Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2021/01379

 

 

 

 

 

 

 

   2021        07         20                                          181/ШШ2021/01379         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ЭН ХХК-д холбогдох,

Хөлсөөр ажиллуулах гэрээний үүрэгт 50 073 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г.Минжмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус компанитай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулан цахилгааны инженерээр 1 сарын 1 500 000 төгрөгөөр, зарим гэрээт болон төсөл ажлыг талбай дээр хариуцан ажилласан тохиолдолд 1 сарын 2 000 000 төгрөгөөр тус тус ажиллахаар харилцан тохиролцсон.

Энэхүү гэрээний дагуу миний бие нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Ийнхүү ажилласан хугацаанд хариуцагчаас 1 000 000 төгрөгийг хүлээн авсан бөгөөд 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 12 750 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 19 600 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 13 250 000 төгрөг,  мөн тухайн газарт ажиллаж байх хугацаанд ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гарсан зардалд төлсөн нийт 5 473 500 төгрөг, үүнээс 1 000 000 төгрөгийг авсан учир нийт 50 073 500 төгрөгийг хариуцагчийн зүгээс дараагийн ажлын санхүүжилтээр орохоор өгнө гэсэн олон удаагийн хүсэлтийн дагуу миний бие нь хөлсөө авалгүй өдийг хүргэсэн. Иймд хариуцагч ЭН ХХК-иас ажилласан хугацааны цалин хөлс 45 600 000 төгрөг, тухайн газарт ажиллаж байх хугацаанд ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай гарсан зардалд төлсөн нийт 5 473 500 төгрөг, нийт 50 073 500 төгрөг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч ЭН ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭН ХХК нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасанчлан “Хөлсөөр ажиллах гэрээг” Д.Ттэй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан. Уг гэрээний 4.1-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаатай гэрээг байгуулсан. 4.2-т “Талууд гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор сунгаж болно. Ийнхүү сунгасан тохиолдолд нэмэлт гэрээ байгуулан баталгаажуулна” гэж гэрээнд тусгасан байна. Ингэн Дондов овогтой Тодмөнхтэй байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээг сунгаж ажиллуулахаар нэмэлтээр баталж гаргасан гэрээ байхгүй ба уг гэрээний 3-т зааснаар ажиллагч тал гэрээт ажил, үйлчилгээг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй байсан тул ЭН ХХК-иас гэрээг сунгаж ажиллуулаагүй. Уг гэрээний хугацаа нь гэрээнд зааснаар буюу Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар 2016 оны 09 сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон.

Мөн ЭН ХХК нь иргэн Дондов овогтой Тодмөнхтэй уг хөлсөөр ажиллах гэрээтэй хамааралгүйгээр харилцан тохирч ажил гүйцэтгүүлж байсан ба нэхэмжлэгчийн шаардлагад дурдагдсан 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 12 750 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 19 600 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 13 250 000 төгрөг, мөн шаардлагатай зардалд зарцуулсан гэх 5 473 500 төгрөг зэргийг нөгөө талаас нотлох баримт байхгүй, үндэслэлгүйгээр мөнгөн дүн гаргаж нэхэмжилж байх тул 50 073 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй санал нийлэхгүй байна.

 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу уг хөлсөөр ажиллах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоологдож эхэлсэн байх тул уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасаны дагуу дуусгавар болсон байна.  

Мөн бидний зүгээс нэхэмжлэгч Д.Ттэй одоог хүртэл танилын болон ажил хэргийн шугамаар холбоотой байдаг боловч дээр дурдсан гэрээний дагуу тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор шаардлага огт гаргаж байгаагүй бөгөөд манай компаний зүгээс уг гэрээнээс үүдэлтэй ажлын хөлсийг хэсэгчлэн төлж байсан болно.

Иймд иргэн Д.Тийн нэхэмжлэлээр шаардсан 50 073 500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч ЭН ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллуулах гэрээний үүрэгт 50 073 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Д.Т нь “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 45 600 000 төгрөг, мөн шаардлагатай зардлыг өөрөөсөө гаргасан гэх үндэслэлээр 5 473 500 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ЭН ХХК эс зөвшөөрч, “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2016 оны 09 сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон, нэхэмжлэлийг нотлох баримтгүй, үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь ЭН ХХК-тай 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г бичгээр байгуулсан гэж /хх-3-4х/, хариуцагч ЭН ХХК нь Д.Ттэй 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г бичгээр байгуулсан гэж /хх-25-26х/ тус тус шүүхэд гаргасан. Талуудын хэн аль нь уг хоёр гэрээнд гарын үсэг зурж тэмдэг дарсан байдлаа үгүйсгээгүй, харин гэрээний хугацааны талаар маргаж байна.

Гэрч Ц.Цэрэнбатын мэдүүлэг /хх-51-52х/, ажил үүргээ гүйцэтгэсэн талаарх нэхэмжлэгчийн тайлбар, талуудын цалин хөлсийг тооцоолсон байдал /хх-4-6х/ зэргээс дүгнэж үзэхэд талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав нь шүүх хуралдаанд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г 2018 онд Ц.Цэрэнбатын гуйлтаар нөхөж хийсэн, Д.Тийн “Легаси групп” ХХК-д ажилласаны цалин хөлсийг баталгаажуулах зорилгоор байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу татгалзлаа баримтаар нотлоогүй. Харин энэхүү тайлбар нь “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нүүдийн огноо, гэрч Ц.Цэрэнбатын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 4.1-д зааснаар талууд гэрээг 2 /хоёр/ жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаанд Д.Т нь гэрээний 3.1-д заасан ажил үүргээ гүйцэтгэсэн болох нь нэхэмжлэгч Д.Тийн “2016 онд: Баянзүрх дүүргийн 25 хорооны 71 дүгээр барилга буюу автозогсоол үйлчилгээтэй, 9 давхар 42 айлын орон сууцны барилга, Хэнтий аймгийн Батширээт сумын 630 хүүхдийн сургуулийн барилга, Булган аймгийн хутуг-Өндөр сумын бохир ариутгах барилга зэрэгт цахилгааны хяналтын инженерээр, 2017 онд: Баянзүрх дүүргийн 20 хорооны Дарь эхэд иргэн Батсайханы үйлчилгээний 2 давхар барилгын цахилгааны ажлууд, Алтай хотхонд дулаан цэвэр усны шугамын ажлыг ЭН ХХК барилгын бригадаар гүйцэтгүүлэхэд хяналтын инженерээр ажилласан, мөн Баянзүрх дүүргийн 72-р хотхоны дахин төлөвлөлтийн барилгын дулаан цэвэр усны шугамыг ЭН ХХК барихад хяналтын инженерээр ажилласан, 2018 онд: Зайсангийн Чингисийн зурагтай уулын баруун талд 16 давхар орон сууцны барилгын цахилгаан, сантехникийн ажлыг ЭН ХХК гүйцэтгэхэд талбайн инженерээр ажилласан, СХД-ийн 31 хорооны хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн барилгын ажлыг эхлүүлэхэд зөвлөгөө өгч, хяналтын инженерээр ажилласан” гэх тайлбар, талуудын цалин хөлсийг тооцоолсон байдал /хх-4-6х/, ажил эрхэлсэн байдлын фото зураг /хх-54-55х/, барилга ашиглалтад оруулах улсын комиссын акт /хх-67-70х/ зэргээр тогтоогдож байна.

Гэрээний 4.2-д “талууд гэрээний хугацааг харилцан тохиролцсноор сунгаж болно. Ийнхүү сунгасан тохиолдолд гэрээний хавсралт үйлдэн гарын үсгээ зурж баталгаажуулна” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Д.Т нь гэрээний хугацаа сунгагдаад ажлаа хийж байсан гэж тайлбарлаж байгаа боловч гэрээний 4.2-д зааснаар талууд харилцан тохиролцож сунгасан, гэрээний хавсралт үйлдэж гарын үсгээ зурсан байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болногэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Гэрээний 5.1-д “Ажиллагч нь гэрээний 3.1-д заасан ажил үүргээ гүйцэтгэсний хариуд ажиллуулагч нь 1 /нэг/ сард 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хөлсийг төлнө” гэж, 5.2-д “Ажиллагч нь зарим гэрээт болон төсөлт ажлыг талбай дээр хариуцан ажилласан тохиолдолд ажлын хөлсийг 1 /нэг/ сарын 2 000 000 /Хоёр сая/ төгрөгөөр тооцно. Талууд ямар ажил дээр энэхүү дүнгээр тооцохыг тухай бүр тохиролцоно” гэж заажээ.

Хавтаст хэргийн 4-5 хуудсанд байгаа ажлын хөлс, мөнгөний тооцоог Д.Т гаргасан, 6-р хуудсанд байгаа ажлын хөлс, мөнгөний тооцоог ЭН ХХК-ийн нягтлан бодогч, захирал нар гаргасан болох нь шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар тогтоогдсон. 

Иймд гэрээний 5.1, 5.2 дахь заалт, талуудын гаргасан ажлын хөлсийн тооцоог үндэслэн нэхэмжлэгч Д.Тийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны хөлсийн тооцвол нийт 37 600  000 төгрөг болж байна. /2016 онд 12 750 000 төгрөг, 2017 онд 19 600 000 төгрөг, 2018 онд 5 250 000 төгрөг/

Хариуцагч ЭН ХХК нь ажлын хөлсөнд нийт 1 240 000 төгрөгийг олгосон байх тул 37 600  000 төгрөгөөс 1 240 000 төгрөгийг хасч, үлдэх 36 360 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Т нь ЭН ХХК-ийн гүйцэтгэж буй барилгын ажлын цахилгаан хангамжийн инженерийн шугам сүлжээтэй холбоотой ажлыг болон барилгын талбайд хяналтын инженерийн ажил, үйлчилгээг үзүүлэх, “ЭН ХХК” оор тохиролцсон болох нь “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нүүд, зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 159.1-д заасан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан байна.

 

Нэхэмжлэгч Д.Т нь ажил гүйцэтгэх явцад зайлшгүй шаардлагатай байсан зардлыг өөрөөсөө гаргасан гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн 20 хороо, Дарь эхэд иргэн Батсайханы үйлчилгээний 2 давхар барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад холбоо дохиололын утас сүвлэх ажлыг Батжаргал гэдэг хүнээр хийлгэсний хөлс 500 000 төгрөг, хуучин хар панер 25 ш авсаны үнэ 400 000 төгрөг, туслах ажилтан 10 хоног ажиллуулсаны хөлс 250 000 төгрөг, зээлийн өр 1 146 500 төгрөг, өрлөг шаварын ажлын үлдэгдэл төлбөр 1 277 600 төгрөг, мөн 72-р хотхоны барилгын дулаан цэвэр усны шугамын ажилд Эксковатор өдрийн 500 000 төгрөгөөр 4 хоног түрээсэлсний төлбөр 2 000 000 төгрөг, нийт 5 473 500 төгрөгийг ЭН ХХК-иас шаардаж байна.

Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1-д заасны дагуу Ажиллуулагч нь ажиллагчийн гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмж, материалаар хангах үүрэгтэй байдаг.

Хариуцагч ЭН ХХК нь ажлын хөлс, мөнгөний тооцоо /хх-6х/-оор холбоо дохиололын утас сүвлэсэн тооцоо 500 000 төгрөг, хуучин хар панер тооцоо 400 000 төгрөг, түр тооцоогоор авсан /зээлийн өр/ 1 146 500 төгрөг, өрлөг шаварын ажлын үлдэгдэл төлбөр 1 277 600 төгрөг, туслах ажилчдын цалин 250 000 төгрөг, нийт 3 474 100 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна.

Нэхэмжлэгч Д.Т нь Эксковатор өдрийн 500 000 төгрөгөөр 4 хоног түрээсэлсний төлбөр 2 000 000 төгрөгийн өөрөөсөө гаргаж, төлсөн болохоо баримтаар нотлоогүй тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Ажиллуулагч ЭН ХХК нь ажиллагч Д.Тийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, материалаар хангах үүргээ биелүүлээгүйгээс Д.Тийн өөрөөсөө гаргасан зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар Д.Төд учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Т нь гаргасан зардлаа шаардах эрхтэй тул ЭН ХХК-иас 3 474 100 төгрөгийг гаргуулж Д.Төд олгож нэхэмжлэлээс үлдэх 2 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч ЭН ХХК-иас 39 834 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Төд олгож, нэхэмжлэлээс 10 239 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч хариуцагч ЭН ХХК-иас 39 834 100 /гучин есөн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Төд олгож, нэхэмжлэлээс 10 239 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 320 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЭН ХХК-иас 357 120 /гурван зуун тавин долоон мянга нэг зуун хорин/ төгрөгийг гаргуулж Д.Төд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА