Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2024/00040

 

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/02110 дугаар магадлалтай,

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Г” ХК-д холбогдох

Зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үндэслэлгүйгээр төлсөн 4,031,205,689 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Г” ХК-д холбогдуулан Зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үндэслэлгүйгээр төлсөн 4,031,205,689 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г” ХК-аас 4,031,205,689 (дөрвөн тэрбум гучин нэгэн сая хоёр зуун таван мянга зургаан зуун наян ес) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,313,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 20,313,980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/02110 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,313,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г” ХК-д холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023.12.06-ны өдөр хянан хэлэлцэж 210/МА2023/02110 дугаар магадлал гаргасан. Тус магадлалдаа “харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.” гэсэн дүгнэлт хийсэн. Хариуцагчийн зүгээс тус магадлалын үндэслэлийг хэргийн үйл баримтад нийцээгүй буюу анхан, давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Талуудын хооронд байгуулагдсан ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрт “Г” ХК нь 8,880,000,000 төгрөгийн Баталгааны гэрээний үүргийг шаардаагүй атлаа хариуцагч “Н” ХХК-тай 2013.12.01-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж ... харилцагчийн зөвшөөрөлгүй зарлага гаргасан. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 17-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж дүгнэсэн хэмээн банкийг ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзсэн.

Ийнхүү банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлийг анхан шатны шүүх талуудын хооронд ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 8,880,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй.8,880,000,000 төгрөгийг “Н” ХХК-ийн 1140000029 тоот төгрөгийн харилцах дансанд шилжүүлж, шилжүүлсэн өдрөө авлага хааж, улмаар харилцах данснаас нь 8,880,000,000 төгрөгийг зөвшөөрөлгүй татаж авах эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. “Н” ХХК-ийн дансан дахь мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн” гэсэн бол давж заалдах шатны шүүх “Хүү нь зээлийг ашигласан хугацааны хариу төлбөр юм. Г нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжоор хангаагүй атлаа “Н” ХХК-аас хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөгийг төлүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ” гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийхдээ гэрээг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг банкны гаргасан 320,813,378 төгрөгийн шаардлагын хүрээнд хэрэгсэхгүй болгож дүгнэсэн болоод ЗГ8115005858 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдээгүй, шийдвэр, магадлал, тогтоолд БГ8115005858, БГ8115005858-A, БГ8115005858-Б, БГ8115005858-В гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоосон байгаа зэргийг харгалзаж үзээгүй.

4.2. Нөгөө талаас, шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Н” ХХК нь ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл хэмээн үзэж 2013.02.01-ний өдрөөс 2016.12.16-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаа хүсэлт гарган 3 удаа нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 3 жил 8 сарын хугацаанд үүргээ биелүүлж байсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэг “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн” тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах боломжгүй гэх хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

Иймд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн 210/МА2023/02110 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч Г.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г” ХК-д холбогдох 4,031,205,689 гаргуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн 210/MA2023/002110 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, 172.2.3 дахь хэсэгт заасан “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар энэхүү гомдлыг хариуцагчийн өмгөөлөгч Г.М миний бие гаргаж байна.

5.1 Магадлалын 5.а.-д “.... анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой” гэх дүгнэлт хийж, улмаар тогтоох хэсгийн 1 дэх заалтаараа “...анхан шатны шүүхийн .... шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1” гэж өөрчлөн” шийдвэрлэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг хянуулах үндэслэл болох тухайд:

Банкийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг үндэслэлийг анхан шатны шүүх “...ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 8,880,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгохоор зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ талаар зохигчид маргаагүй. 8,880,000,000 төгрөгийг “Н” ХХК-ийн 1140000029 тоот төгрөгийн харилцах дансанд шилжүүлж, шилжүүлсэн өдрөө авлага хааж, улмаар харилцах данснаас нь 8,880,000,000 төгрөгииг зөвшөөрөлгүй татаж авах эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

“Н” ХХК-ийн дансан дахь мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан байх тул Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн бол давж заалдах шатны шүүх “Хүү нь зээлийг ашигласан хугацааны хариу төлбөр юм. Г нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжоор хангаагүй атлаа “Н” ХХК-аас хүү 3,622,803,833.55 төгрөг нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөгийг төлүүлэн авсан байх тул Иргэний хуулийн 492.1.1 хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ” гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар дүгнэлт хийхдээ гэрээг Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх ЗГ8115005858 дугаартай зээлийн гэрээг банкны гаргасан 320,813,378 төгрөгийн шаардлагын хүрээнд хэрэгсэхгүй болгож дүгнэсэн болоод ЗГ8115005858 дугаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч шийдээгүй, шийдвэр, магадлал, тогтоолд БГ8115005858, БГ8115005858-А, БГ8115005858-Б, БГ8115005858-В гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тогтоосон байгаа зэргийг харгалзаж үзээгүй.

5.2. Нөгөө талаас, шүүх талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ “Н” ХХК нь ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл хэмээн үзэж 2013.02.01-ний өдрөөс 2016.12.16-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаа хүсэлт гарган 3 удаа нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулж, 3 жил 8 сарын хугацаанд үүргээ биелүүлж байсан буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.1 дэх хэсэг “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн явдал нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн” тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах боломжгүй” гэх хэрэглэх ёстой хуулийг тайлбарлан хэрэглээгүй гэж үзэж байна.

Талуудын хоорондын гэрээнд Зээлийн зориулалтыг “Эргэлтийн хөрөнгийн зориулалт” гэж тодорхойлсон ба тэрхүү эргэлтийн хөрөнгийн зориулалт гэдгийн цаана Банкны баталгааны дагуу “Н” ХХК-ийн өмнөөс төлсөн урьдчилгаа төлбөрийн буцаалт 8,8 тэрбумын төлбөрийг барагдуулах явдал болохыг зааж, улмаар уг төлбөрийг данснаас шууд суутгахаар Зээлийн гэрээнд заасан. Нэгэнт шууд суутгахаар заасан тохиолдолд зээлдэгчийн үйлдсэн “төлбөрийн даалгавар” байх шаардлага үгүй болж буй юм.

5.3. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар алдаатай дүгнэлт хийсэн. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны хамгийн урт хугацаа 10 жилийн хугацааг хэрэглэж үзсэн ч 2013.02.01-ний өдөр олгосон зээлийг зээлдэгчийн төлбөрт мөн өдөрт суутгасан тэрхүү өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа 2023.02.01-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзнэ. Гэтэл нэхэмжлэлийг 2023.05.22-ны өдөр гаргасан нь буюу хамгийн урт хугацаагаар тооцоод ч хугацаа дууссан өдрөөс хойш даруй 3 сар 21 хоногийн дараа гаргасан буюу хугацаа хэтрүүлсэн. Энэ нөхцөлийг шүүх анхаараагүй нь мөн зөрчилтэй болжээ.

5.4. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, тэр дундаа 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбар (зөвлөмж)-аас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлээр хянуулах үндэслэл болох тухайд:

Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрийг үндэслэл болгосон, тодруулбал: “...“Г” ХК нь 8,880,000,000 төгрөгийн баталгааны гэрээний үүргийг шаардаагүй атлаа хариуцагч “Н” ХХК-тай 2013.02.01-ний өдөр ЗГ8115005858 тоот зээлийн гэрээ байгуулж ... харилцагчийн зөвшөөрөлгүй зарлага гаргасан. Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15, 17-д заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж дүгнэснийг үндэслэсэн.

Улмаар Магадлалын 5-д “2013 оны ...ЗГ8115005858 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн”, 5.а.-д “нэгэнт талуудын хэлцэл хүчин төгөлдөр бус тул уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй...” гэж дүгнэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн алдаа юм.

Зүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэх зохицуулалтыг мөн зүйлийн бусад зүйл заалтуудтай харилцан уялдаанд нь буюу 40.1-д “...нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, “...урьдаас хөдөлбөргүй үнэн зөв гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх зохицуулалтуудтай харилцан уялдаанд нь хамтад нь хэрэглэнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2002 оны 263 дугаар тогтоолын 13-т “...Хуулийн 40.3 дахь заалтын “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэдэг нь хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж ойлгоно” гэж тайлбарласантай зөрчилдсөн буюу ийнхүү тайлбарласнаас өөрөөр дүгнэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.02-ны өдрийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрийг хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон гэж үзэж тэрхүү шийдвэрийн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаарх дүгнэлтийг шаардлагагүй мэтээр дүгнэсэн нь шүүхийн алдаа болсон.

Нотлох баримтыг үнэлэх талаарх шүүхийн ажиллагааны тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүхийн ажиллагааны талаарх Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Зөвлөмж нь нарийвчилсан зохицуулалт, тайлбарыг өөртөө агуулсан гэж ойлгоно.

Уг зөвлөмжийн Нэгдүгээр зүйл “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. дэх заалт буюу Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалтын тухай тайлбарлахдаа “Шүүх хэргийн оролцогчийн ... нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг... ингэхдээ... шүүхэд зүгээр нэг баримт гаргаж өгөхийн тулд гаргаж өгч байгаа биш харин тэрээр өөрийн шаардлага, татгалзлын үндэслэлийг нотлох, өөрийн ашиг сонирхолд нийцсэн баримтыг шүүхэд гаргаж өгдөг...Энэ үүднээс авч үзвэл шүүх аливаа этгээдийн гаргаж ирсэн баримтад эргэлзэхгүйгээр итгэх, түүнийг үнэлэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгох нь нэг талын ашиг сонирхолд хөтлөгдөх, шүүхийн хөндлөнгийн байр суурийг алдах ноцтой үр дагаварт хүргэдэг... шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй...” гэжээ.

Улмаар мөн зүйлийн 1.2-т “...тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр...” нотлох баримтыг тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэргийн оролцогч хэн алины гаргаж буй үндэслэл, баримтыг анхаарах, нотлох баримтыг аль нэг талын байр сууриас биш харин маргааныг таслах хөндлөнгийн байр сууриас судалж, үнэлэх. ... тал бүрээс үнэлнэ гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судалж, үнэлнэ гэсэн үг юм. Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй... Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул “бодитойгоор харьцуулан үзэх” гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог.” гэсэн байна.

Зөвлөмжийн мөн зүйлийн 1.3-т “...нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэдэг нь ... зөвхөн шүүгч л нотлох баримтын болон тэдгээрт агуулагдаж буй мэдээллийн үнэн зөв, бодит эсэхийг, эрх зүйн дүгнэлт өгөхөд хангалттай эсэхийг тодорхойлно. Энэхүү тодорхойлолт нь зүгээр нэг мэдрэмж, эсхүл санал биш ба харин нотлох баримтуудыг цогцоор нарийвчлан судалж, шинжилсний дүнд гарсан үндэслэл бүхий дүгнэлт билээ. Шүүгчийн дотоод итгэлийн үндэс нотлох баримтыг үнэлэх зарчмуудаас урган гарч ирдэг.

Тухайлбал, ямар ч нотлох баримт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тооцогддоггүй, шүүх нотлох баримт бүрийг бусад нотлох баримтын адил үнэлэх ёстой гэх мэт. Ямар нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх талаар хуульчилсан шаардлага тогтоох боломжгүй юм.

Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно. Шүүх нотлох баримтыг гадны ямар нэг нөлөөгүйгээр, зөвхөн хэрэгт цугларсан цогц байдлаар харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх учиртай. Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно...” гэж тайлбарласан.

Мөн зөвлөмжийн Хоёрдугаар зүйлд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх талаар тайлбарлажээ. Тухайлбал мөн зүйлийн 2.1-д “...тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ...” “... буюу тухайн маргаантай холбоотой үйл баримтыг тогтоох, эсхүл няцаах нотлох баримтыг хянан хэлэлцэх учиртай.

Тийм учраас нотлох баримтын хамааралтай байдал гэдэг нь хэрэгт ач холбогдолтой байхыг тодорхойлох ойлголт юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэг нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ.

Зөвлөмжийн Гуравдугаар зүйлд “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. дахь заалт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэх зохицуулалтыг “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх учиртай. Ямар ч нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж, илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй...” хэмээн тайлбарласан.

Зөвлөмжийн Дөрөвдүгээр зүйлд Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан “...түүнийг дахин нотлохгүй” гэдгийг тайлбарлахдаа “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон, эсхүл нийтэд илэрхий үйл баримт нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болж байгаа бол нэхэмжлэгч, шаардлагыг үгүйсгэж буй тайлбарын үндэслэл болж байгаа бол хариуцагч уг үйл баримтыг нотолгооны аливаа хэрэгслээр нотлох үүргээс чөлөөлөгдөнө. Дахин нотлохоос чөлөөлөгдөнө гэдэг нь уг үйл баримтыг шаардлага, татгалзалдаа заахгүй байх гэсэн үг биш юм. Дээрх үйл баримтыг зохигч нь нэхэмжлэл, тайлбартаа тодорхой заахын зэрэгцээ шаардлага, татгалзалтай ямар хамааралтай болохыг тодорхойлсон байх учиртай” хэмээн тайлбарласан.

Эндээс үзэхэд, шүүх бүхий л баримтуудыг харьцуулан шинжилж үнэлнэ, ингэхдээ ямар ч баримтыг бусад баримтаас давуу хүчинтэй гэж үзэхгүйгээр адил хүчин гэж үзэж гагцхүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэх ёстой ажээ.

Мөн “дахин нотлохгүй” гэдэг нь тухайн шүүхийн шийдвэрийг шаардлага болон татгалзалаа үндэслэл болгож буй тэрхүү талыг нотлох үүргээс чөлөөлөх байдлаар хэрэгжих ёстой зохицуулалт болохыг Улсын дээд шүүх тайлбарласан байна. Гэтэл анхан болон давж заалдах шүүх “дахин нотлохгүй” гэдгийг тайлбарлахдаа “өрсөлдөх бусад нотлох баримтуудыг үнэлэхгүй тэдгээрийг хооронд харьцуулан үнэлэх тэрхүү үүргээс шүүхийг чөлөөлсөн” зохицуулалт мэтээр тайлбарлаж хэрэглэж буй нь магадлалыг эл үндэслэлээр хянуулах үндэслэл мөн болно.

Иймд, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.06-ны өдрийн 210/МА2023/02110 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.02.07-ны өдрийн 001/ШХТ2024/00197 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарын хяналтын журмаар гаргасан  гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгч “Н” ХХК нь “Г” ХК-д холбогдуулан “Зээлийн гэрээний зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт үндэслэлгүйгээр төлсөн 4,031,205,689 төгрөгийг буцаан гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Хэрэг шийдвэрлэсэн шат шатны шүүх “Г” ХК, “Н” ХХК-ийн хооронд байгуулсан 2013.02.01-ний өдрийн ЗГ8115005858 тоот Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж тогтоосон,  ...иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар ... хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардаж, 56.5-д зааснаар ... хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэснийг тус тус үндэслэн зээлийн гэрээний үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт суутгасан ... төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ... заасныг үндэслэн нэхэмжилж байна ... Г нь манай компанийн харилцах данснаас ЗГ8115005858 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 8,880,000,000 төгрөг, хүүгийн төлбөрт 3,622,803,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 408,401,856 төгрөг, нийт 12,911,205,689 төгрөгийг суутган зээлийн төлбөрийг гүйцэтгэсэн ...” гэж тодорхойлжээ.

 9. Хариуцагч “Г” ХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... шүүхээр хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин нэхэмжлэл гаргасан, ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн, ... маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагын талаар хуулийн хүчин төгөлдөр, шийдвэр, магадлал, тогтоол байгаа тул ...хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, ...өмнөх 3 шатны шүүхийн шийдвэр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй, ...банк хүсэлтийн дагуу зээлийг олгож ...дансанд орсон мөнгөнөөс зээлийн хүүг төлөөд явж байсан...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх “...Зээлдүүлэгч “Г” ХК-аас ирүүлсэн ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээний хүү тооцооллын хүснэгт (хавтаст хэргийн 105 тал)-д үндсэн зээлийн өр 8,800,000,000 төгрөг, үндсэн хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөг, үлдэгдэл зөрүү 320,813,378.20 төгрөг гэж тооцсон байх бөгөөд зээлийг зээлийн дансанд шилжүүлж бодитоор олгоогүй атлаа 4,031,205,689 төгрөг суутган, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нэхэмжлэгч талын тайлбар, тооцоолол үндэслэлтэй, ... “Н” ХХК нь 8,880,000,000 төгрөгийг, ... 1,0 хувийн хүүтэй, зээлд хамрагдах хүсэлт гаргасан гэх шалтгаанаар зээлдэгч “Н” ХХК-ийн нэр дээрх 1140000029 тоот төгрөгийн харилцах дансанд уг мөнгийг шилжүүлж, шилжүүлсэн өдрөө Х руу баталгааны мөнгө шилжүүлэн авлага хааж, улмаар түүний харилцах данснаас 8,880,000,000 төгрөгийг зөвшөөрөлгүй татаж авах эрх үүссэн мэтээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ...“Г” ХК нь “Н” ХХК-ийн дансан дахь мөнгөн хөрөнгийг үндэслэлгүйгээр, өөрийнх нь зөвшөөрөлгүй захиран зарцуулсан байх тул хариуцагч “Г” ХК-аас 4,031,205,689 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгох үндэслэлтэй...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

11. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж “...2013.02.01-ний өдрийн ЗГ8115005858 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Нэгэнт талуудын хэлцэл хүчин төгөлдөр бус тул уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй. Хүчин төгөлдөр бус хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй, үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар шүүх шийдвэрлэх нь хуульд нийцнэ. ...Харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн харилцаа үүссэн гэж буруу дүгнэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой. ...Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн агуулгаас үзэхэд хариуцагч “Г” ХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашиглах боломжоор хангаагүй атлаа “Н” ХХК-аас хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөгийг төлүүлэн авсан байх тул түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ. ...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд дахин шүүхэд хандах эрх нээлттэй ...” гэсэн дүгнэлт хийжээ.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар адил шийдэл гаргасан боловч шүүхүүд маргааны зүйлд баталгааны гэрээ хамааралтай үйл баримт болон хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй тул энэ үндэслэлээр хариуцагч талаас гаргасан гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т зааснаар хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

13. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл, маргааны зүйлтэй холбоотой үйл баримтыг зөв тогтоож чадаагүйгээс хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулна.

Тодруулбал зохигчийн хооронд байгуулагдсан 2013.02.01-ний өдрийн ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч зээлийн гэрээ байгуулагдах болсон шалтгаан, нөхцөлтэй холбоотой үйл баримтууд буюу талуудын хооронд байгуулагдсан баталгааны гэрээтэй уялдуулан дүгнэлт хийгээгүй, энэ нь маргааны зүйлд хамааралтай байгааг 2 шатны шүүх анхаараагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр ... хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс хуулийг буруу хэрэглэжээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон байх боловч маргааны зүйл нь зээлийн гэрээ байгуулагдахаас өмнөх үйл баримтад хамааралтайгаар үүссэн үүрэг, түүнээс улбаатай нэгэнт хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн үүргийг буцаах тухай асуудал байгаа тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоосон шийдвэр бус, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэх эрх зүйн асуудлыг 2 шатны шүүх анхаараагүй.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон, зохигч энэ талаар маргаагүй байна.

14.1. 2012.07.30-ны өдөр Монгол Улсын Х-ны санхүүжилтээр “Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 94 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гүйцэтгэхээр Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, “Н” ХХК, Х-ны хооронд “С-АЗ-Б2012-71/126” дугаартай гэрээ байгуулагдсан,

14.2. 2012.09.05-ны өдөр “Н” ХХК болон “Г” ХХК-ийн хооронд ТЕ0499120662 дугаартай “Банкны баталгааны гэрээ” байгуулагдаж, дээрх гэрээний үүрэгт урьдчилгаа төлбөр 8,880,000,000 төгрөгийн хэмжээгээр баталгаа гаргасан,

14.3. 2012.09.19-ний өдөр Х 8,880,000,000 төгрөгийг “Н” ХХК-д шилжүүлсэн,

14.4. 2012.12.26-ны өдөр  Зам, Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 190 дугаар тушаалаар “Н" ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан, 

14.5. 2013.01.17-ны өдрийн 2/27 тоот албан бичгээр Х “Г” ХХК-д хандаж, баталгаа гаргасны дагуу 8,880,000,000 төгрөгийг 2013.01.23-ны өдрийн дотор шилжүүлэхийг мэдэгдсэн,

14.6. 2013.01.25-ны өдөр “Г” ХХК нь Хинд 8,880,000,000 төгрөгийг баталгааны төлбөрт шилжүүлсэн,

14.7. 2013.01.25 өдөр “Г” ХХК-аас “Н” ХХК-д хандан 14/11 дүгээр албан бичгээр баталгааны гэрээнд заасан үүргээ биелүүлсэн талаар мэдэгдэж 8,880,000,000 төгрөгийг төлөхийг шаардсан,

14.8. 2013.01.29-ний өдөр “Н” ХХК-аас 01/002 дугаар албан бичгээр “Г” ХХК-д хандан дээрх баталгааны хэмжээгээр зээлийн тооцоо үүсгэх гэсэн агуулга бүхий хүсэлтийг тавьсан,

14.9. 2013.02.01-ний өдөр талууд ЗГ8115005858 дугаартай Зээлийн гэрээг байгуулж, 8,880,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон, талууд 2014.12.26, 2015.11.30, 2016.08.30-ны өдөр тус тус гэрээний хугацааг сунгаж, өөрчлөлт оруулж байсан,

14.10. 2013.07.31-ний өдрөөс эхлэн 2016.12.26-ний өдрийг хүртэл “Н” ХХК-аас үндсэн өр 8,880,000,000 төгрөг, үндсэн хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөг, нийт 12,911,205,689.55 төгрөг төлсөн,

14.11. 2020.04.02-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2020/00980 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийн “Н” ХХК-д холбогдуулан гаргасан дээрх гэрээний үүрэгт гэрээний хүү 320,813,378.20 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 1467 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022.04.05-ны өдрийн 001/ХТ2022/00410 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн.

15. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх шүүхийн шийдвэрт үндэслэж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар буюу хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тодорхойлон, хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу дээрх шүүхийн шийдвэр гарсан үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

16. Зохигчийн хооронд 2012.09.05-ны өдөр байгуулагдсан банкны баталгааны гэрээ нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд хариуцагч буюу баталгаа гаргагч “Г” ХК нь үүргээ гүйцэтгэж, үүрэг гүйцэтгүүлэгч буюу Х-ны шаардсанаар мөнгөн төлбөр 8,880,000,000 төгрөгийг төлсөн, үүрэг гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “Н” ХХК баталгааны уг төлбөрийг буцаан төлөх чадваргүй байгаатай холбоотойгоор түүний хүсэлтийг үндэслэн уг баталгааны хэмжээгээр зээл олгож, нэхэмжлэгчээс гэрээний дагуу зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүү төлжээ.

17. Ийнхүү нэхэмжлэгч нь дээрх баталгааны гэрээний дагуу хариуцагч “Г” ХК-нд 8,880,000,000 төгрөгийг төлөх үүрэг үүссэн бөгөөд энэхүү үүргийг гүйцэтгэх зорилгоор зохигч талууд зээлийн гэрээ байгуулсныг шүүх зээлдүүлэгч буюу банкийг зээл олгохдоо Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу зээлийн орлого 8,880,000,000 төгрөгийг шилжүүлсэн өдрөө “Х руу баталгааны мөнгө шилжүүлсэн авлага хаав” гэх утгаар харилцагчийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь уг 8,880,000,000 төгрөгийг буцаан төлөх талаарх талуудын тохиролцоог үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.15-д зааснаар зохигч талууд банкны баталгааны гэрээний дагуу банк үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж төлсөн мөнгөө үүрэг гүйцэтгэгчээс буюу нэхэмжлэгчээс буцаан авах нөхцлөө гэрээгээр харилцан тохиролцож болно.

Талууд зээлийн гэрээ байгуулсан боловч энэ хүсэл зоригийн илэрхийлэл нь агуулгын хувьд баталгааны гэрээний үүргийг хангуулах талуудын тохиролцоо учир энэ утгаар гэрээний хүчин төгөлдөр бус байдал баталгааны үүрэгт нөлөөлөхгүй.

Түүнчлэн баталгаа гаргагч банк болон зээлийн гэрээний зээлдүүлэгч банк нь 1 этгээд байгаа тохиолдолд баталгааны мөнгөн төлбөрийн үүргийг нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгөөр бодитоор буцаан төлсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иймээс 8,880,000,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Г” ХК-д төлбөртэй байсан, энэ төлбөрийг нэхэмжлэгч 2013.07.31-ний өдрөөс эхлэн 2016.12.26-ний өдрийг хүртэл хугацаанд хэсэгчилсэн байдлаар төлж, үндсэн төлбөр 8,880,000,000 төгрөг, үндсэн хүү 3,622,803,833.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөг, нийт 12,911,205,689.55 төгрөг төлсөн байна.

Энэ нь талуудыг Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.15-д зааснаар баталгааны мөнгөн төлбөрийн үүргийг тодорхой хугацаатай, хариу төлбөртэй буцаан төлөхөөр тохиролцсон агуулгатай гэж үзнэ.

18. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцааг үүсгэж, улмаар хариуцагч буюу баталгаа гаргагч банк нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс гүйцэтгэсэн мөнгөн төлбөрийн үүргийг, хариу төлбөрийн хамт шаардах эрхтэй.

19. Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх үүргийг хүлээн зөвшөөрч 8,880,000,000 төгрөгийг буцаан төлөх нөхцлийн талаар хариуцагчид хандан 2013.01.29-ний өдөр компанийн нэр дээр зээлийн тооцоо үүсгэх гэсэн агуулга бүхий хүсэлтийг /хх111/ гаргаж, үүндээ төлөх хугацааг 18 сар, хүүг 1,0 хувь гэж дурдсан ба нэхэмжлэгчээс үүргийг гүйцэтгэх хугацааг сунгах, хүүгийн хэмжээг өөрчлөх талаар 2015.01.19-ний өдрийн 02/018 /хх131/, 2015.10.26-ны өдрийн 02/139 дугаартай албан бичгээр /хх130/ тус тус хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн авснаар нэхэмжлэгч тохиролцсон ёсоор 8,880,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар талуудын хооронд үүссэн дээрх гэрээний харилцааг хүчин төгөлдөр гэж тооцно.

Иймээс нэхэмжлэгч нэгэнт хүлээн зөвшөөрч төлсөн мөнгөн төлбөрийн үүргийн хариу төлбөр буюу хүүд төлсөн 3,622,803,833 төгрөгийн хэмжээгээр хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2-т зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохгүй үлэмж маргаантай тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд дээрх тохиолдолд энд заасан хөрөнгийг буцаан шаардах аль ч үндэслэл үүсээгүй байна.

20. Харин Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байдаг тул талуудын банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр тохирсон нэмэгдүүлсэн хүүгийн нөхцлийг энд заасан хэтэрсэн хугацааны хүү гэж үзэх үндэслэлгүй.

21. Энэ үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү 408,401,856 төгрөгийн хувьд талуудын хооронд үүрэг үүсээгүй тул хариуцагчийг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, үлдэх 3,622,803,833 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2023/02110 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт,  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/02739 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 457 дугаар зүйлийн 457.15, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Г” ХК-аас 408,401,856 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,622,803,833 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...56 дугаар зүйлийн 56.1 ...” гэснийг “56 дугаар зүйлийн 56.2” гэж, “...хариуцагч “Г ХК-аас Улсын тэмдэгтийн хураамжид 20,313,980 төгрөгийг гаргуулж ...” гэснийг “хариуцагч “Г” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,199,959 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б болон хариуцагчийн өмгөөлөгч Г.М нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Г” ХК-аас 2024.01.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,313,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                           Н.БАТЧИМЭГ

                                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                                         П.ЗОЛЗАЯА