Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00039

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалтай,

Д.А-гийн нэхэмжлэлтэй

“А” ТӨҮГ-т холбогдох

“А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, О.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.А нь “А” ТӨҮГ-т холбогдуулан “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасныг баримтлан “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-г урьд эрхэлж байсан Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 10,365,500 төгрөгийг хариуцагч “А” ТӨҮГ-аас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг “А" ТӨҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “А” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “А” ТӨҮГ-т холбогдох, “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “А” ТӨҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 2023.11.29-ний өдөр урьдчилан төлсөн 181,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хан уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А би 2024.01.18-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 1, 172 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

4.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 210/MA2023/02181 магадлалаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан алдаа гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын аливаа байгууллагын дарга захирлын хөдөлмөрийн харилцаатай холбогдуулж гаргаж байгаа тушаал, шийдвэр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол улс нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцед нийцэж байх ёстой. “А” ТӨҮГ-ын захирал Б.Г-ийн 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар Д.А-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга нөхцөлөөр хангуулах”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх заалт, “Монгол Улсын иргэн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох...” гэсэн заалтуудыг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.12.18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалдаа “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар Д.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг эрх бүхий байгууллагын шаардлагын дагуу 2023.05.26-ны өдрөөр дуусгавар болгож, ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогджээ” гэж дурьдсан дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 “эрх бүхий байгууллага шаардсан” гэсэн заалтад, сайдын, тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг, яамны газар хэлтсийг “хөдөлмөрийн харилцааг зохицуулах” эрх бүхий байгууллага гэж үзэх хуулийн үндэслэлгүй. Ингэж дүгнэж байгаа нь албан тушаалтнаас гаргасан зөвлөмж нь байгууллага, иргэд заавал биелүүлэх захиргааны хэм хэмжээний акт бишээ. Хөдөлмөрийн эрх зүйн шинжлэх ухаанд “эрх бүхий байгууллага” гэсэн ойлголтод шүүх гэж томъёолсон байдаг. Ингэж томъёолж буй үндэслэл нь хүнийг гэм буруутай гэж дүгнэх эрх Монгол Улсын Үндсэн хуульд заасанаар ганцхан шүүх билээ. Тэгээд ч яамны ажлын хэсэг “А” ТӨҮГ-т зөвлөмж өгсөн, өгсөн зөвлөмжийг яамны газрын дарга хүргүүлсэн байхад, “А” ТӨҮГ-ын захирал Б.Г тухайн зөвлөмжийг холбогдох ажилтанд танилцуулж эрх ашигаа хамгаалах боломж олголгүй, зөвлөмж гэсэн нэртэй тухайн баримт бичгийг “шаардлага” гэж өөрөө нэр зохиож, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаал гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 заалт, байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журмын гуравдугаар бүлгийг ноцтой зөрчсөн байна. Тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журам бол дарга, захирал ажилтан хэн ч байсан нэгэн адил дагаж биелүүлэх ёстой эрх зүйн баримт бичиг, яамны ажлын хэсэг зөвлөмждөө 18 хүнтэй холбоотой асуудал тавьсан байхад зөвхөн гурван хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хүнийг алагчлан үзсэн байна.

4.2. Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхдээ аливаа хуулийн этгээд хуульд нийцүүлж хэрэгжүүлэх үүрэгтэй болохоос биш, дур зоригоороо хүний хөдөлмөрлөх эрхэд халдаж болохгүй. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгч Д.А-г анх энэ ажилд нэр дэвшихэд Авлигатай тэмцэх газараас 2021 онд 05/1423 тоот албан бичгээр мэргэжил тохирохгүй байна гэснийг баримталж хөдөлмөрийн харилцааг цуцалсан гэж байна. Тухайн үед буюу 2021 онд, нэхэмжлэгч Д.А санхүүчийн мэргэжил бизнес ангилалд хамаарахгүй гэж үзэж буй учир шалтгааныг Авлигатай тэмцэх газраас лавлахад, мэргэжлийн индексийн талаар Төрийн албаны зөвлөлөөс тодруулж зөрчлөө арилгаарай гэсэн хариу өгсөний дагуу лавлахад БШУС-ын 2014 оны А/78 дугаар тушаалаар батлагдсан “мэргэжлийн чиглэл индекс шинэчлэн батлах тухай” тушаал, мөн 2012 оны А/267 дугаар тушаалаар батлагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн индекс нь бизнессийн удирдлагад эдийн засаг, нягтлан бодох бүртгэл... хамаарна гэсэн хариу өгсөнөөр зөрчилгүй болж нэхэмжлэгч Д.А нь 2021.02.05-нд Өвөрхангай аймгийн Автотээврийн даргаар түр томилогдож гурван сар туршилтын журмаар ажиллаад 2021.09.03-ны өдөр үндсэн ажилтнаар томилогдож, 2021.09.30 өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан, хөдөлмөрийн гэрээгээ хөдөлмөрийн шинэ хуульд нийцүүлж 2022.03.04-ний өдөр шинэчлэн байгуулсан байна. Нэхэмжлэгч Д.А-гийн мэргэжилтэй холбоотой зөрчил гэж үзэж байсан мэргэжлийн зөрүүний асуудал ийнхүү аль эрт буюу 2021 онд эцэслэн шийдвэрлэгдэж, “А” ТӨҮГ-ын захирал Б.Г нэхэмжлэгч Д.А-г ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. Нэхэмжлэгч Д.А нь тухайн ажлын байран дээрээ гурван жил гаруй ажиллаж, ажилдаа зохих дадлага туршлага хуримтлуулсан байхад зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа нэрээр ажлаас халсан нь хүний хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдаж байгааг анхан шатны шүүх зөв үнэлэлт дүгнэлт хийсэн байхад давж заалдах шатны шүүх зөвхөн эрх мэдэлтний таашаалд нийцүүлж хууль хэрэглэж байгаа нь хууль шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байх Үндсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэгч Д.А нь тухайн байгууллагад 3 жил ажилласаны дараа хоёр жил ажилласан байх шаардлагатай юм байна гэж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалд дурдаж байгаа нь иргэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан байна.

4.3. Нэхэмжлэгч Д.А-г ажлаас халаад оронд томилсон хүн нэг өдөр ч тухайн байгууллагад ажлаагүй байгаа баримт ч иргэн хүнийг хөдөлмөр эрхлүүлэхдээ ялгаварлан гадуурхаж байгаа ноцтой баримт гэж үзэж байна. Хэрэв нэхэмжлэгч Д.А-г хууль бусаар ажилд томилогдсон гэж үзэж байгаа бол, хууль зөрчиж хүнийг ажилд томилсон “А” ТӨҮГ-ын захирал Б.Г хариуцлага хүлээх ёстой байхад, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалдаа энэ талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь эрх мэдэлтэнд үйлчилж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Нэхэмжлэгч Д.А нь эрх бүхий этгээдийн тушаалаар ажилд орсон болохоос биш өөрийн дураар тухайн ажлыг эрхлээгүй. “А” ТӨҮГ-ын захирал Б.Г-гийн 2023.05.26-ны өдрийн тугаалаар Д.А-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд заасан, “эрх бүхий байгууллагын шаардлага”-аар гэж хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.4 баримталж байгаа нь хуулийн үндэслэлгүй тул хариуцагчийн дээрх тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.А-г ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан таван сарын хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дүгээр шийдвэр, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр байсан. Гэтэл хариуцагчийн албан ёсны итгэмжлэлгүй этгээдийн, хэргийн оролцогч нарт танилцуулаагүй гомдлоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалаараа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэм хэмжээг ноцтой зөрчиж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэж, төрийн өндөр албан тушаалтанд үйлчилж, нэхэмжлэгч иргэний хөдөлмөрлөх эрх, хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш байх эрхийг ноцтой зөрчлөө. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.20-ны өдрийн 183/ШШ2023/03290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгосон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.02.15-ны өдрийн 001/ШХТ2024/00225 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч Д.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Д.А нь “А” ТӨҮГ-т холбогдуулан “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...2021.02.05-ны өдөр ажилд түр томилогдоход энэ ажлаас чөлөөлөх үндэслэл, хяналт, шалгалтад заасан зөрчлийг шийдвэрлэгдсэн гэж ойлгосон. Зам, тээврийн хөгжлийн яамны зөвлөмж нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шүүр” ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж, байгууллагын хэмжээнд гаргасан зөрчлөө арилгах тухай зөвлөмж болохоос тэрхүү албан бичигт энэ хүнийг ажлаас чөлөөл гэсэн үг үсэг байхгүй учир тушаалын чөлөөлөх үндэслэл дэх “эрх бүхий байгууллагын шаардсанаар” гэх үндэслэлд хамаарахгүй дээрх хяналт шалгалттай холбоотой сонсох ажиллагаа хийгээгүй.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “А” ТӨҮГ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...“А” ТӨҮГ-т Зам, тээврийн хөгжлийн яамнаас авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд ажлын хэсэг хүний нөөцийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчил, зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн яамны 2023.04.26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичгийн хавсралтын гуравт ... Д.А нь мэргэжил таарахгүй (зөрчилтэй томилогдсон) эзэмшсэн мэргэжил нь нягтлан бодогч тул зөрчилтэй байна гэж тайлбарласан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагад хэд хэдэн мэргэжил заасан боловч нягтлан бодогч, агрономич, программ хангамжийн инженер гэсэн мэргэжлүүдийг заагаагүй нь тус ажлын байрны ерөнхий шаардлагыг хангахгүй байна. ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 “эрх бүхий байгууллага шаардсан” гэх заалтыг баримталсан нь үндэслэлтэй бөгөөд хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “... Зам, тээврийн хөгжлийн яамны шалгалтаар аймгийн Автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагад нэхэмжлэгч Д.А-ий эзэмшсэн “мэргэжил таарахгүй” гэх зөрчил илэрсэн гэж үзэж, yr зөрчилтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд apгa хэмжээ авах чиглэл өгснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэж үзэхгүй буюу Зам, тээврийн хөгжлийн яамны өгсөн чиглэлийн дагуу хариуцагч байгууллагын зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх...” гэж заасны дагуу мөн хуулийн 80.1.2-т заасан “ажилтан мэргэжил... хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон..." гэх нөхцөл байдал үүссэн талаар нэхэмжлэгч Д.А-д бичгээр мэдэгдсэний үндсэн дээр шийдвэр гapгax байжээ. Үүнийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу apra хэмжээ авсан гэж үзнэ. Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн D-200902654 дугаар дипломд “...Д овогтой А Санхүү эдийн засгийн дээд сургуульд 2007 онд элсэж 2009 онд нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн тул захирлын 2009.02.04-ний өдрийн 041 тоот тушаалаар Бизнесийн удирдлагын бакалавр зэрэг олгов...” гэж дурдсаныг аймгийн Автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “бизнесийн удирдлага мэргэжлийн бакалавр зэрэгтэй байх” шаардлагад нийцэж байгаа эсэхийг тодруулахгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь ажилтны эрх, ашгийг хөнджээ.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч Д.А нь Санхүү, эдийн засгийн дээд сургуульд 2007 онд элсэж, 2009 онд “нягтлан бодох бүртгэл’ мэргэжлээр төгссөн, тус сургуулийн захирлын 2009.02.04-ний өдрийн 041 дүгээр тушаалаар “бизнесийн удирдлагын бакалавр зэрэг олгов” гэжээ. Харин албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод “бизнесийн удирдлага мэргэжилтэй” байх шаардлага тавигдсан тул түүнийг дээрх ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан гэж үзэхгүй. Түүнчлэн, Авлигатай тэмцэх газрын 2021.02.03-ны өдрийн 05/1423 тоот болон Зам, тээврийн хөгжлийн яамны 2023.04.26-ны өдрийн 05/1923 тоот албан бичгээр нэхэмжлэгч Д.А нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй болох нь тус тус нотлогдож байна. Иймд “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар Д.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасантай нийцсэн...” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, өөр өөр шийдэл гаргасан нь энэ талаарх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэл болсон.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч Д.А-г “А” ТӨҮГ-ын захирлын 2021.02.25-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар 2021.02.24-ний өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн даргаар 3 сар хүртэл туршилтын хугацаагаар түр томилж, 2021.09.03-ны өдрийн Б/351 дүгээр тушаалаар 2021.09.03-ны өдрөөс эхлэн үндсэн ажилтнаар томилж, улмаар “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг баримтлан эрх бүхий байгууллага шаардсан гэсэн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь тогтоогджээ.

13. Хариуцагч “А” ТӨҮГ нь нэхэмжлэгч Д.А-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэснийг үндэслэж, үүнийгээ нэхэмжлэгч Д.А нь Аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан “авто инженер-механик, тээврийн удирдлага, автомашин аж ахуй, логистикийн менежмент, төрийн болон бизнесийн удирдлага мэргэжилтэй, авто тээврийн салбарт 2-оос доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй, энэ нь анх ажилд томилохоор хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаад Авлигатай тэмцэх газраас мэргэжил, туршлагын хувьд албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй талаар албан бичиг ирүүлж байсан, мөн Зам, тээврийн хөгжлийн яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар уг зөрчил илэрч холбогдох арга хэмжээ авахыг шаардсан гэж тайлбарлаж, нэхэмжлэгч энэхүү нөхцөл байдлыг эрх бүхий байгууллага шаардсан гэдэгт хамаарахгүй гэжээ.

Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгчийн эзэмшсэн мэргэжил нь аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалын ажлын байранд тавигдах шаардлагад нийцэхгүйгээс эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн эсэх асуудал болжээ.

14. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Зам, тээврийн хөгжлийн яамны 2023.04.26-ны өдрийн 05/1923 дугаар албан бичиг болон бусад нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөнөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан “эрх бүхий байгууллага шаардсан” гэдгийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулж өөрчилсөн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

15. Хэрэгт авагдсан “А” ТӨҮГ-ын аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагад мэргэжлийг авто инженер-механик, тээврийн удирдлага, автомашин авто аж ахуй, логистикийн менежмент, төрийн болон бизнесийн удирдлага гэж заасан ба Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Монгол Улсын Засгийн газрын Авлигатай тэмцэх “Шүүр” ажиллагааны хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 80 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг “А” ТӨҮГ-ын xүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийгээд нэхэмжлэгч Д.А-г нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэжил таарахгүй, мөн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаад Авлигатай тэмцэх газраас ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдсэн боловч томилгоо хийсэн зөрчил илэрсэн талаар дурдаад 2023.04.26-ны өдрийн 05/1923 дугаартай албан бичгээр холбогдох арга хэмжээ авахыг шаардсан байна.

16. Мөн нэхэмжлэгч Д.А-гийн мэргэжлийн талаар Санхүү Эдийн засгийн дээд сургуулиас олгосон №D 0000 дугаартай дипломд “...нягтлан бодох бүртгэл мэргэжлээр төгссөн тул ... бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг олгов ...” гэж тэмдэглэгджээ.

17. “А” ТӨҮГ-ын аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т зааснаар төрийн үйлчилгээний байгууллагын удирдах албан тушаалтанд хамаардаг тул энэ албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх ... асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагад ... тулгуурлах буюу төрийн албаны чадахуйн зарчмыг баримтлах ёстой.

Энэ утгаараа тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, туршлага, ур чадварын шаардлагад нийцсэн буюу албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан иргэн төрийн албаны тухайн албан тушаалд нэр дэвших, нөгөө талаас ийнхүү шаардлага хангасан иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж авах учиртай.

18. Гэтэл нэхэмжлэгч Д.А-гийн хувьд төрийн албанд буюу Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалд анх томилогдохдоо “А” ТӨҮГ-ын аймгийн Автотээврийн төвийн даргын албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг буюу мэргэжил, мэргэшил, ур чадварын хувьд шаардлага хангаагүй атлаа тухайн албан тушаалд нэр дэвшсэн, улмаар “А” ТӨҮГ-ын захирал 2021.02.25-ны өдрийн Б/68 дугаар тушаалаар тухайн албан тушаалд томилсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон байх ба энэхүү шаардлагыг баримтлах нь ажилтан, ажил олгогчид аль алинд нь хамааралтай болно.

19. Ажил олгогчоос нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасныг үндэслэж ажлаас халсан, энэ нь агуулгын хувьд ажилтан тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан ажлын байранд тавигдах ерөнхий шаардлагыг буюу мэргэжил, мэргэшил, ур чадварын хувьд шаардлага хангаагүй гэх мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон байна.

Хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохыг хөдөлмөрийн гэрээний талууд санаачлаагүй боловч хөндлөнгийн этгээд уг санаачилгыг гаргаж болох тохиолдол Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан үндэслэлд хамаарна.

Харин маргааны үйл баримтаас үзэхэд ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй гэсэн үндэслэл нь эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон ба энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна.

Өөрөөр хэлбэл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон үр дагавар үүсчээ.

Энэ тохиолдолд ажил олгогч буюу хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасныг баримтлаагүй боловч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлийг  Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэсэнтэй уялдуулан хэрэглэх нөхцөл байдал байсан гэж үзнэ.

20. Иймээс Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 14-д зааснаар Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд авто тээврийн асуудал хамаарах тул “А” ТӨҮГ-ын xүний нөөцийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 80 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийг эрх бүхий байгууллага гэж үзэхээс гадна уг ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн зөрчлийн талаар арга хэмжээ авах тухай тус яамны 2023.04.26-ны өдрийн 08/1923 дугаартай албан бичиг ирүүлснийг үндэслэж хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж үзэж нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй байна.

21. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т зааснаар дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2, 80.4-т заасан ажилтныг мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар ...-ын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон талаар түүнд өмнө нь анхааруулж, ... боломжит хугацаа олгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх зэрэг журам хамаарахгүй.

Харин хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлийг харгалзан үзэх шаардлагатай байснаас гадна нэхэмжлэгчийн хувьд анх томилогдохдоо тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байсан нь тогтоогдсон, мөн энэ талаар ажил олгогчоос ажилтанд анхааруулж байсан талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурджээ.

Нөгөө талаас энэхүү шаардлагыг хангасан нөхцөлд төрийн албаны тухайн албан тушаалд өөрийн нэрийг дэвшүүлэх зарчмыг баримтлах нь ажилтанд ч мөн адил хамааралтай тул ажил олгогчийг энэ хуульд заасан анхааруулах, боломжит хугацаа олгох, мэдэгдэх зэрэг арга хэмжээг аваагүй гэж буруутгах үндэслэлгүй.

22. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.А-г “А” ТӨҮГ-ын захирлын 2023.05.26-ны өдрийн Б/219 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгийн Автотээврийн төвийн даргын ажлаас буруу халсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 210/МА2023/02181 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.А, түүний өмгөөлөгч П.А нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.А-гийн 2024.01.19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                          Н.БАТЧИМЭГ

                                                                                               Н.БАЯРМАА

 П.ЗОЛЗАЯА

 Х.ЭРДЭНЭСУВД