Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01525

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/01525

 

 

Д.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20ы өдрийн 181/ШШ2021/01379 дугаар шийдвэртэй, Д.Тийн нэхэмжлэлтэй Э.Н ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 50 073 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Т нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр тус компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулан цахилгааны инженерээр сарын 1 500 000 төгрөгөөр, зарим ажлыг талбай дээр хариуцан ажилласан тохиолдолд сарын 2 000 000 төгрөгөөр тус тус ажиллахаар тохиролцсон. Энэхүү гэрээгээр 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж, хариуцагчаас 1 000 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 12 750 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 19 600 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин 13 250 000 төгрөг, мөн тухайн хариуцагчийн өмнөөс шаардлагатай гарсан зардалд төлсөн 5 473 500 төгрөг, үүнээс 1 000 000 төгрөгийг авсан учир хасч нийт 50 073 500 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч Э.Н ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Н ХХК нь Д.Ттэй 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр гэрээ байгуулсан гэрээний 4.1-т зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаатай байсан. Гэрээний 4.2-т талууд гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор сунгаж болно, сунгасан тохиолдолд нэмэлт гэрээ байгуулан баталгаажуулна гэж заасан. Д.Ттэй байгуулсан гэрээг сунгаагүй, гэрээний 3-т зааснаар ажиллагч тал гэрээт ажил, үйлчилгээг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй тул Э.Н ХХК-иас гэрээг сунгаагүй. Гэрээний хугацаа 2016 оны 9 сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Мөн Э.Н ХХК нь Д.Ттэй уг хөлсөөр ажиллах гэрээтэй хамааралгүйгээр харилцан тохирч ажил гүйцэтгүүлж байсан ба нэхэмжлэлд дурдагдсан 50 073 500 төгрөгийг нотлох баримт байхгүй, үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Уг гэрээний хөөн хэлэлцэх хугацаа гэрээ байгуулагдсан өдрөөс буюу 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тоологдож, дуусгавар болсон. Д.Т шаардлага огт гаргаж байгаагүй. Иймд нэхэмжлэл 50 073 500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар хариуцагч хариуцагч Э.Н ХХК-иас 39 834 100 /гучин есөн сая найман зуун гучин дөрвөн мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Төд олгож, нэхэмжлэлээс 10 239 400 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 320 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Эрхэтнаран ХХК-иас 357 120 /гурван зуун тавин долоон мянга нэг зуун хорин/ төгрөгийг гаргуулж Д.Төд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Дээрх 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээний хугацаа дууссан. Ажлаа хийгээгүй. Хэргийн 4-5 хуудсанд байгаа ажлын хөлс, мөнгөний тооцоог Д.Т гаргасан, 6-р хуудсанд байгаа ажлын хөлс, мөнгөний тооцоог Э.Н ХХК биш, мөн нэхэмжлэгч гаргасан. Шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийг буруу үнэлж дүгнэсэн. Гэрээг 2018 онд түүний хамаатан Цэрэнбатын гуйлтаар нөхөн байгуулсан. Э.Н ХХК нь ажлын хөлс, мөнгөний тооцоо /хх-6х/-оор холбоо дохиоллын утас сүвлэсэн тооцоо 500 000 төгрөг, хуучин хар панер тооцоо 400 000 төгрөг, түр тооцоогоор авсан /зээлийн өр/ 1 146 500 төгрөг, өрлөг шаварын ажлын үлдэгдэл төлбөр 1 277 600 төгрөг, туслах ажилчдын цалин 250 000 төгрөг, нийт 3 474 100 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэх талаарх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг өөрчлөх боломжгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Э.Н ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажлын хөлс 12 750 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хөлс 19 600 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 13 250 000 төгрөг буюу нийт 45 600 000 төгрөг, түүнчлэн хариуцагч байгууллагад ажиллаж байх хугацаанд хариуцагчийн өмнөөс зардалд 5 473 500 төгрөг нийт 51 073 500 төгрөгөөс авсан гэх 1 000 000 төгрөгийг хасч 50 073 500 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 24/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс зардалд төлсөн гэх 5 473 500 төгрөгийн задаргааг дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд: Баянзүрх дүүргийн 20 хороо, Дарь эхэд иргэн Батсайханы үйлчилгээний зориулалттай 2 давхар барилгын ажлыг гүйцэтгэж байх явцад холбоо дохиоллын утас сүвлэх ажлыг н.Батжаргалаар хийлгэсний хөлс 500 000 төгрөг, хуучин хар панер 25 ш авсаны үнэ 400 000 төгрөг, туслах ажилтан 10 хоног ажиллуулсаны хөлс 250 000 төгрөг, зээлийн өр 1 146 500 төгрөг, өрлөг шаврын ажлын үлдэгдэл төлбөр 1 277 600 төгрөг,мөн 72-р хотхоны барилгын дулаан,цэвэр усны шугамын ажилд эксковатор өдрийн 500 000 төгрөгөөр 4 хоног түрээсэлсний төлбөр 2 000 000 төгрөг гэжээ. /хх 1/

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэх бөгөөд хариуцагч 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр дээрх гэрээг байгуулсан, гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал хугацаатай байсан гэж тайлбарлажээ. /хх24/

 

Хэрэгт 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хөлсөөр ажиллах, 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөр огноологдсон хөлсөөр ажиллах хоёр гэрээ бичгээр авагдсан. /хх25-26/ Талуудын хэн аль нь уг хоёр гэрээнд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан үйлдлээ үгүйсгээгүй боловч дээрх гэрээнүүдийн хэрэгжсэн хугацаа, гэрээгээр ажиллагч ажил үүргээ гүйцэтгэсэн эсэх, авсан гэх хөлсний хэмжээ, нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс зардал гаргаж мөнгө төлсөн эсэхэд маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргаангүй, маргаантай үйл баримтыг зөв тодорхойлж дүгнээгүй байна.

 

Хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан Мөнгөний тооцоо гэх баримт нь нэг талын буюу нэхэмжлэгч үйлдсэн байх бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд уг баримт уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

 

Мөн дээрх 4-6 дах талд авагдсан баримтууд нь бичмэл баримт болохын хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан эх хувиар, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагад нийцээгүй байхад анхан шатны шүүхээс үнэлж шийдвэрийн үндэслэл болгожээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Иймд дээрх баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах ажиллагаа хийх боломжтой байсан ба уг ажиллагааг хийгээгүйгээс хэргийн оролцогч хуульд заасан журмаар нотлох баримт бүрдүүлэх боломжгүй болгожээ.

 

Анхан шатны шүүхээс үнэлсэн талуудын цалин хөлсийг тооцоолсон байдал гэх хэргийн 4-6 дугаар хуудасны баримт нь шаардлага хангахгүйгээс гадна ажил эрхэлсэн байдлын фото зураг гэх хэргийн 54-55 дугаар хуудасны баримт, барилга ашиглалтад оруулах улсын комиссын акт гэх хэргийн 67-70 дугаар хуудасны баримтуудын тухайн хэрэгт хамаарах хамаарал тодорхойгүй, зардалд төлсөн гэх 5 473 500 төгрөгийн талаар хариуцагч маргаантай байхад маргаагүй хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэснээс үзэхэд шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримттай нийцэхгүй болжээ.

 

Нэхэмжлэгч нь бусдын өмнөөс зардал гаргасан талаар тайлбарласан байхад тухайн нэхэмжлэлийн шаардлагын зүйлчлэлийн хувьд ч анхаарах нь зүйтэй.

 

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, маргаангүй, маргаантай асуудлын ангилалт, нотлох үүргийн хуваарилалт, нотлох баримтын харьцуулсан үнэлгээ зэргийг зөв хийгээгүй, давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул дээрх үндэслэлээр тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20ы өдрийн 181/ШШ2021/01379 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 121 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Ш.ОЮУНХАНД