Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 02031

 

УХ банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 104/ШШ2018/00309 дүгээр шийдвэртэй, У банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх алба болон Н дүүрэг дэх Ш.Г.Т тус тус холбогдох

Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.З, хариуцагч Н дүүрэг дэх ШГТ-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Х.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

         Нэхэмжлэгч У банк ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: Тус банк нь Налайх дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн төлбөр санал болгох ажиллагааны шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын барилга, газар, холбогдох тоног төхөөрөмжийг Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас авах 504 284 651 төгрөгийн төлбөрт тооцон авсан. Төлбөрт тооцон авснаас хойш уг үйлдвэрийн /гэрчилгээгүй/ барилга, газрыг Улаанбаатар хотын банк ХХК өөрийн өмчлөл, эзэмшил, хамгаалалтад байлгаж байсан. Гэтэл ШШГЕ газар буюу УЕШ гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэснийг У банк ХХК 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан ажиллагааны аль хэсэг нь хуулийн энэ зохицуулалтад тогтоосон журмыг зөрчсөн, хуульд урьдчилсан нөхцөл журам тогтоогоогүй байхад тогтоолд үнэлгээтэй холбоотой асуудлыг хэрхэн хамруулж дурдсан, уг үнэлгээг яаж хэрэглэх ёстой байсан зэрэг нь ойлгомжгүй, үндэслэлгүй байна. Уг хөрөнгө нь 1994 онд баригдсанаас хойш зориулалтаараа ашиглагдаагүй, чанар ашиглалтын байдал илэрхий доройтсон байсан тул уг хөрөнгө 4 207 106282 төгрөгийн үнэд хүрэхгүй мөн хөрөнгө болон газар нь албан ёсны гэрчилгээ бүртгэлгүй тул өнөөг хүртэл 504 284 651 төгрөгөөр хэн ч худалдан авахаар сонирхохгүй байгаа зэргээс үзвэл төлбөрт тооцож өгснөөр төлбөр төлөгчийн эрх ашиг хохирсон гэж үзэх үндэслэлгүй. Бас тухайн үеийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн зохицуулалтын шууд агуулга, уг заалтын дагуу хэрэгжүүлдэг ажиллагааны практикт хөрөнгийн үнэлгээ бодит үнэ цэнэ тодорхойгүй тохиолдолд төлбөр авагчид санал болгож зөвшөөрвөл төлбөрт шилжүүлэх байдлаар шийдвэрлэгддэг байсан. Тооцон авсан өр төлбөрийнхөө үнэд хүрэхгүй байгаа хөрөнгийгтөлбөрт шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож хөрөнгийг Улаанбаатар хотын банкны өмчлөл, эзэмшлээс гаргах байдлаар эд хөрөнгийн хохирол учруулах, улмаар илэрхий хоосон өндөр үнэлгээгээр дахин санал болгох ажиллагаа хийх гэж байгаа нь банкны хууль ёсны ашиг уг хөрөнгөтэй холбоотой үүссэн хохиролтой нөхцөл байдлыг илүү дордуулах нөхцөл бүрдүүлж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

         Хариуцагч ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх алба болон Н дүүрэг дэх Ш.Г.Х, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас 504 284 651 төгрөгийг гаргуулан Убанк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус тасагт ирүүлснийг үндэслэн 430 518 965 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын эзэмшиж байсан Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 2 га газрын хамт 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 300/01, 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 388/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 388/03 дугаар тогтоолоор хурааж, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн захирал Ц.Нэргүйгийн хадгалалт хамгаалалтад хадгалуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар дээрх хөрөнгийг 4 207 106 282 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч У банк ХХК хүлээн зөвшөөрч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д санал болгоход хүлээн авах хүсэлтээ тус тасагт ирүүлснээр 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д 4 207 106 282 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг Улаанбаатар хотын банкинд хүлээлгэн өгсөн.

У банк шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар шилжүүлсэн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх ажиллагааг даалгах тухай нэхэмжлэлийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус тасгийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаснаар тус шүүхээс 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрын хамтаар төлбөр авагч У ХХК-ийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн. Төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ тус хэсгийг Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

Төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ уг шийдвэрийг эс зөвшөөрөн Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан. Тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 248 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийг өөрчлөн Н дүүргийн ШГ хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тасгаас магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргахад Улсын Дээд шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж, хуульд заасан журмын дагуу шийдвэр биелүүлэх ажиллагаа явуулахыг Н дүүрэг дэх ШГТ-т даалган шийдвэрлэсний дагуу худалдан борлогдоогүй хөрөнгийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр У банкинд 431 018 965 төгрөгийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэж, төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлсэн тухай тогтоол гаргаж, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ Улаанбаатар хотын банк, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч У банк ХХК-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг үүрэг болгосон тул У банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: 2002 оны Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7., 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч У банк ХХК-ийн ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх алба болон Н дүүрэг дэх Ш.Г.Т-т холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1., 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч У банк ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлснийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э давж заалдах гомдолдоо: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийншийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт "Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана" гэж заасан байх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт хуульд заасан хугацаанд гаргасан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээний бүтцийн агуулгатай бөгөөд мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэг нь Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид ямар ч шийдвэрийг өөрчлөх, шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд хөндлөнгөөс, хэзээ ч хамаагүй оролцох "хязгааргүй" эрхийг олгохгүй. Шүүх хуулийн холбогдох заалтуудын хэм хэмжээний уялдааг анхааралгүй зөвхөн тухайн заалтыг дангаар нь үндэслэж "Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээнд хамаарч байна" гэж дүгнэсэн хуулийн уг зохицуулалтыг буруу хэрэглэх, тайлбарлах нөхцөл болсон байна.

2. Мөн маргаан бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж дууссаны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацаанд ажиллагааны оролцогчдоос хэн нь ч гомдол гаргаагүй, хэн ч ашиг сонирхлоо хохирсон гэж үзээгүй, бүр уг ажиллагаатай холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны оролцогч биш, тухайн хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх хэмжээ байхгүй Нийслэлийн Засаг даргын "гомдол"-д үндэслэн "дахин хянаж" ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчилсөн нь илт хууль бус юм.

3. Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ "өмнө нь яг ижил хэлбэрээр явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг УлсынДээд шүүхээс буруу гэж үзсэн. Тиймээс дараагийн ажиллагааг Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр явуулсан нь буруу учир 2 дахь ажиллагааг өмнөх Дээд шүүхийн тогтоолд нийцүүлж "засах" нь зүйтэй" гэх агуулгаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ нэхэмжлэгчид байгаа бөгөөд хариуцагчийн тайлбарт "Дээд шүүхийн тогтоолын агуулга"-ын талаар хэд хэдэн удаа дурдагдсан нь шүүх гагцхүү хуульд захирагдах зөрчсөн, өөр хэрэг маргааныг шийдвэрлэсэн шийдвэрийг жишиг болгон хэрэглэж. хариуцагчийн нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж байгаагдурдах нь зүйтэй. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч У банк ХХК нь хариуцагч ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх алба болон Н дүүрэг дэх Ш.Г.Т-т тус тус холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажилалгааг хүчингүй болгосон 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-аас 504 282 651 төгрөгийг гаргуулж, У банк-д олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Н дүүрэг дэх ШГТ нь төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэрийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгө болох барилга, газар, холбогдох тоног төхөөрөмжийг 431 018 965 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагч У ХХК-д шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэсэн байна.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай 07 дугаар тогтоолоор Нийслэлийн Н дүүргийн шүүхийн ШГТ-гийн төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч У банк-ны төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцохдоо Нийслэлийн Засаг даргын тамгын газрын болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 1/5627, 2/6121 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэл болгожээ.

Шүүх гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэхэд хариуцагч байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, гомдол үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд хариуцагч байгууллагын шийдвэр гаргах болсон үндэслэлийг нотлох баримт хэрэгт ач холбогдолтой байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйгээс гадна мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дах хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор эсрэг талаас нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ...шийдвэр гүйцэтгэлийн 14310095 дугаартай хувийн хэргээс Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын 1/5627, 2/6121 дүгээр албан бичиг...зэргийг нотлох баримтаар гаргуулах... хүсэлт гаргасныг шүүгч 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 104/ШЗ2018/00679 дүгээр захирамжаар ...нотлох баримтаа өөрөө цуглуулан авч шүүхэд өгөх боломжгүй байгаагаа нотлоогүй... гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг баримтлан хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байна. /хх-ийн 23-26/

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 1/5627 дугаартай,Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2/6121 дүгээр бичгүүдийг гаргуулах хүсэлтийг дахин гаргахад шүүгч 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 104/ШЗ2018/00845 дугаар захирамжаар ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар... эдгээр албан бичгийг олж авахаар ямар ч ажиллагаа хийгээгүй гэж дүгнэж мөн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүхэд хүсэлт гаргах замаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн байна. /хх-ийн 189-192/

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүйд тооцох тухай 07 дугаар тогтоолын үндэслэл болсон баримт хэрэгт авагдаагүй тохиолдолд хариуцагч байгууллага, тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, гомдол үндэслэлтэй эсэхийг шүүхээс дүгнэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.