Зээлийн эргэн төлөлтийн хуваарь”-ийг зөрчиж, зээлийн төлөлт хийгээгүй байх тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн байна.
Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөрийг буцаан шаардах нь зээлдүүлэгчийн эрхийн асуудал мөн боловч зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар, эрхээ хэрэгжүүлэхдээ “шударга байх” зарчмыг баримтлах үүрэгтэй.
Нэхэмжлэгч ХБ ХХКнь зээлдэгч нараас зээлийн төлбөрийг шаардаж байснаа болон зээлдэгч нар зээлийн төлбөрийг төлөхөөр хугацааг хойшлуулж байсан гэдгийг нотлоогүй тул зээлийн төлбөрийг шаардах эрхээ шударгаар хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч “ХБ ХХК” ХХК-ийг гэрээний дагуу хариуцлага хүлээлгэх аргыг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэн нэмэгдүүлсэн хүү болох 2 091 262 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.
Дээрхи үндэслэлээр зээлийн гэрээний үндсэн үүргийн дагуу хариуцагч Ц.Б, Ц.Т нараас үндсэн зээл 22 497 973,87 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаарх хүү 18 115 524,38 төгрөг, нийт 40 613 498 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК ХХК-д олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Ц.Б, Ц.Т нараас 40 613 498 /дөчин сая зургаан зуун арван гурван мянга дөрвөн зуун ерэн найман/ төгрөгийг гаргуулж “ХБ ХХК” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 2 091 262 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “ХБ ХХК” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны Чингэлтэй дүүрэг, 03 дугаар хороо, 02 дугаар хороолол, 40 мянгат, 10 байр, 16 тоот орон сууц, 8875 УНО улсын дугаартай Toyoto Ipsum маркийн автомашин зэргээр хангуулах шаардлага, Ц.От холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг баталж, Ц.От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441 674 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, Ц.Т нараас 361 017 /гурван зуун жаран нэгэн мянга арван долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ХБ ХХК” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА