Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 121

 

 

 

 

 

 

 

С.Мад холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Дамбадаржаа,

цагаатгагдсан этгээд С.Мын өмгөөлөгч Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2 дугаартай эсэргүүцлээр С.Мад холбогдох эрүүгийн 201726020661 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тайж овогт Санжаагийн Мад, 1970 оны 8 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 7, эхнэр, 4 хүүхэд, зээ охин нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Голден парк” хотхоны  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

С.М нь 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган-Зам” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ё.Чын нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан Ё.Ч нь гавал тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барж хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Тайж овогт Санжаагийн Мыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж, С.М нь энэ хэрэгт 108 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэргийн хамт прокурорт хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Дамбадаржаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Уг хэргийг цагаатгасан үндэслэлдээ “С.Мад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж шүүх дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан шийдвэрийг доор дурдсан үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд: Шинжээчийн 632, 867 тоот дүгнэлтүүд, шинжээч эмч Т.Амартүвшингийн “...Талийгаач Ё.Чын биед учирсан гавал тархины гэмтэл, хэвлийн битүү гэмтлүүд нь үүсгэсэн хүчин зүйлийн үйлчлэлийн хувьд тус тусдаа үүсгэгдсэн гэмтлүүд болно. Уг гэмтлүүд хоорондоо шалтгаант холбоо байхгүй. Уг 2 гэмтэл цаг хугацаа нь ойролцоо учирсан байх боломжтой боловч, яг хэдийд үүссэнийг тогтоох боломжгүй. Талийгаач нь дан ганц гавал тархины битүү гэмтэл авсан тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. ...элэгний гэмтэл нь тархины гэмтлээс өмнө нь үүсэх боломжтой боловч тодорхой цаг хугацаанд амьд байх боломжтой бөгөөд, яг хэдэн цаг амьд байх боломжтой хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Мохоо зүйлийн цохигдох, дарагдах, шахагдах, дэвсэх, өшиглөх, өвдөглөх зэрэг аль аль хүчин зүйлийн үед үүсгэгдэх боломжтой...” /хх-н 169/, яллагдагч С.Мын “...талийгаач цаана байхад нь Мөнх-Эрдэнэ дуудсан ч юмуу, өмнө авсан архийг цугтаа уусан ч юмуу согтуу хүрээд ирсэн. Тэгээд талийгаач нь ирээд дэлгүүр лүү орно гээд байхаар нь би цаашаа нь зүүн гараараа “холдчих” гээд түлхээд дэлгүүр лүү орсон. Тухайн үед би талийгаачийг уначихлаа гэж санаагүй. Манай дэлгүүрийн довжоо плита учир түүн дээр хальтираад унасан юм шиг байна лээ...” гэсэн нотлох баримтууд хэрэгт байна.

Дээрх гэмт хэргийг С.М нь санаатайгаар үйлдсэн гэх үндэслэл, нотлох баримт тогтоогдоогүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ё.Чыг хойшоо савж унахыг болон унахдаа гавал тархи хэсгээр цементэн гадргуутай талбайд унахыг мэдэх боломжгүй гэж үзэж байна. Мөн С.М нь талийгаач Ё.Чын нүүр хэсэгт цохисон гэх бөгөөд шинжээчийн дүгнэлтээр толгой, нүүрний хэсэгт аливаа гэмтэл шарх үүссэн талаар дурдаагүй, шүүх хуралдаанд шинжээч нь мөн цохилт түлхэлтийн улмаас ул мөр, шарх гэмтэл учраагүй гэдгийг тайлбарласан.

Талийгаач Ё.Чын биед учирсан гавал тархины гэмтэл, хэвлийн битүү гэмтлүүд нь тус тусдаа үүссэн, тус бүрийг нь шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж дүгнэсэн учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэх үндэслэлгүй гэж дүгнэж байна. Учир нь С.М нь Ё.Чын биед хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдоогүй, амь нас ганц гавал тархины бус мөн элэгний няцрал гэсэн амь биед аюултай хүнд гэмтэл учирсан байх үеийн биеийн нөхцөл байдлаас хохирсон байдаг.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаар цагаатгах тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд С.Мын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүхийн цагаатгах тогтоолд гэрч Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг үндэслэх хэсэгтээ авч үзсэн байдаг. Мөнх-Эрдэнийн мэдүүлэгт Мөнх-Эрдэнэ болон амь хохирогч нар нь хэрэг гарсан өдрийн урьд шөнө нь хамт хоносон байдаг. Тэгэхээр Мөнх-Эрдэнийн мэдүүлгээр “урьд шөнө хамт хоносон. Бие биеэ таньдаг хүмүүс С.Мтай зогсож байхад шууд М руу очсон. М дуудсан, урдуур нь юу ч болоогүй юм шиг явж байсан” гэсэн эргэлзээтэй хардах мэдүүлэг байгаа. Тэгэхээр Мөнх-Эрдэнийн мэдүүлэг шууд нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд эргэлзээ төрж байна. Зүйлчлэлийн хувьд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан гэж үзэж байна...” гэв.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх яллагдагч С.Мад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсаны үндсэн дээр С.Мад холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэх байдал нотлогдоогүй, уг зүйчлэлийн хувьд тэрээр гэм буруугүй хэмээн дүгнэж цагаатгах тогтоол гаргасан нь хууль ёсны ба үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд зөвхөн шүүхэд шилжүүлсэн яллагдагч буюу шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний прокурорын яллах дүгнэлтээр шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах ёстой гэж үзвэл С.Мыг буруутгаж байгаа гэмт хэргийн шинж, мөрдөн байцаалт явуулж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хянан шийдвэрлэх учиртай.

 

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөр нэг хэмжээ хязгаарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тодруулан хуульчилжээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас С.Мыг 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ган-Зам” хүнсний дэлгүүрийн үүдэнд иргэн Ё.Чын нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан Ё.Ч нь гавал тархи, хэвлийн хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барж хүний амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх С.Мад холбогдох хэргийн нотлох баримт болон болсон үйл баримтад тал бүрээс нь бодитой, хуулийн үндэслэлтэй, тодорхой бөгөөд ойлгомжтой үнэлэлт дүгнэлт өгч чадсан байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урьд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн болон гэмт үйлдлийн дараах гэмт этгээдийн зан үйл зэрэг объектив, субъектив шинжүүд хамаардаг.

Эдгээр шинжүүд нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн санаа, зорилго, хандлага, түүний төрлүүдийг үнэн зөв тодорхойлох нь хүнийг санаатай алах, хохирогчийг үхэлд хүргэсэн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах, хүнийг алахаар завдах, хүнийг болгоомжгүйгээр алах гэмт хэргүүдээс ялгаж зүйлчлэхэд чухал ач холбогдолтой.

Баянгол дүүргийн Прокурорын газраас С.Мын үйлдлийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх нөхцөл байдал тогтоогдсон хэмээн үзэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн хавтаст хэрэгт авагдсан Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан CD, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-22-29/, гэрч Г.Мөнх-Эрдэнийн “...яриад зогсож байсан, Ч хажуугаар нуруугаа үүрчихсэн явж байсанд дэлгүүрийн эзэн гараараа дохиод дуудсанд Ч өөдөөс нь дэлгүүрийн үүдний шатан дээр гишгэсэнд үгийн зөрүүгүй гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиход Ч хойшоо саваад газар цементэн зам дээр толгойгоороо унаад ам, хамарнаас нь цус гараад тэгээд хүүхэд нь гүйж ирээд удалгүй түргэн ирээд авч явсан. ...зүгээр явж байсан хүнийг дуудаж ирсэнд нь үгийн зөрүүгүй цохиж унагасан. ...очиж хоноход талийгаачийн биед ямар нэг зовиур биед нь гэмтэл бэртэлгүй зүгээр байсан” /хх-38, 39/, гэрч Д.Энхтунгалагын “..."Ган зам" дэлгүүрийн замын урд талд тамхи эргүүлээд зогсож байсан чинь "Ган зам" дэлгүүрийн урд талд хүмүүс бужигналдаад байхаар нь очоод харсан чинь талийгаач шатан дээр хоёр хөл нь дээшээ харсан амнаас нь нөжирсөн цус гарч байхаар нь би тэр хавьд явсан хүний гар утсыг гуйж аваад түргэн дуудаад түргэний эмч ирээд бид нар эмнэлэг явсан. ..."Ган зам" дэлгүүрийн эзэн согтуурахаад талийгаачийг зөв зүгээр явж байхад нь дуудаж ирэхэд нь цохиод унагачихсан гэж ярьсан. ...талийгаачийг тэр цохиж унагаасан хүн зүгээр байхад нь дуудаж учир шалтгаангүй цохиж зодож ийм байдалд хүргэсэнд гомдолтой байна..." /хх-40, 41/, насанд хүрээгүй гэрч Ч.Зоригийн “...“Ган зам” дэлгүүрийн үүдэнд дэлгүүрийн эзэн гээд байгаа залуу тамхи татаад Мөнхүүш гэх залуутай хамт зогсож байснаа дэлгүүрийн эзэн аавыг дуудсан бололтой аав дэлгүүрийн тийшээ дөхөж очоод дэлгүүрийн үүдний шат руу гишгэхэд дэлгүүрийн эзэн залуу манай аавын нүүр орчим нэг удаа цохиод авахаар нь би тийшээ гүйж очоод тэр залууг заамдаж аваад “та яагаад манай аавыг цохиж байгаа юм” гэхэд тэр залуу надад “танай аав чинь дэлгүүрээс юм хулгайлах гэсэн” гэж худлаа хэлээд байсан. ...Аав маань “Ган зам” дэлгүүрийн гадаа тэр залууд цохиулаад хойшоо савж унаад ам хамраас нь цус гараад том том нөж гараад цус нь тогтохгүй байсан ба тухайн үед аав ухаангүй байдалтай ямар нэгэн үйлдэл хийх чадваргүй байсан. ...Мөнхүүшээс энэ залуу яагаад манай аавыг цохичихож байгаа юм гэхэд Мөнхүүш наад залуу чинь танай аавыг юм яръя гэж дуудаад аавыг чинь очингуут чамтай юм ярихгүй гэж хэлээд цохичихсон гэж надад хэлсэн...” /хх-42/, гэрч Ш.Энхсайханы “...Гэтэл дэлгүүрийн худалдагч залуу Чыг дуудсан бололтой Ч дэлгүүрийн шатаар алхаад яваад очиход худалдагч залуу Чын өөдөөс цохиод авсан. Ч ч гар нь сарвас гээд хойшоо ар дагзаараа шатны уруу “түг” гэж дуугараад хүчтэй унасан, унасны дараа Чын эхнэр цаанаас гүйгээд ирсэн, би ч тийшээ гүйгээд очиход Ч дээшээ хараад хэвтчихсэн, ам хамраас нь цус гарчихсан байсан, түүнийг цусандаа хахах гээд байх шиг байна гээд Мөнхүүш, Чын эхнэр хоёр нь хөдөлгөж байгаа харагдсан. ...миний бодлоор бол худалдагч залуу тухайн үед талийгаач Чыг хүнтэй андуураад цохисон байж магадгүй. ...Талийгаач тэр залуугийн араас санаатай болон санамсаргүй алин ч бай мөргөсөн гэдэг худлаа, хэрэв тэр залуу Чыг дуудаагүй бол талийгаач өөдөөс нь очихгүй байх байсан. Чыг дуудаад Ч өөдөөс нь очиход тэр залуу шууд цохиод унагаачихсан юм. Уг нь тухайн үед Ч “хүү дээрээ очоод буцаад ирье” гэж хэлээд явсан болохоор хүүтэйгээ уулзчихаад надруу ирж байтал тэр залуу дуудснаас ийм асуудал болсон...” /хх-43-44/, Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 632 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-55-56/, Шүүхийн шижилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 3019 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-64/ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна. 

Түүнчлэн С.Мын гэмт үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан шинжийг агуулаагүй байна. Өөрөөр хэлбэл прокуророос С.Мад холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг үйлдсэн гэх байдал нотлогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгаарлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийж С.Мад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй байна.

Харин уг хэрэгт оролцсон прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтПрокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэсэн үүргээ биелүүлж чадаагүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хяналтын шатанд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож шүүхэд хэргийг ирүүлээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.

 

Анхан шатны шүүх С.Мад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгосон атлаа прокурорын яллах дүгнэлтийг хэрхэх талаар шийдвэр гаргалгүй орхигдуулсан байх тул түүнийг хүчингүй болгож, цагаатгах тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нөгөөтэйгүүр шүүхээс С.Мад холбогдох хэргийн яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол, түүнд холбогдуулан үйлдсэн прокурорын яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж байгаа тул түүнд холбогдох хэрэгт дахин мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх зүйлийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 523 дугаар цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Мад холбогдуулан үйлдсэн 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 133 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тогтоол, 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 141 дугаартай прокурорын яллах дүгнэлтийг тус тус хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасугай.” гэж өөрчилсүгэй.

2. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, прокурор Н.Дамбадаржаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ