Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 162

 

С.М-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 121 дүгээр магадлалтай, С.М-ад холбогдох 201726020661 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт С-ийн М нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.М-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М-ад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М-ад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 141 дугаартай прокурорын яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаа гаргасан эсэргүүцэлдээ “...Хэрэгт авагдсан нотлох баримтаар С.М- санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Талийгаач Ё.Ч-ыг хойшоо савж унахыг болон унахдаа гавал тархи хэсгээр цементэн гадаргуутай талбайд унахыг мэдэх боломжгүй гэж үзэж байна. С.М- нь талийгаачийн нүүр хэсэгт цохьсон гэх бөгөөд шинжээчийн дүгнэлтэд толгой, нүүрний хэсэгт аливаа гэмтэл, шарх үүссэн талаар дурдаагүй. Талийгаачид үүссэн гавал тархи, хэвлийн битүү гэмтлүүд нь тус тусдаа үүссэн, тус бүрийг гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэж байна. Учир нь С.М- Ё.Ч-ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдоогүй, амь нас ганц гавал тархины бус мөн элэгний няцрал гэсэн амь биед аюултай хүнд гэмтэл учирсан байх үеийн биеийн нөхцөл байдлаас хохирсон байдаг. Цагаатгах тогтоолын агуулга, хэлбэр, үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй, хэргийн нотлох баримтуудыг дурдаж дүгнэлт өгөлгүй шийдвэр гаргасан. Мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1-д заасан “шүүгдэгчийг цагаатгасан үндэслэл”, 2.3-т заасан “иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй байдлыг хангах зорилгоор арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай”, 2.4-т заасан “хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх”-ийн талаар тогтоох хэсэгт дурдаагүй байна. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн нотлогдсон байдал хангалтгүй талаар дурдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгээс хамаарахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй талаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэх”, 33.3 дугаар зүйлд заасан “урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараах үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар”, “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол” хэргийг прокурорт буцаах гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан нотлох баримтаар нотлогдсон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдалд нөлөөлж болохуйц, ач холбогдолтой нотлох баримтыг үгүйсгэж, няцаасан үндэслэлээ тайлбарлаагүй зөрчил гаргасан байхад давж заалдах шатны шүүх уг зөрчлийг засалгүй цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн нь буруу байна. Талийгаачийг цохиж унагаасны дараа босож ирээгүй гэдэг нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдсон. Шүүх хэргийн бодит байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос С.М-ыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Г” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ё.Ч-ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан гавал тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтэл учруулж хүний амь насыг болгоомжгүй хохироосон буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад С.М- нь өөрийн эхнэрийн ажиллуулдаг дэлгүүрийн хажуугаар явж байсан Ё.Ч-ыг дуудаж, түүнийг ирэхэд нь ямар нэг шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь цохиж унагаснаас хохирогч эмнэлэгт хүргэгдэж нас барсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэмт хэрэгт хамаарах шинжийг агуулахгүй байх тул С.М-ыг хүнийг болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг хэргийн бодит байдалтай нийцээгүй, хүнийг болгоомжгүй алах гэмт хэргийн байдал нотлогдоогүй гэсэн үндэслэлээр энэхүү хэрэгт нь цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон, хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг, прокуророос С.М- нь хүнийг болгоомжгүй алсан гэж үзсэн үндэслэл нь хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаар няцаагдаж байгааг дурдаад прокурор хуульд заасан үүргийнхээ хүрээнд шүүгдэгчийг энэхүү гэмт хэрэгт гэм буруутайг нотолж, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хууль ёсны байх зарчимд нийцээгүй гэж дүгнэн С.М-ыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоол болон яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгосон өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ С.М- нь хохирогчийн нүүр рүү гараараа цохиж унагасан талаар тодорхой дурдсан атлаа энэхүү хохирогчийг цохьсон үйлдлийг болгоомжгүй гэж үзсэн үндэслэлээ хэргийн баримтуудыг үндэслэн нотолж чадаагүйн дээр ял завшуулах нөхцөл байдлыг бий болгосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хязгаарлагдах бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхөөс хүндрүүлэх эрхгүй байдлаар зохицуулсан болно.

С.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1, 2, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн аль хэлбэрээр үйлдэгдсэн болохыг нотолж ирүүлэх нь прокурор, мөрдөгчийн үүрэг бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг прокурор шүүхийн өмнө нотлох ёстой тул анхан шатны шүүхийн цагаатгасан үндэслэл, түүнийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх С.М-ад холбогдуулан үйлдсэн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан тогтоол, яллах дүгнэлтийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан холбогдох шийдвэрийг хүчингүй болгоно гэдэг нь мөн зүйлийн 2.2-2.5-д заасан асуудлыг ойлгоно.

Өөрөөр хэлбэл, хүнийг болгоомжгүй алсан хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул шийдвэрийн үндэслэл болсон баримтыг хүчингүй болгох шаардлага үүсэхгүй учир цагаатгах тогтоол, магадлалын энэ талаарх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалт, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 121 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, цагаатгах тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дамбадаржаагийн хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН